Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0385/З |
Дугаар | 221/МА2022/0352 |
Огноо | 2022-05-24 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2022/0352
2022 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 221/МА2022/0352
| Улаанбаатар хот
|
“М к” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ө
Хэргийн оролцогчид
Гомдол гаргагч “М к” ХХК
Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга
Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 0005550 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 240 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, О.Ө,
Гомдол гаргагчийн өмгөөлөгч Э.Э-Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, Э.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Г*******
Хэргийн индекс: 128/2019/0385/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдол гаргагч “М к” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 0005550 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 240 дүгээр шийдвэрээр:
“...Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 20 дугаар зүйлийн 20.2, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.9, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3-д заасныг тус тус баримтлан “Мобиком корпораци” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад холбогдуулан гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 0005550 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ө дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“...Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь бараа, бүтээгдэхүүн худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх болон үйлчилгээ үзүүлэх явцад хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж хуулийн зорилтыг тодорхойлсон бөгөөд тус зорилтоос үзвэл хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын байцаагч “М к” XXК болон иргэд, хэрэглэгч хооронд байгуулагдсан гэрээний үүрэгтэй холбоотой шийдвэр гаргаснаар хэрэглэгчийн зөрчигдсөн гэх эрх сэргэдэг байх ёстой.
Энэ талаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн буруугаас хэрэглэгчид учирсан гэм хорыг арилгах, хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан хэрэглэгчийн шаардлагыг үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч биелүүлэхээс татгалзсан тохиолдолд энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасны дагуу “М к ХХК хэрэглэгчийн шаардлагыг биелүүлэхээс татгалзсан тохиолдолд хэрэглэгчийн эрхийг хамгаалж улсын байцаагч иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж асуудлыг шийдвэрлүүлэх эрхтэй байна.
Түүнчлэн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн аюулгүй байдал, тоо, хэмжээ, чанар, хугацаа, зориулалтын зохих шаардлагыг хангасан байх”, 4.1.2-т “хэрэглэгч нь бараа, ажил, үйлчилгээний талаар үнэн зөв мэдээлэл олж авах, хэрэглээний соёл эзэмших боломжоор хангагдсан байх”, 4.1.3-т “хэрэглэгчийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхол, хүрээлэн байгаа орчинд учирсан гэм хорыг арилгах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлөх” талаар дурдсан бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар нь Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, эсхүл хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан, эсхүл хууль, гэрээнд заасан чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхийг зөрчсөн” гэж үзэж торгуулийн арга хэмжээ авахдаа дээр дурдсан зарчмын аль нэг нь үнэхээр зөрчигдсөн эсэх, өөрөөр хэлбэл “М к” ХХК-ийн шинэ багцын өөрчлөлт, үйлчилгээ нь чанарын шаардлага хангаагүй, эсхүл зориулалтын дагуу ашиглагдаагүй эсэх, “М к” ХХК нь тухайн үйлчилгээний багцыг өөрчлөхдөө хэрэглэгчид үнэн, зөв мэдээлэл авах боломжоор хангасан эсэх, эсвэл тухайн өөрчлөлт нь хэрэглэгчийг хэрхэн хохироосон, ямар гэм хор учруулсан эсэх талаар нягталж шалгаж үзээгүй талаар шүүх хуралдааны явцад хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрсөн атал хэрэглэгч хэрхэн хохирсон талаар ямар нэг баримт хавтаст хэрэгт байхгүй, эсрэгээрээ эдийн засгийн хувьд хохироогүй талаар нэхэмжлэгч баримтаар нотолсоор байтал энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүх үнэлээгүй, шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслээгүй дүгнэлтийг хийсэн.
Эцэст нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7-д “хэрэглэгчийн эрхийг ноцтой хохироосон тухай үндэслэл бүхий албан ёсны шаардлага хүлээн авсан боловч арга хэмжээ аваагүй албан тушаалтанд зохих арга хэмжээ ногдуулах тухай саналыг холбогдох хяналтын байгууллагад тавих буюу шүүхэд нэхэмжлэл гаргах” гэж зааснаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч хэрэглэгчийн эрхийг ноцтой хохироосон тухай үндэслэл бүхий албан ёсны шаардлагыг үйлчилгээ үзүүлэгч байгууллагад хүргүүлж, хэрэв шаардлага хүлээн авсан боловч арга хэмжээ аваагүй бол зохих арга хэмжээг ногдуулах тухай саналыг холбогдох хяналтын байгууллагад тавих, хэрэглэгчийн эрхийг хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуульчилсан байна.
Гэвч хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын ахлах байцаагчийн “М к” ХХК-д ногдуулсан шийтгэлийн хуудас нь зорилгодоо нийцээгүй, хэрэв үйлчилгээ үзүүлэгч компанийг зөрчил гаргасан, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэж үзэж байгаа бол хэрэглэгчийн эрхийг хамгаалах арга хэмжээ аваагүй байна.
3.2.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын байцаагч нар Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, эсхүл хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан, эсхүл хууль, гэрээнд заасан чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхийг зөрчсөн” гэж үзэж торгуулийн арга хэмжээ авсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч улсын байцаагч нараас бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах гэсэн нөхцөлүүдээс зөвхөн “хүч хэрэглэх” замаар худалдах гэсэн нөхцөлд “М к” ХХК-ийн зөрчил хамаарч байгаа гэж тайлбарлан маргасан.
Өөрөөр хэлбэл “М к” ХХК-ийг бараа, ажил үйлчилгээгээ “хүч хэрэглэх” замаар хэрэглэгчдэд борлуулсан гэж буруутгаж шийтгэл ногдуулсан. Хүч хэрэглэх гэдгийг Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “Хэлцэл хийгч этгээдэд өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүд, садан төрөл, ойр дотны бусад этгээдэд, эсхүл тэдний эд хөрөнгөнд нь аюул учирна гэж итгүүлж үнэмшүүлснийг хүч хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан.
Мөн Улсын дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 дүгээр тогтоолын 1.4-т “Хүч хэрэглэх” гэж бие мах бодийн хүчирхийлэл хийхэд чиглэгдсэн аливаа идэвхтэй үйлдлийг хэлнэ” гэж тайлбарласан. Эдгээр нөхцөл байдлуудаас үзвэл “М к” ХХК-иас хэрэглэгчдээс ямар нэгэн “хүч хэрэглэсэн”, хүч хэрэглэж гэрээ байгуулж, бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлсэн зүйл огт байхгүй.
Гэвч анхан шатны шүүх “...зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд асуугдсан гомдол гаргагч нарын мэдүүлэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад асуугдсан гэрч нарын мэдүүлэг, дээр дурдсан нэхэмжлэгч компанийн мэдээлэл зэргээс үзвэл “М к” ХХК нь дээрх нэр бүхий хуучин багцуудын үйлчилгээг зогсоосноор шинэ багц сонгохыг хэрэглэгчид мэдэгдэж, хэрэв багцаа солиогүй тохиолдолд хуучин багцын хэрэглээтэй нь ойр дүнтэй багц руу нь төлбөрийн хэмжээг харгалзан шууд шилжүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд энэ нь өөрийн “үйлчилгээгээ хүч хэрэглэх замаар худалдах” үйл ажиллагаа явуулсан гэж үзэхээр байна” гэж хуульд, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслээгүй хийсвэр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
3.3.Анхан шатны шүүхээс “...хэрэгт авагдсан программ хангамж, үйлчилгээний гэрээ, бүтээгдэхүүн борлуулалт, үйлчилгээний гэрээ зэргээс үзвэл системийн шинэчлэл хийх нь аливаа техникийн болон программ хангамжийн хөгжил, дэвшилттэй уялдан зайлшгүй хийгдэх үйл ажиллагаа мөн, гэвч техник технологийн системийн шинэчлэл нь хэрэглэгчийн багцыг өөрийнх нь зөвшөөрөлгүй солих үндэслэл биш” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэхгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь шинээр нэвтрүүлж буй систем, программ хангамж нь өөрөө багц дотроо ямар нэгэн цагийн болон ярианы хязгааргүй хэрэглэгдэх тохируулгатай систем юм. Энэ систем нь орчин цагийн өндөр хурдны интернэт хэрэглээ, интернэт протоколд суурилсан гар утасны дагалдах программ хангамжид нийцүүлэн хийсэн систем юм. “М к” ХХК уг систем, программыг өөрөө зохиодоггүй, гадны компаниас серверийг нь худалдан авч ашигладаг талаар анхан шатны шүүхэд удаа дараа тайлбарлаж, холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн боловч нотлох баримтыг үнэн, зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй.
Өөрөөр хэлбэл ярианы минутаар хязгаарладаг систем нь хоцрогдож, хэрэглээнээс гарч, өмнөх хэрэглэгдэж байсан минутаар хязгаарладаг систем, түүнд нийцүүлэн хэрэглээнд нэвтрүүлж байсан багц үйлчилгээнд ашиглагдах систем, программ хангамжийн хувьд боломжгүй болж байхад анхан шатны шүүх ашиглагдах боломжтой байсан системийг зориуд боломжгүй болгож байгаа мэтээр дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
3.4.“М к” ХХК-ийг “Хэрэглэгч барааны талаар үнэн, зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангаагүй” гэж үзэж гомдол гаргагчийг буруутгажээ. Гэвч “М к” ХХК хэрэглэгчтэй байгуулсан гэрээний үүргээ биелүүлж хэрэглэгчийн өмнө хэрэглэж байсан ярианы багцуудыг шилжүүлэхээр шийдвэрлэсэн, уг мэдээллийг хэрэглэгчийн гар утсанд цахим захидлаар илгээсэн, компанийн цахим хуудас, цахим хаягтаа байршуулсан, хэрэглэгчид рүү утсаар ярьсан, мөн өдөр тутмын хэвлэл болох “Өдрийн сонин”-ийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн дугаарт мэдээлсэн.
Хэрэглэгчдэд хүргэсэн мэдээлэлдээ хуучин багцуудыг 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс зогсоох талаар, багц шинэчилсэн хэрэглэгчдэд 3 төрлийн урамшууллаас сонгон эдлэх боломж, түүнчлэн багцаа сольж амжаагүй хэрэглэгчдийг 2019 оны 2 дугаар сарын 3-ны өдрүүдэд хуучин багцын хамгийн ойр үнийн дүнтэй хэрэглээ рүү шилжүүлэх талаар хүргэж болох бүх мэдээллийн сүлжээгээр дамжуулан мэдээллийг хүргэсэн байхад анхан шатны шүүх хэрэглэгчийг мэдээллээр хангаагүй гэж буруутгаж байгаа нь үндэслэл муутай байна.
Түүнчлэн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль бол хэрэглэгч бүтээгдэхүүн, үйлчилгээ авахдаа хэрэглэгчийн эрх зөрчигдөхөөс урьдчилан хамгаалах, хэрэглэгчийн эрх зөрчигдсөн тохиолдолд хэрхэн сэргээн эдлүүлэх талаар харилцааг зохицуулсан. Өөрөөр хэлбэл хэрэглэгч хохирсон тохиолдолд хэрэглэгчийн эрх хаана зөрчигдсөн, түүний улмаас ямар хохирол учирсан, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх харилцааг зохицуулсан байна.
Тодруулбал “М к” ХХК бүтээгдэхүүн үйлчилгээ буюу багцын үйлчилгээгээ өөрчилснөөр хэрэглэгчийн эрхийг зөрчсөн, эдийн засгийн хувьд хохирол учруулсан бол хариуцлага хүлээх ёстой.
Гэвч “М к” ХХК бүтээгдэхүүн үйлчилгээ буюу багцын үйлчилгээгээ өөрчилснөөр хэрэглэгчдэд ямар ч хохирол учраагүй, харин ч эдийн засгийн хэмнэлт гарч, бүтээгдэхүүн үйлчилгээний хувьд давуу байдал бий болсон талаар анхан шатны шүүх “...хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн гаргаж ирүүлсэн хэрэглэгчийн төлбөр төлөлтийн талаарх баримтаас үзвэл багцад ногдох төлбөр буурсан гэж харагдахаар байгаа” гэж зөв дүгнэлт хийсэн атлаа хэргийг шийдвэрлэхдээ үндэслэлгүйгээр гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 240 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гомдол гаргагчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
1.Системийн шинэчлэл хийгдэж Му моbi, Hydrid багцыг үйлчилгээнд нэвтрүүлснээр хэрэглэгч, үйлчлэгчдийн хооронд үүсдэг үл ойлголцол, төлбөр тооцооны хувьд маргаан гарах асуудал шийдэгдсэн байхыг үгүйсгэхгүй ч хэрэглэгчдийн багцыг өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр төрлийн багц руу сольсоныг “хүч хэрэглэх замаар худалдах үйл ажиллагаа явуулсан” гэж буруутгах үндэслэлтэй.
Тухайлбал Өдрийн сонины 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 013 дугаар дугаарт “М к” ХХК нь хэрэглэгчиддээ хүргэх бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах зорилгоор системийн шинэчлэлийн ажлыг үе шаттайгаар хийж байгаа бөгөөд энэ ажлынхаа хүрээнд дараа төлбөрт үйлчилгээний хуучин багцууд болох Signature, Mobizone, Iphone, Mobimix болон байгууллагад зориулсан Corporate basic, Corporate middle, Hybrid-1, Hybrid-2, Hybrid-3 багцуудыг 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс зогсоох болсныг үүгээр мэдэгдэж байна. Багцаа сольж амжаагүй хэрэглэгчдийн хувьд 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2 дугаар сарын 3-ны өдрүүдэд хуучин багцийн хэрэглээтэй ойр дүнтэй багц руу шилжүүлэхийг анхаарна уу” гэсэн мэдээлэл болон дурдсан хугацаанд хэрэглэгчдийн багцийг шинээр нэврүүлсэн багц руу шилжүүлсэн үйлдэлд нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн12 дугаар зүйлийн 12.9-д заасан “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно” гэсний “хүч хэрэглэх” гэдэгт хамааруулж шийтгэл ногдуулсан нь, мөн энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Дээрх зарыг олон нийтэд мэдээлэхээс өмнө “М к” ХХК-ийн захирлын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2217 дугаар тушаалаар багцийн үйлчилгээг солихтой холбогдсон хуучин багцтай хэрэглэгчдийг Миний моби болон Хосолсон төлбөрт 9900, Хосолсон төлбөрт 19900 багц руу шилжүүлэх шийдвэрийг гаргаснаас үзэхэд ч тогтоосон хугацаанд шинэчилсэн багц руу шилжүүлээгүй тохиолдолд дээрх байдлаар ойр дүнтэй багц руу шууд шилжүүлэх шийдвэр гаргасан болох нь үүгээр давхар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч талаас дээрх багц шилжилтийн ажиллагааг техник хангамжийн болоод программ хангамжийн шинэчлэлийн хүрээнд зайлшгүй хийгдсэн ажиллагаа, ингэснээр “…төлбөр тооцооны систем шинэчлэгдэж хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад илүү нийцсэн үйлчилгээний нөхцөл, хөнгөлөлт урамшууллыг нэвтрүүлэх, дараа төлбөрт хэрэглэгч хэрэглээнийхээ мэдээллийг цаг хугацааны хоцрогдолгүйгээр шалгаж, мэдээллээ авах зэрэг боломжууд нээгдэж байгаа…” гэх боловч хэрэглэгчдэд заасан хугацааны дотор шинэчилсэн багцын аль нэгийг сонгож сольж чадаагүй тохиолдолд хэрэглэж байсан багцын ойр дүнтэй багц руу шууд шилжүүлнэ гэж “тулгасан” нь хүч хэрэглэсэн шинжийг агуулж байгаа, өөрөөр хэлбэл хүссэн хэрэглэгчийг тухайн хуучин багцад нь үйлчилгээгээ авах боломжийг системийн шинэчлэл нэрийн дор шууд хааж буй үйлдлийг зөрчил гаргасанд тооцсон нь зөв.
2.Шаардлагатай шинэчлэл, сайжруулалтыг хийхийг огт буруутгаагүй, гагцхүү энэхүү шинэчлэлийн хүрээнд хуучин багцаа хэрэглэх боломжийг хугацаа заан хааж буй нь буруу.
“…Хуучин багцуудыг нэврүүлэх үед буюу 2005 оноос дараа төлбөрт үйлчилгээний биллингийн Cerillion CCBC вендорийн системийг хэрэглэж байсан, 15 жил гаруйн өмнөөс хэрэглэж ирсэн энэхүү системийн ашиглалтын хугацаа дууссан, шаардлага хангахгүй болсонтой холбогдуулан технологийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлага үүссэн. Энэхүү систем нь орчин үеийн техник тоног төхөөрөмж, программ хангамжтай хослон ажиллах боломжгүй, өсөн нэмэгдэж буй хэрэглээний шаардлагад нийцэхгүй, багтаамж хүрэлцэхгүй болсон…” гэх зэргээр зайлшгүй нөхцөл байдал үүссэн учраас хуучин багцыг хаасан гэх боловч үүнийгээ хэрэглэгчдэд боломжит хугацааны туршид тайлбарлан таниулах, тэдгээрийг бодит мэдээллээр хангах, хамгийн гол нь шинэ багцаас “сонгох” боломжийг хэт богино буюу 10 хоногийн дотор мэдээллийн чанартайгаар явуулсныг зөвтгөх үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийн тайлбарласанчилан эцсийн дүндээ хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад илүү нийцсэн бүрээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлсэн байх тохиолдолд энэ талаарх тайлбар таниулга, зар сурталчилгааг боломжит хугацаанд хангалттай явуулах нь нэхэмжлэгчийн үүрэг болохоос бус олон нийтийн хэвлэлд нэг удаа мэдээлэл тавих, хэрэглэгчдэд мессеж илгээх төдийхнөөр, сонголтоо хараахан хийж амжаагүй, шинэ багцын ач холбогдлыг төдийлөн ойлгоогүй хэрэглэгчдийг хүчээр төлбөрийн ойр төрлийн багц руу шилжүүлж байгаа нь зөрчилд тооцогдоно.
Үндсэндээ системийн шинэчлэл хийгдсэнийг үгүйсгэх аргагүй, техник болон програм хангамжийн хугацаа дууссан байх ч боломжтой, гэвч эдгээр нөхцөл байдал нь сонголтоо хийж чадаагүй хэрэглэгчдийг саналыг авахгүйгээр үйлчилгээний төрөл болох багцыг өөрчилж байгаа нь магадгүй хэрэглэгчдэд ашигтай байсан ч энэ нь хүч хэрэглэж бараа ажил үйлчилгээг санал болгосонд тооцогдоно. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдэд ашигтай л бол тэдний саналыг авахгүйгээр хүчээр багц сольсон үйлчилгээг хууль ёсны гэж үзэхгүй.
Системийн шинэчилэл хийх, төлбөр тооцоог хянах, хэрэглээг илүү боловсронгуй, сонголттой хүртээмжтэй болгох хүрээнд хэрэглэгчдэд шинэ шинэ багц санал болгох чиглэлээр М к цаг тутам ажиллаж байдаг ч хэрэглэгчийн өмнө хэрэглэж байсан багцыг бүр мөсөн хааж буй энэ тохиолдол давтамжийн хувьд байнга биш тул шинэ багцын давуу тал, түүнд шилжсэнээр хэрэглэгчдийн сэтгэл ханамж хэрхэн дээшлэх болон бусад нөхцөл байдлын талаарх мэдээллийг хангалттай хугацаанд өгч, хэрэглэгч тус бүрийн зөвшөөрлөөр тухайн багцыг солих нь нэхэмжлэгчийн үүрэг болно.
3.Хариуцагчаас хуучин програм хангамж системийн дата баазад сөргөөр нөлөөлсөн гэх нөхцөл байдлыг огт үгүйсгээгүй, мөн шинэ болон хуучин багцын давуу, сул талыг харьцуулах байдлаар хэрэглэгчдэд хохирол учруулсан гэж нэхэмжлэгчийг буруутгаагүй байна.
Иймд маргаан бүхий шийтгэлийн хуудасны үр дүн нь хэрэглэгчдийн сонголтоо өөрөө хийх эрхийг хамгаалахад чиглэсэн, мөн нэхэмжлэгчээс цаашдаа системийн шинэчлэл нэрийн доор дээрх байдлаар багцын үйлчилгээг дур мэдэн хаах, өөр багц руу шилжүүлэх зэргээр “хүч хэрэглэсэн” үйлдэл гаргахаас сэргийлэх ач холбогдолтой.
Хэрэглэгчийн зөрчигдсөн эрхийг зөвхөн мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй.
4.“М к” ХХК-иас 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 12/97 дугаар албан бичгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандаж “…дээрх багцуудын үйлчилгээг техникийн нөхцөл байдлын улмаас 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс хойш хэвийн үзүүлэх боломжгүй болж байгаа тул тус өдрөөс эхлэн бүрэн зогсоож байгаагаа үүгээр мэдээлж байна” гэсэн, мөн хувийг нь Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн болох нь тус хорооны 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 02/228 дугаар “Тайлбар хүргүүлэх тухай” бичгээр тогтоогддог.
Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас энэ талаарх тайлбар, тодруулгыг авахад нэхэмжлэгчээс 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 12/638 дугаар албан бичгээр “…мөн оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө уг багц солих үйлчилгээг бүрэн дуусгахаар ажиллаж байна…”, мөн зөрчлийн хэрэг шалгах явцад холбогдогчоос авсан 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн мэдүүлэгт “…дараа төлбөрт болон хосолсон төлбөрт үйлчилгээний багц солих үйлчилгээ 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор 100 хувийн гүйцэтгэлтэйгээр хийгдэж дууссан. Багц шилжээгүй үлдсэн хэрэглэгч байхгүй. 2 дугаар сарын 1-нээс 3 дугаар сарын 1 хүртэл хугацаанд 21000 хэрэглэгчийн, 3 дугаар сарын 1-нээс 4 дүгээр сарын 1 хүртэл хугацаанд 11000 хэрэглэгчийн багцыг сольсон…” гэснээс тус тус үзэхэд хуучин багцыг 2019 оны 2 дугаар сарын 1-нээс бүрэн зогсоогоогүй, харин ч 4 дүгээр сарын 1 хүртэл хэрэглэгчдэд ашиглуулж байсан нь дээрх байдлаар тогтоогдож байна.
Эндээс дүгнэхэд 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөх дараа төлбөрт үйлчилгээний нөхцөлд орох өөрчлөлтийг хэрэглэгчдэд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Мобикомын цахим хуудсаар, олон нийтийн мэдээллийн сувгаар буюу 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Өдрийн сонин, Өнөөдөр сонинд тус тус мэдээлсэн, түүнчлэн хэрэглэгч бүрт мессежээр болон дуудлага хийн хүргэхдээ “…2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 3-ны өдрүүдэд хуучин багцын хэрэглээтэй нь ойр дүнтэй багц руу шилжүүлэх ийг анхаарна уу” гэх байдлаар хатуу хугацаа тогтоож, хүч хэрэглэлгүйгээр хэрэглэгчдийн сонголтоор нь шинэ багц руу шилжүүлэх ажиллагааг хийх бүрэн боломжтой байсан байх тул нэхэмжлэгчид Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр шийтгэл ногдуулсан нь Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуульд нийцсэн төдийгүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзлээ.
5.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шаардсаны дагуу нэхэмжлэгчээс хүргүүлсэн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 12/440 дүгээр албан бичгийн хавсралтдаа “…үүрэн холбооны үйлчилгээнд зориулсан 111, бусад үйлчилгээнд зориулсан 230, нийт 340 орчим багцын тоог цөөрүүлэх, тэр дундаа цөөн хэрэглэгч бүхий удаан хугацаанд шинэ хэрэглэгч нэмэгдээгүй зарим багцыг хамгийн идэвхитэй бөгөөд үйлчилгээ нь жигдэрсэн багц руу оруулах зайлшгүй шаардлагатай болсон”-оо илэрхийлсэн байдаг.
Энэ тохиолдолд харин ч тэрхүү цөөн буюу дараа төлбөрт үйлчилгээний хуучин багцууд болох Signature, Mobizone, Iphone, Mobimix болон байгууллагад зориулсан Corporate basic, Corporate middle, Hybrid-1, Hybrid-2, Hybrid-3 багцын хэрэглэгчдэд шинээр нэвврүүлж буй багцынхаа давуу талыг тайлбарлан таниулах байдлаар хэрэглэгчийн өөрсдийнх нь хүсэлтээр багц шилжүүлэх ажиллагааг хэрэгжүүлэхээс бус тодорхой хугацаа тогтоон, шууд өөр багц руу үйлчилгээг шилжүүлж байгаа нь системийн шинэчлэлийн хүрээнд цөөн хэрэглэгчтэй, өсөн нэмэгдэх хандлагагүй багцыг халах, харин тэрхүү багцын хэрэглэгчдийг хүчээр өөр багц руу шилжүүлэх ажиллагааг хийсэн гэж үзнэ.
Хуучин багцыг шинээр солихоор хэрэглэгчтэй тохиролцож буй дараалал, процессийг нэхэмжлэгчийн зүгээс 1.Санал боловсруулах, 2.Хөтөлбөр батлуулах, 3.Бэлтгэл ажил хангах, 4.Хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх, 5.Багц солих гэсэн дарааллаар явуулах талаар маш тодорхой ажлын зураглал, төлөвлөгөө гаргасан атлаа үүндээ бас л шилжүүлж амжаагүй хэрэглэгчийг 2019 оны 2 дугаар сарын 1-нээс өөрийнх нь хүсэлтийг үл харгалзан хамгийн тохиромжтой буюу ойролцоо үнэтэй шинэ багц руу шилжүүлэхээр гаргасан нь хүч хэрэглэсэн үйлдэл болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 240 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, “М к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Өийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН