Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/03

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Д.Алимаа,

Нарийн бичгийн дарга: А.Батцог, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаагийн шүүгдэгч ******** овогт ******** ********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2027001120085 дугаартай, 146/2020/0094/Э индекстэй хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******** овогт ********ийн ******** /РД: **********/ гэв.

                                       Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******** овогт ********ийн ******** нь 2020 оны 06 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт гэрч ********өөс гарал үүслийн гэрчилгээгүйгээр 250 ширхэг гэрийн хананы бэлдэц буюу модон материал худалдаж авсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч ******** овогт ********ийн ******** нь 2020 оны 06 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт ********өөс гарал үүслийн гэрчилгээгүйгээр 250 ширхэг гэрийн хананы бэлдэц буюу модон материал худалдаж авсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч ********ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Гарал үүслийн гэрчилгээтэй эсэхийг ********өөс лавлаж асуугаагүй 250 ширхэг ханын цуулбар модыг 50000 төгрөгөөр худалдаж авсан гэв.

Шүүгдэгч ********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2020 оны 06 дугаар сарын эхээр манай нөхөр ********ийн дүү болох ********гийн нөхөр ******** гэх хүнээс монгол гэрийн цуулбар хананы мод “5 хананы бэлдэц” худалдаж авсан юм. Тухайн модоо өөрийн төрсөн эгч болох ********гийн хашаанд буулгасан. Тухайн үед ********гийн хашаанд ********гийн охин болох ******** байсан. Тэгээд бага гэрт нь худалдаж авсан модоо хураасан. Тухайн үед ******** бид 2 байсан. Тэгээд би ********гийн утас руу залгаад гэрийн ханаа солих гээд хүнээс 5 ширхэг хананы мод худалдаж аваад бага гэрт чинь хураачихлаа гэж хэлсэн. Тухайн үед манай эгч Бат-Өлзий суманд байхгүй байсан. Тэгээд би гэрлүүгээ явсан. ******** бас гэрлүүгээ явсан байх. Тэрнээс хойш 10-аад хоногийн дараа байх ********гийн гэрт цагдаа нар очоод миний худалдаж авсан модыг аваад явсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 149-150 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Н.Пүрэвтогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...******** нь надаас мод бэлтгэх эрхийн бичиг авч байгаагүй. Би ч сайн танихгүй юм байна. Тухайн хүний хийсэн үйлдэл нь гэмт хэрэг болох нь тогтоогдвол тухайн хүн Байгаль орчинд учруулсан хохиролоо бүрэн барагдуулах ёстой. Тус хүн нь Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн гаргасан актанд тусгагдсан мөнгөн торгуулийг төлөх ёстой. Тэрийгээ төлчихвөл өөр ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй. Тус газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт орохгүй. Орчны бүсэд хамаардаг газар юм... гэх мэдүүлэг /хх-ийн 67 дугаар хуудас/,

Гэрч ********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2020 оны 06 дугаар сард байх би хотоос Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төвд байх гэртээ ирсэн. Гэртээ ирээд хоёр хоноод байж байтал манай хашаанд сумын цагдаагийн тасгаас цагдаа нар ирсэн. Тэгээд цагдаа нар ирээд бага гэрээ онгойлго доо гэхээр нь би онгойлгосон чинь бага гэр дотор гэрийн хананы цуулбар моднууд байсан. Би цагдаа нар очихын урд өдөр нь бага гэрээсээ мотоциклио гаргаж үзэхэд ямар ч хананы мод байгаагүй. Тэгээд цагдаа нар ирээд онгойлгоход хананы цуулбар мод хураачихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 73 дугаар хуудас/,

Гэрч ********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би гэрийнхээ ханыг сэлбэх гээд бэлдэц 2019 оны 09 дүгээр сарын орчим бэлдээд хадгалчихсан байсан юм. Тухайн бэлдэцээ Бат-Өлзий сумын нутаг Өвтийн мухар хуст гэх газраас бэлтгэсэн. Бэлдэцийн ширхэг нь 300-д тооны бэлдэц бэлдсэн. Мод бэлтгэхдээ өөрийн эзэмшлийн Даюун нэртэй улсын дугааргүй цэнхэр өнгийн мотоциклиор яваад мөн өөрийнхөө эзэмшлийн модон иштэй сүх, мөн татуурга ашиглаж бэлтгэсэн. ...2020 оны 06 дугаар сарын үед байх баз ********д 50.000 төгрөгөөр бэлдэцээ худалдсан... Бэлдэцээ өгөхдөө ********ын эгч болох ********гийн хашаанд буулгасан. Тухайн үед ********гийн хашаанд ******** эгч л байсан. Би ямар нэг мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 147-148 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-2 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,

Шүүгдэгч ********ын гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдаж авсан 250 ширхэг гэрийн хананы бэлдэц модыг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, зах зээлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 28-34, 55-58 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83 дугаар хуудас/,

зэрэг болно.

Шүүгдэгч ******** нь гэрийн ханын бэлдэц буюу 250 ширхэг модон материалыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр ********өөс худалдан авсан болох нь гэрч ********, ********ын мэдүүлгээр нотлогдож байх ба 250 ширхэг гэрийн ханын бэлдэцийг ургаа нойтон модыг унагаж бэлтгэсэн, бэлтгэхдээ зөвшөөрөл аваагүй болохоо гэрч ******** мэдүүлсэн байна.

Шүүгдэгч ******** нь гарал үүслийн гэрчилгээгүйгээр модон материалыг худалдан авснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ********ыг 2020 оны 06 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт гэрч ********өөс гарал үүслийн гэрчилгээгүйгээр 250 ширхэг гэрийн хананы бэлдэц буюу модон материал худалдаж авсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                         

Шүүгдэгч анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн хувийн байдал, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг  харгалзан шүүгдэгчийг торгох ялаар шийтгэв. 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж байгаль орчинд учруулсан хохиролыг шүүгдэгч ******** нь хариуцахгүй болохыг дурдаж байна.

Хэрэгт битүүмжлэгдэж ирсэн 200,000 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй, 2 метр урттай, 250 ширхэг гэрийн ханын бэлдэц модон материалыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж үнийг улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл. 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******** овогт ********ийн ********ыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр модон материалыг худалдан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** овогт ********ийн ********ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг  баримтлан Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Тамгын газрын хашаанд хурааж, сахиулд хариуцуулсан, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн 200,000 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй 2 метр урттай, 250 ширхэг гэрийн ханын бэлдэц модон материалыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжилснийг хүчингүйд тооцож, худалдан борлуулж үнийг улсын орлогод оруулсугай.

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                                                                                         

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА