| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2021/0048/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/75 |
| Огноо | 2021-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Хурц |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/75
2021 01 29 2021/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,
улсын яллагч Б.Хурц,
шинжээч эмч Б.Ундармаа /цахимаар/
өсвөр насны шүүгдэгч Ц.С-, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Саранцэцэг, өсвөр насны шүүгдэгч Г.Б-, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Ганбат,
өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч З.Ариунжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Өсвөр насны Ц.С-, Г.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010017850989 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, ....
2. Монгол Улсын иргэн, .....
Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:
Өсвөр насны яллагдагч Ц.С- нь 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 39 дүгээр байрны гадаа “бага ангийн хүүхэд дээрэлхсэн байна” гэх шалтгаанаар Г.Г- нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөж, Г.Б- нь мөн нүүр рүү нь гараараа цохиж тархи доргилт, дух, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны цус хуралт, баруун нүдний дээд зовхины цэгчилсэн цус харвалт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун завьж зөөлөн эдийн няцрал, язрал, цус хуралт, 1 шүдний эмтрэл, зүүн тохой, зүүн гуяны цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Өсвөр насны яллагдагч Г.Б- нь 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 39 дүгээр байрны гадаа бага ангийн хүүхэд дээрэлхсэн байна гэх шалтгаанаар Г.Г- нүүрэн тус газар гараараа цохиж, Ц.С- нь мөн нүүр рүү нь хөлөөрөө өшиглөж тархи доргилт, дух баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны цус хуралт, баруун нүдний дээд зовхины цэгчилсэн цус харвалт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун завьж зөөлөн эдийн няцрал, язрал, цус хуралт, 1 шүдний эмтрэл, зүүн тохой, зүүн гуяны цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлэг, яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ц.С-, Г.Б- нар мэдүүлэг гаргахгүй гэв.
Хоёр: Эрүүгийн 2010017850989 дугаартай хэргээс:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасаг дуудлагын хуудсанд “...10-аад залуучуудад зодуулсан. ...120.000-тын саданд...” гэх дуудлага бүртгэгдсэн тухай лавлагаа /хх-11/,
2. Хохирогч Г.Г- 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2020 оны 9 дүгээр сарын 11-ний орой 21 цагийн үед “Нарны хороолол”-ын 21 дүгээр байрны саданд сууж байтал гэнэт хаанаас ч юм том чулуу орж ирээд байхаар нь гайхаад харсан чинь 19 дүгээр байрны шатны хажууд 3 хүүхэд зогсож байсан. Би яагаад чулуу шидээд байгаа юм нааш ир гээд дуудтал зугтахаар нь нэгийг нь барьж аваад гэдэс рүү нь цохиод, чи яагаад чулуу шидээд байгаа юм бэ гэж асуутал үгүй би шидээгүй гэсэн. Тэгэхээр нь юундаа тэгээд зугтаагаад байгаа юм бэ гэсэн чинь манай хоёр найз шидсэн юм, ахаа уучлаарай гэсэн. Жоохон хүүхэд хар орой юу хийж байгаа юм, гэр чинь хаана юм гээд зааж өгсөн гэрт нь хүргэж өгөхөд гэрт нь хүн байгаагүй. Би тэр хүүхдийн утсыг нь аваад буцаад харьж байтал тантай хоёр банди уулзъя гээд байна гэж хоёр жоохон хүүхэд ирж хэлэхээр нь дагаад явтал Хан-Уул дүүргийн 120 мянгатын 39 дүгээр байрны саданд ирсэн чинь нэг хүүхэд нь хүрч ирээд баруун гараа миний мөрөн дээр тавиад шууд миний нүүр рүү цохисон. Доошоо тонгойтол нэг нь мөн миний нүүр рүү цохисон. Зодуулж байхад нэг хүүхэд хүрч ирээд салгаад байж байтал нэг эгч “цагдаа” гээд хашгиртал тэр хэд тал тал руу гүйгээд явчихсан. ...Би эрүүл мэнд гоо сайхнаараа хохирсон, орой үдэш унтах гэхээр нүдээр хатгуулж өвдөж байсан. Одоо “Энэрэл-Манал” гэх уламжлалт эмнэлэгт толгой тархины эмчилгээ хийлгүүлж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/,
