Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/01510

 

“К банк ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/01123 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1192 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “К банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.С-т холбогдох,

20 250 000 төгрөг, хүү 8 262 000 төгрөг, нийт 28 262 000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт 31 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ариунболдын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.С нь К банкны Ерөнхий зохицуулалтын газарт аюулгүй байдлын мэргэжилтнээр ажиллаж байсан ба ажил олгогч болон ажилтан нар харилцан тохиролцож 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт №31 тоот гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу банк ажилтанд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 75 дугаар байрны 1 орцны 119 тоотод байрлах 45 мкв талбай бүхий орон сууцыг худалдан авахад зориулж 81 000 000 төгрөгийн зээл олгохоор тохиролцсон бөгөөд үүний 20 250 000 төгрөгийг нь урьдчилгаа төлбөр болгон төлөх, ингэснээр ажилтан нь тус банкинд арван жилийн хугацаатай тогтвор суурьшилтай ажиллах болзолтойгоор гэрээ байгуулсан. Мөн Д.Стай 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр №008 дугаар нэмэлт өөрчлөлтийг оруулж дээрх нөхцөл болзлыг талууд дахин баталгаажуулсан.

Д.С нь ажиллах хугацаандаа хоёр удаа сахилгын зөрчил гаргаж, шийтгэл хүлээж байсан ба 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр банкны толгой компани болох “Бишрэлт холдинг” ХХК-д шилжин ажилласан бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн нийт 6 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 9 дүгээр тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан.

Иймд 31 тоот гэрээний 2.6, Хөдөлмөрийн гэрээний №008 дугаар нэмэлт өөрчлөлтийн 9-д заасныг үндэслэн банкнаас олгосон санхүүгийн дэмжлэг буюу урьдчилгаа төлбөр болох 20 250 000 төгрөг, хүүгийн төлбөр 8 262 000 төгрөг, нийт 28 512 000 төгрөгийг Д.Саас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Миний бие К банкинд 2008 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа буюу 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “Катеринг деливери” ХХК-тай орон сууцны барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ байгуулан, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороолол 75 дугаар байрны 119 тоот хаягт байрлах 45 мкв бүхий орон сууцыг 58 500 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд Улсын бүртгэлийн байгууллагаас энэхүү гэрээний дагуу надад үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Ийм байтал надад дахин зээл нэмж авах, орон сууцны үнийг гэрээнд тусгагдаагүй үнээр нэмж төлөх шаардлага байхгүй байсан. Тэгээд ч тухайн үед орон сууцны зах зээлийн үнэ 1 мкв нь 1 000 000-аас 1 400 000 төгрөгийн хооронд үнэтэй байсан тул 1 800 000 төгрөгөөр байр худалдан авсан байх боломжгүй.

К банк нь намайг ямар нэг хуулийн болоод хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үндэслэлгүйгээр 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр захиргааны санаачлагаар ажлаас чөлөөлсөн тул буцаан шаардах эрхгүй.

