| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2020/0593/Э |
| Дугаар | 12 |
| Огноо | 2021-01-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 12
2021 01 05 2021/ШЦТ/12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,
Улсын яллагч Н.Пүрэвтогтох,
Шүүгдэгч А.Ж-, түүний өмгөөлөгч Г.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт А.Ж-ийг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010000000701 дугаартай, нэг хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ....../
Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч А.Ж- нь 2020 оны 06 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох домакрат, 13, 14, 22-ын түлхүүрүүд, 14-ийн торцов, торцовны урт, богино, дундын иш зэргийг хэрэглэж, 71-34 УНВ улсын дугаартай “Приус 20 маркийн автомашиныг ашиглаж Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа хорооллын 1036 дугаар байрны гадна зогсоолоос иргэн Ц.Ц-гийн эзэмшлийн 11-37 УБЧ улсын дугаартай “Приус 20” маркийн автомашины янданг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 1.530.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ж- мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 06 дугаар сарын 24-ний орой эхнэртэйгээ таксинд явсан. Манай эхнэр тухайн үед байрны мөнгө төлөх хугацаа боллоо гээд үглээд байсан. Тухайн үед найзаасаа мөнгө зээлэх боломж байна уу гэж асуухад мөнгө зээлэх боломжгүй гэсэн. Би таван шард явж байхдаа найзтайгаа ярьж байгаа дүр үзүүлээд “эхнэртээ чи очоод миний машины янданг тайлаад авчих гэж байна” гэж хэлээд Буянт-Ухаа хорооллын тэнд очоод машины янданг тайлж авах гэж байгаад цагдаад баригдсан...” гэсэн мэдүүлэг гаргасан.
Эрүүгийн 2010000000701 дугаартай хэргээс:
1.Хохирогч Ц.Ц-гийн 2020 оны 06 дугаар сарын 29-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо “Буянт-Ухаа 2” хорооллын 1035 дугаар байрны 50 тоотод хүүхдийн хамт амьдардаг. ...2018 онд лизингээр “Тоёота Приус”-20 маркийн 11-37 УБЧ улсын дугаартай автомашиныг авсан. ...2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ажил тараад сонгууль өгөөд 22 цаг өнгөрч байхад 1035 дугаар байрны ертөнцийн зүгээр урд талын шороон замтай зогсоол дээр өөрийн автомашинаа байрлуулсан. Маргааш нь 2020 оны 06 дугаар сарын 25-ны өглөө 04 цаг өнгөрч байхад цагдаагийн газраас залгаад “таны машинаас эд зүйл алдагдсан байна” гэхээр нь гараад очсон чинь миний автомашины янданг хулгайлж аваад өөрийнхөө машинд тавиад өөрийнхөө машины янданг миний автомашинд суурьлиулж боосон байсан. Цагдаа нар ирээд үзлэг хийгээд миний автомашины янданг буцааж тавьж өгсөн. Тэгээд 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр засварын газар очиж яндангаа шалгуулахад 2 ширхэг боолт дутуу, нэг боолтны толгой нь алдагдсан байсан. Тухайн засварыг хийлгэхэд 50,000 төгрөг гэж байсан. Засвар хийлгээд 50,000 төгрөгийг миний автомашины янданг хулгайлах гэж байсан хүнээр төлүүлсэн. ...Өөр миний автомашинаас алдагдсан зүйл байхгүй. ...Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,
2. Гэрч Б.Д-ийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Гэрчийн эрх үүрэгтэй танилцсан. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийн гэр бүлийн гишүүд үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэдгээ ойлгож мэдсэн. Би болсон асуудлын талаар мэдүүлэг өгнө. “...Би 2020 оны 06 дугаар сарын 24-ний 21 цаг өнгөрч байхад нөхөр А.Ж-ийн хамт таксинд явах гээд гэрээсээ гарсан. Манайх 71-34 УНВ улсын дугаартай, цагаан өнгийн “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй. Нөхөр маань машинаараа байнга таксинд явдаг юм. Бид 2 таксинд явж байтал нөхөр надад хандан найзынхаа янданг нь авна, одоо хоёулаа очоод авчихъя гэр нь Нисэхэд байдаг гэсэн. Тэгээд Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа-2” хорооллын орчимд очоод машинтайгаа зөндөө тойрч явсан. Би бодохдоо найзынхаа машиныг хайгаад байна гэж бодсон. Тэгж явсаар байгаад нэг “Тоёота Приус-20” маркийн машины хажууд очиж зогссон. Энэ машин мөн байна, би буугаад яндан нь байна уу үзээд ирье гээд буусан. Тэгснээ яндан нь байна байна гээд тэр машины янданг тайлж өөрийнхөө машинд хийснээ, өөрийнхөө янданг тайлж тэр машинд хийгээд дуусч байтал цагдаа нар ирсэн. Ийм л үйл явдал болсон. Тухайн үед найзынхаа машинаас л авна гээд байсан, яг нэр зааж хэлээгүй. Манай нөхөр яагаад өөр тээврийн хэрэгслээс янданг нь хулгайлж өөрийнхөө машинд тавьсан талаар би мэдэхгүй байна. Тухайн үед нөхөр бид хоёр л байсан. ...Би хулгай хийж байна гэж бодоогүй. ...”Буянт-Ухаа-2” хороололд барагцаагаар шөнийн 02 цагийн үед очсон байх. ...нөхөр маань яндан тайлж солих гэж зөндөө удсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,
3. Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо “Буянт-Ухаа 2” хороолол 1036 дугаар байрны гадна хохирогч Ц.Ц-гийн 1137-УБЧ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэлд 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-11/,
4. Улаан өнгийн домакрат -1, 13, 14, 22-ын түлхүүр тус бүр-1, 14-н торцов-1, торцовны урт, богино, дунд иш тус бүр-1 ширхэгийг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-13/,
5. Улаан өнгийн домакрат -1, 13, 14, 22-ын түлхүүр тус бүр-1, 14-н торцов-1, торцовны урт, богино, дунд иш тус бүр-1 ширхэгийг 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол, санал, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 14-16/,
6. Хохирогч Ц.Ц-гийн 1137-УБЧ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн яндангийн зах зээлийн үнэлгээг гаргасан “Дамно” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ХУ2-20-441 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 26-27/,
7. Яллагдагч А.Ж-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 7134-УНВ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг гаргасан “Дамно” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ХУ2-20-788 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 110/,
8. Шүүгдэгч А.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би эхнэр, хоёр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 37 дугаар байрны 27 тоотод амьдардаг. Өөрийн төрсөн аав Амарсайханы зээлээр авсан “Тоёота Приус 20” маркийн 71-37 УНВ улсын дугаартай автомашинаар таксинд явдаг. 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр эхнэр Даваадэлгэрийн хамт таксинд явж байгаад 23 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо “Буянт-Ухаа-2” хороололд орсон. Тухайн үед би эхнэр Даваадэлгэрт найзын машин байгаа юм, миний янданг аваад өөрийнхөө машины янданг солиод тавьчих гэж хэлсэн юм. Машиныг нь хайж байна гээд тус хорооллыг нэг удаа тойроод байрны дугаарыг нь мэдэхгүй байна, ертөнцийн зүгээр урд талын байрны урд шороон зогсоол дээр саарал өнгийн “Тоёота Приус 20” автомашин зогсож байхаар нь эхнэрт найзын машин энд зогсож байна гээд хажууд нь зогсоод /тухайн үед 00 цаг өнгөрч байсан санаж байна/ багаажнаас 13, 14, 22-н торцов, улаан өнгийн домакрат, 14, 22-н түлхүүр мөн урт, богино дундын торцовны иш аваад доогуур нь ороод янданг тайлсан, бараг 1 цаг орчим болсон байх. Дараа нь өөрийнхөө машины янданг /02 цаг өнгөрч байсан/ саарал өнгийн машинд боогоод дуусахад цаг 03 цаг өнгөрч байсан. Тэгээд авсан янданг өөрийнхөө унаж явсан автомашинд боож байсан чинь цагдаа нар ирсэн. Би байраа хувь хүнээс авсан. Ямар нэгэн гэрээ бол байгуулаагүй, урьдчилгаа 30 хувь өгсний дараа гэрээг хийх ёстой байгаа. Сард 500,000 төгрөг төлдөг, байрны мөнгө олдохгүй болохоор нь ийм зүйл хийсэн. Би 2020 оны 05 дугаар сарын сүүлээр фейсбүүкээр зар үзэж байсан чинь “приус 20” автомашины яндан авна гэсэн зар байхаар нь асуусан чинь 800,000 төгрөгөөр авна гэхээр нь Шар хаданд байх Да хүрээ захын хойно очоод 71-34 УНВ “приус 20” машиныхаа янданг 800,000 төгрөгөөр зарсан. Машины янданг тайлахад их амархан харагдсан. 20 минутын дотор л тайлаад оронд нь өөр яндан тавьчихсан. Өөр ямар нэгэн хэрэг үйлдээгүй. Мөнгөний хэрэг их байсан. Эхнэр бид хоёр хамт явж байгаад гэнэт машины яндан хулгай хийх санаа төрөөд эхнэрт худал хэлсэн. Би эхнэртээ яндан хулгай хийх гэж байгаа гэж бол хэлээгүй, найзынхаа янданг авах гэж байгаа гэж хэлсэн. Автомашины янданг тайлахад ашигласан багажнууд бол автомашинд засвар хийхдээ ашигладаг миний багажнууд байгаа юм. Машины багажинд байж байдаг, машинд ойр зуурын засвар хийхэд ашигладаг юм. Энэ хэргийг би ганцаараа үйлдсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/,
9. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 40-42/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 44/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 46/, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас “...Шүүгдэгч А.Ж- нь хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, бусад баримтаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тамираас“...Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлд домакрат, түлхүүр, торцов, торцовны иш зэргийг хамааруулан авч үзэхгүй. Домакрат нь автомашин өргөх, бусад багаж нь автомашины эд ангийг тайлах зориулалттай хэрэгслүүд юм. А.Ж- нь хулгайлах гэмт хэргийг үйлдэж байхад нь өөрийнх нь хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас энэ гэмт хэрэг төгсөж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл хулгайлах гэмт хэргийг үйлдэж байх үед нь цагдаагийн алба хаагч үйлдэл дээр нь барьж байгаа тул гэмт хэрэг төгсөөгүй гэж үзэж байна. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад зааснаар завдалтаар гэм буруутайд тооцож өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч А.Ж- нь 2020 оны 06 дугаар сарын 24-ны өдрөөс 25-нд шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор 71-34 УНВ улсын дугаартай “Приус 20 маркийн автомашиныг ашиглаж, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа хорооллын 1036 дугаар байрны гадна зогсоолоос хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох домакрат 13, 14, 22-ын түлхүүрүүд, 14-ийн торцов, торцовны урт, богино, дундын иш зэргийг хэрэглэж, иргэн Ц.Ц-гийн эзэмшлийн 11-37 УБЧ улсын дугаартай “Приус 20” загварын автомашины янданг тайлж хулгайлан авч, авч бусдад 1.530.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Ц.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн
“...2020 оны 06 дугаар сарын 25-ны өглөө 04 цаг өнгөрч байхад цагдаагийн газраас залгаад таны машинаас эд зүйл алдагдсан байна гэхээр нь гараад очсон чинь миний автомашины янданг хулгайлж аваад өөрийнхөө машинд тавиад өөрийнхөө машины янданг миний автомашинд суурьлиулж боосон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,
- Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа 2 хорооллын орчимд очоод ...”Тоёота Приус” 20 маркийн машины хажууд нь зогссон. ...Нөхөр энэ машин мөн байна, би буугаад яндан нь байна уу үзээд ирье гээд буусан. Тэгснээ яндан нь байна байна гээд нөхөр маань тэр машины янданг тайлж өөрийнхөө машинд хийснээ, өөрийнхөө янданг тайлж тэр машид хийсэн. Яг яндангаа хийгээд дуусч байтал цагдаа нар ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 21/,
- Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хороолол 1036 дугаар байрны гадна хохирогч Ц.Ц-гийн 1137-УБЧ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэлд 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-11/,
- Улаан өнгийн домакрат-1, 13, 14, 22-ын түлхүүр тус бүр-1, 14-н торцов-1, торцовны урт, богино, дунд иш тус бүр-1 ширхэгийг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-13/,
- Улаан өнгийн домакрат-1, 13, 14, 22-ын түлхүүр тус бүр-1, 14-н торцов-1, торцовны урт, богино, дунд иш тус бүр-1 ширхэгийг 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол, санал, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 14-16/,
- Хохирогч Ц.Ц-гийн 1137-УБЧ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн яндангын зах зээлийн үнэлгээг гаргасан “Дамно” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ХУ2-20-441 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 26-27/,
- Яллагдагч А.Ж-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 7134-УНВ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг гаргасан
2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ХУ2-20-788 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 110/,
- Шүүгдэгч А.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн ...”Тоёота Приус 20” автомашин зогсож байхаар нь эхнэрт найзын машин энд зогсож байна гээд хажууд нь зогсоод ...багаажнаас 13, 14, 22-н торцов, улаан өнгийн домакрат, 14, 22-н түлхүүр мөн урт, богино дундын торцовны иш аваад доогуур нь ороод янданг тайлсан. ...дараа нь өөрийнхөө машины янданг ...саарал өнгийн машинд боогоод ...авсан янданг өөрийнхөө унаж явсан автомашинд боож байсан чинь цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тамирын гаргасан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлд домакрат, торцов, түлхүүр, торцовны иш зэргийг хамааруулан авч үзэхгүй, мөн хулгайлах гэмт хэрэг нь өөрийнх нь хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас, цагдаагийн ажилтан ирснээр төгсөөгүй байх тул завдалт болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.
Хууль зүйн хувьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.
Мөн машин механизм ашиглах гэдэгт эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашиглахыг;
- тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэдэгт ..тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг хамааруулан тус тус ойлгоно.
