| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2020/0553/Э |
| Дугаар | 42 |
| Огноо | 2021-01-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Отгонсүрэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 42
2021 01 19 2021/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даариймаа,
улсын яллагч Ц.Отгонсүрэн,
шүүгдэгч Г.М-, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Г.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 20090 0119 0499 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 8 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .....
Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч Г.М- нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 9-378 тоотоос хохирогч Н.Н-гийн Голомт банкны виза картыг нууцаар, хууль бусаар хулгайлж Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Хаан” банкны АТМ-ээс бэлнээр 565.249 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо “Драгон” худалдааны төвийн “Номин” супермаркетаас 50.479 төгрөгийг, мөн 3.100 төгрөгийг, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Сансар худалдааны төвөөс 76.500 төгрөгийг авч, нийт 641.749 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М- мэдүүлэг гаргахгүй гэв.
Хоёр: Эрүүгийн 2009001190499 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1. Н.Н-гийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн:
“...2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 9-378 тоот гэртээ байж байгаад цүнхээ үзэхэд “Голомт” банкны карт алга болсон байсан. Би 2 хүүхэдтэй, карт алга болохоос 2-3 хоногийн өмнө урьд нь таньдаг байсан М- ирж хоноод 22-ны өдрийн өглөө манайхаас явахдаа миний картыг авч явсан байсан. Картнаас нийтдээ 700.000 орчим мянган төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсан. Картны нууц дугаарыг М- хараад авсан байсан юм шиг байна лээ. Тэрнээс би өөрөө хэлээгүй. М-ыг мэддэг болоод удаагүй бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын эхээр л мэддэг болсон. ...Бид хоёрын хооронд ямар нэгэн мөнгөний асуудал яригдаж байгаагүй. Би мөнгө авахыг зөвшөөрөөгүй. М- надад ямар ч мөнгө буцааж өгөөгүй. М- нь карт авснаасаа хойш өөрөө надад би урьд нь хэрэгт холбогдон шалгагдаж байсан юм аа, хохирлыг чинь барагдуулаад өгье, та надад ажил олоод өгөөч гээд байсан. Мөн эгч нь гуйгаад байхаар нь би “Монос” нэртэй хувийн байгууллагад туслах ажилтнаар оруулж өгсөн боловч хэд хоног ажиллаж байгаад хаячихсан. Тэгээд одоо холбоо барихгүй байгаа бөгөөд эгч рүү нь холбогдоход наад хүнтэй чинь хамт байхгүй байгаа, мөнгөө өөрөөс нь нэх гэж хэлсэн учраас цагдаагийн байгууллагад хандсан. Би М-аас мөнгөө аваагүй. Түүнийг ажиллуулсан гэх 10 гаруй хоногийн цалин 180.000 төгрөгийг түүнээс авах 700.000 гаруй мянган төгрөгнөөс хасч тооцоод үлдсэн мөнгийг нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/,
2. Шүүгдэгч Г.М-ын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 08 сард Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны урд байрлах “Арцат” гээд халуун ус ажиллуулж байхдаа Н- гэж эмэгтэйтэй танилцаж байсан. 2019 оны 11 дүгээр сараас уг эмэгтэйн гэр болох Дэнжийн мянгын цагаан байрны тэр хавьд байдаг гэрт нь хэсэг хамт амьдарсан юм. 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр би Н-гийнд байж байгаад шөнө 00 цагийн үед Н-гийн “Хас” банкны картыг цүнхнээс нь Н-д мэдэгдэлгүйгээр аваад “Дөлгөөн нуур”-ын тэнд байх “Хаан” банкны АТМ орж 500.000 төгрөг авсан. Н- өмнө нь надад картныхаа нууц кодыг хэлж байсан. Картаа надад өгөөд би дэлгүүрээс юм авдаг байсан болохоор кодыг нь мэддэг байсан. Картны нууц код нь 9999 байсан санагдаж байна. Би данснаас нь 500.000 төгрөг аваад уг мөнгөний 200.000 төгрөгөөр нь гар утас худалдаж аваад бусдаар нь идэж уух юм аваад үрээд дуусгасан. Маргааш нь би Н-гийн картаар цувуулж дэлгүүрт уншуулсаар 130.000 төгрөгийн худалдан авалт хийсэн. Нийт би Н-гийн картнаас 630.000 төгрөг авсан. Яармагт гэртээ байж байхад Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс цагдаа нар ирээд намайг баривчилсан. Н-гийн картыг хулгай хийдэг өдөр Н- өнөөдөр цалин буусан гэж хэлж байсан болохоор картыг нь хулгайлан авч гарсан юм. Надад тухайн үед яаралтай мөнгөний хэрэг байгаагүй зүгээр л мөнгөтэй картыг нь авчихъя гэж бодоод хулгайлсан. Надад Н-гаас авах өр зээл байгаагүй. Би хохирлоосоо 400.000 төгрөгийг “Монос” компани дээр өдрийн 50.000 төгрөгний ажлыг 1 cap хийсэн. Уг мөнгийг Н- өөрийнхөө дансанд хийлгэж авсан. Тэгэхээр Н- миний цалин 1.500.000 төгрөгийг авсан байх ёстой. Н- чиний цалин шалтай ороогүй. 600.000 төгрөг орсон гэж хэлээд байдаг. Хохирлоо бүрэн барагдуулсан гэж бодож байна.
Би эгч болон хүргэн ах Наранбаяр болон өөрийн төрсөн дүү М- эгчийн хүүхэд болох ой хоёр сартай Мөнх-Оргил болон Бат-Оргил гээд хоёр хүүхдийнх нь хамт амьдардаг, одоо байгаа хашаанаасаа нүүх болоод хоёр ихэр дүүг харах хүнгүй байсан тул би хоёр дүүгээ хараад цагдаагийн газраас дуудахад нь ирж чадаагүй. Манайх ирэх 7 хоногт Нарангийн гол руу нүүнэ. Одоо би өдөр болгон ирж цагаа бүртгүүлж байна. Надад өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй. Н-гийн картыг авах үедээ би ганцаараа байсан. Картнаас авсан мөнгийг би өөрөө өөртөө л зарцуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/,
3. Хохирогч Н.Н-гийн “Голомт” банкинд эзэмшдэг 3665103499 дугаартай дансны гүйлгээний хуулга /хх-ийн 7-9/,
4. Яллагдагч Г.М-аас 5150235395449456 дугаартай “Голомт” банкны карт хураан авч хохирогч Н.Н-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10-11/,
5. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 27-30/, шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/, ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 35-36/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Г.М-ын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлж, хэргийн үйл баримт, зүйлчлэлд, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Г.М- нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 9-378 тоотоос хохирогч Н.Н-гийн “Голомт” банкны виза картыг нууцаар, хууль бусаар хулгайлж, хулгайлсан картыг ашиглан:
- Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Хаан” банкны АТМ-ээс 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бэлнээр 10.800 төгрөг, 100 төгрөг, мөн өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо “Драгон” худалдааны төвийн “Номин” супермаркетаас 500.500 төгрөг, 3.100 төгрөг, 50.749 төгрөг нийт 565.249 төгрөгийн, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Сансар” худалдааны төвөөс 76.500 төгрөгийн тус тус гүйлгээ хийж, бусдад нийт 641.749 төгрөгийн хохирол учруулсан болох нь.:
- Хохирогч Н.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...М- нь ирж хонож байгаад 22-ны өдрийн өглөө манайхаас явсан. Явахдаа миний картыг авч явсан байсан ба, картнаас нийтдээ 700.000 орчим төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсан. Картны нууц дугаарыг М- нь хараад авсан байсан юм шиг байна лээ. ...Би М-аас мөнгөө аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/,
- Шүүгдэгч Г.М-ын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр би Н-гийнд байж байгаад шөнө 00 цагийн үед Н-гийн...банкны картыг цүнхнээс нь Н-д мэдэгдэлгүйгээр аваад ...нийт картнаас 630.000 төгрөг авсан. ...Н-гийн картыг нь хулгай хийдэг өдөр Н- нь өнөөдөр цалин буусан гэж хэлж байсан болохоор картыг нь хулгайлаад гарсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/,
- Хохирогч Н.Н-гийн Голомт банкны 3665103499 дугаартай дансны гүйлгээний хуулга /хх-ийн 7-9/,
- Яллагдагч Г.Манлайбяараас 5150235395449456 дугаартай “Голомт” банкны карт хураан авч хохирогч Н.Н-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10-11/, зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.
Шүүгдэгч Г.М-ын хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Г.М- нь хохирогч Н.Н-гийн гэрт амьдарч байхдаа хохирогчийн картын нууц дугаарыг мэдсэнээ ашиглан, уг гэмт хэргийг үйлдсэн байна.
Иймд Г.М-ын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэлтэй бөгөөд дээрх зүйл хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Н-д 641.749 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 180.000 төгрөгийн, шүүхийн шатанд 450.500 төгрөгийн хохирол төлж барагдуулсан талаарх баримт хэрэгт авагдсан тул, шүүгдэгч Г.М-аас үлдэгдэл 11.249 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Н-д олгохоор шийдвэрлэв.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Г.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 540 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэрээс “...шүүгдэгч Г.М-ыг 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” гэсэн санал гаргаж тус тус мэтгэлцсэн.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруугийн зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Г.М-ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч үлдэх хохирлын төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан, “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, шударга ёсны зарчимд нийцүүлэн улсын яллагчийн дүгнэлтийн хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 540 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжтой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Г.М-т мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 33 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасах нь зүйтэй байна.
Бусад асуудлаар: Тус хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тогтоолд дурдаж, шүүгдэгч Г.М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Арван овогт Гүнчин-Ишийн М-ыг 540 /таван зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 33 /гучин гурав/ хоногийг түүний эдлэх оруулан тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялаар тооцон 264 цагийн ялыг эдэлсэнд тооцож, биечлэн эдлэх ялыг 276 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Г.М-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7. Тус эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.М-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-аас 11.249 /арван нэгэн мянга хоёр зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Н-д олгосугай.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Г.М-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнд энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН