| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2021/0012/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/13 |
| Огноо | 2021-01-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Ганчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/13
2021 01 05 2021/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Даариймаа,
улсын яллагч Ц.Ганчимэг,
шүүгдэгч Н.Б- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2010024001088 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... тоот регистрийн дугаартай, Н.Б-.
Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч Н.Б- нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 31/а-2-205 тоотод өөрийн төрсөн охин болох 12 настай Б.Б- биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж нүүр рүү нь шавхрах, үснээс нь зулгааж хоолойг нь боох, газар түлхэж унагаах, модоор хөл рүү нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чамархайн хуйх, баруун нүдний дээд, доод зовхи, хүзүү, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б- мэдүүлэхдээ:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Хоёр: Эрүүгийн 2010024001088 дугаартай хэргээс хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:
2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо 35/а-205 тоотод аав Баярдэлгэр, ээж Ундрам 3 эмэгтэй дүүгийнхээ хамт амьдардаг. Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн 7-д ангид сурдаг. 2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр хичээлээ тараад 15 цагийн орчим ээж Ундрамын ажил дээр очоод ээжтэй байж байгаад аавтай хамт дүүгээ цэцэрлэгээс нь авах гээд явсан. Тухайн үед аав архи уучихсан согтсон харагдаж байсан. Ингээд дүү Ү-г цэцэрлэгээс нь аваад гэртээ ирээд аав дүү Ү-г аваад ээжийн ажил руу явсан. Аав ээжийн ажил орчихоод буцаж ирсэн чинь манай нохой хуцаад байсан чинь аав нохойгоо зодохоор нь ааваа нохойгоо зодохоо болиоч ээ гэсэн чинь чамд хамаагүй гээд тайлж байсан цамцаараа миний нүүр рүү шавхарсан. Мөн намайг гэр орноо цэвэрлэхгүй яасан юм гээд уурлаад байсан. Би ааваа болиоч ээ гэсэн чинь намайг заамдаад үснээс зулгааж, хоолой боож, газар түлхэхээр нь босоод өөдөөс нь орилоод ээж рүү залгах гээд утас руу явсан чинь яах гээд байгаа юм новшоо гээд голын өрөө рүү түлхсэн. Би уйлсан чинь шалны мод хугалаад хөл рүү цохиод байхаар нь уйлаад нөгөө өрөө рүү ороод ээж рүүгээ залгаад “Намайг үгэнд орохгүй, өөдөөс хэрэлдээд шүд амаа зуугаад хэрэлдээд байна” гээд залгасан. Аав надад утас өгөхөөр нь болсон асуудлын талаар хэлсэн чинь утас булааж аваад миний хөл рүү өшиглөөд шалны модоор хөл рүү цохиод, үсдээд, гутлын тавиур руу чирч, толгой цохиод том өрөө рүү үсдэж чирээд оруулсан. Аав ээжтэй утсаар ярьж байгаад над руу ирээд алгадчихаад чи миний охин биш гэж хэлчихээд нэг хүнтэй утсаар яриад байгаа бололтой байж байгаад гараад явсан. Тухайн үед аав хөл дээрээ тогтох чадвартай байсан бөгөөд болсон асуудлын талаар ойлгохоор байсан. Одоогоос сарын өмнө санагдаж байна. Аав намайг загнаад түлхэхэд нь унахдаа шүүгээний булан мөргөж байсан. Тэр үед намайг айхтар зодож цохисон асуудал байхгүй тухайн үед ямар нэгэн гэмтэл, шарх учраагүй. Би дүгнэлттэй санал нийлж байна. Уншиж танилцсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй байна. Аав надаас уучлалт гуйсан бөгөөд одоо хэвийн харьцаатай болсон. Цаашид цагдаагийн байгууллагаар шалгуулах ямар нэгэн зүйл байхгүй байна. Шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,
-2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дахин өгсөн:
“...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй байна. Аав надаас уучлалт гуйсан, одоо хэвийн харьцаатай болсон. Цаашид цагдаагийн байгууллагаар шалгуулах ямар нэгэн зүйл байхгүй байна. Шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40/,
2. Гэрч Ч.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Би охин Ундрамын гэрт байгаагүй бөгөөд охин надад хэлээд би дуудагдаж очсон юм. Над руу зээ охин Булган яриад аав гараад явчихсан гэхээр нь би гэр рүү нь орох гээд явж байсан чинь гэрийнхээ гадна явж байхаар нь цагдаад тэнд явж байна гээд хэлсэн чинь цагдаа нар аваад явсан. Намайг гэрт нь ороход хар багаас нь өсгөсөн зээ охин газарт уйлаад хэвтэж байхаар нь уур хүрээд цагдаад өгөөд шалгуул гэж хэлсэн юм. Зээ охины биеийн энд тэнд нь хөхөрчихсөн харагдаж байсан. Зээ охин Булган өмнөхөн нь шүдний их хүнд хагалгаанд орсон байсан болохоор охиноо их өмөөрсөн юм. Н.Б- нь архи уугаагүй эрүүл байхдаа их сайн, мундаг аав, амьдралынхаа төлөө их хичээл зүтгэлтэй сайн залуу юм. Манай хүргэн архи согтууруулах ундааны зүйл байнга бол хэрэглэдэггүй бөгөөд тэр өдөр юу болсон юм гэмээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд ийм асуудал болчихлоо...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,
3. Гэрч А.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Н.Б- бол миний нөхөр, 4 хүүхдийн минь аав юм. ...18 настайгаасаа хойш хамт амьдарч эхэлсэн. ...одоог хүртэл хамт амьдарч байна. Гэрлэлтээ батлуулсан. Манай нөхрийн хувьд Оюу толгойн “Мажор дриллинг” ХХК-д өрмийн оператороор ажилладаг юм. ... 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ажил руугаа явах гэж байгаа. Нөхрийн хувийн зан чанарын хувьд хөдөлмөрч, гэр бүлээ юмаар дутаачихгүй, аль болох бүтэхээрээ байдаг их зүтгэлтэй, гэр бүлээ гэсэн чин сэтгэлтэй. Гэм нь жаахан архи уучихаараа ааш зан нь хувирчих гээд байдаг юм. Архи уух нь өөрт нь таарахгүй байгаа юм. Тэрнээс бол амьдралын төлөө одоо 4 охиныхоо, миний төлөө гэсэн сэтгэлээр л ажиллаж амьдралаа авч яваа хүн байгаа юм. Миний хувьд саяхнаас ажил төрөл хийж байгаа. Ер нь бол 10 жил нөхөр маань л ажил төрөл хийж амьдралаа авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,
4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13030 дугаартай дүгнэлтэд:
- Б.Б- биед тархи доргилт, баруун чамархайн хуйх, баруун нүдний дээд, доод зовхи, хүзүү, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
- Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 18-19/,
5. Яллагдагч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Би ...хүлээн зөвшөөрч байна. ...Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа, хуулийн дагуу хариуцлага хүлээхэд бэлэн байна. Би хөдөө ажил руугаа явах гээд байгаа тул асуудлаа хурдан шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/,
6. Насанд хүрээгүй хохирогч Б.Б- төрсний гэрчилгээ, мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 35-36/,
7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 53-55/, тээврийн хэрэгслийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 57-58/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтанд шүүгдэгч Н.Б- нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагчаас дүгнэлтдээ “...шүүгдэгч Н.Б- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бие хамгаалж чадахгүй, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Н.Б- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 31/а-2-205 тоот гэртээ өөрийн төрсөн охин болох 12 настай Б.Б- биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж нүүр рүү нь шавхрах, үснээс нь зулгааж хоолойг нь боох, газар түлхэж унагаах, модоор хөл рүү нь цохих зэргээр хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чамархайн хуйх, баруун нүдний дээд, доод зовхи, хүзүү, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
-Насанд хүрээгүй хохирогч Б.Б- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...аав нохойгоо зодохоор нь ...болиоч ээ гэсэн чинь чамд хамаагүй гээд ...цамцаараа нүүр рүү шавхарсан. ...заамдаад үснээс зулгааж, хоолой боож, газар түлхсэн. ...би уйлсан чинь шалны мод хугалаад миний хөл рүү цохиод ...өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,
-Гэрч Ч.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг гэрт нь ороход ...зээ охины биеийн энд тэнд нь хөхөрчихсөн харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,
-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13030 дугаартай дүгнэлт /хх-ийн 18-19/,
- Шүүгдэгч Н.Б-ийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Н.Б-ийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж заасан мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсэгт “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж” гэж заажээ.
Хууль зүйн хувьд биеэ хамгаалж чадахгүй этгээд гэдэг нь бага насны хүүхдийг хамааруулан ойлгох ба, Эрүүгийн хуульд “бага насны хүүхэд” гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно” гэж тайлбарласан.
Хэргийн нөхцөл байдлаас үзвэл тус хэргийн насанд хүрээгүй хохирогч Б.Б- нь 2008 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр төрсөн, гэмт хэрэг гарсан 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 12 нас 6 сар 9 хоногтой байсан болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ, мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд хохирогч нь арван дөрвөн насанд хүрээгүй бага насны, биеэ хамгаалах чадваргүй этгээдэд хамаарахаар байна.
Иймд шүүгдэгч Н.Б-ийн үйлдсэн гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэл бүхий байх тул шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Тус гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан бөгөөд насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Н.Б-тэй эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Н.Б- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын гаргасан саналтай танилцаж зөвшөөрсөн болох нь тогтоогдож байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Н.Б-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Н.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Тус хэрэгт шүүгдэгч Н.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Б-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.Б-т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Шүүгдэгч Н.Б-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН