Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2018/0858/З |
Дугаар | 803 |
Огноо | 2018-12-11 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 803
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ч даргалж тус шүүхийн “4” дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “М” ХХК
Хариуцагч: Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар
Нэхэмжлэлийн шаардлага: “М” ХХК-ийн орон сууц, үйлчилгээний цогцолбор барилгыг ашиглалтад оруулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулахыг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б дүүргийн ** дүгээр хороо, 6 дугаар хэсэгт 350 айлын 16 давхар үйлчилгээний зориулалттай барилгын ажлын зөвшөөрлийг 2015 онд авч, 2018 онд дуусгасан. Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газарт 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 17/2018 албан тоотоор “барилгыг ашиглалтад оруулах комисс ажиллуулж өгнө үү” хүсэлт гаргасан. Хариуцагчаас ямар нэг хариу өгөхгүй нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн байна. Тиймээс Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын дээд шатны байгууллага Нийслэлийн Засаг даргад 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 38/2018 тоот албан бичгээр хандсан. Уг гомдлын хариуг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 05/311Б тоот бичгээр Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газраас хариу ирсэн.
Уг хариуд Б дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд У.Өын нэхэмжлэлтэй, “М” ХХК-д холбогдох иргэний хэрэг хянагдаж байх тул хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан хариу өгснийг мэдэгдсэн.
Мэдэгдлийн үндэслэлийг Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1086 дугаар захирамжаар батлагдсан Нутгийн захиргааны байгууллага алба тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлэх журмыг барьж тайлбарласан байсан.
Тус журмын 4 дүгээр зүйлийн 4.9-д “дараах тохиолдолд иргэдэд зөвлөгөө өгч өргөдөл гомдлыг буцаана”, 4.9.2-т Тухайн асуудлаар хүлээн авахгүй байхаар олон нийтэд зарласан өргөдөл гомдол гэж, 4.9.2.2-т иргэн хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэхээр тухайн асуудлаар шүүхэд хэрэг маргаан хэлэлцэгдэж байгаа бол хүлээн авахгүй гэсэн зохицуулалтыг барьж буцаасан байдаг. Нэхэмжлэгч талаас үүнийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэлийн агуулга нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1086 дугаар захирамжийн 4.9.2.2 дах заалтыг харахад захиргааны хэм хэмжээний акт байхыг шаардаж байгаа юм.
Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар захиргааны акт гэж үзэх бол тус хуулийн 60.1.1-д зааснаар Үндсэн хууль, бусад хуульд нийцсэн байх, мөн хуулийн 60.1.6-д зааснаар хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалтыг тогтоохгүй байх ёстой.
Гэтэл 4.9.2.2-т заасан зохицуулалт нь Барилгын тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна гэж үзэж энэ зохицуулалт хүчин төгөлдөр болсон гэж нэхэмжлэгч тал үзэж байгаа. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар өргөдөл гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тохиолдолд захиргааны байгууллага гомдлыг хүлээн авахаас татгалзахаар заасан байна. “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тохиолдолд...” гэдгийг Захиргааны ерөнхий хуулийн 116 дугаар зүйлд зохицуулсан байдаг. Гэтэл ийм шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй.
Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын 05/311Б тоот албан бичгээр урьд манай байгууллагаас гаргасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулахгүй байх тухай шүүхийн шийдвэр гарсан мэт үр дагаврыг үүсгэж, шийдвэр гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.
Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулах тухай зохицуулалтыг Барилгын тухай хуулиар зохицуулдаг бөгөөд тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.7, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор батлагдсан дүрэмд барилга байгууламжийг ашиглалтад оруулах, оруулахаас татгалзах үндэслэлийг тухайлан зохицуулсан байдаг. Үүнд хариуцагчийн манай хүсэлт, гомдлыг хүлээн авахаас татгалзсан үндэслэл нь дээрх хууль болон дүрэм заасан улсын комисс ажиллуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаардаггүй болно.
Мөн иргэний хэргийн шүүхэд хэрэг маргаан хянан шийдвэрлэгдэж байгаа тухай гол үндэслэлийг дурдсан. “М” ХХК нь 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдөр иргэн Д.Зтай “Худалдах худалдан авах гэрээ” байгуулж, түүний нэр дээр бүртгэлтэй тухайн нутаг дэвсгэрийн 7 айлын газрыг худалдаж авсан.
2007 онд У.Ө-аас С.Б-д, С.Б 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Д.З-ай худалдах худалдан авах гэрээ байгуулж тус газрыг авч, улмаар “М” ХХК-тай 2015 онд худалдах, худалдан авах гэрээ байгуулж тус 7 айлын газрыг шилжүүлсэн байдаг.
