Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/48

 

 

 

 

 

 

   2021        01          21                                       2021/ШЦТ/48

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,  

улсын яллагч Ц.Отгонсүрэн,  

шүүгдэгч Н.Б- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2010008311118 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ....

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Н.Б- нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Туул голын орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Ц.Б-тай маргалдан зодож нүүр, зүүн чих, хүзүү, бүсэлхий нуруу, зүүн, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохиролд санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б- мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.  

Хоёр: Эрүүгийн 2010008311118 дугаартай хэргээс хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Ц.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: “...2020 оны 04 сарын 17-ны өдөр ажлаа тараад 20 цагийн үед гэртээ иртэл хашааны гадаа найз Б- нэг танихгүй залуугийн хамт согтуу зогсож байсан. Намайг архи уух уу гэхээр нь за гээд гурвуулаа нийлж нэг шил архи Нисэхийн 10 дугаар хорооны байрны голд сааданд уусан. Б- юунаас болж намайг зодсоныг мэдэхгүй. Учир зүггүй л зодож байгаад намайг сааданд орхиод хамт ирсэн, найзыгаа дагуулаад яваад өгсөн. ...Би нэлээд архи уусан согтуу байсан учир яг хаана хэдэн удаа цохиж зодсон эсэхийг нь мэдэхгүй байна. Гар хөлөөрөө цохиж өшиглөөд байсан. Миний дух, шанаа, хүзүү, нуруу хэсэг шалбарч хавдсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Хэрүүл маргаан болж байхад Б-ийн нэг найз нь байсан. Би утас болон нэрийг нь мэдэхгүй. Б-ийн утасны дугаарыг мэдэхгүй. Гэрийн хаягийг нь явбал олж магадаггүй. Сайн мэдэхгүй байна. Хааяа нийлж архи уудаг юм. Бид хоёрын хооронд өс хонзон, өр авлагын асуудал байхгүй. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

 

- хохирогчоор 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр дахин өгсөн:“... Би 2020 оны 04 дүгээр сарын 17-ны орой ажлаа тараад гэр лүүгээ орох гээд явж байтал манай гэрийн гадаа Б- нэг найзтайгаа намайг дуудаад зогсож байсан. Намайг гэр лүү орох гэтэл нэг юм уух уу уулзаагүй их удсан байна. Нэг газар жаахан юм ярьж сууя гээд манай гэрийн доод талын дэлгүүрээс 0.75 литрийн Хараа нэртэй архи аваад ...сааданд юм яриад Б- болон нэрийг нь мэдэхгүй нэг найзтай нь гурвуулаа  хувааж уусан. Удалгүй архи дуусаад нисэхэд очиж архи уух уу гээд хамт нисэхэд очсон, юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь нисэхийн голын хажууд зодуулсан байдалтай хэвтэж байсан. Би нисэх орчмоос такси бариад гэр лүүгээ очсон. Гэртээ  ортол  аав намайг зодуулсан байна гэж хэлээд би маргааш нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр цагдаад өргөдөл гаргаж өгсөн. Яг тухайн үеийн асуудлыг би согтуу байсан учраас санахгүй байна. Миний нүүр орчимд тамхи унтраагаад түлсэн, миний хавирга орчимд цохиж гэмтээсэн байсан. 4398 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Уг гэмтлийг тухайн өдөр надтай  архи уусан Б- найзын хамтаар намайг зодож  гэмтэл учруулсан.  Би тухайн үед архи уусан байсан. Уг болсон асуудлын талаар зодуулж байхыг санаж байна. Би маш их гомдолтой байна. Би тухайн иргэнээс 500.000 мянган төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

 

-хохирогчоор 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дахин өгсөн: “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ асуудлыг хурдан шийдэж өгнө үү. Шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,

2. Гэрч Л.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны хавар л байсан санагдаж байна. Тухайн өдрийн орой ажлаасаа гэртээ ирэхэд нөхөр Батбямба, хүү Б- хоёр байсан. Тэгтэл Б-гийн толгой хагараад цус гарчихсан, нүүр нь нэлэнхүйдээ хөхрөөд хавдчихсан, зүүн чих нь урагдчихсан байсан. Тэгэхээр нь би түүнээс юу болсон талаар асуухад Б- дугарахгүй байсан. Түүнээс хойш 2020 оны 10 дугаар сарын дундуур санагдаж байна, тухайн үед Б-  дахиад хүнд зодуулсан байдалтай ирсэн. Тухайн үед Б-гийн гар нь хавдаад, нүд нь хөхөрчихсөн байсан.  Би түүнээс юу болсон талаар асуухад хэлэхгүй байсан бөгөөд би шалсаар байгаад хэлүүлтэл тэрээр хойд айлын Б-т зодуулсан, өмнө буюу хавар ч гэсэн Б-т зодуулсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/,

 

3. Гэрч Б.Б- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...2020 оны 04 дүгээр сарын дундуур л санагдаж байна, өдөр ажлаасаа тараад гэртээ иртэл хүү Б- ганцаараа хэвтэж байсан. Тэгтэл хүүгийн маань хоолой ам, дух нь урагдчихсан, нүүр нь ...хөхрөөд хавдчихсан байсан. ...хүү маань амьсгалахад хэцүү байна гээд гэртээ 3-4 хоног босож чадахгүй хэвтсэн. Би хүүгээсээ юу болсон талаар асуухад нэг ангид байсан ангийнх нь хүүхэд зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/,

4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 4938 дугаартай дүгнэлтэд:

- Ц.Б-гийн биед нүүр, зүүн чих, хүзүү, бүсэлхий, нуруу, зүүн, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

- Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт /хх-ийн 32-33/,

 

5. Шүүгдэгч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруутайгаа маргахгүй. Болсон хэргийн тухайд ...cap өдрөө санахгүй байна. Тухайн өдөр би зүс таних Э-тэй Саппоро дээр таарч хамт такси барьж Яармаг дээр буусан. Тэгээд Э-тэй хамт Яармагын дэнжид байх эмээгийнд нь очихоор явж байтал  найз Б- согтуу тааралдаад гудамжинд жаахан юм ярьж байтал Э- эмээгийндээ юм өгөөд ирнэ гээд явсан. Б-тай ярилцаж байхад миний цалинг буусан юм чинь нэг шил архи аваад өгөөч гэж гуйсан. Ингээд Э- буцаж ирээд бид гурав нисэхийн автобусны буудлын нэг таксинаас 2 литр 500 граммтай Боргио пиво аваад сааданд сууж байтал Э-ийг эхнэр нь дуудаад явсан. Б- бид хоёр Нисэхийн хойно байх гол руу явж очоод пивонуудаа ууж дуусаад Б- надад хандан “Чи Монголд байж миний эхнэрийг харж байхгүй яасан юм бэ” гээд дайраад байхаар нь “Би утсаа авахгүй байсан шүү дээ гээд бид маргалдсан. Б- тэгтэл намайг заамдаад авахаар нь би түүний нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл бид 2 хоёулаа газар унасан. Тэгээд Б- бид 2 газар ноцолдож байхад Б- миний нүүр лүү гараараа цохиж байсан. Би ч бас зөрүүлээд цохиж байтал ойр хавьд байх айлуудын тэндээс дуугуй бай гэж орилохоор нь би “Чамд ямар хамаатай юм бэ” гэтэл “Юу гээд байгаа юм бэ” гээд хоёр ах ирсэн. Нэг нь намайг бариад авахаар нь би заамдаад автал тэр ах намайг 2 удаа алгадсан. Энэ үед Б- тэр ахад хандан манай найзыг яагаад байгаа юм бэ гээд тэр ахын цамцнаас зууртал Б-г хол бай гээд түлхсэн. “Та нарыг цагдаад өгнө” гэхээр нь би тэр ахын гарнаас нь мултарч зугтааж байгаад бүдэрч унаад унтаад өгсөн байсан. Ингээд маргааш өглөө сэртэл Б- харагдахгүй байсан. Үүнээс хойш Б-тай холбоо бариагүй. Би Б-гийн гэдэс болон нүүр лүү нь нийт 3 удаа цохисон. Тухайн үед Б- болон би нэлээн согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,

 

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-45/, депозит дансны хуулга /хх-ийн 55-56/, ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 61-63/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтанд шүүгдэгч Н.Б- нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

 

  1. Гэм буруугийн талаар:

             Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Н.Б- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Н.Б- нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Туул” голын орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн Ц.Б-тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож биед нь нүүр, зүүн чих, хүзүү, бүсэлхий нуруу, зүүн, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-Хохирогч Ц.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз Б- гэгч юунаас болж намайг зодсоныг нь би мэдэхгүй. ...Гар хөлөөрөө цохиж өшиглөөд байсан. Миний дух, шанаа, хүзүү, нураа хэсэг шалбарч хавдсан байна. ...Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг  /хх-ийн 13-14/,

-дахин хохирогчоор 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өгсөн“...миний нүүр орчимд тамхи унтраагаад түлсэн, миний хавирга орчимд цохиж гэмтээсэн байсан. ...Миний биед учруулсан гэмтлийг тухайн үед цугтаа архи уусан Б- ...учруулсан. ...Би маш их гомдолтой байна. Би тухайн иргэнээс 500.000 мянган төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/ болон бусад мэдүүлэг /хх-ийн 25/,

-Гэрч Л.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Б-гийн гар нь хавдаад, нүд нь хөхөрчихсөн байсан. ...хойд айлын Б-т зодуулсан, өмнө буюу хавар ч гэсэн Б-т зодуулсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/,

-Гэрч Б.Б- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...2020 оны 04 дүгээр сарын дундуур л санагдаж байна, ...гэртээ иртэл ...хүүгийн маань хоолой ам, дух нь урагдчихсан, нүүр нь тэр чигтээ хөхрөөд хавдчихсан байсан. ...юу болсон талаар асуухад нэг ангид байсан ангийнх нь хүүхэд зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 4938 дугаартай “...Ц.Б-гийн биед нүүр, зүүн чих, хүзүү, бүсэлхий, нуруу, зүүн, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо, ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамарана. ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 32-33/,

- Шүүгдэгч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:“... Би гэм буруутайгаа маргах зүйл байхгүй. ...би түүний нүүр лүү гараараа нэг удаа цохисон. ...Би Б-гийн гэдэс болон нүүр лүү нь нийт 3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Н.Б- нь хохирогч Ц.Б-тай маргалдан улмаар хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд тус гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч Н.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Тус гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Н.Б-тэй эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Н.Б- нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 600 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийх ял шийтгэгдэж уг ялыг бүрэн эдэлж 2020 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор дуусгавар болсон талаар Шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын гаргасан саналтай танилцаж зөвшөөрсөн тухай баримт зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Н.Б-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд шүүгдэгч Н.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Бусад асуудлаар: Тус хэрэгт шүүгдэгч Н.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүйг тогтоолд дурдав.

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авсан боловч “Covid-19” цар тахлын улмаас Засгийн газраас 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хэргийг хуульд заасан 7 хоногийн хугацаанд шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэнийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Б-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш  хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Н.Б-т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Шүүгдэгч Н.Б-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Н.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ДОРЖСҮРЭН