- 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хохирогчоор дахин өгсөн: “...эхлээд Б- гэх хүүхэд миний баруун нүд рүү гараа атгаж цохисон. Дараа нь С- гэх хүүхэд миний баруун хацар руу гараа атгаж цохисон. Би тонгойгоод гараараа хаагаад зогстол миний бие рүү хүмүүс цохиод байсан, би яг хэн, хэн хэдэн хүүхэд байсныг сайн анзаараагүй. Б-, С- нар цохиж, өшиглөсөн. Миний биед тухайн өдрөөс өмнө авсан ямар ч гэмтэл бэртэл байгаагүй. Миний эмчилгээний зардлыг төлөөгүй. Мөнгө, цаг хугацаа, санхүү болон эрүүл мэндээрээ хохироод байна...” гэх мэдүүлэг /хх-н 17-18/,
3. Насанд хүрээгүй гэрч Б.Б-ын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сард байрны найз нартайгаа “Нарны хороолол” дотор явж байхад саданд хэсэг ах нар нар сууж байсан. Бид нарыг дуудаад дээрэлхэх гээд байхаар нь бид зугтаагаад буцаж ирээд нойтон хөрс алган дээрээ бөөрөнхий болгож байгаад тэр ах нар луу шидээд буцаад зугтаах үедээ би ганцаараа баригдсан. Тэнд байсан ах нараас нэг ах намайг дагуулаад Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгатын нутаг дэвсгэр лүү явсан чинь надтай хамт явж байсан хоёр найз таараад тэр ахыг байрны ах нарын байсан газар луу дагуулаад очсон. Намайг дагуулан явсан ах миний толгой хэсэгт цохиж намайг дээрэлхээд байсан болохоор намайг өмөөрч С-, Б- ах нар намайг өмөөрч тэр ахыг зодсон. С-, Б- ах тэр хүүхдээс яагаад намайг зодсон талаар асуусан чинь тэр хүүхэд “танай дүү чулуу шидсэн” гэж хэлэхээр нь би үгүй нойтон хөрс бөөрөнхийлж байгаад шидсэн гэж хэлсэн чинь С- ах эхлээд шууд тэр хүүхдийг цохисон. Б- ах өшиглөсөн юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/,
4. Гэрч Л.Саранцэцэгийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С- нь 2003 оны 06 дугаар сарын 14-ны өдөр Улаанбаатар хотод төрөөд гэртээ эцэг эхийн асаргаанд байж байгаад 2008 онд 52 дугаар дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн суралцаад 2015 онд “Мон-Турк” дунд сургуульд шилжин ороод нэг жил сураад буцаад 52 дугаар дунд сургуульд элсэн орсон. Одоо 12 дугаар ангийн сурагч юм. С- аавын хамт амьдардаг. Эцэг, эхээс хоёулаа ах Баасанцэрэн нь 2020 онд Анагаах ухааны их сургуулийг төгссөн. Ээж нь 2018 оны 11 дүгээр сарын 02-нд элэгний өвчний улмаас нас барсан. С- төгсөлтийн шалгалтандаа бэлдээд байж байгаа ба их даруухан нийтэч хүнд тусархуу, өрөвчхөн нинжин сэтгэлтэй хүүхэд юм. Спортод дуртай ямар нэгэн муу зуршилгүй. ...С- жоохон хүүхэд хүнд зодуулсан гэхээр нь өмөөрөөд Гантулга гэх хүүхдэд шаардлага тавьсан боловч хүлээж аваагүй хэл амаар доромжилсон болохоор бусдыг өмөөрч нэг л удаа өшиглөсөн гэсэн. ... гэх мэдүүлэг /хх-н 29-30/,
5. Гэрч Ё.Г-гийн 2020 оны 10 дугаар сарын 09-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нэг жоохон хүүхэд нэг оюутан залууд зодуулчихсан гүйгээд ирэхээр нь өмөөрөөд ганц цохичихсон чинь цагдаа сэргийлэхээс дуудаад байгаа гэж хэлж байсан. ... гэх мэдүүлэг /хх-н 31-32/,
6. Гэрч Р.А-ийн 2020 оны 10 дугаар сарын 09-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б- найзуудтайгаа гадаа сууж байтал гэнэт нэг жоохон хүүхэд хүрч ирээд “ах нараа зодуулаад гар хугарчихлаа” гэж хэлэхээр нь Б- өмөөрөөд ганц алгадчихсан гэж надад хэлсэн. Одоо төгсөх ангийн сурагч болохоор сэтгэл санааг нь элдэв хямраалгүй тайван байлгамаар байгаа. Энэ асуудал хэргийг хялбаршуулж шийдээсэй гэж ангийн багшийн зүгээс хүсэлт байна... гэх мэдүүлэг /хх-н 33-34/,
7. Гэрч Н.С-гийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 21-ний орой 8 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 37 дугаар байрны саданд тавуулаа сууж байхад нэг хүүхэд уйлсан ирээд том хүн зодох гээд байна гэхээр нь бид нар нээх тоогоогүй байж байтал нэг ах жоохон хүүхдийг хувцаснаас нь чирчихсэн ирсэн. Нөгөө хүүхэд нь ах нараа надад туслаарай гээд орилсон. Б- очоод юу болсон бэ гэж асуухад тэр ах өөдөөс нь орилоод шууд дайрсан Б- нэг алгадаад С- хажуу талаас нь мөр рүү нь жийгээд би дундуур нь орж болиулсан. Төд удалгүй найзууд нь гээд мотоциклтой хүн ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 35-36/,
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 10522 дугаартай дүгнэлтэд:
- Г.Г- биед тархи доргилт, дух, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны цус хуралт, баруун нүдний дээд зовхины цэгчилсэн цус харвалт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун завьж зөөлөн эдийн няцрал, язрал, цус хуралт, 1 шүдний эмтрэл, зүүн тохой, зүүн гуяны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
- Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна /шинжээч эмч Б.Ундармаа/ ...” гэсэн дүгнэлт /хх-н 41-42/,
9. Шинжээч эмч Б.Ундармаагийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г- биед учирсан духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохиж, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. Дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, нүдний алимны зулгаралт, дээд зовхины цэгчилсан цус хуралт гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн цохиж, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэх ба дангаараа хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл дээрх духны гэмтэлтэй хамт үүсэх боломжтой. Баруун зовхины зөөлөн эдийн няцрал язрал цус хуралт баруун талын нэг шүдний эмтрэл гэмтэл нь мөн мохоо зүйлийн нэг удаагийн цохиж, цохигдох үйлчлэлээр үүсэх ба, дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зүүн тохой, зүүн гуяны цус хуралт зулгаралт гэмтэл нь тус тусдаа мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тархи доргилт гэмтэл нь хохирогчийн нүүрэнд учирсан дээрх гэмтлүүдтэй холбоотой үүсэх боломжтой, мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр цохиж, цохигдох үед үүснэ, дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт нь хүн бүрт харилцан адилгүй үүсдэг. Тухайлбал хувь хүний онцлогоос хамаарч зарим хүмүүст бага хэмжээний үйлчлэлээр тархи доргилт үүснэ, зарим хүмүүст хүчтэй доргилтын үед ч үүсээгүй байх тохиолдол байдаг. Иймээс нүүрэн тус газарт алгадах болон мөр лүү өшиглөх үед тархи доргилт үүсэх боломжтой. ...” гэх мэдүүлэг /хх-н 47-48/,
10. Өсвөр насны яллагдагч Ц.С-ын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байрны урд талын сагсны шийдний хажуу талд саданд сагс тоглочихоод сууж байтал, манай сургуулийн дунд ангийн сурагч Хэрлэн гүйж ирээд Б- зодуулчихлаа гэж хэлэхээр нь бид нар тоохгүй өнгөрөөчихсөн. Дараа нь Хэрлэн, Б- нар уйлчихсан Б- баруун гараа зүүн гараараа бариад намайг нэг ах зодоод байна, миний араас дагаад хүрээд ирлээ гэхээр нь хартал хоёр залуу мотоциклтой сундалдаад ирсэн. Тэр үед Б- өөдөөс нь очоод яагаад хүүхэд зодсон талаар нь асуутал нөгөө залуу чи хэн юм пизда минь та нар надтай уулздаг нь юм уу, та нар хэн юм гээд хашгирахаар нь Б- нөгөө залууг алгадсан чинь нөгөө залуу дайрах гэхээр нь би өмнөөс нь ороод баруун гараараа зүүн талд нь цохисон. С- салгаад бид хоёр уучлалт гуйгаад өнгөрсөн. Удалгүй цагдаа нар ирсэн. Цагдаагийн хэлтэс дээр байхад Г- нүүрнийх нь баруун талд улайчихсан байсан. Би уйлаад сөхрөөд уучлалт гуйгаад байж байхад Гантулга зүгээрээ чамайг уучилсан гол нь надад нөгөө хүүхдээ олоод өг гэж хэлсэн. Би цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа боловч энэ гэмтлийг учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 53-55/,
11. Өсвөр насны яллагдагч Г.Б-ийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байрны урд талын сагсны шийдний хажуу талд саданд сагс тоглочихоод сууж байтал манай сургуулийн дунд ангийн сурагч Хэрлэн гүйж ирээд ах нараа Б-ыг нэг ах зодчихож гэнээ гээд ирэхээр нь бид нар тоогоогүй сууж байтал удалгүй Б-ын араас үл таних мотоциклтой 2 залуу ирсэн. Нэг өндөр хар куртиктэй туранхай 20 гаран насны хүн бид нар дээр ирэхэд Б- энэ ах намайг зодсон гээд зааж өгсөн. Би яагаад жоохон хүүхэд зодоод байгаа юм, юу болсон юм бэ гэж асуутал та нартай би харьцдаг нь биш, пизда нар чинь та нар яах гээд байгаа юм бэ гээд чанга орилоод сүрдүүлэх маягтай байсан. С- хөгшөөн яг яасан юм бэ жоохон эвтэйхэн харьцаач гэж хэлсэн чинь нөгөө залуу над руу муухай хараад духаа өгөөд хүрээд ирэхээр нь би баруун хацар луу нь зүүн гараараа алгадсан, нөгөө залуу над руу дайрч байхад С- хажуугаас орж ирээд өшиглөөд Гантулга өөдөөс дайраад байхаар нь би хойшоогоо ухраад байж байтал манай найз С- салгасан. С- бид хоёр очоод уучлаарай гэж хэлээд салсан. Нэг л удаа нүүрэн хэсэгт нь алгадсан болохоор би энэ гэмтлийг учруулсан гэдэгтээ эргэлзэж байна. Гэвч алгадсан гэдэгтээ харамсаж байгаа. Шинжээчийн дүгнэлттэй танилцахад бид хоёрын огт гар хүрээгүй хэсэгт гэмтэл гарсан гэж дүгнэлтэд тусгагдсан байсан. Мөн шударгаар Гантулгыг хамт шүүх эмнэлэгт очиж үзүүлье хохирлыг чинь барагдуулъя, харамсаж байна гэж тухайн өдрөө гуйсан боловч та хоёрыг шоронд чинь явуулна, манай хамаатан садан бүгд хуулийн хүмүүс гэж сүрдүүлсэн. Би алгадсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа боловч уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна...гэх мэдүүлэг /хх-н 59-63/,
12. Өсвөр насны шүүгдэгч Ц.С-ын хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн тодорхойлолт /хх-ийн 70-72/, суурь боловсролын гэрчилгээ, сурлагын дүн, сургууль төгссөн тухай мэдээлэл, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа, нас тоолсон тэмдэглэл /хх-н 74-84/,
13. Өсвөр насны шүүгдэгч Г.Б-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Сургууль төгссөн тухай мэдээлэл, төрсний гэрчилгээний хуулбар, бүрэн дунд, суурь, бага боловсролын сурлагын үнэлгээ, суралцагчийн тухай ерөнхий мэдээлэл, суурь боловсролын гэрчилгээ, сурлагын дүн, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа, нас тоолсон тэмдэглэл /хх-н 86-97/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд өсвөр насны шүүгдэгч Ц.С-, Г.Б- нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч дүгнэлтдээ “Өсвөр насны шүүгдэгч Ц.С-, Г.Б- нар нь “бага ангийн хүүхэд дээрэлхсэн” гэх шалтгаанаар Г.Г- нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөж, мөн нүүр рүү нь гараараа цохиж зодон, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч З.Ариунжаргал шүүх хуралдаанд өсвөр насны шүүгдэгч нарыг цагаатгах байр суурьтай оролцохоо илэрхийлж, гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдал тогтоогдоогүй. Гэмт хэргийг хэн үйлдсэн, сэдэл санаа нь гэм буруугийн хэлбэр тогтоогдоогүй. Хохирогчийн өгсөн мэдүүлэг зөрүүтэй. Хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр баруун гараараа зүүн тал руу нь цохисон талаар мэдүүлсэн. Хохирогчийн мэдүүлгийг үндэслэл болгож байгаа бол хохирогчийн мэдүүлэгт эргэлзээтэй байдал үүссэн. Шинжээч эмч энэ гэмтлүүд баруун талаас цохисон тохиолдолд үүснэ гэсэн. Яллах дүгнэлтэд нэг алгадсан, нэг цохисон гэж бичсэн. Шүүгдэгч нар нь өөрсдөө гэм буруутай гэж ойлгож байгаа гэж хэлж байгаа ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн мэдүүлэг дангаараа яллах үндэслэл болохгүй. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эргэлзээтэй байдал бий болбол сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан тул миний үйлчлүүлэгч нарыг цагаатгаж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн ба, өсвөр шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугийн талаар маргаж байсан боловч шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй гэсэн болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, өсвөр насны шүүгдэгч Ц.С-, Г.Б- нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Өсвөр насны шүүгдэгч Ц.С-, Г.Б- нар бүлэглэж 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 39 дүгээр байрны гадаа “бага ангийн хүүхэд дээрэлхсэн байна” гэх шалтгаанаар Г.Г- биед хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр халдаж, тархи доргилт, дух, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны цус хуралт, баруун нүдний дээд зовхины цэгчилсэн цус харвалт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун завьж зөөлөн эдийн няцрал, язрал, цус хуралт, 1 шүдний эмтрэл, зүүн тохой, зүүн гуяны цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирлыг эрүүл мэндэд нь санаатай учруулсан болох нь:
- Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт бүртгэгдсэн лавлагаа /хх-11/,
- Хохирогч Г.Г- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...нэг хүүхэд нь хүрч ирээд баруун гараа миний мөрөн дээр тавиад шууд миний нүүр рүү цохисон. Доошоо тонгойтол мөн нэг нь миний нүүр рүү цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/,
- Хохирогчоор дахин өгсөн: “...Б-, С- нар цохиж, өшиглөсөн. Миний биед тухайн өдрөөс өмөн авсан ямар ч гэмтэл бэртэл байгаагүй ...” гэх мэдүүлэг /хх-н 17-18/,
- Насанд хүрээгүй гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С-, Б- ах нар намайг өмөөрч тэр ахыг зодсон. ...С- ах эхлээд шууд тэр хүүхдийг цохисон, Б- ах өшиглөсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/,
- Гэрч Л.Саранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С- жоохон хүүхэд хүнд зодуулсан гэхээр нь өмөөрөөд Гантулга гэх хүүхдэд шаардлага тавьсан боловч хүлээж аваагүй хэл амаар доромжилсон болохоор бусдыг өмөөрч нэг л удаа өшиглөсөн гэсэн. ... гэх мэдүүлэг /хх-н 29-30/,
- Гэрч Ё.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Саяхан нэг жоохон хүүхэд нэг оюутан залууд зодуулчихсан гүйгээд ирэхээр нь өмөөрөөд ганц цохичихсон чинь цагдаа сэргийлэхээс дуудаад байгаа гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-н 31-32/,
- Гэрч Р.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б- найзуудтайгаа гадаа сууж байтал гэнэт нэг жоохон хүүхэд хүрч ирээд ах нараа зодуулаад гар хугарчихлаа гэж хэлэхээр нь Б- өмөөрөөд ганц алгадчихсан гэж надад хэлсэн... гэх мэдүүлэг /хх-н 33-34/,
- Гэрч Н.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б- очоод юу болсон бэ гэж асуухад тэр ах өөдөөс нь орилоод шууд дайрсан Б- нэг алгадаад С- хажуу талаас нь мөр рүү нь жийгээд би дундуур нь орж болиулсан...” гэх мэдүүлэг /хх-н 35-36/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 10522 дугаартай дүгнэлт:
- Шинжээч эмч Б.Ундармаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: /хх-н 47-48/,
- Өсвөр насны яллагдагч Ц.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Б- нөгөө залууг алгадсан чинь нөгөө залуу дайрах гэхээр нь би өмнөөс нь ороод баруун гараараа зүүн талд нь цохисон. ...Би цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. ...” гэх мэдүүлэг /хх-н 53-55/,
- Өсвөр насны яллагдагч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...нөгөө залуу над руу муухай хараад духаа өгөөд хүрээд ирэхээр нь би баруун хацар луу нь зүүн гараараа алгадсан, нөгөө залуу над руу дайрч байхад С- хажуугаас орж ирээд өшиглөөд ...С- салгасан. Би алгадсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. ...гэх мэдүүлэг /хх-н 59-63/, болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Харин мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй Э.А-оос гэрчийн мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны төлөөлөгч эсхүл сурган хүмүүжүүлэгчийг оролцуулж мэдүүлэг авахаар заасан байхад дээрх этгээдүүдийг оролцуулаагүй мэдүүлэг авч хууль зөрчиж цуглуулсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
Өсвөр насны шүүгдэгчдийн өмгөөлөгч З.Ариунжаргалын “цагаатгах” тухай дүгнэлтийг хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй ба, дараах үндэслэлээр үгүйсгэгдэж байна.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч нар бүлэглэж тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Г.Г- биед халдсан байх ба, хохирогч, гэрч, шинжээчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх няцаах үндэслэл тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэгт өсвөр насны шүүгдэгч Ц.С- нь хөлөөрөө өшиглөх, Г.Б- нь гараараа цохих зэргээр үйлдлээрээ бүлэглэж оролцсон нь тогтоогдсон байна.
Хууль зүйн хувьд хохирогч Г.Г- эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч нарын үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, өсвөр насны шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд хохирогч нь гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус хуульчилсан.
Өсвөр насны шүүгдэгч Ц.С-, Г.Б- нар нь хохирогч Г.Г- эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх ба, хохирогч нь баримтаар 573.450 төгрөгийг нэхэмжилсэн ба өсвөр насны шүүгдэгч нар нь дээрх хохирол төлбөрийг төлж барагдуулсан талаарх баримтыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ирүүлсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ “...өсвөр насны шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулах саналтай.
Харин өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс цагаатгах байр суурьтай оролцсон атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зааснаар ялаас чөлөөлж өгнө үү гэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хэрэглэх хуулийн заалт юм...” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал нь “...өсвөр насны шүүгдэгч нар анхнаасаа гэм буруу дээр маргаагүй, Ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалт эхэлж байгаа болон гэнэтийн санамсаргүй байдлаас болж тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэж ялаас чөлөөлж өгнө үү. ...” гэсэн санал дүгнэлтийг гаргаж тус тус мэтгэлцсэн.
Шүүхээс өсвөр насны шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Өсвөр насны шүүгдэгч Ц.С-, Г.Б- нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан “Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад тооцсон ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл”-ийн талаар заасан ба уг зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн наймдугаар бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж хуульчилсан.
Өсвөр насны шүүгдэгч Ц.С- нь 2003 оны 6 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 02 сар 28 хоногтой байсан, хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх үед 17 нас 07 сар 15 хоногтой, өсвөр насны шүүгдэгч Г.Б- нь 2003 оны 7 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 02 сар 7 хоногтой байсан, хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх үед 17 нас 06 сар 25 хоногтой буюу 18 насанд насанд хүрээгүй болох нь иргэний үнэмлэхийн лавлагаа, нас тоолсон тэмдэглэл зэргээр нотлогдож байх тул тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Наймдугаар бүлэгт заасан “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” тусгай журам үйлчилнэ.
Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр сууриа олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байх зорилго бүхий байна.
Өсвөр насны шүүгдэгч Ц.С-, Г.Б- нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хэдийгээр өмгөөлөгч нь цагаатгах байр суурьтай оролцож мэтгэлцсэн ч шүүгдэгч нар нь өөрсдөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаагаа илэрхийлсэн, Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид суралцаж, элсэлтийн ерөнхий шалгалтад оролцохоор бэлтгэж байгаа хувийн байдал зэргийг нь харгалзаж, өсвөр насны шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд зааснаар хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ авч, хэрэгжилтэнд хяналт тавихыг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газрын нутаг дэвсгэрийн Төрийн захиргааны байгууллагад буюу харьяалах дүүргийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн даалгах нь зүйтэй байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.С-, Г.Б- нарт тэнссэн хугацаанд “зан үйлээ засах” сургалтад хамрагдах, мөн хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг өсвөр насны шүүгдэгч Ц.С-ын хууль ёсны төлөөлөгч Л.Саранцэцэг, өсвөр насны шүүгдэгч Г.Б-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Нарантуяа нарт хариуцуулж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөр төрсөн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоохоор хуульчилсан ба, тус хэргийн тухайд өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөр хуульд заасан дээрх этгээд тогтоогдоогүй, садан төрлийн хүн нь тогтоогдсон зөрчилтэй байгаа боловч өсвөр насны шүүгдэгч Ц.С-ын эх нь хүнд өвчний улмаас нас барсан, эцэг нь ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг талаар тайлбарласан. Иймд авга эгч болох Л.Саранцэцэгийг тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсныг буруутгах боломжгүй байх бөгөөд тэрээр тус этгээд оролцсоноор өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд ноцтой хохирол учрахааргүй байна гэж шүүх үзсэн болохыг тэмдэглэв.
3. Бусад асуудлаар: Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өсвөр насны шүүгдэгч Ц.С-, Г.Б- нар энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төр, байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах шаардлагатай, өсвөр насны яллагдагч, арван найман насанд хүрээгүй хохирогчтой холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн хэлэлцүүлэг, бүх шатны шүүх хуралдааныг нээлттэй явуулна.” гэж заасан ба хэргийн шүүгдэгч нар нь насанд хүрээгүй, өсвөр насны байх тул шүүх хуралдааныг хаалттай явуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1, 18.2 дугаар зүйлийн 2, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Ц.С-, Г.Б- нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өсвөр насны шүүгдэгч Ц.С-, Г.Б- нарт ял оногдуулахыг тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаанд хянан хүмүүжүүлэх Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.С-, Г.Б- нарт ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний хэрэгжилтэнд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад буюу Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн газарт үүрэг болгосугай.
4. Өсвөр насны шүүгдэгч Ц.С-, Г.Б- нарт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 1 /нэг/ жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “зан үйлээ засах” сургалтанд хамрагдах, мөн хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авч, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч нарыг хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг өсвөр насны шүүгдэгч Ц.С-ын хууль ёсны төлөөлөгч Л.Саранцэцэг, өсвөр насны шүүгдэгч Г.Б-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Нарантуяа нарт хариуцуулж даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
7. Тус эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, өсвөр насны шүүгдэгч Ц.С-, Г.Б- нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, өсвөр насны шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж өсвөр насны шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, өсвөр насны шүүгдэгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд өсвөр насны шүүгдэгч Ц.С-, Г.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН