Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/06

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж, шүүгч Ц.Дагиймаа, Э.Дулмаа нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Улсын яллагч: Д.Алимаа,

Хохирогч: ********

Иргэдийн төлөөлөгч: ****************,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дашцэрэн,

Шүүгдэгч: ************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 11.7 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** овогтой ********гийн ********од холбогдох эрүүгийн 2027000000103 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

 Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Хархорин сумын *************** ажилтай, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн Овоо баг *************** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ************* овогтой ********гийн ******** /РД:*****************/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Яллагдагч ********нь хамтран амьдрагч хохирогч ****************** 2020 оны 08 дугаар сард толгойн тус газар нь цохиж, 2020 оны 09 дүгээр сард нүүр рүү нь алгадаж, 2020 оны 12 дугаар сард хөл рүү нь өшиглөж, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гудамжинд хувцасных нь гадна талаас хутгаар хатгаж чирч хашаан дотроо оруулан зодож, мөн үүний дараа гэртээ чирч оруулж хутга шидэж хэвлийн хөндий рүү нь нэвтэрч нарийн гэдэс, чацархайг зүссэн шарх гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

           

            Хохирогч ******** нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

            2020 оны 12 дугаар сарын 11-ний өглөөний 09-10 цагийн үед болсон асуудал байгаа. Би тухайн өдөр гэртээ ганцаараа байж байсан чинь ******** гаднаас согтуу орж ирсэн. Манай хүн урд шөнө нь гэртээ ирж хоноогүй байсан. Би хаагуур яваад ирэв гэхэд айлаас ирлээ гэж хэлсэн. ******** намайг зодох гээд над руу дайрахаар нь би гэрээсээ гараад зугтаасан боловч миний араас гүйж ирээд намайг бариад хашаанд оруулж зодсон. Гэртээ оруулаад над руу хутга шидсэн гэв.

           

            Хохирогч ********ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

             “...2020 оны 12 дугаар сарын 11-ний өглөө гэртээ ганцаараа унтаж байтал ********/********/ гаднаас согтуу орж ирсэн. Чамайг алаад хаячихъя гээд гал тогооны шүүгээний шургуулгыг татахаар нь би гараад зугтсан чинь ******** араас хар иштэй хутга барьж гарч ирээд намайг гүйцээд ирснээ хаачих гэж байгаа гээд хутга далайгаад тухайн хутганы үзүүрээр намайг хатгаад байсан ба тухайн үед би хар өнгийн урт хар куртиктай байсан учир курткинд хутга зоосон мөр байж магадгүй. Тэгээд би арай гэж хутгыг нь унагаагаад ноцолдоод байж байтал ******** миний мөр, гараас чирч татсаар байгаад хашаандаа оруулаад байшингийнхаа хажууд намайг дэгээдэж унагаагаад миний толгой, цээж, нуруу гар, хөл зэрэг газарт өшиглөж зодсон. ******** хэлэхдээ чи ямар шазруун юм чам руу хутга шидэж тоглоно гээд шургуулганаас шар иштэй, хүрэн иштэй хутга хоёрыг аваад хаалганы үүдэнд зогсож байгаад /би жижиг сандал дээр сууж байсан/ над руу эхлээд шар иштэй хутгаа шидэхэд нь оноогүй, дараа нь хүрэн иштэй /ууцан дээр тавьдаг, хүнд/ хутгаа барьж зогсож байснаа гэнэт шидчихсэн. Тэгээд л миний баруун хавирганы доод талд халуун дүүгээд байхаар нь хартал тухайн шидсэн хутга нь зоогдчихсон байсан. Би шууд хутгыг сугалж аваад газар хаяад ********оо чи яаж байгаа юм бэ? Чи намайг хутгалчихлаа шүү дээ гэхэд ******** сандарсан байдалтай үг дуугаралгүй хөвөнгөөр цусыг нь арчаад марль даавууг хуйлж байгаад хутгалсан газарт хөвөн тавиад ороох гэтэл нөгөө марль даавууны урт нь хүрээгүй. Тэгж байтал цус гарахаа больсон. Үүний өмнөхөн 3-4 хоногийн өмнө орой 18-19 цагийн үед ********халамцуу секцийнхээ 3 охинтой ирээд сагсны тэмцээнийхээ талаар ярилцах гэж байгаа юм гэж хэлчихээд 3 охиноо үлдээгээд ******** орж цүнхээ авчихаад ирье гээд явсан. Явсанаас нь хойш 10 орчим минутын дараа ******** орж ирээд чи муу пизда дандаа хүүхдүүд хөөж явуулна гээд миний зүүн хөлийн шилбэ рүү 2 удаа өшиглөсөн, өөр цохиж зодсон зүйлгүй хэл амаар доромжилсон. Мөн 2020 оны 09 дүгээр сарын эхээр намайг гал тогооны өрөөнд байж байхад ******** халамцуу орж ирээд ямар шалтгааны улмаас гэдгийг нь санахгүй байна. Намайг алгадаад би ухаан алдаж газарт унаад сэрэхэд хамраас цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 34-44 дүгээр хуудас/,

 

            Гэрч ********ы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...******** нь гаднаас ******** /********/ намайг хутгалчихлаа гэсээр орж ирсэн. Тэгэхээр нь би цамцыг нь сөхөөд хартал баруун талын хавирганы доод хэсэгт бага зэрэг зүсэлт үүсчихсэн, өөх нь цухуйчихсан байхаар нь нөхрийн хамт шууд машиндаа суулгаад эмнэлэгт хүргэсэн. Анх орж ирэхдээ баруун гараараа баруун талын ташааны ойролцоо гараараа дарчихсан, царай нь цонхийчихсон, ******** намайг хутталчихпаа гэсээр орж ирэхэд нь түргэн л эмнэлэгт хүргэж өгөх гээд янз бүрийн зүйл асуугаагүй эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх- ийн 46-47 дугаар хуудас/,

 

            Гэрч ********гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...Тухайн өдрийн өглөө босоод гэртээ цайгаа чаначихаад сууж байтал 11 цагийн үед манай хүү ********ын эхнэр ******** орж ирээд цай амсаад сууж байтал төд удалгүй гэрийн хаалга онгойх шиг болсон чинь хаалгаар ******** шагайхаар нь би өө ****** ороод ирлээ гэхийн зуургүй ******** орж ирээд ******** /********/ намайг хутгалчихлаа гэсээр хөл дээрээ тогтож чадахгүй юм, царай нь цонхийчихсон орж ирэхээр нь би шууд түргэн рүү залгаад, цагдаа руу залгаж мэдэгдэж байхад ******** ********ийг дагуулаад эмнэлэг рүү явсан. Хөл дээрээ тогтож ядсан, царай нь цонхийчихсон ******** /********/ намайг хутгалчихлаа, унах гээд байна гэсээр орж ирсэн. Хутгалсан гэх газрыг нь ******** хараад бага зэрэг зүсэгдчихсэн байна. Дагуулаад эмнэлэг явлаа гээд гараад явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

           

            Гэрч ********гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...Ухаантай боловч орчиндоо харьцаа сул хэвлийгээр өвдөж байна. Гэж хэлээд ёолно мөн хүнд хутгалуулсан гэж хэлж байсан. Асуумж асуухаар хариулна. Бүсэлхийн баруун талд 2 см орчим шархтай /зүсэгдсэн/ улмаар шархны гүнийг зондоор шалгаж үзэхэд зонд чөлөөтэй орж байсан. Иймд хэвлийн нэвтэрсэн шарх, хэвлийн цус алдалт гэсэн оношоор яаралтай журмаар хэвлийг нээж хагалгаа мэс ажилбар хийгдсэн. Мэс ажилбарын явцад /хэвлийг шалгахад/ 1 летр орчим цус гарсан нөжтэй байсныг цэвэрлээд хэвлийн эрхтнүүдийг шалгахад нарийн гэдэс цутгалан гэдэснээс 40 орчим зайд гэмтэж тал нээгдэж байсан мөн уг гэмтэл гэдэсний доод чацархай хэсэт цус хурсан энд тэнд 5-6 зүсэгдсэн шархтай байсан. Нарийн гэдэсний шарх болон чацархайн шархнуудыг оёж цэгцлээд хэвлийг дахин угааж хэвлийд гуурс байрлуулж хэвлийг хаасан. Өвчтөний биеийн байдал хүнд одоогоор мэдүүлэг өгөх боломжгүй сахиуртай байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 56-59 дүгээр хуудас/,

 

            Гэрч ********гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

             “...2012 оны 04 дүгээр сард миний ээж өөд болоод манай охин ******** 2 хүүхдийн хамтаар өөд болсон ээжийн маань гэрт орж, бид нартай хамт 1 хашаанд амьдарч байсан. Тэр жилийн сүүлээр цас орчихсон байх үед нэг залуу согтуу хашаанд орж ирчихээд гадаа орилж хашхираад ална тална гээд ********ийг сүрдүүлээд бид нарыг хэл амаар доромжлоод байдаг байсан. Тэр залуу нь ******** байсан юм. Түүнээс хойш хэд хэдэн удаа согтуу ирж агсам согтуу тавьж байсан ба энэ хугацаа нь 2012 оны 11-12 сарын үеэс 2013 оны намар ард талын харалдаа гудамжинд хашаа байшин аваад 2014 оны хавар охин ******** болон 2 хүүхдэд уг хашаа байшинг өгөөд тэнд нь тусад нь оруулсан юм. Тэр үед ******** очиж 2 хүүхдийг нь айлгаж ********т агсам согтуу тавиад дарамтлаад байхаар нь нөхөр бид 2 буцаагаад хашаандаа хамтдаа амьдарсан. Түүнээс хойш ******** байнга ********ийг янз бүрийн байдлаар ажилдаа явахад нь дагаад л сургууль дээр нь очоод янз бүрийн авир гаргаж дарамтлаад байдаг байсан ба 2015 оноос ********, ******** 2 харьцаагаа зогсоож байгаа гээд манайд ирэхээ больсон. Тэгээд мөн л харьцаагаа зогсоогоогүй ******** орой гэртээ ирж хонодог боловч өдрийн цагаар ажлаа тараад ********той уулзаад байдаг байсан юм шиг байгаа юм тэрийг нь сайн мэдэхгүй байна. 2018 оноос ********ынд амьдарч эхэлсэн. ******** ********ынд амьдарч эхэлснээс хойш тэр 2 ямар харилцаатай байдаг хэрүүл маргаан болдог эсэхийг мэдэхгүй. ******** ч ингэлээ тэглээ гэж хэлдэггүй байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 66-67 дугаар хуудас/,

 

            Насанд хүрээгүй гэрч ********гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...2020 онд яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна намайг хамт байх үед байшингийн жижиг өрөөнд байж байтал чанга дуугарах чимээ гарахаар нь өрөөнөөс гарч ирээд хартал ******** манай ээжийг цохиод газарт унагаачихсан байсан. Тэгээд ээж бид 2 өвөөгийн гэр лүү явж байсан. Мөн 1 удаа намайг дэлгүүр явчихаад ирсэн чинь ээжийн толгой руу цохьсон гэж ээж хэлж байсан. Намайг ээжтэй хамт байх үед цохиж зодсон асуудал гэвэл ийм 1 тохиолдол бий. Ээжтэйгээ хамт хэд хонох гээд ирэхээр ээжийн бие зарим газраа хөхөрчихсөн шалбарчихсан байдаг байсан ба яачихсан юм гэж асуухад ******** агсам тавиад цохичихсон гэж хэлдэг байсан. Ер нь ******** манай ээжийг байнга л зодож цохиж, агсам согтуу тавьдаг, их түргэн ууртай, жоохон зүйл дээр л их уурладаг хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

 

            Гэрч ********ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...Намайг хамт байх хугацаанд их эвтэй найрсаг гайгүй харьцаатай байсан. Хамт амьдарч байгаа л хойно хүмүүст хоорондоо хааяа маргалдах зүйлгүй байлгүй яахав гэхдээ тэгтлээ байнга хэрэлдэж маргалдаад, зодолдоод байсан зүйлгүй. Манай дүү ******** бусадтай их нийцтэй, эвтэй, түргэндүү /уур/ зантай хүүхэд байгаа юм. ******** эгч бас түргэндүү /уур/ зантай байж магадгүй, гэхдээ гайгүй байх...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 62-63 дугаар хуудас/

 

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №33 дугаартай:

            “...1.********ийн биед хэвлийн хөндий нэвтэрч нарийн гэдэс, чацархайг зүссэн шарх, хэвлийн баруун доод хэсэгт шарх, мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн боломжтой.

3. Хэргийн цаг хугацаанд үүссэн гэмтэл байна.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 95-96 дугаар хуудас/,

 

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №03 дугаартай:

            “...1.Шинжилгээнд ирүүлсэн цамцанд 25х3 мм хэмжээтэй зүсэгдэлт гарсан байна

2. Дээрх зүсэгдэлт гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн боломжтой.

3. Дээрх зүсэгдэлт нь шинэ үүссэн зүсэгдэлт байна. Гэмтэл гарсан цаг хугацааг тодорхойлох арга, аргачлал байхгүй тул хэрэг болсон үед үүссэн эсэхийг тогтоох боломжгүй.

4.Цамцанд үүссэн 25х3 мм хэмжээтэй шинэ үүссэн зүсэгдэлт шинжилгээнд харьцуулах загвар болгож ирүүлсэн хүрэн өнгийн модон иштэй хутгаар үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 72-74 дүгээр хуудас/,

 

Хархорин сумын татварын тасгийн тодорхойлолт, хохирол төлсөн баримт, *********ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 153, 158 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч ********нь хамтран амьдрагч хохирогч ******** рүү 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хутга шидэж хэвлийн хөндий рүү нь нэвтэрч нарийн гэдэс, чацархайг зүссэн шарх гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ********үйлдсэн болох нь

Хохирогч ********ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 34-44 дүгээр хуудас/, гэрч ********, ********, ******** нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /1 дүгээр хх-ийн 44-47, 48-49, 56-59 дүгээр хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №33 дугаартай: “...1.********ийн биед хэвлийн хөндий нэвтэрч нарийн гэдэс, чацархайг зүссэн шарх, хэвлийн баруун доод хэсэгт шарх, мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн боломжтой. 3. Хэргийн цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 95-96 дугаар хуудас/, шүүгдэгч *********ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

********нь хамтран амьдрагч хохирогч ********ийг 2020 оны 08 дугаар сард толгойн тус газар нь цохиж, 2020 оны 09 дүгээр сард нүүр рүү нь алгадаж, 2020 оны 12 дугаар сард хөл рүү нь өшиглөж, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гудамжинд хувцасных нь гадна талаас хутгаар хатгаж чирч хашаан дотроо оруулан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ********үйлдсэн болох нь

Хохирогч ********ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 34-44 дүгээр хуудас/, гэрчүүдийн, насанд хүрээгүй гэрчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд зэргийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээд” гэж заасан ба шүүгдэгч, хохирогч нар нь 2003 онд танилцан хамтран амьдарч байгаа болох нь гэрчүүд, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

Хохирогч ********ийн биед учирсан “...хэвлийн хөндий нэвтэрч нарийн гэдэс, чацархайг зүссэн шарх, хэвлийн баруун доод хэсэгт шарх” хүнд гэмтэл нь шүүгдэгч ********нь түүн рүү хутга шидсэний улмаас үүссэн ба шүүгдэгчийн шууд санаатай гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч ********нь хохирогч ******** рүү хутга шидэж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл бүхий хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцад хохирогчийн биед хүнд хохирол учруулсан нь үргэлжилсэн нэг гэмт хэрэг тул давхар Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлээр зүйлчилсэн нь буруу гэж тайлбарласан нь үндэслэлгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг “...Байнга зодох” шинж гэж тодорхой нэг хохирогчийн эсрэг чиглэсэн, хэвшмэл маягтай, гурав ба түүнээс дээш удаа бие махбодийн хүчирхийлэл хийсэн байхыг хэлнэ.

Дээр тайлбарласан гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийг гурав, эсхүл түүнээс дээш удаа үйлдэгдсэн үйлдлийн хооронд болон сүүлийн үйлдлээс хойш Зөрчлийн тухай хуулийн 06 сарын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй бол “гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн” гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болох бөгөөд гэр бүлийн хүчирхийллийг байнга зодсон хэлбэрээр үйлдсэн этгээд нь тухайн зөрчлүүдэд Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээсэн эсэх нь зүйлчлэлд нөлөөлөхгүй юм. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.”гэж заасан ба шүүгдэгч *********ын дээрх үйлдлүүд нь тус тусдаа эхлэл төгсгөлтэй байгаа нь үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэх өмгөөлөгчийн тайлбарыг няцааж байна.

Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч ********ын уг гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар зүйлчлэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т тодорхойлж хуульчилсан.

Тухайн хэргийн нөхцөлд хохирогч ********ийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь гэмт хэргийн хохиролд, учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ оношилгоо хийлгэх болон бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь хохирол учирсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт ********нь хохирогч ********т баримт бүхий мөнгөн дүнгээр тооцсон эмчилгээ үйлчилгээний зардалд нийт 650 000 төгрөг нөхөн төлсөн нь хэрэгт авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн гүйлгээний баримт болон шүүгдэгч, хохирогчийн тайлбараар тус тус нотлогдсон.

Хохирогчоос цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэхгүй, одоо гомдол санал нэхэмжлэхгүй зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирол төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Шүүх, шүүгдэгч ********ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч *********од 05 /таван/ жилийн хугацаагаар хорих ял, Гэр бүлийн хүчийрлэл нь даамжирснаар хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар 01 /нэг/ жилийн хугацаа буюу тухайн зүйл хэсгийн хамгийн дээд хэмжээгээр хорих ялыг оногдуулж, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч *********од гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 05 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх тухай үүрэг болгосон заалт биш болохыг тэмдэглэвэл зохино.

 

Шүүгдэгч ********нь 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 52 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон 52 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Хохирогч нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутга, тухайн гэмт хэрэг гарах үед өөрийн өмсөж байсан цамц зэргийг буцааж авна гэх хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан хэдий ч хутга нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг байх тул ажлын хэсэг нь 24.5 см урттай, хүрэн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт шилжүүлж, харин хохирогчийн өмсөж байсан гэх цамцыг түүнд буцаан олгож, шүүгдэгчийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Хохирогч ********, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн нар нь хохирогчоос мэдүүлэг авахдаа Монгол Улсын үндсэн хуульд заасан гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь сануулаагүй тул хохирогчийн мэдүүлгийг үнэлэх боломжгүй гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан ба ********ийг хохирогчоор тогтоон анхны мэдүүлэг авахдаа Монгол Улсын үндсэн хуульд заасан эрхийг нь эдлүүлэн асуулт хэлбэрээр асууж мэдүүлэг авсан, хохирогчоос дахин мэдүүлэг авахдаа мөн энэ эрхийг нь сануулан түүний зөвшөөрсний үндсэн дээр мэдүүлэг авсан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогчийн мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлгүүд ноцтой зөрүүгүй болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ****** овогтой ********гийн ********ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч *********од 05 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч  *********од 01 / нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар *********од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 05 /таван/ жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 06 /зургаа/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар *********од оногдуулсан 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар *********ын цагдан хоригдсон 52 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг нь 24.5 см урттай, хүрэн иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт шилжүүлж, шаргал өнгийн ноосон цамц 1 ширхгийг хохирогч ********т буцаан олгосугай.

 

7. ********нь бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол *********од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.САРАНТУЯА

 

                                                      ШҮҮГЧИД                        Ц.ДАГИЙМАА

 

                                                                                               Э.ДУЛМАА