Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
Хэргийн индекс | 146/2017/00053/И |
Дугаар | 146/ШШ2017/00090 |
Огноо | 2017-03-15 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 146/ШШ2017/00090
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн Сансар 5-19 тоотод оршин суух, ЙЕ53060103 регистрийн дугаартай, Харчин овогт Гончигийн Дарьсүрэнгийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн Арцатын 12-3 тоотод оршин суух, ЙР73090967 регистрийн дугаартай, Сундуй овогт Содномдоржийн Жидэд холбогдох 2050000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Дарьсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Г.Дарьсүрэн надаас 2012 оноос 2016 оныг дуустал 2050000 төгрөгний барааг зээлээр авсан. Гэтэл одоо болтол удаа дараа нэхэмжлүүлж чирэгдэл учруулж байна. Иймд миний 2050000 төгрөгийг С.Жидээс гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч С.Жид 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Дарьсүрэн нь 2050000 төгрөг нэхэмжилсэн шаардлагаас 650000 төгрөг нэхэмжлэхээс татгалзан үлдэх 1400000 төгрөгийг нэхэмжилсэн тул миний бие эвлэрч байна гэв.
Нэхэмжлэгч Г.Дарьсүрэн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Г.Дарьсүрэн миний бие 2050000 төгрөг авахаар шүүхэд өргөдөл гаргасан юм. Ингээд бид 2 эвлэрч би 650000 төгрөгөөс татгалзаж С.Жидээс 1400000 төгрөгийг төлүүлж авахаар тохиролцож байгаад тайлбар гаргав гэжээ.
Нэхэмжлэгч Г.Дарьсүрэн, хариуцагч С.Жид нар нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан эвлэрлийн гэрээндээ:
“...Нэхэмжлэгч Г.Дарьсүрэн нь 2050000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 650000 төгрөгнөөс татгалзаж үлдэх 1400000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч С.Жид төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул эвлэрлийн гэрээ байгуулав...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Дарьсүрэн нь хариуцагч С.Жидээс 2050000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Г.Дарьсүрэн хариуцагч С.Жидээс 2050000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаснаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч Г.Дарьсүрэн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 650000 төгрөгнөөс татгалзаж, 1400000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхийг зөвшөөрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 47750 төгрөгний 50 хувь буюу 23875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 23875 төгрөгийг улсын орлогоос, 18675 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нийт 42550 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцэж байна.
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Дарьсүрэн нь 2050000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1400000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч С.Жид төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 47750 төгрөгний 50 хувь буюу 23875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 23875 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч С.Жидээс 18675 төгрөгийг тус тус гаргуулж нийт 42550 төгрөгийг нэхэмжлэгч Г.Дарьсүрэнд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА