Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/103

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч Л.Оюун, шүүгч Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: З.Баярцэцэг,

Иргэдийн төлөөлөгч: Ц.Эрдэнэболд,

Улсын яллагч: Д.Хонгорзул,

Шүүгдэгч: Б.Н- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б.Н-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005029811641 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 19–ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Н-, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Н- нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн нарангийн 3-44 тоотод Т.Э-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар хутга буюу зэвсэг ашиглан эрүүл мэндэд нь баруун талд цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус /400мл/, хий /200мл/ хуралдалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Н- шүүх хуралдаанд: “...Тухайн үед би сонгуулийн ажилтай байсан. 02-ны орой явах гэхэд Т.Э-ах “намайг очтол байж бай” гэж хэлсэн. Удаан уулзаагүй гээд манай найз надад 1 шил архи өгөхөд нь би уугаагүй. Орой дэлгүүрээс бэлэн мантуун бууз авч ирээд 3-ыг үлдээчихсэн байсныг ах идчихээд намайг “босоод хоол хийгээдэх” гэсэн. Шөнө 12 цаг өнгөрчихсөн байсан болохоор би “дэлгүүр хаачихсан байна, манай найз 1 шил архи өгсөн, үүнийг уугаад унт” гэж хэлсэн. Ингээд манай нөхөртэй архи хувааж ууж байгаад гэнэт “чи ер нь манай дүүтэй амьдрах юм уу, үгүй юм уу гэж хэлээд, хурдан хоол хийгээч” гэх мэтээр доромжлоод хойноос толгой руу цохисон. Би тэр үед хоол хийх гээд хөлдүү мах хэрчиж байсан. Цохиод байхаар нь “цаашаа байгаач” гэж хэлээд түлхсэн. Гэтэл ийм зүйл болчихсон. Орой нь түргэн дуудъя гэхэд “зүгээр ээ, ах нь энэ зэргийн шархыг даана” гэж хэлсэн. Өглөө нь би ажилтай байсан учир хамаатных нь ахыг дуудсан. Гэтэл манай нөхрийг дэлгүүр онгойхоор дахин архинд явуулаад ганцаараа уусан байсан. Ах нь түргэн дуудаад аваачиж өгсөн, гэтэл гэмтлийн эмнэлгээс яваад өгчихсөн. Гэмтлийн эмнэлгээс залгаад маргааш нь дахиж очсон. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан зардлыг төлсөн. Намайг санаандгүй хутгалсан гэсэн мэдүүлэг сүүлд байцаагчид өгсөн байсан нь байхгүй байна. Би санаатай хутгалсан зүйл байхгүй. Хутгаар хатгаж гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч Т.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 00 цаг болж байсан байх би ажлаа хийчхээд нэг шил архи ажлыхантайгаа уугаад гэртээ харихад манай дүү А-, эхнэр нь болох Н- хоёр манайд хэд хоног хамт байсан, орон дээр хэвтэж байсан, ороход хоёр ширхэг мантуун бууз хийсэн байсан уг мантуун буузыг идээд байж байхад намайг маргааш амрах юм чинь гээд нэг шил архи хүн өгсөн гээд 0.75 литрийн Монгол стандарт нэртэй архи гаргаж ирсэн. Тэгээд бид гурав хувааж уугаад сууж байгаад би Н-д уурлаад өдөр болгон архи ууж байдаг, ажлаас ирэхээр гэр цоожлоод явчихдаг ямар учиртай юм гэхэд та ер нь яахаараа намайг ингэж байдаг юм гээд буруугаа хүлээхгүй байхаар нь би хэл амаар доромжлоод чи муу битгий давраад байгаарай янхан, гичий минь гэхэд та яахаараа намайг ингэдэг юм яахаараа намайг есөн шидээр доромжилж байдаг юм гээд шүүгээ болгож хэрэглэж байсан хөргөгчинд байсан хар саарал иштэй ахуйн хэрэглээний хутга авахад нь “чи яах гэж байна” гэхэд Н- миний баруун цээж  хэсэгт нэг удаа уг хутгаараа хатгахад уг хутга нь миний цээж рүү хатгагдаад орсон. Тэгээд цус гараад би гараараа дараад орон дээр гараад хэвтсэн. Тэгээд би “чи яаж байна аа, хүнийг хутгалаад тэнэг муу новш вэ чи” гэсэн тэгээд цээжээ алчуураар дараад хэвтэж байгаад унтаж амарсан. Өглөө сэрээд гайгүй биз дээ гээд Н-, А- хоёрыг явуулсан, утсаа аваад хажуу өрөөнд байдаг О-ийг дуудаад О- 103 дуудаад, цагдаа дуудсан. Тэгээд эмнэлэг ирээд намайг гэмтлийн эмнэлэг авч явсан, гэмтэлд үзүүлээд өвчний түүх нээж байхад би гараад явчихсан. Тэгээд дүүгийнхээ гэрт очоод байж байхад цагдаа нар ирээд мэдүүлэг аваад эмч ирж үзсэн. Тэгээд дүү Энхжаргалтай хамт гэмтлийн эмнэлэг очиж хэвтэж эмчлүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/,

Гэрч С.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр би 11 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд доод айлын хаалга онгорхой байсан. Тэгээд яваад орсон чинь Э- ах ор, дэр нь цус болчихсон хэвтэж байсан. Юу болсон бэ, та яасан бэ гэж асуусан чинь өчигдөр орой гэртээ ирж явах замдаа 00 цагийн орчимд гудамжинд танихгүй хүнд хутгалуулсан гэж  хэлсэн. Тэгээд би 103-т дуудлага өгсөн. Тэгээд төд удалгүй 103 ирээд аваад явсан. ...Э- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, түрээсэлж байгаа өрөөндөө сүүлийн 2 сар А- болон Н- гэх хүмүүстэй хамт амьдарч архидан согтуурч байна” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/,

 Гэрч П.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...орой ах ирээд нэг шил архи задалж би хийж өгсөн тэгэхэд Н- ганц хоёр л бага зэрэг уусан. Э- ах архи уусан, би нэг 50 грамм орчим уусан. Тэгээд Н-, Э- ах хоёр хэрэлдээд маргалдсан. ...тухайн үед Н-, Э- ахад хоол хийж өгөх гээд шүүгээ болгож ашигладаг хөргөгчнөөс хутга аваад хоол хийж байсан. Тэгээд ах надаар архи хийлгээд ууж байсан. Тэгээд Э- ах Н-ыг хараагаад хэл амаар доромжлоод маргалдаад Н- цаашаа бай гээд хутга барьсан гараараа Э- ахыг цохиод хутгалсан” гэсэн мэдүүлэг /хх-н 60/,

Шинжээчийн 11471 тоот дүгнэлтэд: “...Т.Э-гийн биед баруун талд цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус /400мл/, хий /200мл/ хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 35-36/,

Яллагдагчаар Б.Н-тын мөрдөн байцаалтад өгсөн: “...А- бид хоёр хамт ах Э-гийн гэрт буюу Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн наран 3-44 тоотод дөрөв хонож байсан. Тухайн өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 02-нд найзын гэрт очоод орой нь явах гээд ахтай ярихад ах Э- ах байж бай түлхүүр аваад явчих гэхээр нь хүлээж байсан. Тэгэхэд Э- ах орой 00:00 цагийн үед орж ирсэн. Тэгэхээр нь мантуун бууз хийсэн байсан уг буузыг халааж өгсөн. Тэгэхэд ах бантан хийчих гэхээр нь би бантан хийх гээд мах татаад байж байсан, ахыг ирэхээр нь манай найзын өгсөн архийг би гаргаад Э- ахад өгсөн. Тэгэхэд ах архийг задалж уусан. Э- ах гаднаас архи уучихсан орж ирсэн. Тэгээд архи хийж тойруулаад надад хоёр удаа өгсөн, би бага зэрэг уусан. Тэгээд намайг араас Э- ах хараагаад хэл амаар доромжлоод байхаар нь би хутгатай гараараа цаашаа бай гээд Э- ахыг түлхэж хутгаараа хатгасан. Тэгэхэд Э- ахын цээжний баруун доод хэсгээс нь цус гарахаар нь би түргэн дуудах уу гэхэд зүгээр гэсэн. Тэгээд хамт байж байгаад хүн дуудаад ажилтай байсан ба ах яв гэхээр нь ажил руугаа явсан. ...уг хутгыг тухайн үед хоол хийх гээд шүүгээ болгож ашигладаг хөргөгч дотроос авсан. Тэгээд хоол хийгээд байж байсан, тэгэхэд араас хэл амаар доромжлоод байхаар нь хутгатай гараараа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 45-46/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 4-6/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, хэргийн хамт хураагдан ирсэн хутга зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Н- нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн нарангийн 3-44 тоотод Т.Э-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар хутга буюу зэвсэг ашиглан эрүүл мэндэд баруун талд цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус /400мл/, хий /200мл/ хуралдалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Т.Э-гийн: “...би Н-д уурлаад өдөр болгон архи ууж байдаг, ажлаас ирэхээр гэр цоожлоод явчихдаг ямар учиртай юм гэхэд та ер нь яахаараа намайг ингэж байдаг юм гээд буруугаа хүлээхгүй байхаар нь би хэл амаар доромжлоод чи муу битгий давраад байгаарай янхан гичий минь гэхэд та яахаараа намайг ингэдэг юм яахаараа намайг есөн шидээр доромжилж байдаг юм гээд шүүгээ болгож хэрэглэж байсан хөргөгчинд байсан хар саарал иштэй ахуйн хэрэглээний хутга авахад нь “чи яах гэж байна” гэхэд Н- миний баруун цээж  хэсэгт нэг удаа уг хутгаараа хатгахад уг хутга нь миний цээж рүү хатгагдаад орсон. Тэгээд цус гараад би гараараа дараад орон дээр гараад хэвтсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/, гэрч С.О-ийн: “...Э- ах ор дэр нь цус болчихсон хэвтэж байсан. Юу болсон бэ, та яасан бэ гэж асуусан чинь өчигдөр орой гэртээ ирж явах замдаа 00 цагийн орчимд гудамжинд танихгүй хүнд хутгалуулсан гэж  хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/, гэрч П.А-гийн: “...Тэгээд Н-, Э- ах хоёр хэрэлдээд маргалдсан. ...тухайн үед Н- Э- ахад хоол хийж өгөх гээд шүүгээ болгож ашигладаг хөргөгчнөөс хутга аваад хоол хийж байсан. Тэгээд ах надаар архи хийлгээд ууж байсан. Тэгээд Э- ах Н-ыг хараагаад хэл амаар доромжлоод маргалдаад Н- цаашаа бай гээд хутга барьсан гараараа Э- ахыг цохиод хутгалсан” гэсэн мэдүүлэг /хх-н 60/, шинжээчийн 11471 тоот дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд “намайг хоол хийж байхад араас ирээд толгой руу цохихоор нь цаашаа бай гээд хутгатай гараараа савсан. Би санаатай хутгалсан зүйл байхгүй. Санаандгүй ийм зүйл болсон” гэж мэдүүлсэн ба шүүгдэгчийн дээрх мэдүүлэг нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтад өгсөн “хутгатай гараараа цохисон” гэсэн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

Мөн шинжээчийн дүгнэлтээр хохирогчид цээжний хөндий нэвтэрсэн шарх учирсан нь тогтоогдсон байх ба шүүгдэгчийн мэдүүлгээр хойшоо савсан үйлдлийн улмаас дээрх гэмтэл учрах бус харин зүсэгдсэн гэмтэл учирах боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн, шүүгдэгч нь санаандгүй хутгаар гэмтэл учруулсан гэж мэдүүлж байх боловч түүний хутгатай гараараа хохирогчийн цээж тус газарт хатгаж байгаа үйлдлийг эрүүгийн хуульд заасан санаатай үйлдэл гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй болно.

Шүүгдэгч нь намайг санаандгүй хутгаар хатгасан гэж хохирогч дахин мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэн нь байхгүй байна гэх боловч хэрэгт хохирогчийн дахин өгсөн мэдүүлэгт санаандгүй хутгаар хатгасан гэсэн мэдүүлэг байхгүй. Харин хөргөгчнөөс хутга аваад хутгалсан гэж бодсон, харин хоол хийж байсныг нь мэдээгүй гэж мэдүүлсэн ба өөрийг нь хутгалсан үйлдлийг үгүйсгэсэн мэдүүлэг өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Н-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Н- нь хохирогчтой маргалдан улмаар түүний цээжин тус газар хутгалж хүнд хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч Б.Н-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаар шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй болно.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Э-гийн биед хүнд хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, мөн мөрдөн байцаалтын шатанд хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Н-ыг гэм буруутай гэж үзсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж... болно” гэж, 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулна” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч нь урьд Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан байх боловч ял шийтгэлгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч Б.Н-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолгүй зэргийг харгалзан хуульд заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийг хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хар өнгийн саарал оруулгатай иштэй хутгыг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисс-т даалгав.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Н-ыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэжүйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Н-ыг 3 жил 5 сар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-тад оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн саарал оруулгатай иштэй хутгыг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисс-т даалгасугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР

 

   ШҮҮГЧИД                                    Л.ОЮУН

                                                        

  Ц.ЭРДЭНЭЧИМЭГ