Гэтэл У.Ө-аас С.Бэд бэлэглэлийн гэрээгээр газар шилжүүлсэн бэлэглэлийн гэрээгээ хүчингүй болгуулахаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хохиролд нь дан мөнгөн дүн нэхэмжилж байгаа. Энэ мөнгөн дүн нь тус бүрдээ 185.771.000 төгрөгийг энэ гурван хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн байдаг.
Анх “М” ХХК 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 07743 дугаартай шүүгчийн захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр тухайн хэрэгт хамааралтай болж түүний дараа нэхэмжлэгч болон хариуцагчаар татан оролцуулж одоо хариуцагчаар байгаа юм.
Гэхдээ энэ харилцаа нь тухайн барилгыг ашиглалтад оруулахгүй байх тухайн нөхцөл байдалтай холбоогүй юм. Энэ маргаан барилга биш газартай холбоотой бөгөөд 2007 оны дээрх хоёр иргэний хоорондын харилцаанаас үүдэлтэй бөгөөд гуравдагч этгээд буюу Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд заасан шударга эзэмшигчтэй холбоотойгоор татан оролцуулж байгаа. Үүний үр дүн Иргэний хуулийн 115 дугаар зүйлд зааснаар тухайн мөнгийг хэн төлөх вэ гэдэгт шүүх дүгнэлт хийх маргаан учир Захиргааны байгууллагаас гаргасан шийдвэртэй холбоогүй маргаан гэж үзэж байна.
Улсын комисс ажиллуулахгүй байгаагаас манай байгууллагад Монгол Улсын Үндсэн хуульд заасан үл хөдлөх хөрөнгөтэй байх, үл хөдлөх хөрөнгөө шударгаар олж авах, хувийн аж ахуй эрхлэх гэсэн үндсэн эрхийг минь зөрчиж байна.
Мөн Барилгын тухай хуульд зааснаар барилгын салбарт төрийн үйлчилгээг үзүүлэхэд баримтлах зарчим алдагдаж, компанийн эдийн засгийн эрх шиг ноцтойгоор зөрчигдөж байх тул захиргааны байгууллагын шийдвэр тул зөрчсөн гэж үзэж байна.
“М” ХХК нь 80 гаруй иргэдтэй “Орон сууц захиалан барих гэрээ”-г 2018 оны эхээр ашиглалтад оруулахаар байгуулсан. Гэтэл өнөөдөр гэрээний үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдалд орж хоног тутам гэрээний үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр эдийн засгийн маш хүнд байдалд орж байна.
Захиргааны байгууллага хуульд нийцсэн шийдвэр гаргах учраас хэм хэмжээ тогтоосон актыг барьж байгаа шийдвэрийг хүчингүй болгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулахыг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт даалгаж өгнө үү гэв.
Хоёр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Э 2018 оны 12 дугаар сарын 11–ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулах тухай өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Барилгын тухай хуульд заасан захиалагчийн эрх буюу “М” ХХК-ийн эрх, мөн Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан өргөдөл гомдол гаргагчийн эрхүүд хөндөгдөж байна. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах”, 6.5-д “төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх” гэж заасан эрхтэй. Гэтэл энэхүү өргөдлийг шийдвэрлэхгүй хуульд заагаагүй үндэслэлээр буцааж, Засаг даргын баталсан дотооддоо баримталдаг журмын дагуу өргөдлийг шийдвэрлэхгүй гэж тайлбарлаж байна.
Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1086 дугаар захирамжаар батлагдсан Нутгийн захиргааны байгууллага алба тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлэх журмын 4 дүгээр зүйлийн 4.9-д дараах тохиолдолд иргэдэд зөвлөгөө өгч өргөдөл гомдлыг буцаан гээд 4.9.2-т Тухайн асуудлаар хүлээн авахгүй байхаар олон нийтэд зарласан өргөдөл гомдол ирүүлсэн бол гэж заасан. Гэтэл шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа асуудлаар өргөдөл гомдол хүлээж авахгүй гэж хариуцагч олон нийтэд хэзээ яаж хэрхэн зүйл байхгүй юм.
Мөн журмын 4.9.2.2-т “иргэн хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэхээр тухайн асуудлаар шүүхэд хэрэг маргаан хэлэлцэгдэж байгаа бол хүлээн авахгүй” гэсэн зохицуулалтыг барьж буцаасан байдаг. Энэ асуудал гэж байгаа зүйл нь юу юм бэ?
Өнөөдөр иргэний хэргийн шүүхэд маргаж байгаа зүйл нь улсын комисс ажиллуулах, түүнтэй холбоотой асуудал байхгүй юм. Харин тухайн барилга доорх газар 7 иргэний газраас 0,07 га газарт маргаан үүсэж үр дүн нь хэн хэдэн төгрөг хэнд өгөх төлбөртэй холбоотой маргаан юм. Тиймээс тус барилгыг ашиглалтад оруулахтай холбоотой маргаан байхгүй байхад үндэслэлгүйгээр Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр буцаагаад байна. Энэ нь захиалагч компани цаашлан гүйцэтгэгч, хөрөнгө оруулагч компани, орон сууцны захиалга өгсөн иргэдийн эрх ашиг хөндөгдөж байна. Хөрөнгө оруулалтын үндсэн дээр маш олон иргэд ажилтай, цалинтай болж, нөгөө талдаа захиалагч иргэд албан ёсны хаягийн бүртгэл хийлгэж, орон сууцандаа амьдарч, хүүхдүүдээ харьяаллын дагуу сургууль, цэцэрлэгт хамруулж чадахгүй нөхцөл үүссэн байна. Энэ мэт дам дамандаа асар хохиролтой байхад гол маргаан тус газрын хуулийн хэлтэс ойлгож шүүхээр асуудлыг нааштай шийдвэрлэвэл гомдол гаргахгүйгээр асуудлыг шийдвэрлэе гэж байхад хяналтын хэлтэс ойлгохгүй хоорондоо зөрчилддөг юм. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж захиргааны хэрэг хянан хэлэлцэгдэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц 2018 оны 12 дугаар сарын 11–ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн У.Ө бэлэглэлийн гэрээгээр газраа С.Бэд шилжүүлсэн гэж ярьдаг бөгөөд “М” ХХК нь тухайн барилгыг 2015-2018 онд онд шаардлагатай зөвшөөрлүүдийг авч барилгыг барьж гүйцэтгэсэн байна. Гэвч У.Өын гомдол гаргаснаар тус барилгад улсын комисс ажиллах боломжгүй болсон. Учир нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1086 дугаар захирамжаар батлагдсан Нутгийн захиргааны байгууллага албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлэх журмын 4 дүгээр зүйлийн 4.9.2.2-т “иргэн хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэхээр тухайн асуудлаар шүүхэд хэрэг маргаан хэлэлцэгдэж байгаа бол хүлээн авахгүй зөвлөгөө өгч буцаана” гэсэн зохицуулалтыг барьж буцаасан байдаг. У.Ө манай байгууллагад “Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хохирлыг мөнгөн дүнгээр нэхэмжил, тус маргаж байгаа газарт “М” ХХК барилга барьсан учир хариуцагчаар татагдсан. Иймд тус хэргийг хянан шийдвэрлэгдэж дуусах хүртэл хугацаагаар барилгыг ашиглалтад хүлээн авах комисс ажиллуулах байх тухай ” өргөдөл, гомдлыг ирүүлсэн. Тухайн үед У.Өт албан ёсны хариу өгөөгүй боловч өргөдөл гомдлыг нь бүртгэн авч, явцын тэмдэглэлд өргөдлийг хүлээж авлаа, комисс ажиллахад анхаарч ажиллах гэж өргөдөл гомдлыг хаасан байдаг.
Иргэний хэргийн шүүхийн шийдвэр хэрхэн шийдвэрлэгдэх нь тодорхой бус байгаа. Тус барилгыг улсын комисст хүлээлгэж өгсний дараа оршин суугчид өмчлөлийн гэрчилгээгээ гаргуулах бөгөөд улмаар маргаан бүхий газрыг У.Өын талд буюу газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн тохиолдолд том үр дагавар үүсэх бөгөөд орон сууц өмчлөгчдийн эрх ашгийг хэрхэн хамгаалах нь тодорхойгүй юм.
Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1086 дугаар захирамжаар батлагдсан Нутгийн захиргааны байгууллага албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлэх журам Монгол Улсын Засгийн газар 2012 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан бүх зохицуулалтыг хийж батлагдаж гарсан журам тул Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага буюу Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар уг журмыг мөрдөн ажиллах үүрэгтэй юм.
Тус журмын дагуу “М” ХХК-иас ирүүлсэн өргөдлийг буцаасан байдаг.
“М” ХХК нь тухайн барилгатай холбоотой бичиг баримт нь ямар нэг зөрчил байхгүй. Монгол Улсын Засгийн газар 2016 оны 69 дүгээр тогтоолоор баталсан “Барилга байгууламжийг байнгын ашиглалтад авах тухай” дүрэм 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Монгол Улсын Засгийн газар 317 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсанаар 69 дүгээр тогтоолоор батлагдсан дүрэм хүчингүй болсон юм.
“Барилга байгууламжийг байнгын ашиглалтад авах тухай” дүрэмд улсын комиссын бүрэлдэхүүнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар хамтрахаар шийдвэрлэгдсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хувьд комисст хэн ажиллах нь хамааралгүй бөгөөд комисс ажиллуулахыг хүссэн гэж ойлгож байна.
Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаа явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “М” ХХК-ийн орон сууц, үйлчилгээний цогцолбор барилгыг ашиглалтад оруулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулахыг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт даалгуулах” гэж тодорхойлжээ.
Нэхэмжлэгч тал “...баригдаж дууссан барилгад улсын комисс ажиллуулж, байнгын ашиглалтад хүлээлгэн өгөхөөр хүсэлт гаргасан боловч өдийг хүртэл шийдвэрлэж өгөөгүй нь бидний болон бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илт хохироосон” гэж, хариуцагч тал “...тус барилгатай холбоотой асуудлаар иргэний гаргасан гомдлыг шүүхийн шатанд хянан хэлэлцэж байгаа тул уг барилгад улсын комисс ажиллуулах боломжгүй” гэж тус тус маргаж байгаа болно.
Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараах байдлаар дүгнэлээ.
1.“М” ХХК-ийн орон сууц, үйлчилгээний цогцолбор барилгыг ашиглалтад оруулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: “М” ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Б дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт 315 айлын 16 давхар “М Резиденсис” цогцолборыг бүрэн барьж дууссан тул улсын комисс ажиллуулж байнгын ашиглалтад оруулах тухай” 17/2018 дугаартай албан бичгийг шаардлагатай бичиг баримтын хамт Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлж, 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нийслэлийн Засаг даргад 38/2018 дугаартай гомдлыг гаргажээ. Уг гомдолд “...Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт улсын комисс ажиллуулж өгөх хүсэлтийг гаргасан боловч уг цогцолборыг барьсан газартай холбоотой маргаан Б дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд үүссэн гэсэн буруу мэдээллийг нэхэмжлэгч У.Ө холбогдох албан тушаалтнуудад өгч, энэ нөхцөл байдлаас шалтгаалан улсын комиссыг ажиллуулахгүй гэж байгаа нь үндэслэлгүй юм” гэж дурджээ. Дээрх гомдолд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “...тус барилгатай холбоотой асуудлаар иргэн У.Ө-с гаргасан гомдол шүүхийн шатанд явагдаж байгаа тул нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1086 дугаар захирамжаар батлагдсан нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журмын 4.9.2.2 /шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа асуудлаар өргөдөл, гомдол ирүүлсэн бол/ гэсэн заалтын дагуу буцаасан гэсэн утга бүхий 05/3115 дугаартай албан бичгээр хариу ирүүлсэн байна.
Мөн хариуцагч байгууллагаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа “... М” ХХК 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай хүсэлтийг манай байгууллагад ирүүлсэн. Уг хүсэлтийг судалж үзэхэд иргэн У.Өаас барилгатай холбоотой асуудлаар иргэний хэргийн шүүхэд хандсан гэж мэдэгдсэн тул уг хүсэлтийг буцаасан” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... “ гэсэн тайлбаруудыг гаргаж байгаа болно.
Хэргийн оролцогчид барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл болон комисс ажиллуулахыг хүссэн хүсэлтэд хавсаргасан материалын дутуу эсэх талаар маргадаггүй бөгөөд зөвхөн иргэний хэргийн шүүхэд хянагдаж буй маргаан уг барилгатай хамааралтай эсэх дээр маргаж байгаа болно.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт Б дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шүүхийн шийдвэрээс үзэхэд У.Өын нэхэмжлэлтэй “М” ХХК-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн боловч Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “М ХХК-ийн орон сууц, үйлчилгээний цогцолбор барилгыг ашиглалтад оруулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлж байх бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх үүрэгтэй болно.
Дээрх нөхцөл байдлууд болон хавтаст хэрэгт авагдсан ирсэн бичгийн бүртгэл хяналтын картад “...М ХХК-ийн захирал П.Б-аас нийслэлийн Засаг даргад 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн гомдлыг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр албан бичиг хөтлөлт, цахим мэдээллийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Дэ нийслэлийн Засаг дарга С.Б-д шилжүүлж, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нийслэлийн Засаг даргаас зохих журмын дагуу шийдвэрлэхийг үүрэг болгож нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.А-т хүргүүлж, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Э.А-аас судалж хууль дүрмийн дагуу шийдвэрлэхийг тус байгууллагын барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Э-д ирүүлж, 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Т.Э-с судалж хариу өгүүлэхээр тус хэлтсийн хяналтын инженер Ж.М хувиарлаж, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “хууль тогтоомжийн дагуу комисс ажиллах боломж байна. Комисс ажиллуулах хүсэлтээ өгнө үү” гэж шийдвэрлэсэн төлөвтэй тэмдэглэгдсэн зэргээс үзэхэд хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасныг зөрчиж, нэхэмжлэгч аж ахуйн нэгжээс захиргааны байгууллагад гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан гэж үзэхээргүй байна.
Иймд нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.”Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулахыг нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч аж ахуйн нэгжээс гаргасан улсын комисс ажиллуулж өгөхийг хүссэн хүсэлтийг хариуцагч захиргааны байгууллагаас нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1086 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журмын 4 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн 4.9.2.2-д “шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа асуудлаар өргөдөл гомдол ирүүлсэн” тохиолдолд иргэнд зөвлөгөө өгч өргөдөл гомдлыг буцаана гэж заасны дагуу иргэн У.Ө-с гаргасан нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлэх хүртэл хугацаанд комисс ажиллуулах боломжгүй гэсэн хариуг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлжээ.
Хавтаст хэрэгт авагдсан бүртгэл хяналтын картаас үзэхэд Улаанбаатар хотын Б дүүргийн ** дүгээр хорооны иргэн У.Өаас нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт ирүүлсэн “М ХХК-ийн барилга баригдаж буй газар маргаантай байгаа бөгөөд шүүхийн шатанд хянагдаж байгаа тул уг маргааны шийдвэрлэх хүртэл уг барилгыг улсын комисс авахгүй байхыг хүсэж, зөрчлийн сандаа бүртгэнэ үү” гэсэн утга бүхий хүсэлтийг хянан үзээд иргэний хүсэлтийг хүлээн авч “М” ХХК-иас улсын комисс ажиллуулах хүсэлт ирүүлсэн тохиолдолд анхаарч ажиллахаар шийдвэрлэсэн.
Мөн Б дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжаар маргаан бүхий газар дээр барилгын үйл ажиллагаа явуулахыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн байх ба энэ захирамж хуулийн хүчин төгөлдөр байна.
Гэхдээ хариуцагч болох захиргааны байгууллага нэхэмжлэгчээс гаргасан гомдлыг шийдвэрлэж 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хариу хүргүүлэхдээ “шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа асуудлаар гомдол ирүүлсэн тул гомдлыг буцааж шийдвэрлэв” гэж байгаа боловч уг гомдлыг хянан шийдвэрлэсэн бүртгэл хяналтын картад “...хууль тогтоомжийн дагуу комисс ажиллах боломж байна. комисс ажиллуулах хүсэлтээ өгөх” гэснээс үзэхэд албан бичиг, бүртгэл хяналтын карт хоёрын шийдвэрлэлт зөрүүтэй байна.
Нэхэмжлэгч “барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулахтай холбоотой харилцааг Барилгын тухай хууль болон “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ээр тусгайлан зохицуулах ёстой” гэж маргаж байгаа бөгөөд Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дугаар зүйлийн баримт бичгийг бүрдүүлээгүй, захиалагч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналт шалгалт хийхэд саад учруулсан, татгалзсан, зөвшөөрлийн нөхцөлүүдийг зөрчсөн тохиолдолд барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзахаар заасан заалт нь комисс ажиллуулах хүсэлтийг шийдвэрлэхтэй холбогдолтой заалт биш юм.
Мөн Засгийн газрын 2017 оны 69 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм” нь Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолоор хүчингүй болжээ.
Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-т “нутаг дэвсгэртээ барилгын салбарт баримтлах төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих”, 35.1.6-д “барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах” бүрэн эрхийг нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэхээр, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна”, 48.6-д “Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт, энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг хянаж, ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулна” гэж заажээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Гэхдээ нэхэмжлэгч “М” ХХК-иас Барилгын тухай хуулийн дээрх заалтуудыг баримтлан Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн дагуу холбогдох захиргааны байгууллагад дахин хүсэлт гаргаж шийдвэрлүүлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.6, 48 дугаар зүйлийн 48.1, 48.6 дахь хэсэгт заасныг баримтлан “М” ХХК-ийн нэхэмжлэлээр нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан “М ХХК-ийн орон сууц, үйлчилгээний цогцолбор барилгыг ашиглалтад оруулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулахыг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.Ч