| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2021/0074/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/83 |
| Огноо | 2021-02-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Хурц |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/83
2021 02 01 2021/ШЦТ/83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга: Б.Бат-Оргил,
улсын яллагч: Б.Хурц,
шүүгдэгч С.С-, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
С.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2100021511108 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ....
Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч С.С- нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Буган халиун” цэнгээний газарт төлбөр тооцооноос болж О.Г-тай маргалдан нүүр рүү нь гараараа цохиж 2 шүдний сулрал, баруун чих, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.С- мэдүүлэхдээ:
“...2020 оны 10 дугаар сарын 19-ний шөнийн 00 цагийн үед Буган халиун гэх караокед ороод 60 ширхэг пиво аваад нэмээд 20 пиво авсан. Манай эгч байхгүй байхаар нь хайгаад очтол менежертэй нь тооцооны улмаас маргалдаж байсан. Тэгээд камер шүүх гээд явж байх замдаа хохирогч нь манай менежерийг хэвлийн тус газар нь өшиглөсөн учир би түлхээд заамдаж байтал намайг мөргөх гээд байхаар нь би нүүр лүү нь цохиход зөөгч залуу ирээд салгасан...” гэв.
Хоёр. Эрүүгийн 2100021511108 дугаартай хэргээс:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасаг дуудлагын хуудсанд “...олон залуучууд бүлэглэж хүн зодоод байна...” гэх дуудлага бүртгэгдсэн тухай лавлагаа /хх-7/,
2. Хохирогч О.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: “... 2020 оны 10 сарын 18-ны өдөр 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Буган Халиун” ресторанд ажлаа хийгээд байж байтал үл таних залуу хүрч ирээд ахаа 30 минут караокег чинь сунгаад дахиад 20 пиво авъя гэхээр нь зөвшөөрөөд байж байтал удалгүй нэг үл таних хүүхэн хүрч ирээд манай ажлыг муулаад онцгүй газраас явмаар байна, тооцоогоо хийе гэхээр нь тооцоогоо бодоод байж байтал элдэв бусаар доромжлоод сүүлд 20 пиво аваагүй гэж хэлэхээр нь авсан шүү дээ гэтэл нөгөө залуу нь хүрч ирээд манай газрыг доромжлоод тооцоогоо хийж чадахгүй ухааны юм ярихаар нь би тооцоогоо хийчихээд явж болно гээд эелдгээр харьцтал нөгөө хүүхэн нь хажууд хүрч ирээд агсраад байхаар нь би хөлөөрөө цааш түлсэн. Тэгтэл удалгүй 4 залуу 2 хүүхэн над руу дайраад С- гэх залуу миний нүүрэн тус газарт цохисон. Үүнээс улбаалж миний шүд хөдөлсөн. Тэгээд зууралдаад байж байтал манай зөөгч нар салгаад цагдаа дуудсан. Мөн тэр анх хэрүүл өдсөн хүүхэн над руу нулимаад байсан. Би эмнэлэгт үзүүлж шүдээ янзлуулсан. Надад баримт нь байгаа. Тухайн үед намайг зодсон хүн согтуу байсан. Надад гомдол санал гэвэл би бие эрхтнээрээ хохирч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12147 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлтэд:
- О.Г-ын биед хоёр шүдний сулрал, баруун чих, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
- Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 34-35/,
4. Шүүгдэгч С.С-ын 2020 оны 12 дугаар сарын 21-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж байгаа тогтоолыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээж байна. Г- гэх хүнд учруулсан бодит хохирлыг барагдуулах болно. Болсон явдлын талаар гэвэл 2020 оны 10 дугаар сарын 19-ний шөнө ажлынхантайгаа Хан-Уул дүүргийн 11-р хороо “Буган халиун” рестораны караокед ороод уг газраар үйлчлүүлээд гарах үед манай эгч О- менежер Г- гэх залуутай тооцоо төлбөрийн улмаас маргалдсан. Хяналтын камераа шүүгээд өг гэж хэлээд хамт явж байтал эгч О-ийг Г- гэх залуу өшиглөсөн. Тэгэхээр нь би Г- гэх залууг заамдаад түлхтэл намайг мөргөөд цохиод авсан. Би тэр залуугийн нүүр лүү нэг удаа цохисон. Тэр залуу миний гэдэс хэсэгт цохихоор нь би зөрүүлээд гэдэс хэсэгт нь мөн нэг удаа цохисон. Бид хоёр заамдаад зууралдаад байж байтал нэг залуу хүрч ирээд салгасан. Удалгүй цагдаа ирээд бид цагдаагийн байгууллага дээр очсон. Тухайн хүнд учруулсан бодит хохирлыг би барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/,
5. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Иргэний үнэмлэхний болон төрөл төрөгсдийн лавлагаа /хх-ийн 71-73/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 83/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 98/ Тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 85/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 90/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 93/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч: “...шүүгдэгч С.С-ын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлж, хэргийн үйл баримт, зүйлчлэлд, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч С.С-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч С.С- нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Буган халиун” караокегоор үйлчлүүлэхдээ төлбөр тооцооноос улмаас болж менежерээр ажиллаж байсан О.Г-тай маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж “...хоёр шүдний сулрал, баруун чих, баруун сарвуунд зулгаралт...” бүхий хөнгөн гэмтлийг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч О.Г-ын “...С- гэх залуу миний нүүрэн тус газарт цохисон, үүнээс улбаалж миний шүд хөдөлсөн. ...би бие эрхтнээрээ хохирч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12147 дугаартай шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн дүгнэлт /хх-ийн 34-35/,
- Шүүгдэгч С.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би тэр залуугийн нүүр лүү нэг удаа цохисон. ...гэдэс хэсэгт нь мөн нэг удаа цохисон. ...гэм буруугаа хүлээж гэмшиж байна. Г- гэх хүнд учруулсан бодит хохирлыг барагдуулна. ... гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтуудаас улсын яллагчийн яллах дүгнэлтэд гэрч Б.О-ийн 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдөр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шүүхийн шатанд хэлэлцүүлсэн бөгөөд тус мэдүүлэг нь тухайн хэрэгт хамааралгүй, агуулгын хувьд зөрүүтэй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт авагдсан бусад дээр дурдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй үйл баримтыг нотолсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хууль зүйн хувьд шүүгдэгч С.С- нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.Г-тай маргалдан эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэг гарахад шүүгдэгч С.С- нь олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ өөрийн ухамсарт үйл ажиллагааг хянаагүй, согтууруулах ундаа хэрэглэсэн зэрэг байдлууд нь бусадтай зүй бус харьцахад нөлөөлж, улмаар хохирогч О.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах шалтгаан нөхцөл болсон байна.
Шүүгдэгч С.С-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэж улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар.
Тус хэргийн улмаас хохирогч О.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба, хохирогчид 310.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан талаарх хуулбар баримтыг ирүүлсэн ба, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нь дээрх хохирлыг төлж барагдуулсан талаарх 2 хуудас баримтыг ирүүлсэн тул хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй байна.
Харин хохирогч О.Г- нь энэ хэргийн улмаас гарсан болон цаашид гарах хор уршигийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “... шүүгдэгч С.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “... тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, учруулсан хохирлыг төлсөн байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээ 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч С.С- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заалтад зааснаар “ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Шүүхээс шүүгдэгч С.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, түүний гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал буюу тодорхой эрхэлсэн ажилтай зэргийг харгалзан, нөгөө талаас гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохимжтой гэж шүүх үзсэн болно.
Мөн шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.
3. Бусад асуудлаар: Шүүгдэгч С.С-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.С-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.С-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.С-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. С.С-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч О.Г- нь энэ хэргийн улмаас учирсан хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч С.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН