Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 11

 

    

 

 

 

 

2021           01           05                                         2021/ШЦТ/11

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

улсын яллагч Н.Пүрэвтогтох,  

шүүгдэгч Я.Б-, П.О- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Я.Б-, П.О- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910007370923 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол улсын иргэн, ..... тоот регистрийн дугаартай, Я.Б-.

 

2. Монгол улсын иргэн, ..... тоот регистрийн дугаартай, П.О-.

 

            Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:

            Яллагдагч Я.Б-, П.О- нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Вива сити” хорооллын S-3-1 дүгээр байрны гадна байрлах чингэлэгт хууль бусаар нэвтэрч 2 ширхэг гутал, зөөврийн майхан 3 ширхэг, аяны хөнжил 3 ширхэг зэргийг хууль бусаар нууцаар авч, бусдад 3.565.970 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Б-, П.О- нар мэдүүлэг гаргахгүй гэв.

Эрүүгийн 1910007370923 дугаартай хэргээс:

1. Хохирогч Ч.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 21-ний өглөө 10:00 цагийн үед манай ажилчид ирж аялалдаа бэлдэж эхэлсэн юм. Би аажуу 19:00 цагийн үед ирсэн. Тухайн үед намайг ирэхэд Н.Т-, Д.Д- нар контейнер ороод аялалд ашиглах зүйлсээ авч байсан. Тэндээс Н.Т- бид хоёр түрүүлээд гарахад араас Д.Д- нь ширээ аваад гарч байсан санагдаж байна. Тэгээд “Номадик Офроүд” ХХК-ны байранд орсон. Түүний дараагаар орой 20:00 цагийн үед бүгд явцгаасан. Маргааш нь буюу 2019 оны 03 дугаар сарын 22-ны 17:00 цагийн үед ирэхэд нягтлан Н.М- сая дэлгүүр явахад манай гутлыг хүн өмсчихсөн явж байна гэж хэлэхээр нь эхэндээ итгээгүй худлаа байлгүй гээд ямартай ч шалгаад үзье гээд контейнерийг үзэхэд хаалттай байхаар нь нээгээд дотор нь ороод эд зүйл алдагдсан эсэхийг үзэхэд 2 ширхэг гутал, 5 ширхэг эвхэгддэг зөөврийн майхан, 7 ширхэг мишок, 1 ширхэг каск зэрэг зүйлс дутагдсан бөгөөд компаний бүртгэлээс юу юу алдагдсан талаар тодруулж болно. Бид нар үүдэнд байрлах контейнер луу харсан камерын бичлэгийг шүүж үзэхэд үзэгдэх орчин муу харанхуйд харагдац муу 2019 оны 03 дугаар сарын 22-ны 03:20 минутын орчим 2 хар хувцастай хүн шууд орж байгаа харагдсан. Нэг их удаагүй ойролцоогоор 45 орчим секунтын дараа гараад явж байгаа нь харагдсан. Гэхдээ бүдэг, тухайн 2 этгээдийн нэгнийх нь өмссөн цагаан өнгийн гутлаар баримжаалж орж гарч байгааг нь тодорхойлж байгаа юм. Гутал нь husqvarna Sidi гэх брендийн хөх өнгөтэй 1.600.000 төгрөг, Alрine star брендийн хар өнгийн гутал 1.600.000 төгрөг, Coleman брендийн дотор 2 талдаа голоороо цэнхэр өнгийн 200.000 төгрөг, гадна уут нь десант буюу навчтай ногоон өнгийн материалтай байсан. ALPS Mointauneering zephyr 2 брендийн, гаднах уут нь бор өнгийн 5 ширхэг байсан 500.000 төгрөг, husqvarna Bell Брендийн каск 1.500.000 тус тус байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,

 

- Хохирогчоор 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дахин өгсөн: “...Манай чингэлэгнээс 2019 оны 3 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө алдагдсан эд зүйлсийн тоо хэмжээний талаар мэдүүлэг өгсөн байсан. Анх өгсөн мэдүүлэгтээ 2 ширхэг гутал, 5 ширхэг эвхэгддэг зөөврийн майхан, 7 ширхэг мишок, 1 ширхэг хамгаалалтын каск малгай алга болсон гэж мэдүүлэг өгсөн. Дараа нь хулгай хийсэн хүмүүс манайд хоёр ширхэг гутал, гурван ширхэг майхан, гурван ширхэг мишок буюу аяны хөнжлийг буцаагаад өгсөн ба өөр эд зүйл аваагүй гэж хэлсэн. Тэгээд бид эд зүйлсээ дахин бүртгэж үзэхэд гутал хоёр ширхэг, майхан гурван ширхэг, аяны хөнжил гурван ширхэг алга болсон нь тогтоогдсон. Харин хамгаалалтын малгай буюу каск алдагдаагүй байна. Бид анх эд зүйлсээ нарийн бүртгэж үзээгүй байхад алдагдсан эд зүйлсийн тоо хэмжээг буруу, зөрүү мэдүүлсэн байна. Манай ажилчид урьд өдөр нь эд зүйл авахдаа хаалгаа хаангуутаа цоожлохгүй мартаад үлдээсэн энэ үед хулгай орсон байна. Камер шүүж үзэхэд чингэлэгийн гадна тал гэрэлтүүлэггүй, харанхуй байсан тул камерын бичлэгийг үзэхэд хэдэн хүн орж гарч байгаа нь тодорхой бус байсан. Зөвхөн цагаан гялтганасан пүүз гуталтай хүн чингэлэг рүү хэд хэдэн удаа орж гараад яваад байсан хөлний хөдөлгөөн л харагдаж байсан. Өөр хүмүүсийн орж гарсан эсэх нь тодорхойгүй, бүдэг харагдахгүй байсан. “Apls Mointauneering zerhyr” загварын бор өнгийн ууттай майхнаас гурван ширхэг хулгайд алдагдсан болно. Аяны хөнжил буюу мишок нь БНХАУ-д үйлдвэрлэсэн, ‘Коулманн" загварын, нэг хүний багтаамжтай, дулаан хадгалах синтфон материалаар хийгдсэн, 2017 оны 4 дүгээр сард 100,000 төгрөгөөр худалдаж авсан. Аваад ганц хоёр хэрэглэсэн, шинэвтэр аяны хөнжлүүд байсан. Хулгайд алдсан үеийн байдлаар би 70.000 төгрөгөөр үнэлнэ. Манай чингэлэгнээс мотоциклийн малгай хулгайд алдагдаагүй байна. Одоо нэхэмжлэх зүйл хохирол байхгүй. Хохирлыг бүрэн төлүүлж авсан ...хулгай хийсэн хүмүүст гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,

 

2. Гэрч Д.Д-гийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 08 дугаар сараас гадны зочдыг Монголын үзэсгэлэнтэй газраар аялал хийлгэдэг. 2019 оны аялал 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь руу 7 хоногийн хугацаатай явахаар байсан. 2019 оны 03 дугаар сарын 21-ний орой явах бэлтгэл болгож контейнероос аялалд хэрэгтэй ширээ сандал, ойр зуурын хэрэгцээний зүйлийг зөөсөн. Орой 20:20 минутаас ажлын байраа хаагаад явсан. Маргааш өглөө нь 10:15 минутын орчим намайг ирэхэд контейнерийн хаалга нээлттэй байхаар нь өчигдөр онгорхой орхисон юм байна гээд ороод харахад нүдэнд ил харагдах үнэтэй мотоцикль, жижиг оврын мотор зэрэг зүйлс харагдахаар нь хулгай орсон нь гайгүй юм байна гэх ойлголтыг авч хаалгыг хаасан. Тэгээд өдөр нягтлан Н.М- манай мотоциклын тусгай гутлыг өөр хүн өмсөөд явж байгаа талаар хэлсэн. Тэгээд контейнер ороод нарийвчлан эд зүйл алдагдсан эсэхийг үзэхэд 2 ширхэг гутал, 5 ширхэг эвхэгддэг зөөврийн майхан, 7 ширхэг мишок, 1 ширхэг каск зэрэг зүйлс дутсан байсан...” гэх  мэдүүлэг /хх-ийн 33/,

 

3. Гэрч С.Мөнх-Эрдэнийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Би тухайн үед “Номадик офроүд” нэртэй байгууллагад нягтлан бодогчоор давхар ажил хийдэг байсан. Энэ компани нь аялалын үйл ажиллагаа явуулдаг. Хоёр давхарт мотоцикл болон мотоциклийн сэлбэг хэрэгсэл борлуулдаг компани байсан. Энэ компаний дэлгүүр нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хорооллын Эс-3 дугаар байрны ойролцоо байдаг ба дэлгүүрийн хажууд чингэлэгтэй юм. Чингэлэг дотор мотоцикль мөн аялалд хэрэглэдэг хувцас, майхан, аяны хөнжил буюу мишок, мотоциклийн дугуй, хамгаалалтын хэрэгсэл гутал, өмд, малгай, цамц, цээжний хамгаалах хэрэгсэл зэрэг эд зүйлийг хадгалдаг байсан. Хулгай ордгийн өмнөх өдөр манай ажилчид чингэлэг дотроос эд зүйл зөөж гаргаж байсан ба хаалгаа цоожлолгүй мартаад хаагаад явсан байсныг дараа нь мэдсэн. 2019 оны 3 дугаар сарын 22-ны өглөө 10, 11 цагийн үед Вива сити хорооллын гудамжаар алхаад явж байсан чинь манайд байдаг мотоциклийн хамгаалалтын цэнхэр гутал өмссөн хүн зөрөөд өнгөрсөн. Би мотоциклийн ийм гутал өмсдөг хүнийг мэддэг, таньдаг юм. Гэвч гутал өмсөөд явж байсан хүн бол мотоцикль унадаг хүн биш байсан. Би араас нь дагаад явахад нэг орц руу ороод алга болсон. Тэр хүн 40 орчим насны дунд зэргийн биетэй эрэгтэй хүн байсан. Зүс царайг нь харж чадаагүй. Би ажил дээр ирээд энэ тухай захиралд хэлсэн. Захирал ийм гутал өмсдөг хүн манай ойр хавьд байранд байдаггүй, мотоциклийн гутал түр гуйж авсан хүн байхгүй гэсэн. Тэгээд ажилчидтай ярьж байхад Даваасүрэн гэх нэг ажилчин өглөө ажилдаа ирэхэд манай контейнерийн хаалга онгорхой байхаар нь хаалгаа түгжсэн гээд хэлэхээр нь контейнерийг онгойлгоод эд зүйлсийг тоолсон. ...Одоо санаж буйгаар аялалын майхан дөрөв, тав юм уу санахгүй байна, мишок зургаа билүү, мөн сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн аялалын хөнжил, майхан, гутал зэрэг зүйл алга болсон шиг санаад байна. Каск малгай алга болсон эсэхийг одоо санахгүй байна. Бид энэ тухай цагдаад хандаж шалгуулсан. Хулгай хийсэн хүмүүсээс буцаад майхан, гутал, аяны хөнжил зэрэг зүйлүүдийг авсан. Алга болсон бүх эд зүйлсийг бүрэн аваагүй. Би цагдаагийн байгууллагаас гурван ширхэг аяны хөнжил, гурван ширхэг ууттай майхныг хүлээж авсан. Хулгай хийсэн хүмүүс надад өөр эд зүйл хүлээлгэж өгөөгүй. ...Тухайн үед манай байгууллагын хяналтын камерыг би шүүж үзсэн. 2019 оны 3 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө 03 цаг 20 минутын үед чингэлэгийн хаалга руу цагаан пүүз шиг гуталтай хүн орж гарч байгаа бичлэг харагдсан. Гадаа харанхуй байсан учраас хүний дүрс хэлбэр харагдахгүй маш бүдэг байсан. Зөвхөн цагаан цайвар өнгийн цайрсан гутал байж болох хүний хөлний хөдөлгөөн орж гарч байгаа л бичлэг байсан. Хоёр, гурван удаа орж гарч байсан шиг санаад байна. Нийт хэдэн хүн орж гарсан, гадаа хэдэн хүн байсан нь тодорхой харагдахгүй байсан. Учир нь гадаа харанхуй байсан камерт харагдахгүй байсан. Тухайн камерын бичлэг одоо байхгүй. Устгагдсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

 

4. Гэрч Б.Т-ын 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2019 оны 03 дугаар сарын 22-ны орой 19 цагийн үед Вива сити хотхонд байдаг танил Б- гэдэг залуугийнд очиж хөлөндөө боолт хийлгэх гээд явж байтал Б-тэй гадаа таарсан. Тэгсэн чинь тэр архи уусан байсан бөгөөд маргааш шархыг чинь боож өгье гэж хэлээд надтай нэг уулзаан байна гээд намайг цуг байж байсан хүмүүсээс салгаад өөр тийшээ очиж гартаа байсан даавуун ууттай зүйлээ онгойлгоод иймэрхүү гутал байна. Энийг сонирхох хүн байна уу, мотоциклийн гутал гэж надад хэлэхээр нь би нэг хүнээс асуугаад өгье гээд найз Батсайханы 99817192 гэсэн дугаар луу өөрийн утсаараа залгаж мотоциклийн гутал байна авах уу гэж асуухад үнэтэй юм бол авч дийлэхгүй байхаа гэж хэлэхээр нь би 20.000 төгрөгөөр зарна гэж хэлэхэд тэгвэл чи үзэж байгаад аваад гэртээ тавьчих би чам руу дансаар мөнгө шилжүүлье гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа найз руугаа дүүгийнхээ дансыг өгөөд 20.000 төгрөг шилжүүлж аваад мөнгөө Б-д өгөөд зарна гэж байсан гутлыг нь аваад өөрийн Вива сити хотхоны М-5-2-1 тоот гэртээ оруулсан. Б-, М- гэдэг хүмүүстэй хамт S-19 20 гэсэн байрны подволд архи ууж байгаад дуусгаад гарахад М- ах өөр тийшээ явсан. Б- бид хоёр хамт явж өөр нэг газарт орж зуун грамм нэг нэг пиво захиалаад уугаад сууж байтал цагдаа нар ирээд бид хоёрыг аваад явсан. Миний худалдаж авсан гутал маань цэнхэр өнгөтэй. Б- надад хэлэхдээ мотоциклийн гутал гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,

 

5. Гэрч Б.Н-гийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 03 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө өөрийн гэр Сонгинохайрхан дүүрэг 31-р хороо дунд нарангийн 6-164 тоотод эхнэр Дашцэдэвийн хамт амарч байтал хуурай дүү М- миний 80668822 дугаарын утас руу эхний 4 тоог нь сайн санахгүй байна. Арын 4 тоо нь 2728 гэсэн дугаараас намайг Вива ситид архи аваад ирээч гэсэн. Би яах гэж байгаа юм бэ гэж асуухад зүгээр хүрээд ирээ гоё юм өгье гэсэн. Тэгээд би шөнийн 03 цаг 40 минутын орчим гэрээсээ гараад өөрийнхөө 37-12 УБД гэсэн улсын дугаартай тоёото приус 20 маркийн тээврийн хэрэгслээр Вива сити хороолол руу очоод Эс 6-р байрны гадаа уулзсан. Намайг очиход М- 2 залуугийн хамт зогсож байсан. М- миний машинд суутал араас нь 2 гартаа юм барьсан 2 залуу орж ирээд суугаад төв зам руу явсан. Төв зам ороод замын хажууд зогстол энд нэг майхан хөнжил байгаа та наадахаа ав надад архиа өгчих гэхээр нь замдаа авсан 3 шил архиа өгөөд нэмээд 20.000 орчим төгрөг өгчихөөд гэр лүүгээ харьсан. Намайг очиход М-, Бараа, өөр бас нэг залуугийн хамт байсан. Би М-тэй Завхан аймагт хөрш байсан багаас нь мэддэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,

 

- Гэрчээр 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дахин өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө З.Мэндбаяр, Я.Б- нар чингэлэгнээс эд зүйл авахаас өмнө намайг дуудсан уу, дараа нь дуудсан уу гэдгийг мэдэхгүй байна. Би гудамжинд орцны үүдэнд зогсох үед тэд юмнуудаа авч ирээд машины багаажинд хийгээд суугаад явсан. ...Тухайн өдөр намайг унтаж байсан чинь Мэндбаяр намайг хүрээд ирээ, юм өгөх гэсэн юмаа, шинэ юм аваадхаач гэж хэлсэн. Шинэ юу билээ майхан гэсэн үү тийм юмыг аваадхаач, ганц шил архины хэрэг байна гэж дуудсан. Гэрээсээ аваад ирсэн юмаа, унаа олдохгүй байна гэж хэлсэн. Надад хулгайн юм гэдгийг хэлээгүй учраас би мэдээгүй, цагдаагаас дуудаж мэдүүлэг авах үед л би мэдсэн. Майхан гурван ширхэг, аяны хөнжил гурван ширхэгийг авсан. ...Эдгээр хүмүүс намайг байхад чингэлэгнээс эд зүйл зөөгөөгүй бэлэн байсан. Надад хулгайн юм гэдгийг огт хэлээгүй, би сэжиглээгүй. Тухайн үед архи олдохгүй болохоор гэртээ байгаа зүйлээ хямдхан өгч байгаа болов уу гэж бодсон. ...Би авсан эд зүйлсээ бүрэн бүтнээр нь цагдаад хүлээлгэж өгсөн. ...Үлдсэн эд зүйлсийг хулгай хийсэн хүмүүс яасныг би мэдэхгүй. Мэндбаяр, Б- нар хулгай хийсэн талаар надад огт хэлээгүй. ...Мэндбаяр нь Завхан аймгийн Тосонцэнгэл суманд амьдарч байсан. ...Улаанбаатар хотод хэзээ ирснийг мэдэхгүй. ...З.Мэндбаяртай хамт байсан Б-, Отгонболд нарыг огт танихгүй, тэр шөнө харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,

 

6. Гэрч Б.Т-, Б.Н- нараас 2019 оны 03 дугаар сарын 23, 26-ны өдөр эд зүйл хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 19-21/,

 

7. “Дамно” ХХК-ий ХУ2-19-177 дугаартай 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 46-47/,

 

8. “Ашидбилгүүн” ХХК-ний ТХҮ-820/14 дугаартай 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 52-55/,

 

9. Яллагдагч П.О-ын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би яллагдагчаар татсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Энэ хэргийг Б-, Мэндбаяр бид гурав үйлдсэн нь үнэн. Бид тухайн үед майхан, аяны хөнжил, мотоциклийн гутал зэрэг эд зүйлсийг хулгайлсан. ...Хулгайлж авсан эд зүйл нэг бүрийн тоо хэмжээг одоо санахгүй байна. ...Энэ хэргийг хийх талаар анх Б- санаачилж хэлсэн. Б-, Мэндбаярыг дагуулаад над дээр ирээд намайг дагуулж гараад тэгээд бид гурав хулгай хийсэн. Хулгайлсан эд зүйлсээ тэр шөнө Мэндбаярын дуудаж ирүүлсэн Б.Н-гээс өөр хүнд өгөөгүй. Тэр хүнд л өгсөн. Хулгай хийсэн тэр шөнө нэг гутлыг нь Б- өмссөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71/,

 

            10. Яллагдагч Я.Б-гийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зүйл ангийн тухайд агуулах саванд нэвтэрсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...контейнерийн хаалга цоожлогдоогүй онгорхой байсан. Хулгай хийснээ бол хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85/,

11. Шүүгдэгч Я.Б-гийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 112/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 115/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 102-110/.

 

12. Шүүгдэгч П.О-ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 111/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 113/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

 

Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

 

1.Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас “...шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нар өөрсдийн үйлдлийг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч  нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Я.Б-, П.О- нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вива сити” хорооллын S-3-1 дүгээр байрны зүүн талд байрлах агуулах /чингэлэг/-ад хууль бусаар нэвтэрч

-husqvarna Sidi гэх брендийн хөх өнгөтэй 1.578.000 төгрөгийн үнэтэй хос гутал,

-Alрine star брендийн хар өнгийн гутал 709,970 төгрөгийн үнэтэй хос гутал,

-ALPS Mointauneering zephyr 2 брендийн 3 ширхэг 1,128,000 төгрөгийн үнэтэй майхан

-Аяны 150,000 төгрөгийн үнэтэй 3 ширхэг хөнжил зэргийг нууцаар хулгайлан авч, бусдад 3.565.970 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-Хохирогч Ч.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дахин өгсөн: “...Манай чингэлэгээс 2019 оны 3 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө алдагдсан эд зүйлсийн тоо хэмжээний талаар мэдүүлэг өгсөн байсан. Анх өгсөн мэдүүлэгтээ 2 ширхэг гутал, 5 ширхэг эвхэгддэг зөөврийн майхан, 7 ширхэг мишок, 1 ширхэг хамгаалалтын каск малгай алга болсон гэж мэдүүлэг өгсөн. ...хулгай хийсэн хүмүүс манайд хоёр ширхэг гутал, гурван ширхэг майхан, гурван ширхэг мишок буюу аяны хөнжлийг буцаагаад өгсөн. ...бид эд зүйлсээ дахин бүртгэж үзэхэд гутал хоёр ширхэг, майхан гурван ширхэг, аяны хөнжил гурван ширхэг алга болсон нь тогтоогдсон. Хохирлыг бүрэн төлүүлж авсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,

-Гэрч Д.Д-гийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нягтлан Н.М- манай мотоциклын тусгай гутлыг өөр хүн өмсөөд явж байгаа талаар хэлсэн...” гэх  мэдүүлэг /хх-ийн 33/,

-Гэрч С.Мөнх-Эрдэнийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 22-ны өглөө 10, 11 цагийн үед Вива сити хорооллын гудамжаар алхаад явж байсан чинь манайд байдаг мотоциклийн хамгаалалтын цэнхэр гутал өмссөн хүн зөрөөд өнгөрсөн. ...энэ тухай захиралд хэлсэн. Захирал ийм гутал өмсдөг хүн манай ойр хавьд байранд байдаггүй, мотоциклийн гутал түр гуйж авсан хүн байхгүй гэсэн.  ...Би цагдаагийн байгууллагаас гурван ширхэг аяны хөнжил, гурван ширхэг ууттай майхныг хүлээж авсан. ...Тухайн үед манай байгууллагын хяналтын камерыг би шүүж үзсэн. 2019 оны 3 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө 03 цаг 20 минутын үед чингэлэгийн хаалга руу цагаан пүүз шиг гуталтай хүн орж гарч байгаа бичлэг харагдсан. Гадаа харанхуй байсан учраас хүний дүрс хэлбэр харагдахгүй маш бүдэг байсан. Зөвхөн цагаан цайвар өнгийн цайрсан гутал байж болох хүний хөлний хөдөлгөөн орж гарч байгаа л бичлэг байсан. Хоёр, гурван удаа орж гарч байсан шиг санаад байна. Нийт хэдэн хүн орж гарсан, гадаа хэдэн хүн байсан нь тодорхой харагдахгүй байсан. Учир нь гадаа харанхуй байсан камерт харагдахгүй байсан. Тухайн камерын бичлэг одоо байхгүй. Устгагдсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

-Гэрч Б.Т-ын 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Энийг сонирхох хүн байна уу, мотоциклийн гутал гэж надад хэлэхээр нь би нэг хүнээс асуугаад өгье гээд найз Батсайханы 99817192 гэсэн дугаар луу өөрийн утсаараа залгаж мотоциклийн гутал байна авах уу гэж асуухад үнэтэй юм бол авч дийлэхгүй байхаа гэж хэлэхээр нь би 20.000 төгрөгөөр зарна гэж хэлэхэд тэгвэл чи үзэж байгаад аваад гэртээ тавьчих би чам руу дансаар мөнгө шилжүүлье гэсэн. ...хэсэг хугацааны дараа найз руугаа дүүгийнхээ дансыг өгөөд 20.000 төгрөг шилжүүлж аваад мөнгөө Б-д өгөөд зарна гэж байсан гутлыг нь аваад өөрийн Вива сити хотхоны М-5-2-1 тоот гэртээ оруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,

-Гэрч Б.Н-гийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М- миний 80668822 дугаарын утас руу залгаад ...намайг Вива ситид архи аваад ирээч ...юм өгье гэсэн. ...шөнийн 03 цаг 40 минутын орчим гэрээсээ гараад ...Вива сити хороолол руу очоод Эс 6-р байрны гадаа уулзсан. ...М- миний машинд суутал араас нь 2 гартаа юм барьсан 2 залуу ...суугаад төв зам руу явсан. ....замын хажууд зогстол энд нэг майхан хөнжил байгаа та наадахаа ав надад архиа өгчих гэхээр нь замдаа авсан 3 шил архиа өгөөд нэмээд 20.000 орчим төгрөг өгчихөөд гэр лүүгээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,

-Гэрчээр 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дахин өгсөн: “...Майхан гурван ширхэг, аяны хөнжил гурван ширхэгийг авсан. ...Эдгээр хүмүүс намайг байхад чингэлэгнээс эд зүйл зөөгөөгүй бэлэн байсан. Надад хулгайн юм гэдгийг огт хэлээгүй, би сэжиглээгүй. ...Би авсан эд зүйлсээ бүрэн бүтнээр нь цагдаад хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,

-Гэрч Б.Т-, Б.Н- нараас 2019 оны 03 дугаар сарын 23, 26-ны өдөр эд зүйл хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 19-21/,

-“Дамно” ХХК-ий ХУ2-19-177 дугаартай 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 46-47/,

-“Ашид билгүүн” ХХК-ний ТХҮ-820/14 дугаартай 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 52-55/,

-Яллагдагч П.О-ын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би яллагдагчаар татсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, ...энэ хэргийг Б-, Мэндбаяр бид гурав үйлдсэн нь үнэн. Бид тухайн үед майхан, аяны хөнжил, мотоциклийн гутал зэрэг эд зүйлсийг хулгайлсан. ...Энэ хэргийг хийх талаар анх Б- санаачилж хэлсэн. Б-, Мэндбаярыг дагуулаад над дээр ирээд намайг дагуулж гараад тэгээд бид гурав хулгай хийсэн. Хулгайлсан эд зүйлсээ тэр шөнө Мэндбаярын дуудаж ирүүлсэн Б.Н-гээс өөр хүнд өгөөгүй. Тэр хүнд л өгсөн. Хулгай хийсэн тэр шөнө нэг гутлыг нь Б- өмссөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71/,

            -Яллагдагч Я.Б-гийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...контейнерийн хаалга цоожлогдоогүй онгорхой байсан. Хулгай хийснээ бол хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Хууль зүйн хувьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Мөн агуулах гэдэгт эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, тээврийн чингэлэг бүх төрлийн агуулах, авто машин, граж гэх зэргийг хамааруулан ойлгоно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болох хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, оролцогч нарын мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ хууль бусаар чингэлэгт нэвтэрсэн байх тул хууль зүйн хувьд агуулахад нэвтэрсэн гэж үзнэ.

Шүүгдэгч нар нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрсдийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалын талаар заасан ба, 8.1 дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээг үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандартад ...нийцүүлэн тодорхойлно” гэж заасан.

“Дамно” ХХК, “Ашидбилгүүн” ХХК нь хулгайлагдсан эд хөрөнгийн үнийг зах зээлийн жиших хандлагын шууд харьцуулалтын аргаар хийсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлэн хохирлын үнэлгээг дээрх хөрөнгийн үнэлгээг үндэслэн тооцсон болно.

Иймд Я.Б-, П.О- нарын үйлдсэн гэмт хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч нарыг хулгайлах гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Харин прокуророос шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ “чингэлэгт” нэвтэрсэн гэж гэмт хэргийн шинжийг хуульд зааснаас өөр үг хэрэглэн бичсэн байх бөгөөд гэмт хэргийн шинжийг шүүх зөвтгөн шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй бөгөөд хэргийн зүйлчлэлд мөн нөлөөлөхгүй гэж үзсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хорыг арилгасан буюу эд зүйлийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тэмдэглэлээр биет байдлаар эд хөрөнгийг буцаан өгсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Я.Б-, П.О- нарыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох гэсэн дүгнэлтийг гаргасан.

-Шүүгдэгч П.О-оос “... өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа, өндөр настай эхийгээ асардаг” байдлыг,

-Шүүгдэгч Я.Б-гээс “...эхнэрийн хамт зам тээврийн осолд орсон, эхнэр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тул бага насны хоёр хүүхдээ асарч байгаа” зэргийг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн тус тус тайлбар, дүгнэлтийг гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч П.О- нь ял шийтгэл эдэлж байгаагүй байна. Харин шүүгдэгч Я.Б- нь 3 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан байх боловч түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруугийн зарчимд нийцэх ба, тус гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хүнд” ангилалд хамаарч байна.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Я.Б-, П.О- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх “шударга ёсны зарчим”, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн, түүнчлэн шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хувийн байдал буюу шүүгдэгч П.О- нь өндөр настай эхийгээ асардаг талаар мэдүүлсэн, мөн шүүгдэгч Я.Б- нь ар гэрийн байдал буюу эхнэр нь зам тээврийн осолд орсны улмаас бага насны хоёр хүүхдээ асарч байгаа талаар мэдүүлсэн зэргийг харгалзан үзэж, тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус бүр 1 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар: Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон                                                

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Я.Б-, П.О- нарыг “Хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, агуулахад нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Я.Б-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.О-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б-, П.О- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Я.Б-, П.О- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх хорих ялыг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардаж авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Б-, П.О- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.ДОРЖСҮРЭН