Шүүгдэгч А.Ж- нь иргэн Ц.Ц-гийн эзэмшлийн автомашины янданг хулгайлахдаа учрах саадыг арилгах зорилгоор торцов, түлхүүр, торцовны иш зэрэг багажаар автомашины янданг боолтоор нь тайлж хулгайлан авсан үйл баримт байх ба, багаж ашиглахгүйгээр янданг их бие болох машинаас салгах боломжгүй бөгөөд янданг тайлж авахын тулд торцов, түлхүүр, торцовны иш зэргийг зориуд тээврийн хэрэгсэлд хадгалж байсан байх тул торцов, түлхүүр, торцовны иш зэргийг тусгайлан бэлтгэсэн гэж үзнэ. Түүнчлэн хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ “ТБ Авто Финанс” ХХК-ийн өмчлөлд байгаа 71-34 УНВ улсын дугаартай “Toyota prius” загварын машин механизмыг ашигласан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж хуульчилсан.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч нь хохирогчийн автомашины янданг тайлж авч өөрийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан автомашины яндантай сольж тавьснаар энэ гэмт хэрэг нь төгссөн байна. Тодруулбал шүүгдэгч нь автомашины яндангуудыг хооронд нь сольсон, улмаар өөрийн автомашины янданг хохирогчийн машинд суурилуулж байх үед цагдаагийн албан хаагч ирсэн талаар гэрч Б.Д- болон шүүгдэгч өөрөө мэдүүлдэг зэргээр тус гэмт хэрэг төгссөн болох нь хангалттай тогтоогдсон гэж дүгнэв.
Мөн шүүгдэгч А.Ж-ийн гэр бүлийн хүн болох түүний эхнэр Б.Д-т Монгол Улсын Үндсэн хуульд заасан “гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй”-г мөрдөн шалгах ажиллагаанд танилцуулж, тайлбарлахад түүнээс эрх үүргээ ойлгосон, мэдүүлэг өгнө гээд гэрчийн мэдүүлэг гаргасан байх тул түүний мэдүүлгийг хуульд зааснаар цуглуулсан гэж үзэж нотлох баримтаар үнэлсэн болно. Түүнчлэн шүүгдэгч нь “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн бусад нотлох үүрэг хүлээхгүй байх” эрхтэй боловч түүний мэдүүлэг нь хэрэгт цугларсан бусад эх сурвалж баримтаар давхар нотлогдож байгаа тул шүүх нотлох баримтаар үнэлсэн болохыг дурдав.
Шүүгдэгч А.Ж-ийн хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд А.Ж-ийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгчийг хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.
Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ц-д 1.530.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирогчид тээврийн хэрэгслийн янданг биет байдлаар нь буцаан өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “...шүүгдэгч А.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тамираас “...шүүгдэгч А.Ж- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Ж- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэгдэж байгаагүй байна. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг арилгасныг” тус тус хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруугийн зарчимд нийцэх ба, тус гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хүнд” ангилалд хамаарч байна.
Иймд шүүхээс шүүгдэгч А.Ж-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх “шударга ёсны зарчим”, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн, түүнчлэн шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг шүүгдэгчийн хувийн байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд ял шийтгэлгүйг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
3.Бусад асуудлаар:
Шүүгдэгч А.Ж- нь гэмт хэрэг үйлдэхдээ автомашины ашигласан болох нь тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд хөрөнгө, орлогыг хураах, албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар заасан ба тус зүйлийн:
-2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”,
-3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.”,
-4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус заасан.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 71-34 УНВ улсын дугаартай “Toyota prius-20” загварын тээврийн хэрэгсэл нь Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар “ТБ Авто Финанс” ХХК-ний өмчлөлд бүртгэлтэй байх тул бусдын эзэмшил, өмчлөлд бүртгэлтэй машиныг хураан авах боломжгүй байна.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан дээрх тээврийн хэрэгслийн үнийг “Дамно” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ХУ2-20-788 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 110/-р 12.700.000 төгрөгөөр тогтоосон байх тул шүүгдэгч А.Ж-өөс 12.700.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн улаан өнгийн домакрат -1, 13, 14, 22-ын түлхүүрүүд, 14-ийн торцов, торцовны урт, богино, дундын иш тус бүр 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Ж-ийг “Хулгайлах” гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Ж-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн улаан өнгийн домакрат -1 ширхэг, 13, 14, 22-ын түлхүүрүүд, 14-ийн торцов, торцовны урт, богино, дундын иш тус бүр 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 71-34 УНВ улсын дугаартай “Toyota prius-20” загварын тээврийн хэрэгслийн үнэ 12.700.000 (арван хоёр сая долоон зуун мянга) төгрөгийг шүүгдэгч А.Ж-өөс гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.Ж-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Ж-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН