| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2021/0005/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/04 |
| Огноо | 2021-01-15 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/04
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж
Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгч Э.З-, Ж.Ц- нарын өмгөөлөгч: Д.Дашцэрэн,
Шүүгдэгч Г.О-гийн өмгөөлөгч: Ц.Хонгорзул,
Шүүгдэгч: Г.О-, Э.З-, Ж.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогтой Г-ын О-, Х- овогтой Ж-ийн Ц-, Х- овогтой Э-ын З- нарт холбогдох эрүүгийн 2027000000097 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Х-т суманд төрсөн, 28 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Х-т сумын Өндөр Сант баг, “___” гэх газар мал маллан оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Х- овогтой Ж-ийн Ц- /РД: ___/,
2. Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Х-т суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Архангай аймгийн Х-т сумын Өндөр Сант баг, “___” гэх газар мал маллан оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,
-урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх ялаар шийтгэгдэж байсан, Б- овогтой Г-ын О- /РД:___/,
3. Монгол Улсын иргэн, 2002 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Архангай аймгийн Х-т сумын Өндөр Сант баг, “___” гэх газар мал маллан оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Х- овогтой Э-ын З- /РД:___/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Г.О-, Э.З-, Ж.Ц- нар нь бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг “___” гэх газраас хохирогч Г.Б-ын 3 тооны адуу, хохирогч Ё.Т-гийн 2 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлан авч хохирогч Г.Б-од 2 600 000 төгрөгийн хохирол, Ё.Т-д 1 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Хохирогч Г.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
2020 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг ___ын “___” гэх газраас зээрд халзан азаргатай сартай хонгор байдас, хүрэн байдас, сартай зээрд байдас, хүрэн шүдлэн хоёр чих цуулбар имтэй байдас нийт 5 тооны адуу алдсан. Түүнээс хойш эрж хайгаад олохгүй байсан юм. Сартай хонгор байдас, цуулбар имтэй хүрэн шүдлэн байдас нь Г- гэх хүний адуунууд байгаа. Зүүн талын зээрд адууны толгой манай зээрд байдасны толгой байна. Дараагийнх нь толгой зээрд халзан азарганы толгой мөн байна. Дараагийнх нь манай сартай зээрд байдасны толгой тус тус мөн байна. Миний алдсан гэх 3 тооны адууны төлбөр болох 2 600 000 төгрөгийг төлж барагдуулсан тул одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-39 дүгээр хуудас/,
Хохирогч Ё.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би сартай хонгор байдас имгүй зөв талын гуян дээрээ нар саран тамгатай. Хоёр чих нь цуулбар имтэй, тамгагүй зээрд байдас алдсан юм. Сүүлд 2020 оны 11 дүгээр сарын 17-18-ны үеэр намайг гэртээ миний адууг хулгайлсан гэх 3 залуу портер машин дээр миний алдсан сартай хонгор байдсыг амьдаар нь аччихсан авч ирээд надад өгсөн. Тухайн 3 залууг танихгүй. Садан төрлийн холбоо байхгүй. Хоёр чих цуулбар имтэй, тамгагүй зээрд байдасны төлбөр болох 750 000 төгрөгийг миний данс руу утга нь З- нэрээр шилжүүлсэн байсан. Тиймээс одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 40-43 дугаар хуудас/,
Гэрч Б.А-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 10 цагийн орчим намайг ажил дээрээ байхад гаднаас Г.О- нь орж ирээд Улаанбаатар хот руу явах гэсэн юм бичиг авъя гэхээр нь Улаанбаатар хот руу явуулахгүй хорьчихсон байна гэж хэлсэн. Захиргаанаас очиж асуу болно гэвэл би мал эмнэлгийн гэрчилгээ бичиж өгье гэхэд буцаж ирээд аймаг дотроо явж болно гэж байна гээд Г.О- нь хүрээд ирсэн. Тухайн үед над дээр ирэхдээ машин дотор 3-лаа байсан ба орж ирэхдээ ганцаараа орж ирсэн. Машин дотор Ж.Ц- нэг танихгүй залуугийн хамт сууж байсан. Г.О- надад хэлэхдээ би өөрийнхөө адуунаас хийж байгаа талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 дугаар хуудас/,
Гэрч Ж.Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Ж.Ц- нь миний төрсөн хүү. Г.О- нь манай эхнэрийн төрсөн дүү байгаа юм. Би Э.З-ыг зүс танина. Би энэ гурвыг хулгай хийсэн талаар мэдээгүй. 2020 оны 11 дүгээр сарын 13-нд Хархорин сумаас цагдаа нар ирэхэд Ж.Ц-, Г.О-, Э.З- нарыг бусдын 5 тооны адуу хулгайлсан гэж мэдсэн. Тэгээд хулгайлсан гэх адууны 1 хонгор байдас нь хүү Ж.Ц-ы адуунд мориноос холбосон байсан ба Ж.Ц- нэг өдөр ирээд тухайн байдсыг эзэнд нь буцааж өгнө гээд аваад явсан. Ж.Ц- нь манай 4 дэх хүүхэд байгаа. Эхнэр 4 хүүхдийн хамт манайхтай айл саахалт амьдардаг.Зан төлөвийн хувьд даруухан, бусадтай нөхөрсөг, өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй хүүхэд байгаа. Өөрийн гэсэн мал хөрөнгөтэй хүнээс дутахааргүй сайхан амьдардаг. Би бие муутай гэрээс гарч чаддаггүй хүн байгаа юм. Манай хүү Ж.Ц- нь миний гар хөлийн үзүүрт мал явж өгдөг..” гэх мэдүүлэг, /59-60 дугаар хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн дүгнэлтүүд, танилцуулсан тухай тэмдэглэл, мал эмнэлгийн гэрчилгээ, гэрэл зураг /хх-ийн 71-77, 79-89, 123-126 дугаар хуудас/,
Архангай аймгийн Х-т сумын Өндөрсант багийн Засаг даргын шүүгдэгч нарын оршин суугаа газар, эд хөрөнгийн талаарх тодорхойлолтууд, хохирол төлсөн талаарх баримтууд /хх-ийн 92, 130-132 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ж.Ц-, Г.О-, Э.З- нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 140-144 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Г.О-, Э.З-, Ж.Ц- нар нь бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг “___” гэх газраас хохирогч Г.Б-ын 3 тооны адуу, хохирогч Ё.Т-гийн 2 тооны адууг хулгайлан авсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч Г.О-, Э.З-, Ж.Ц- нар үйлдсэн болох нь
хохирогч Г.Б-, Ё.Т- нарын мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 35-39, 40-43 дугаар хуудас/, гэрч Б.А-, Ж.Ж- нарын мэдүүлгүүд /хх-ийн 56-58, 59-60 дугаар хуудас/, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн дүгнэлтүүд /хх-ийн 71-77, 79-89 дүгээр хуудас/, шүүгдэгч Ж.Ц-, Г.О-, Э.З- нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч нарын дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчлэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ж.Ц-, Г.О-, Э.З- нарыг бүлэглэж, бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б-од 2 600 000 төгрөг, хохирогч Ё.Т-д 1 400 000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хохирогч нарын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон ба дээрх эд хөрөнгийн үнэлгээ дүгнэлтэд хохирогч болон шүүгдэгч талууд тус тус маргаагүй, хохирлыг шүүгдэгч нар нөхөн төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдсон ба хохирогч нараас хохирол бүрэн нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар тайлбараа шүүхэд ирүүлсэн тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Ж.Ц-, Г.О-, Э.З- нараас гаргуулах хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирол төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.
Ж.Ц-, Г.О-, Э.З- нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг нөхөн төлж арилгасан зэрэг байдлыг харгалзан ял ногдуулах үндэслэлтэй.
Түүнчлэн шүүгдэгч Ж.Ц-, Г.О-, Э.З- нарыг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-т заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял буюу 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Ц-, Г.О-, Э.З- нарт 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүхээс тэдэнд хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авахаар заасан тул Ж.Ц-, Г.О-, Э.З- нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ж.Ц-ы эзэмшлийн 950 000 төгрөгийн үнэлгээ бүхий шарга морь, Г.О-гийн эзэмшлийн 950 000 төгрөгийн үнэлгээ бүхий бор морь, Э.З-ын эзэмшлийн 950 000 төгрөгийн үнэлгээ бүхий сартай хонгор морийг тус тус хурааж улсын орлого болгох нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.Ц-, Г.О-, Э.З- нарт хилийн хориг тавигдаагүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х- овогтой Ж-ийн Ц-, Б- овогтой Г-ын О-, Х- овогтой Э-ын З- нарыг бүлэглэж, бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Ж.Ц-, Г.О-, Э.З- нарыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Ж.Ц-, Г.О-, Э.З- нарт оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Ж.Ц-, Г.О-, Э.З- нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ж.Ц-ы эзэмшлийн 950 000 төгрөгийн үнэлгээ бүхий шарга морь, Г.О-гийн эзэмшлийн 950 000 төгрөгийн үнэлгээ бүхий бор морь, Э.З-ын эзэмшлийн 950 000 төгрөгийн үнэлгээ бүхий сартай хонгор морийг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Ж.Ц-, Г.О-, Э.З- нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, тэдгээрийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Ц-, Г.О-, Э.З- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс өөрчилж, тэдгээрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, тогтоол хүчин төгөлдөр болтол Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Цагдан хорих байранд цагдан хорьсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ц-, Г.О-, Э.З- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.САРАНТУЯА