Иймд К банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр К банктай зээлийн гэрээ байгуулан 58 500 000 төгрөгийн зээлийг орон сууц худалдан авах зориулалтаар, 25 жилийн хугацаатайгаар, жилийн 8 хувийн хүүтэйгээр авсан. Ингэхдээ Д.С миний нэр дээр 2000021831 тоот зээлийн данс үүсгэн, ажиллагсдын орон сууцны зээл гэсэн зориулалтаар олгосон болох нь дансны хуулгаас тодорхой харагддаг. Уг зээл хэвийн үргэлжилж байх үед буюу 2013 оны 06 дугаар сараас эхлэн Монгол улсын Засгийн газраас Ипотекийн зээлийн журмыг баталж, арилжааны банкуудаар дамжуулан уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү зээл нь 20 хүртэл жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй олгогдохоор зохицуулагдсан байна. Ипотекийн зээлийн журамд орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй иргэд нь худалдан авч буй байрны нийт үнийн дүнгийн 30 хувийг урьдчилж төлөх, эсхүл өөрийн өмчлөлийн орон сууцыг дээрх үнийн дүнд тооцож, давхар барьцаалуулсан тохиолдолд зээл олгогдохоор заасан. 2013 оны 08 дугаар сард К банк нь миний зээлийг ипотекийн зээл рүү хөрвүүлэхээр шийдвэрлэсэн тухайгаа хэлж, үүний тулд байрны урьдчилгааг төлсөн мэт дүр үзүүлсэн гэрээ хийх шаардлагатай байгаа тул 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдөр тогтвортой ажиллах, урьдчилгаа төлөх нөхцөлт гэрээнд гарын үсэг зуруулсан. Миний бие уг гэрээний дагуу ямар нэгэн мөнгө огт аваагүй.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу К банктай 2013 оны 08 дугаар сарын 09-ны өдөр байгуулсан Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт 31 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/01123 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Саас 28 512 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч “К банк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 2013 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт 31 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагч Д.Сын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 300 150 төгрөг, хариуцагчаас төлсөн 259 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1192 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/01123 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 299 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Шүүхийн шийдвэр, магадлалд “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотолж ирүүлсэн 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн мемориалын баримтаар зээлийн урьдчилгаа төлбөр ажилтаны нэр, ажилтан тус бүрийн төлбөрийг хэмжээг тодорхойлох боломжгүй, уг баримтаар Д.Сын өмнөөс орон сууцны компанид төлбөрийг банк шилжүүлсэн гэж шууд тодорхойлох боломжгүй, өөрөөр хэлбэл уг баримтыг үнэн зөв эргэлзээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэж дүгнэжээ. Хэргийн үйл баримтаас үзэхэд “К банк” ХХК буюу нэхэмжлэгч нь тухайн үеийн үйл баримтыг нотолсон баримт буюу “Катеринг Деливери” ХХК-ийн данс руу шилжүүлсэн төлбөр, түүнийг сүүлд тооцоо нийлэх замаар хуулийн этгээдүүд тамга тэмдэг, гарын үсгээ зурж баталгаажуулсан нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх замаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон байна. Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дүгнээгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээн авч, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.

“К банк” ХХК, “Катеринг деливери” ХХК, Д.С нарын хооронд 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр орон сууц санхүүжилтийн гурван талт гэрээ байгуулагдсан байна. Уг гэрээгээр “К банк” ХХК нь хариуцагч Д.Ст орон сууцны үнэ 58 500 000 төгрөгийг зээлдүүлэх, “Катеринг деливери” ХХК нь орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч Д.С нь “К банк” ХХК-д зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөх, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хийгдсэн даруйд зээлдүүлэгчтэй барьцааны гэрээ байгуулахаар харилцан үүрэг хүлээжээ.

Мөн өдөр “К банк” ХХК болон Д.С нар нь орон сууцны зээлийн гэрээ байгуулж, Д.С 58 500 000 төгрөгийг сарын 0,67 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай зээлж, өөрийн зээлийн дансаас төлбөрийг “Катеринг Деливери” ХХК-д шилжүүлэн, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын 75 дугаар байрны 119 тоот орон сууцны өмчлөгч болсон байна.

2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “К банк” ХХК-ийн ТУЗ тогтоол гаргаж, ажиллагсдынхаа ипотекийн зээлийн урьдчилгаанд 1 217 739 000 төгрөгийг гаргах болсон ба 18 ажилтны өмнөөс 221 800 000 төгрөгийг “Катеринг деливери” ХХК-д шилжүүлэхээр болжээ.

Дээрх шийдвэрийн дагуу “К банк” ХХК болон Д.С нарын хооронд 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт гэрээ” байгуулагдсан байна. Энэ гэрээний дагуу банк орон сууцны үнэ 81 000 000 төгрөгөөс 20 250 000 төгрөгийг ажил гүйцэтгэгчид төлөх, ажилтан 10 жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллах, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тохиолдолд банкны төлсөн дээрх төлбөрийг сарын 1.7 хувийн хүүтэйгээр буцаан төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Хариуцагч Д.С 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр захиргааны санаачлагаар ажлаас чөлөөлөгдсөн байна.

Нэхэмжлэгч “К банк” ХХК хариуцагч Д.Ст холбогдуулан 28 512 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бол хариуцагч Д.С нь нэхэмжлэлийг татгалзсанаас гадна 2013 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт гэрээ”-г хүчин төгөлдөр бус  хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан байна.            

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

“К банк” ХХК-иас Д.Сын орон сууцны төлбөрт 20 250 000 төгрөг төлөгдсөн болох нь баримтаар хангалттай нотлогдоогүй гэж шүүх үзсэнийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Зохигчийн хооронд байгуулагдсан “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй ба шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасан шаардлагыг зөрчөөгүй ажээ.

Шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/01123 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1192 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 299 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

    ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН