Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/02

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгч өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: Б.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х- овогтой Б-ын М-д холбогдох эрүүгийн 2027001730101 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “___” дээд сургуулийн 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Хужирт сум 1 дүгээр баг ___ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Х- овогтой Б-ын М- /РД:___/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

            Шүүгдэгч Х- овогтой Б-ын М- /РД:___/ нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Хужирт сум руу явах замд хамт тээврийн хэрэгслээр зорчиж явсан хохирогч Ч.Л-гийн Honor маркийн гар утас, хүрэн өнгийн түрүүвч, дотор нь бэлэн байсан 100 000 төгрөг, мөн түрүүвч дотор байсан Хаан банкны виза картыг Хужирт суманд байрлах Хаан банкны АТМ-д уншуулж 800 000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1 180 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

            Шүүгдэгч Б.М- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

            “...Би 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Драгон төвөөс Өвөрхангай аймгийн Хужирт сум руу Соната-7 маркийн автомашинаар явсан. Тухайн автомашин дотор 5 хүн зорчиж явсан. Улаанбаатар хотоос наашаа гараад замдаа дэлгүүр орж хохирогч Ч.Л- 2 шил архи авсан. Тухайн 2 шил архийг замдаа уусан. Хужирт сум ороод замын тойрог дээр явж байхдаа хохирогч Ч.Л-гийн гар утсыг нь авсан. Машинаас буухынхаа өмнөхөн цамцных нь халааснаас түрүүвчийг нь авсан. Тухайн өдрийн орой 22 цагийн үед Хужирт сумын Хаан банкны АТМ-с картыг нь уншуулж 800 000 төгрөгийг авсан. Би хохирогч Ч.Л-гийн гар утас, түрүүвч, бэлэн 800 000 төгрөг зэргийг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр буцааж өгсөн гэв. 

             Хохирогч Ч.Л-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “... 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 15 цагийн орчим Улаанбаатар хот Драгон дээрээс Хужирт сум явах гэж байгаа гээд цагаан өнгийн автомашин байсан. Уг автомашины марк улсын дугаарыг нь хараагүй. Тухайн автомашинд жолоочтойгоо нийт 5 хүн суугаад Хужирт сум руу хөдөлсөн. Орой 20 цагийн үед Хужирт суманд орж ирээд би Жем Хужирт усны үйлдвэрийн уулзвар дээр буусан. Тэгээд ажил дээрээ очтол миний гар утас, түрүүвч байхгүй байсан. Маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянтээг ХК руу нүүрсэнд яваад 2020 оны 10 дугаар сарын 12-ны орой ирээд 2020 оны 10 дугаар сарын 13-ны өглөө картаа хаалгах гээд банкин дээр очиход миний картнаас 2020 оны 10 дугаар сарын 10-ны орой 22 цагийн үед Хужирт хаан банкны АТМ-с миний хаан банкны картыг уншуулаад 800 000 төгрөг авсан байсан. Би Улаанбаатар хотоос гарахдаа тухайн автомашинд суугаад 0.5 литрийн Алтан Чингис архи 2 шилийг авч суугаад хамт явж байсан 2 залуутай хувааж уусан. Би тухайн 2 шил архийг хувааж уучихаад унтаад өгсөн байсан. Тэгсэн жолооч залуу ирчихлээ та буугаарай гэж хэлсэн. Би тухайн залуугийн нэрийг мэдэхгүй зүс харвал танина. Тухайн залуу надад хэлэхдээ Хужирт сум орж цэргийн комиссоор орох гэж байгаа гэж хэлж байсан. Миний түрүүвч баруун гар талын цамцны халаасанд байсан. Би түрүүвч байсан халаасныхаа цахилгааныг татсан байсан. Тийм учраас түрүүвч ойчих боломж байхгүй. Гар утсаа зүүн хөлнийхөө гутлын түрийнд хийсэн байсан. Мөн гар утас унах ямар ч боломж байхгүй. Миний түрүүвч нь дотор бэлэн 100 000 төгрөг байсан. Тухайн залуу миний дансанд байсан 800 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Мөн миний гар утас болон түрүүвчийг өгсөн. Өөр зүйл өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,

            “Вендо” ХХК-ийн дүгнэлт, “___” дээд сургуулийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тодорхойлолт, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хужирт сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 12-14, 18-20, 28, 29, 30 дугаар хуудас/,   

            Өвөрхангай аймгийн Хужирт сумын эрүүл мэндийн төвийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 11 дугаартай тодорхойлолт /хх-ийн .....хуудас/

            Б.М-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/ зэрэг болно.

            Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

            Шүүгдэгч Б.М- нь нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Хужирт сум руу явах замд хамт тээврийн хэрэгслээр зорчиж явсан хохирогч Ч.Л-гийн Honor маркийн гар утас, хүрэн өнгийн түрүүвч, дотор бэлэн байсан 100 000 төгрөг, мөн түрүүвч нь дотор байсан Хаан банкны виза картыг Хужирт суманд байрлах Хаан банкны АТМ-д уншуулж 800 000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1 180 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч Б.М- үйлдсэн болох нь

            Хохирогч Ч.Л-гийн мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/, “Вендо” ХХК-ийн дүгнэлт /хх-ийн 18-20 дугаар хуудас/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М-гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илрэх бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

            Шүүгдэгч Б.М- нь нууцаар, хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр хохирогч Ч.Л-гийн эзэмшлийн гар утас, бэлэн мөнгө, түрүүвч зэрэг эд зүйлийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.

            Иймд шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлжээ.

            Шүүгдэгч Б.М- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд тэрээр дээрх үйлдэлдээ санаатай, шунахай сэдэлттэй хандаж бусдын өмчлөх эрхэд халдсан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нь санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.

            Шүүгдэгч Б.М-гийн үйлдсэн дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Л-д 1 180 000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон ба дээрх эд хөрөнгийн үнэлгээ дүгнэлтэд талууд маргаагүй, дээрх хохирол учирсныг шүүгдэгч нөхөн төлж барагдуулсан, хохирогч нь хохирол бүрэн нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлэгтээ мэдүүлсэн тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.

            Шүүх, шүүгдэгч Б.М-г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т заасан “...гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчимд нийцнэ.

            Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирол төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Б.М- нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Б.М-г тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргүүдийг хүлээлгэн, тэнссэн хугацаанд бүртгэж, хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

            Харин шүүгдэгч Б.М-  нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.

            Шүүгдэгч Б.М- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

             

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х- овогтой Б-ын М-г хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5-т зааснаар Б.М-г тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргүүдийг хүлээлгэсүгэй. 

4. Үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан Б.М-д тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар Б.М-г тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргүүдийг биелүүлэхгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Б.М- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.САРАНТУЯА