Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/104

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: З.Баярцэцэг,

Улсын яллагч: Н.Мөнхцэцэг,

Хохирогч: Ж.Э-,

Шүүгдэгч: Б.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.М-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005033230058 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.М-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.М- нь 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” худалдааны төвийн гадна комиссын бараа зардаг лангууны хажууд “зээлсэн мөнгөө өг” гэж иргэн Ш.О-тай маргалдан зүй бус авирлах явцдаа “мөнгө төгрөгийн асуудлаа цагдаа, шүүхээр шийдүүл” гэж хэллээ гэх шалтгаанаар Ж.Э-ийн араас үсийг нь зулгаан унагаж, чирэх зэргээр эрүүл мэндэд нь “тархи доргилт, хүзүүний булчингийн чангарал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцрал, баруун гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.М- шүүх хуралдаанд: “...2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр үйл явдал болсон. Би сар бүрийн 05-ны өдөр банкны зээл төлдөг. 05-ны өдөр мөнгөө авах гээд Ш.О- эгч дээр очсон. 2020 оны 01 дүгээр сард “сар бүрийн 05-ны өдөр өгнө” гэж гар бичмэл бичиж өгөөд Ш.О- эгч надаас мөнгө зээлсэн байсан. Тухайн үедээ нотариат оръё гэхэд “эгч нь чамайг хуурна гэж байхгүй” гар бичмэл хийгээд өгье гэсэн. Тухайн үед би “миний бизнест мөнгө хэрэг болсон үед би мөнгөө авна шүү” гэж хэлээд мөнгө зээлсэн. Ингээд өөрийн маань бизнест мөнгө хэрэг болоод мөнгөө авъя гэхэд “наймаа муу байна, би мөнгийг чинь одоо өгч чадахгүй, хүүгээ бууруул” гэсэн, үүнийг нь ч би хүлээн зөвшөөрсөн 10 хувиар тооцож өгсөн мөнгөө 8 хувь болгож бууруулсан. Хүн шиг загнаж байхад урдаас үл хүндэтгэж “чиний мөнгийг өгч чадахгүй, чи олон хүнээс ийм байдлаар мөнгө авч байгаа биз дээ, шүүх цагдаагаараа заргалдаад аваарай” гэж хэлсэн. Иргэний журмаар би олон хүнтэй мөнгө төгрөгийн асуудал үүсэж байсан. Би Н- сайдтай хүртэл уулзаж байсан, удахгүй Занданшатар сайдтай уулзах гээд цаг авчихсан байгаа. Монгол улсад Иргэний хэргээр хэрэг шийдүүлэхэд 3-4 сар шүүхэд гацдаг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр очиход тухайн хүнийх нь дансанд ямар ч мөнгө байхгүй, данс нь хоосон, нэр дээр нь үл хөдлөх хөрөнгө байхгүй бол мөнгөө олж авч чаддаггүй. Ингээд 5 жил болчихсон хэрэг байна. Ийм хүмүүсээр Монгол Улс албадан хөдөлмөр хийлгэдэггүй. Тухайн үед бид муудалцаад намайг доромжилсон үгийг нь би утсандаа бичээд авчихсан байгаа. Хүнээс мөнгө авах үедээ сайхан ярьж хэлж авчхаад, өгөх болохоороо “заргалдаад ав” гэдэг. Ингэж бид анх маргалдсан. Гэтэл хажуу талаас Э-эгч маргаанд орж ирэхдээ “чи адилхан эмэгтэй хүн байж хүнээс мөнгө нэхдэг, хүү нэхдэг юу юм бэ” гэж хэлсэн. Э-эгч яагаад бидний маргаанд хөндлөнгөөс оролцсон бэ гэхээр “өнгөрсөн жил надаас 300.000 төгрөг авчхаад 3 хоногийн дотор төлсөн, дараа нь дахин 300.000 төгрөг зээлээд өгөхгүй 2, 3 сар болж байж 7 дугаар сард төлсөн. Мөнгө өгөхдөө хүүгийн мөнгө надад өгөөгүй” ийм шалтгаанаар хөндлөнгөөс орж ирсэн. Маргалдаж байхад “цагдаа шүүхээрээ яв” гэж хоёулаа над руу дайраад байсан. Тэгэхээр нь “цагдаа дээр чинь очъё” гэж хэлээд үснээс нь зулгаасан үйлдэл гарсан. Үснээс нь зулгаасан нь миний буруу, түргэн ууртай, тархины цахилгаанжилттай холбоотой байх. Иргэний хэргээр шийдүүлэхээр хэрэг маргаан бүтэн жил шийдэхгүй уддаг. Тухайн үед уурлахдаа “тэгвэл одоо цагдаа руу явъя” гэж хэлээд үснээс нь зулгаагаад явчихсан” гэв.

Хохирогч Ж.Э- шүүх хуралдаанд: “...Тухайн өдөр хажуу лангууны Б- гэдэг хүүхэн ирээд “Одноогийн лангуу дээр бөөн юм болоод байна” гэж хэлсэн. М-ыг иймэрхүү зантай гэдгийг нь бид нар бүгд мэддэг. Гэхдээ намайг ийм байдалтай болгоно гэж бодоогүй. Би очоод “та нар ингэж болохгүй, зунжингаа мөнгө төгрөгийн хэл ам хийлээ шүү дээ” гээд газарт унасан хувцсыг нь авах гээд тонгойход араас М- үсдээд “чи бас цагдаагаар яв гэж хэлэх үү” гээд чирсэн. Чирээд Б-ийн лангуу руу орсон. Тухайн үедээ би боолтод ороод дотор муухай оргиод байхаар нь ”тавиач ээ” гэхэд тавихгүй байсан. Нүд харанхуй оргиод дотор муухайраад хэсэг хугацаанд амьсгаа авч чадахгүй байсан. М-ыг алгадаад байгаа нь сонсогдсон. Миний малгай алга болчихсон байхаар нь олоод хартал үстэйгээ хамт Б-ийн лангуу дээр байсан. Үсээ хараад би шоконд орсон. Дахиад 7 хоногийн дараа М- ирээд “чи мөнгөө өг өгөхгүй бол зодож байгаад авна” гээд лангуу руу ороод ирсэн. Би айгаад цагдаа дуудсан. Цагдаа ирээд М-ыг “чи яахаараа дандаа ингэж байдаг юм бэ, урьдын асуудал чинь дуусаагүй байхад” гэж хэлж байсан. Цагдаа авах гээд ирэхэд уйлаад “явахгүй” гээд байхаар нь би өрөвдөөд болиулсан. Ер нь М- эргээд хүнээс уучлалт гуйна гэж байхгүй, тухайн үед хүн алдаа гаргаж болно, зах дээр ийм асуудал болж л байдаг. Гэтэл эргээд хүнээс уучлалт гуйна гэж мэддэггүй. Одоо миний үс ургахгүй гэсэн. Үс угтаа ууттай байдаг юм байна лээ, тэр уут нь сугарчихсан бол эргэж ургадаггүй гэсэн. Надад тэр бүр эмнэлгээр яваад байх боломж байгаагүй учир хувиараа үсэнд сайн гэсэн болгоныг л авч хэрэглэж байгаа. Карантинтай байсан үе болохоор би эмчилгээ хийлгэж чадаагүй. Надад 2, 3 сая төгрөгөөр үс суулгах боломж байхгүй, мөнгө байхгүй. Одоо дулаараад ирэхэд би байнга малгайтай явах боломжгүй шүү дээ, эцсийн эцэст энэ эмэгтэй хүний гоо сайхны асуудал гэж бодож байна. Өнгөрсөн 7 хоногт лангуу дээр ирээд “үс чинь ургасан уу” гэж доромжилсон. Би 390 орчим мянган төгрөг нэхэмжилсэн, эмнэлгээс зөвлөгөө авахад үс суулгахад 2.500.000-3.000.000 төгрөг гэж байна лээ, тиймээс үүнийгээ нэхнэ...” гэв.

Хохирогч Ж.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2004 оноос хойш Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хархорин захын гадна талд байх комиссын хувцасны лангуу түрээслэн ажиллаж байна. 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 15-16 цагийн үед лангуун дээрээ сууж байхад Б- ирээд нөгөө М- чинь Ш.О-гийн лангууг нь аваад шидчихлээ, бүх юмыг нь нураагаад хаячихлаа, орилж чарлаад байна гэж хэлэхээр нь би Б-тэй хамт Ш.О-гийн лангуун дээр очиход Ш.О- лангуун дотроо харин М- лангууны гадна талд зогсож байсан ба төмөр лангууг нь аваад шидээд хувцаснуудыг газар шидэлсэн байхаар нь би лангууг нь Ш.О-гийн хамт босголцож тавиад хувцаснуудыг нь өлгөж байхад М-, Ш.О-д хоёрт хандаад “...мөнгө төгрөгний авлага байдаг бол цагдаа, шүүхээр шийдүүл, хажууд чинь байгаа хүмүүст хэцүү байна гэж хэлээд газар унасан цамцыг нь авах гээд тонгойход араас М- миний үснээс хойшоо дарж намайг Б-ийн лангуу руу чирч орохоор нь би хажууд байсан Б-, Ш.О- хоёрт хандаж салгаад өгөөч ээж гэж орилоход М- нь миний үснээс зулгаасан хэвээр байсан ба Б-, Ш.О- нар намайг М-аас салгах гээд дийлэхгүй байхаар Ш.О-, М-ын гарыг нь өчөөд тавиулсан. Тэгээд би Ш.О-гийн лангуу руу ороод суусан ба үсээ янзлаад харахад миний толгойны үсний дээд хэсэгт хэсэг газар зулгараад ямар ч үсгүй болсон байсан. Тэгээд би 102-т дуудлага өгсөн, цагдаа нар удалгүй ирсэн. Тэр өдөр Ш.О- надад хэлэхдээ “М- чиний үснээс зулгаагаад тавихгүй болохоор нь үснээс нь зулгааж дугтарч, утсаараа нүүр рүү нь цохисон ба тэгээд тавихгүй болохоор гарыг нь өчиж тавиулсан талаар ярьж байсан. Би тэр үед Ш.О-, М-ын аль гарыг өчиж тавиулсныг хараагүй. Миний толгойн дээд тал хэсэгт өргөн нь 4 см, урт нь 14 см хэмжээтэй газар халцарсан, толгой хуйх хорсож өвдсөн, хүзүү хөндүүр байсан. Миний биед учирсан гэмтлийг М- миний үснээс 2 гараараа зулгааж уг гэмтлийг учруулсан... Би М-д ямар нэг өр төлбөр байхгүй. Би маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр томографикын зураг 260.000 төгрөгөөр авхуулж, 132.113 төгрөгний эм авсан надад нийт 392.113 төгрөгний хохирол учирсан. Би М-д гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23, 25/,

Гэрч Ш.О-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...М- ирж 1.000.000 төгрөгөө авъя гэж нэхэхэд эгч нь үндсэн мөнгөнөөс чинь 300.000 төгрөгийг одоо өгье, хүүг нь 2-3 хоногийн дараа өгье гэж хэлэхэд М- үгүй гээд орилоод миний хувцасны лангуу авч шидэж хөмөрч, өлгүүртэй барааг газар авч шидсэн. Тэгэхээр нь би М-д чи яагаад миний барааг авч шидэж, намайг яагаад дээрэлхээд байгаа юм бэ гэж асуухад чи миний мөнгийг өгөхгүй байна гээд орилоод байхаар нь тэгэж ярихын бол би чамд хүүний мөнгийг чинь цаг тухайд нь өгч байсан, өгөхгүй гэж хэлээгүй өгнө гэж хэлж байна, хэрэв ингэж ярьж байгаа бол шүүх, цагдаагаар яв гэж хэлсэн. Тэгэхэд Б-, Э-ийг дуудсан байсан, Э-ирээд та нар юу болоод байгаа юм бэ, чи яагаад хүний барааг авч шидэж байгаа юм бэ, эв зүгээрээ учраа олчиход болдоггүй юм уу, хэрэв олохгүй бол шүүх, цагдаагаараа явцгаа гэж хэлэхэд Э-ийн араас нь 2 гараараа М- бариад үсдээд Б-ийн лангуу руу чирч оруулсан. Тэгээд Э-үснээс тавилдаа гээд М-д хэлэхэд тавихгүй байхаар нь би очоод М-ын хацар руу нь 2 алгадаад чи тавилдаа гээд хэлэхэд тавихгүй болохоор нь гараа атгаж байгаад М-ын нүүр рүү 3-4 удаа цохисон. Тэгээд тавихгүй болохоор нь баруун гарын хурууг нь арагш нь дарж хөшиж М-ыг Э-ээс тавиулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 42/,

Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд Э-, Ш.О- хоёр М-ын буулгасан лангуу болон газар байсан хувцаснуудыг нь хурааж байхад Э-, М- “чи яаж байгаа юм, ам хэлээрээ хэлж болж болдоггүй юм уу, наад асуудлаа шүүх, цагдаагаараа шийдүүл гэж хэлэхэд гэнэт М-, Э-ийн араас нь үсдэж чирээд миний лангуу руу оруулсан. Тэгэхэд Э-, М- хоёр дээр доороо ноцолдоод байсан ба би айгаад холоос хараад байсан. Тэгэхэд Ш.О- очоод М-, Э-хоёрыг салгах гэсэн боловч Э-ийн үсийг М- ороогоод татаад байхаар нь М-ын баруун гарын хурууг нь дарж тавиулсан. ...Э-ийг харахад толгойны дээд хэсэг нь хэсэг газар халцарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 40/,

Шинжээчийн 11435 тоот дүгнэлт: “...Ж.Э-ийн биед тархи доргилт, хүзүүний булчингийн чангарал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцрал, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 49-50/,

Яллагдагчаар Б.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Э-гэх эмэгтэй “чи хүмүүсээс дандаа хүний мөнгө авч байдаг, хүмүүсийг дандаа шулж байдаг, би чамд ч гэсэн хүүний мөнгийг төлөхгүй, чам шиг юм цагдаа шүүхээрээ яваад заргалдаад олоод ав, юу ч олж долоохгүй” гэх зэргээр намайг үг хэлээр доромжилж, өдөөн хатгаж хэрүүлийн хүрээг тэлсэн. Энэ үгээ дахин дахин давтан хэлээд байхаар нь би “тэгвэл тэр цагдаагийн газарт чинь очоод хэргээ шийдүүлье гээд өөдөөс хараад зогсож байсан Э-ийг үснээс нь зулгаагаад өөр рүүгээ хатаж хамтдаа газарт унасан. Энэ үед Э-ийн үснээс тавиулах гэж Ш.О- атгасан гараараа миний дух, нүүр хэсэгт 3, 4 удаа цохиж, миний гарыг Э-ийн үснээс тавиулах гэж баруун гарын эрхий хурууг нуга дарсан. Тэгээд би Э-ийн үснээс зулгаасан гараа тавиад газраас босоод зогсож байтал Э-намайг буцаагаад үсдэж газарт татаж унагасан” гэсэн мэдүүлэг /хх-н 82-83/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 9/, хохирогчийн өргөдөл /хх-н 10-11/, хохирлын баримт /хх-н 13, 16-18/, хохирогчийн гэмтэл авсан гэх газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 15/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 60-70/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.М- нь 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” худалдааны төвийн гадна комиссын бараа зардаг лангууны хажууд “зээлсэн мөнгөө өг” гэж иргэн Ш.О-тай маргалдан зүй бус авирлах явцдаа “мөнгө төгрөгний асуудлаа цагдаа, шүүхээр шийдүүл” гэж хэллээ гэх шалтгаанаар Ж.Э-ийн араас үсийг нь зулгаан унагаж, чирэх зэргээр эрүүл мэндэд нь “тархи доргилт, хүзүүний булчингийн чангарал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцрал, баруун гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Э-ийн: “...газар унасан цамцыг нь авах гээд тонгойход араас М- миний үснээс хойшоо дарж намайг Б-ийн лангуу руу чирч орохоор нь би хажууд байсан Б-, Ш.О- хоёрт хандаж салгаад өгөөч гэж орилоход М- нь миний үснээс зулгаасан хэвээр байсан ба Б-, Ш.О- нар намайг М-аас салгах гээд дийлэхгүй байхаар Ш.О-, М-ын гарыг нь өчөөд тавиулсан. Тэгээд би Ш.О-гийн лангуу руу ороод суусан ба үсээ янзлаад харахад миний толгойны үсний дээд хэсэгт хэсэг газар зулгараад ямар ч үсгүй болсон байсан. Миний толгойн дээд тал хэсэгт өргөн нь 4 см, урт нь 14 см хэмжээтэй газар халцарсан, толгой хуйх хорсож өвдсөн, хүзүү хөндүүр байсан. Миний биед учирсан гэмтлийг М- миний үснээс 2 гараараа зулгааж уг гэмтлийг учруулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23, 25/, гэрч Ш.О-гийн: “...Э-ирээд та нар юу болоод байгаа юм бэ, чи яагаад хүний барааг авч шидэж байгаа юм бэ эв зүгээрээ учраа олчиход болдоггүй юм уу, хэрэв олохгүй бол шүүх, цагдаагаараа явцгаа гэж хэлэхэд Э-ийн араас нь 2 гараараа М- бариад үсдээд Б-ийн лангуу руу чирч оруулсан. Тэгээд Э-үснээс тавилдаа гээд М-д хэлэхэд тавихгүй байхаар нь би очоод М-ын хацар руу нь 2 алгадаад чи тавилдаа гээд хэлэхэд тавихгүй болохоор нь гараа атгаж байгаад М-ын нүүр рүү 3-4 удаа цохисон. Тэгээд тавихгүй болохоор нь баруун гарын хурууг нь арагш нь дарж хөшиж М-ыг Э-ээс тавиулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 42/, гэрч Б.Б-ийн: “...Тэгээд Э-, Ш.О- хоёр М-ын буулгасан лангуу болон газар байсан хувцаснуудыг нь хурааж байхад Э-, М- “чи яаж байгаа юм ам хэлээрээ хэлж болж болдоггүй юм уу, наад асуудлаа шүүх, цагдаагаараа шийдүүл гэж хэлэхэд гэнэт М-, Э-ийн араас нь үсдэж чирээд миний лангуу руу оруулсан. Тэгэхэд Э-, М- хоёр дээр доороо ноцолдоод байсан ба би айгаад холоос хараад байсан. Тэгэхэд Ш.О- очоод М-, Э-хоёрыг салгах гэсэн боловч Э-ийн үсийг М- ороогоод татаад байхаар нь М-ын баруун гарын хурууг нь дарж тавиулсан. ...Э-ийг харахад толгойны дээд хэсэг нь хэсэг газар халцарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 40/, шинжээчийн 11435 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.М- нь хохирогч Ц.Э-ийн үснээс нь зулгаан чирэх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хавтас хэрэгт баримтаар авагдсан хохирогчийн эмчилгээний зардал, эм тариа авсан, компьютер томографикт харуулсан, шүүх эмнэлэгт үзүүлсэн зэрэг 623.458 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шүүх шийдвэрлэв.

Хохирлын баримтаас хаан банкны карт уншуулсан 23.250 төгрөгийн баримт юунд зарцуулсан нь тодорхойгүй мөн хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд байх хохирлын баримтын үнийн дүн арилсан тул тус тус хохирлоос хасаж тооцсон болно.

Хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэнэ гэж мэдүүлсэн бөгөөд цаашид хэдэн төгрөгийн эмчилгээ хийлгэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.М-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.М- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогчийн хохирлыг барагдуулаагүй, хохирогч гомдолтой зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.М-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-аас 623.458 төгрөг гаргуулж хохирогч Ж.Э-т олгосугай.
  6. Хохирогч нь хохирол хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР