Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/57

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Б.Солонго,

Хохирогчийн төлөөлөгч: Б.Б-,

Иргэний хариуцагч: Х.А-,

           Шүүгдэгч: Т.Т- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Т-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905020811718 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.Т-, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Т.Т- нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... ХХК-д түгээлтийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 10-ны өдөр хүртэлх хугацаанд Лха түшиг дэлгүүрийн нэр дээр 3.192.500 төгрөгийн, Тумбааш дэлгүүрийн нэр дээр 960.000 төгрөгийн гурил зээлээр нийлүүлсэн мэтээр зарлагын баримт хуурамчаар үйлдэж, нийт 4.152.500 төгрөгийн гурилыг шилжүүлэн авч завшсан” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Т- шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй” гэв.

Хохирогчийн төлөөлөгч Б.Б- шүүх хуралдаанд: “...“...” ХХК-д энэ гэмт хэргийн улмаас 3.560.915 төгрөгийн хохирол учирсан. Дээрх хохирлыг шүүгдэгч, иргэний хариуцагч нараас гаргуулах саналтай байна” гэв.

Иргэний хариуцагч Х.А- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Т.Т-аас 3.120.000 төгрөгийн бараа авсан. Тэгээд өрөнд орсон тул түүнээс авсан барааны төлбөрийг төлж чадаагүй. Одоо бага багаар хохирол төлж байгаа” гэв.

Хохирогчийн төлөөлөгч Б.Б- мөрдөн байцаалтад өгсөн: “...... ХХК-д түгээлтийн ажилтнаар ажиллаж байсан ажилтан болох Т.Т- нь үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээтэй Лха түшиг, Тумбааш гээд дэлгүүрийн нэр дээр хуурамч баримт бичиг бүрдүүлэн Лха түшиг дэлгүүрийн нэрээр 3.360.500, Тумбааш дэлгүүрийн нэр дээр 956.500 төгрөг, нийт 4.317.000 төгрөгийн хохирол учруулсан байна. ..Аудитын шалгалтаар 3.208.035 төгрөг бодит хохирол учирсан байна гэдгийг тогтоосон, уг мөнгөн дүнг ... ХХК-ний зүгээс хүлээн зөвшөөрч байгаа, нэмэлтээр Эс Жи Эм Ди Аудитын үйлчилгээний хөлс болох 352.880 төгрөг нэмж гаргуулах хүсэлтэй байна. Ингээд эцсийн байдлаар байгууллагаас 3.560.915 төгрөг нэхэмжилж байна. Аудитын дүгнэлтээр 1022 дугаартай харилцагч болох Лха түшиг ХХК нэр дээр баримтаар 3.192.500 төгрөг төлөхөөр, 4026 дугаартай харилцагч Тумбааш дэлгүүр 960.000 төгрөгийн төлбөртэй байна гэж дүгнэсэн. Уг хоёр мөнгөн дүн нийлээд 4.152.500 төгрөг хохирол учирсан байна. Манай байгууллага анх гомдол гаргахдаа өөр бусад зардал, нотариат, тээврийн зардал, шуудангийн зардал гэх мэт зардлыг нэмээд 4.317.000 төгрөгийн хохирол учирсан гэж гомдол мэдээлэл гаргасан. Ингээд 4.152.500 төгрөгийн хохирлоос Т.Т-ын цалингаас суутгасан 694.465 төгрөг, А-ийн төлсөн 250.000 төгрөг зэргийг хасаж суутгаад дээрх мөнгөн дүн аудитын дүгнэлтээр 3.208.035 гарч ирсэн байна. Өөрөөр хэлбэл 4.152.500-694.465=3.208.035 төгрөгийн хохирол үлдээд байна. Нэмж хэлэхэд аудитаар гаргуулсан мөнгөн 352.880 төгрөг нэхэмжилж байна. Т.Т- анх байгууллагаас хуурамч баримт бүрдүүлэн гурилыг хүлээн авсан байдаг. Хүлээн авсан гурилыг А-т дамжуулан өгсөн. ...А-тэй уулзахад авсан гурилынхаа мөнгөнөөс Т.Т- 1.900.000 гаруй төгрөг өөрт өгсөн гэж тайлбарладаг тэгээд 2.000.000 төгрөгийн үлдэгдэл мөнгө төлөөгүй байгаа үүнийгээ төлье гэдэг. ... ХХК-ний түгээлтийн мэргэжилтэн Т.Т-тай дээрх эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, барьцааны гэрээ байгуулан ажиллаж байгаагүй. ...Гомдолтой байна. ... ХХК-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлттэй байна” гэсэн мэдүүлэг /хх-н 141/,

 Гэрч К.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2009 оны үеэс эхлэн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Лха түшиг нэртэй дэлгүүрийг одоог хүртэл түрээслэн ажиллуулж байна. Би тийм хэмжээний гурил аваагүй. Энэ тухай ... ХХК-с над руу Нямдэлгэр ярихаар нь мэдсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 56/,

Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний бие эхнэр Отгонзултай хамт Тумбааш худалдааны төвд гурилын лангууг 2012 оноос хойш ажиллуулж байна. Эхнэр бид хоёр ... ХХК-тай үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулан гэрээт борлуулагчаар ажиллан бүтээгдэхүүн худалдан борлуулдаг. Манай эхнэр бид хоёр ... ХХК-с дээрх гурилыг захиалан худалдан аваагүй. Зарлагын падаан дээр бичигдсэн баримтад байгаа гарын үсгийг би сайн мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-н 103/,

Иргэний хариуцагч Г.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Г.Э- тухайн үедээ жирэмсэн хүүхдээ гаргах гээд лангуун дээрээ сууж чадахгүй байсан, энэ хооронд би лангууг ажиллуулсан. ...надад яаж гурил авч ирэхээ хэлээгүй, надад та гурилын мөнгөө цаг тухайд нь хийж чадах уу гэхээр нь би Т.Т-т гурилын мөнгийг төлж чадна гэдгээ хэлсэн. Үүний дараа Т.Т- надад 3.192.500 төгрөгийн үнэ бүхий дараах гурилыг өгсөн. Үүнд: Дээд гурил 1 кг савлагаатай 250 ширхэг, 1 дүгээр гурил 10 кг 500 ширхэг, 1 дүгээр гурил 25 кг 200 ширхэг, 1 дүгээр гурил 50 кг 500 ширхгийг өгөхөөр нь би хүлээж авсан. Би Т.Т-аас ямар аргаар яаж ирснийг нь асуугаагүй. ...гурилын мөнгөнөөс 1.900.000 төгрөгийг Т.Т-т бэлнээр дансаар мөн өмнөх дээрээ суутгаад надад үлдэгдэл 2.000.000 төгрөгийн өр үлдсэн. ...би дээрх үнийн дүнгийн гурилыг хүлээн авсан. 960.000 төгрөгийн мөнгө төлсөн үгүйг сайн санахгүй байна. ...би ... ХХК-д ажил хөдөлмөр олж хийж байгаад хохирол барагдуулна гэж бодож байна. ...дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. ...бид хоёрын дунд бараа хүлээлцсэн баримт байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 100-101/,

Яллагдагчаар Т.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 3 дугаар сард байгууллагатай гэрээтэй ажилладаг Лха түшиг 3.192.500, Тумбааш 960.000 төгрөгийн үнэ бүхий гурилын хуурамч падаан бичиж мөн гэрээт борлуулагч Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол, Шөнийн захын гэрээт борлуулагч А-т дээрх гурилыг хүлээлгэн өгсөн. Тумбааш ХХК-н нэрээр өгсөн гурилын мөнгөн дүн болох 960.000 төгрөг бэлнээр авсан уг мөнгийг тухайн үедээ мөнгө хэрэг болоод байрны төлбөртөө бүгдийг төлсөн. 960.000 төгрөг ... ХХК-д огт тушаагаагүй. ...А- надад хэлэхдээ Улаанбаатар ХХК-нд өртэй болсон, танай байгууллагаас надад гурил өгөхгүй байна, гурил зарж байж орлого олж өрөө төлнө туслаач гэж хэлэхээр нь би хуурамч падаан бичиж гурил өгсөн. ...Миний 2019 оны 3, 4 дүгээр сарын цалин урамшууллын мөнгө нийлээд 654.465 төгрөг суутгасан бөгөөд энэ мөнгөн дүнг төлсөн, өөр мөнгөн дүнг төлөөгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 133-134/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 16/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 21, 80-91/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 68-70/, Улаанбаатар ХХК болон шүүгдэгч Т.Т- нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-н 106-108/, ажилд томилох тушаал /хх-н 109/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

     Шүүгдэгч Т.Т- нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... ХХК-д түгээлтийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 10-ны өдөр хүртэлх хугацаанд Лха түшиг дэлгүүрийн нэр дээр 3.192.500 төгрөгийн, Тумбааш дэлгүүрийн нэр дээр 960.000 төгрөгийн гурил зээлээр нийлүүлсэн мэтээр зарлагын баримт хуурамчаар үйлдэж, нийт 4.152.500 төгрөгийн гурилыг шилжүүлэн авч завшсан” гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчийн төлөөлөгч Б.Б-: “...... ХХК-д түгээлтийн ажилтнаар ажиллаж байсан ажилтан болох Т.Т- нь үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээтэй Лха түшиг, Тумбааш гээд дэлгүүрийн нэр дээр хуурамч баримт бичиг бүрдүүлэн Лха түшиг дэлгүүрийн нэрээр 3.360.500, Тумбааш дэлгүүрийн нэр дээр 956.500 төгрөг, нийт 4.317.000 төгрөгийн хохирол учруулсан байна. ..Аудитын шалгалтаар 3.208.035 төгрөг бодит хохирол учирсан байна гэдгийг тогтоосон, уг мөнгөн дүнг ... ХХК-ний зүгээс хүлээн зөвшөөрч байгаа, нэмэлтээр Эс Жи Эм Ди Аудитын үйлчилгээний хөлс болох 352.880 төгрөг нэмж гаргуулах хүсэлтэй байна. Ингээд эцсийн байдлаар байгууллагаас 3.560.915 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 141/, гэрч К.Э-гийн: “...Би 2009 оны үеэс эхлэн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Лха түшиг нэртэй дэлгүүрийг одоог хүртэл түрээслэн ажиллуулж байна. Би тийм хэмжээний гурил аваагүй. Энэ тухай ... ХХК-с над руу Нямдэлгэр ярихаар нь мэдсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 56/, гэрч Б.М-ын: “...Манай эхнэр бид хоёр ... ХХК-с дээрх гурилыг захиалан худалдан аваагүй. Зарлагын падаан дээр бичигдсэн баримтад байгаа гарын үсгийг би сайн мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-н 103/, иргэний хариуцагч Г.А-ийн: “...би Т.Т-т гурилын мөнгийг төлж чадна гэдгээ хэлсэн. Үүний дараа Т.Т- надад 3.192.500 төгрөгийн үнэ бүхий дараах гурилыг өгсөн. Үүнд: Дээд гурил 1 кг савлагаатай 250 ширхэг, 1 дүгээр гурил 10 кг 500 ширхэг, 1 дүгээр гурил 25 кг 200 ширхэг, 1 дүгээр гурил 50 кг 500 ширхгийг өгөхөөр нь би хүлээж авсан. Би Т.Т-аас ямар аргааж яаж ирснийг нь асуугаагүй. ...гурилын мөнгөнөөс 1.900.000 төгрөгийг Т.Т-т бэлнээр дансаар мөн өмнөх дээрээ суутгаад надад үлдэгдэл 2.000.000 төгрөгийн өр үлдсэн. ...би дээрх үнийн дүнгийн гурилыг хүлээн авсан. 960.000 төгрөгийн мөнгө төлсөн үгүйг сайн санахгүй байна. ...би ... ХХК-д ажил хөдөлмөр олж хийж байгаад хохирол барагдуулна гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /хх-н 100-101/, Эс жи эм ди аудит ХХК-ний дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Т.Т-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Т- нь ... ХХК-д борлуулагчаар ажиллаж байх үедээ Лха түшиг, Тумбааш дэлгүүрийн нэр дээр хуурамч падаан бүрдүүлэн нийт 4.152.500 төгрөгийн хохирол учруулж завшсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан, нийгэмд аюултай, идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч “...” ХХК-д нийт 4.152.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Т.Т- нь 960.000 төгрөгийг хувьдаа хэрэглэсэн, иргэний хариуцагч Х.А-т 3.192.500 төгрөгийн гурил тус тус өгсөн байна.

Шүүгдэгч Т.Т-ын 3, 4 сарын цалин, урамшууллын мөнгө болох 654.465 төгрөгийг хохирлоос хасаж үлдэгдэл 305.535 төгрөг, үүн дээр аудитын дүгнэлт гаргуулсан 352.880 төгрөг, нийт 618.415 төгрөгийг шүүгдэгч Т.Т-аас гаргуулж хохирогч ... ХХК-д олгох,

Иргэний хариуцагч Х.А- нь 3.192.500 төгрөгийн бараа авснаас 250.000 төгрөг төлсөн ба үлдэгдэл 2.942.500 төгрөгийг иргэний хариуцагч Х.А-ээс гаргуулж хохирогч ... ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал дараахь зардлаас бүрдэнэ”, 1.1 дэх заалтад “...шинжээч ...төлөх зардал”, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж тус тус хуульчилжээ.

Иймд ... ХХК-наас аудитын дүгнэлт гаргуулсан 352.880 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Т.Т-ыг гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Т- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан ба шүүхээс шүүгдэгч  Т.Т-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол нөхөн төлөөгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т.Т-ыг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т- нь 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

   4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-аас 618.415 төгрөг, иргэний хариуцагч Г.А-ээс 2.942.500 төгрөг гаргуулж хохирогч “... ХХК”-д олгосугай.

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР