| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0205/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/189 |
| Огноо | 2020-05-25 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 2020/ШЦТ/189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцэцэг,
улсын яллагч М.Гансувд,
шүүгдэгч Х.Х, түүний өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Х-д холбогдох 1834007060031 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Повогт Х Х/ /, 1985 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Амар хаш” ХХК”-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянхонгор аймаг Баянхонгор сумын 7 дугаар баг, 17-7 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч “Амархаш” ХХК-ийн захирал Х.Х нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал/эзэн/, ажил олгогч шууд хариуцна”, 27.2 дахь хэсэгт “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл байгуулна”, 27.4 дэх хэсэгт “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ажил олгогчийн үүргийн тухайн зүйлийн 28.1.4-т “ ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдлийн үнэлгээ хийх”, 28.1.5-д “ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээг хийлгэх”, 28.1.6-д “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж мөрдүүлэх”, 28.1.7-д “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шаардлагатай мэдлэгийг эзэмшсэн байх”, 28.1.8-д “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтанд хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэнд дотоод хяналт тавина” гэх заалт, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах, ажилтан ажиллуулах норматив батлах тухай” А/144 дүгээр тушаалын 1 дүгээр зүйлийн б/ дэх хэсэгт “б/Ажлын байрны эрсдлийн түвшин ихтэй уул, уурхай, эрчим хүч, зам барилгын салбар болон үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлс бүхий аж ахуй нэгж, байгууллагад ажилтны тооноос хамаарахгүйгээр нэг ба түүнээс дээш тооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан ажиллуулна” гэх заалтыг тус тус зөрчиж, ажилтан Ч.Пүрэвсүрэнтэй жолоочоор ажиллуулах хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ тус тус биелүүлээгүйн улмаас Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Туулын гүүр” гэх газарт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Уулс Заамар” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллах гэрээний дагуу тус компаний уурхайн үйл ажиллагаа явуулж байсан газарт “Амар Хаш” ХХК-ийн техник, тээврийн хэрэгслийн засварын талбайд 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 17 цагийн орчим жолооч Ч.Пүрэвсүрэн нь 69-14 УНД улсын дугаартай “Хово” маркийн тээврийн хэрэгслийн эд анги болох нумыг солих засварын ажлыг хийж байгаад уг машины урд талд тавьсан данхраад нь мултарч, улмаар Ч.Пүрэвсүрэн нь тээврийн хэрэгсэлд нуруу хэсгээрээ даруулан түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол нөхөн төлсөн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 08 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл/хх-09 хуудас/, Гэрэл зургийн үзүүлэлт/хх-10-15 хуудас/, домкратыг шинжилгээ хийлгэхээр түр хураан авсан тухай тэмдэглэл/хх-16 хуудас/, эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал/хх-17 хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл/хх-19 хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол/хх-20 хуудас/, хохирогч Ч.Пүрэвсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-25-28, 225-226 хуудас, 2 дугаар хавтас хх-60-63 хуудас/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл/хх-29 хуудас/, гэрч О.Гантулгаас мэдүүлэг авсан тухай тэмдэглэл/хх-36 хуудас/, гэрч Б.Мөнхбаяраас мэдүүлэг авсан тухай тэмдэглэл/хх-37-38 хуудас/, гэрч Г.Төмөрөөгөөс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-42-43 хуудас/, гэрч С.Дарьсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-45-46 хуудас/, шүүгдэгч Х.Хы гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-47-48 хуудас/, гэрч Э.Алтангэрэлээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-49 хуудас/, гэрч П.Отгонбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-50 хуудас/, гэрч Э.Төмөрбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-51 хуудас, 2 дугаар хавтас хх-72 хуудас/, гэрч Н.Цэцэг-Эрдэнээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-52 хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №10797 дугаартай дүгнэлт/хх-54 хуудас/, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №4 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-57-58 хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №11847 дугаартай дүгнэлт/хх-61 хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №6371 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт/хх-62-63 хуудас/, шинжээч Н.Цэцэг-Эрдэнээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-64-65 хуудас/, “Амархаш” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 8-19 дугаартай албан бичиг/хх-80 хуудас/, 69-14 УНД дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар/хх-81 хуудас/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, хуулбарлан авсан хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтэр/хх-82-140 хуудас/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл/хх-141 хуудас/, хуулбарлан авсан хөрс, шорооны ажил гүйцэтгэх гэрээний хуулбар/хх-142-147 хуудас/, хуулбарлан авсан “Амар хаш” ХХК-ийн КЭМП-д мөрдөх аюулгүй ажиллагааны зааварчилгаа/хх-148-165 хуудас/, хуулбарлан авсан Тоног төхөөрөмж засварлах угсрах үеийн хөдөлмөр хамгаалалын зааварчилга/хх-166-169 хуудас/, хуулбарлан авсан “Амар хаш” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №18-010 дугаартай Ч.Пүрэвсүрэнг жолоочоор ажиллуулахаар томилсон захирлын тушаал/хх-170 хуудас/, хуулбарлан авсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний хуулбар/хх-171-176 хуудас/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл/хх-169, 196 хуудас/, №704А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлийн хуулбар/хх-197-200 хуудас/, “Уулс Заамар” ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №А/01 дугаартай тушаалын хуулбар/хх-201 хуудас/, Дотоод хяналт шалгалтын журам/хх-202-208 хуудас/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл/хх-209 хуудас/, 6129196 тоот регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ/хх-210 хуудас/, “Амар хаш” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм/хх-211-213 хуудас/, №05-078/16 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-28-29 хуудас/, шинжээч С.Болороогоос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-30-31 хуудас/, гэрч Б.Сэдэдээс мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас хх-73-74 хуудас/, гэрч Б.Зүсээс мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас хх-75-76 хуудас/, гэрч Н.Цэцэг-Эрдэнээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-77-78 хуудас/, эрүүгийн 1834007060031 дугаартай хэрэгт хийсэн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шинжилгээний дүгнэлт/2-р хавтас хх-91-99 хуудас/, шинжээч К.Хавалболотоос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-101-104 хуудас/, “Амар хаш” ХХК-ийн лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар/2 дугаар хавтас хх-110-115 хуудас/, “Амар хаш” ХХК-д Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авсан баримтууд/2 дугаар хавтас хх-117-120 хуудас/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл/2-р хавтас хх-121-132 хуудас/, гэрч П.Сарантуяагаас мэдүүлэг авсан тухай тэмдэглэл/2-р хавтас хх-208 хуудас/, Х.Хы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/2-р хавтас хх-216 хуудас/, Х.Хы хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-219-221 хуудас/,
Төв аймаг Эрдэнэ сумын Тамган 5 дугаар баг Улаан худаг гэх газар үйл ажиллагаа явуулдаг “Хананшишгэнд” ХХК-ийн тээврийн хэрэгслийн эд анги 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хулгайд алдсан хэргийн газрын фото зураг/хх-07 хуудас/, эд зүйл хураан авсан тэмдэглэл/хх-08 хуудас/, хураан авсан эд зүйлсийг гэрэл зураг/хх-09-10 хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл/хх-11 хуудас/, хохирогч Д.Эрдэнэ-Очироос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-13-14, 31 тал/, гэрч Т.Ариунжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-15 тал/, “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт/хх-20 хуудас/, О.Сүххуягийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-23 хуудас/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 90-26 УНР улсын дугаартай Allion маркын тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан/хх-35-42 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч “Амархаш” ХХК-ийн захирал Х.Х нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал/эзэн/, ажил олгогч шууд хариуцна”, 27.2 дахь хэсэгт “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдлийн эрсдлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл байгуулна”, 27.4 дэх хэсэгт “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ажил олгогчийн үүргийн тухайн зүйлийн 28.1.4-т “ ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдлийн үнэлгээ хийх”, 28.1.5-д “ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээг хийлгэх”, 28.1.6-д “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж мөрдүүлэх”, 28.1.7-д “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шаардлагатай мэдлэгийг эзэмшсэн байх”, 28.1.8-д “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтанд хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэнд дотоод хяналт тавина” гэх заалт, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах, ажилтан ажиллуулах норматив батлах тухай” А/144 дүгээр тушаалын 1 дүгээр зүйлийн б/ дэх хэсэгт “б/Ажлын байрны эрсдлийн түвшин ихтэй уул, уурхай, эрчим хүч, зам барилгын салбар болон үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлс бүхий аж ахуй нэгж, байгууллагад ажилтны тооноос хамаарахгүйгээр нэг ба түүнээс дээш тооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан ажиллуулна” гэх заалтыг тус тус зөрчиж, ажилтан Ч.Пүрэвсүрэнтэй жолоочоор ажиллуулах хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ тус тус биелүүлээгүйн улмаас Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Туулын гүүр” гэх газарт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Уулс Заамар” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллах гэрээний дагуу тус компаний уурхайн үйл ажиллагаа явуулж байсан газарт “Амар Хаш” ХХК-ийн техник, тээврийн хэрэгслийн засварын талбайд 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 17 цагийн орчим жолооч Ч.Пүрэвсүрэн нь 69-14 УНД улсын дугаартай “Хово” маркийн тээврийн хэрэгслийн эд анги болох нумыг солих засварын ажлыг хийж байгаад уг машины урд талд тавьсан данхраад нь мултарч, улмаар Ч.Пүрэвсүрэн нь тээврийн хэрэгсэлд нуруу хэсгээрээ даруулан түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны үед
Хохирогч Ч.Пүрэвсүрэнгийн мэдүүлсэн: “...2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байсан. Төв аймгийн Заамар суманд Хово маркийн автомашины нумыг давхарлаж байсан автомашинаа данхраадаад доогуур нь ороод нумаа солих гээд сууж байсан тэгтэл данхраад нь ханачихаад нум нь орохгүй байсан урдаас нь болон хойноос нь 2 ширхэг данхраадаар данхраадсан байсан. Тэгээд би нэг ахыг хойд данхраадаа буулгаад данхраад өндөрлөх гэсэн тэгээд тэр ах хойд данхраад буулгаад эвээс хийхийн хооронд урд данхраад мултраад цээжин дээр бөгтийлгээд дарсан тэгээд Заамар сумын эмнэлэг ороод хот руу гэмтлийн эмнэлэгт очиж хэвтсэн тэр ахын нэрийг би мэдэхгүй ирээд нэг л хонож байсан ах байгаа юм. Хово автомашины эхлээд 1 ширхэг нумыг сольчихоод сүүлийн нумыг нь солих гээд байж байтал ийм зүйл болсон. Би 2018 оны 06 дугаар сарын 05-нд хүмүүст туслах гэж ерөнхийдөө туслахын ажилд орсон. Би Хово автомашины дугуй солих зэрэг үндсэндээ автомашин эвдэрсэн тохиолдолд эвдэрсэн зүйлийг засаж хамжихад жолооч засварчин нарт туслах чиг үүргээр ажилладаг байсан. Мэргэжил байхгүй, засвар үйлчилгээ хийх мэргэжил эзэмшээгүй. Сургалтанд хамрагдаагүй, аюулгүй ажиллагааны чиглэлээр зааварчлага өгч байсан. Хово автомашины нум солих гэж доогуур нь орсон байсан тэгтэл гэнэт дээрээс унаад ороод ирсэн” гэх мэдүүлэг/хх-26-27 хуудас/,
Гэрч О.Гантулгын: “...2018 оны 09 дүгээр сарын 02-ны 17 цагийн орчимд Ч.Пүрэвсүрэн хово маркийн тээврийн хэрэгсэлд дарагдсан гэх дуудлага 99021177 дугаараас ирсэн. Ингээд дуудлага өгсөн хүнд боломжтой бол эмнэлэгт тээвэрлэн авч ирэх талаар хэлсэн. Тэгээд Ховод дарагдсан гэх Ч.Пүрэвсүрэнг үзэхэд амин үзүүлэлт хэвийн, нурууны 10 дугаар хавирганы түвшинд нуруу цааш цүлхийсэн маш их өвдөлттэй, давсаг чинэсэн, бөгсөн биеэс доош мэдээгүй байсан. Би цагдаагийн байгууллагад мэдэгдэж буцаж эмнэлэг орж Ч.Пүрэвсүрэнд анхан шатны тусламж болох өвдөлт намдаах тариа, цус тогтоох тариа, тархины хаван хөөх, шээс хөөх, зүрхний үйл ажиллагаа дэмжих, давсаганд катетор хийж Улаанбаатар хотод байрлах гэмтэл согогын үндэсний хүрээлэн рүү хүргэсэн. Би Хово засварлаж байгаад данхраадаад доор нь ороод байж байтал миний тогтоосон данхраад нурсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-36 хуудас/,
Гэрч Б.Мөнхбаярын: “ ... Ч.Пүрэвсүрэн нь манай компани 69-14 УНД дугаартай “Howo” маркийн тээврийн хэрэгслийн урд талын нум сольж байсан. Тухайн засвар хийж байсан хугацаанд данхраатаа нойтон газар байрлуулж ажиллаж байхад данхраад байрлуулсан газар доошоо цөмөрч тээврийн хэрэгслийн касчир нуруу хэсгийг дарж бэлхүүснээс доош мэдрэлгүй болсон гэмтэл авсан. 2018 оны 6 сард засварчинаар ажилд орсон. Би гэрээ байгуулсан талаар мэдэхгүй байна. Захирал Х гэрээний талаар мэдэж байгаа. Би ажилд орсноос хойш ажилчдад хөдөлмөр аюулгүй ажиллагааны талаар лекц семинари орж байгаагүй. Баянхонгор аймагт байдаг мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 2009 онд элсэн суралцаж 2011 онд барилгын өргөгч, угсрагч, мөн Улаанбаатар хотод 2017 оны 4 дүгээр сарын 03-нд Монголын хүний нөөцийн академид хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтаны мэргэшүүлэх сургалтанд суралцаж төгссөн ба сертификатын хугацаа 2 жилийн хугацаатай төгссөн. Өдөр тутмын зааварчилгаа өгдөг дэвтэр байгаа. Би Пүрэвсүрэнд зааварчилгаа өгсөн дэвтэр бий. Өөрөө зохиогоод зааварчилгаа бичиж гарын үсэг зуруулдаг” /хх-37-38 хуудас/,
Гэрч Ц.Тэнгисээс: “ ... 2018 оны 09 дүгээр сарын 02-нд шөнөөс хойш өдрийн 12 цаг хүртэл бороо орж бид нар ажил хийх боломжгүй байсан. Ингээд би 12 цагаас хойш “Амар хаш” ХХК-ийн засварчин Пүрэвсүрэн болон шинээр ажилд орж байгаа Төмрөөг Пүрэвсүрэнд туслуулах үүрэг өгч тэр хоёр 69-14УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд нум солих ажил хийж эхэлсэн. Би тухайн үед “Хово” тээврийн хэрэгслийн сэлбэг зөөж өгч байж байх Пүрэвсүрэн нь тээврийн хэрэгслийн баруун урд талын нумыг сольж дуусаад зүүн урд талын нумыг задалж эхэлсэн. Тэгээд зүүн урд талын нумаа задалж угсарч эхэлж байхад Пүрэвсүрэнгийн тээврийн хэрэгслийн урд талаас данхраадсан данхраадаа дахин өндөрлөх шаардлага гарах дахин өөр нэг данхраад аваад тээврийн хэрэгслийн урд талаас данхраадсан тэгэхэд Пүрэвсүрэн данхраадаа өргөж босгож байхад би хажуу талын машин руу очоод хийний труп залгах гээд зогсож байтал төмөр нурах, хүний ёолох чимээ сонсогдоход би Пүрэвсүрэн Төмөрөө нарын засварлаж байсан тээврийн хэрэгсэл рүү очих Пүрэвсүрэн нь тээврийн хэрэгслийн урд доор хэсэгт тонгойгоод сууж байгаа харагдсан тухайн үед Пүрэвсүрэнгийн хөл дээр төмөр унасан бололтой гэж бодоод хөлнийх нь ойр байгаа төмрийг өргөхөд уг төмөр нь Пүрэвсүрэнгийн хөлд хүрээгүй байсан. Пүрэвсүрэн надад хэлэхдээ ахаа миний хөл мэдээгүй болчихлоо хөл хугарсан байна уу та үзээч гэхэд би Пүрэвсүрэнгийн хөл дээр гэмтэл аваагүй нуруундаа гэмтэл авах шиг боллоо гэж бодоход Пүрэвсүрэн нь Тэнгис ахаа хүн тонгойход хүний толгой нь өвдөгөнд хүрдэг биздээ гэж асуухаар нь ахын дүүгийн нуруу нь гэмтсэн байж магадгүй юм байна гэж хэлсэн. Ингээд бид нар Пүрэвсүрэнг гаргах гэтэл Пүрэвсүрэнгийн шилэн хүзүү дал хэсгийг тээврийн хэрэгслийн моторны ксчир дээрээс нь дарсан байхаар нь Пүрэвсүрэнгийн зүүн мөрийг хойш нь бага зэрэг түлхээд хатуу паниер дээр хэвтүүлж тээврийн хэрэгсэл доороос гаргаж Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн эмнэлгийн утасны дугаарыг авч Пүрэвсүрэнд анхан шатны тусламж үзүүлэх заавар зөвлөгөө аваад анхан шатны тусламж үзүүлж эмнэлэгт хүргэж ирсэн. Осол болохоос 1 хоногийн өмнө бороо ороход газар чийгтэй шаварлаг болсон байсан. Тухайн үед Пүрэвсүрэн тээврийн хэрэгсэл засварлаж байхдаа найдваргүй газарт данхраад байрлуулсан. Мөн тээврийн хэрэгслийн доор нум сольж байсан Пүрэвсүрэнгийн нуруунд хүнд даралт өгсний улмаас осол болсон” гэх мэдүүлэг /хх-39-40 тал/,
Гэрч Төмөрөөгийн: “ ... Би Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Туулийн гүүр” уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Амар хаш” ХХК-д ховоны жолоочоор 2018 оны 09 дүгээр сарын 02-нд ажилд орохоор ирсэн. Ингээл би 12 цагт хоол идээд сууж байхад компаний менежер Тэнгис надтай уулзаад хэлэхдээ өнөөдөр чи ажилд гарахгүй 2 хоногийн дараа дагалдангаар хово барьж байгаад ажилдаа гарна. Маргааш өглөө хоёулаа хөдөлмөрийн гэрээ хийнэ хийнэ өнөөдөр гэрээний материал Улаанбаатар хотоос ирж байгаа тэр зуур манай засварчин Пүрэвсүрэнгийн хийж байгаа ажилд туслаад байж бай гэж хэлсэн. Тэгээд би засварчин Пүрэвсүрэнтэй 1-ээс 2 цагийн хооронд цагаан өнгийн “Howo” маркийн 69-14УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын 2 дугуйны баруун зүүн 2 талын нуман төмөрийг сольж байсан. Бид хоёр “Howo” –ны баруун талын нумыг солиод дараа нь зүүн талын нумыг хийх гээд тээврийн хэрэгслийн урд талын чирэгч хэсгээс засварчин Пүрэвсүрэн нь тээврийн хэрэгслийн данхраадаад өөрөө тээврийн хэрэгслийн зүүн урд талд ертөнцийн зүгээрээ баруун зүг рүү хөлөө жийгээд хөл рүүгээ тонгойж сууж ажлаа хийж байсан. Би тэр үед ховоо тээврийн хэрэгслийн хойд хэсэгт нум өргөлцөж байхад урд талын чирэгч хэсэгт байсан данхраад мултарч унахад тээврийн хэрэгслийн урд хэсэг бага зэрэг доошоо унахад Пүрэвсүрэнгийн нуруу хэсгийг дарсан. Тэгэхэд Пүрэвсүрэн миний бие болохоо байлаа туслаарай гээд орилоод байсан. Би барьж байсан нумаа газар орхиод тээврийн хэрэгсэл дотроос гарч ирээд хүмүүсээ туслаарай гэж ойр хавьдаа орилоход ажилчид цугларсан. Ингээд Пүрэвсүрэнг “ Howo” доороос гаргах гэхэд Пүрэвсүрэн нь хэлэхдээ миний биеийн бэлхүүснээс доошоо мэдрэхгүй хөдөлж болохгүй байна гэж хэлсэн тухайн үед Тэнгис, Х, Сундуй, Зүч, Отгонбаяр гэх нэртэй ажилчин залуучууд Пүрэвсүрэнгийн цээж хэсгийг урд зүг рүү бага зэрэг түлхэж өргөж гаргасан. Бид нар Пүрэвсүрэнг шууд Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн эмнэлэгт хүргэхээр Тэнгис аваад явсан” гэх мэдүүлэг /хх-42 хуудас/,
Гэрч С.Дарьсүрэнгийн: “ ...Манай “Уулс-Заамар” ХХК нь туслан гүйцэтгэгч “Амар хаш” ХХК-д жил болгон шинэчлэн баталж явдаг Б талын гэрээнд заасан эрх үүргээ биелүүлж ажиллах талаар шаардлага тавьж ажилладаг юм тэрнээс эрүүл ахуй хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг тухайн “Амар Хаш” ХХК нь өөрийн Хөдөлмөр хамгааллын инженер хариуцахаар гэрээний 3.5-д заасан байгаа. “Уулс Заамар” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженертэйгээ хамтран хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр зөвхөн компаний дотоод үйл ажиллагааг сайжруулахаар хяналт тавьж ажилладаг юм. Манай “Уулс Заамар” ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 18/03 дугаартай хөрс шорооны ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар Б тал буюу “Амар хаш” ХХК-ийн кемпийн байршилыг зааж тогтоож өгөх кемпийн эрүүл ахуй эмх цэгцтэй байлгах талаар шаардлага тавих, эрүүл ахуйн шаардлага хангахгүй бохир заваан байгаль орчинд хохирол учруулахуйц бохирдуулсан газрын хөрсөнд тос масло асгасан, кемптээ заасан газарт байрлуулаагүй бол торгууль ногдуулахаар заасан ба гэрээний 3.5-д Б тал жолооч нарынхаа эрүүл ахуй хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хариуцаж аюулгүй ажиллагааны зааварчилгааг өдөр бүр өгнө гэж заасан байгаа учир “Амар Хаш” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер нь “Амар хаш” ХХК-ийн кемп дээрх үйл ажиллагаа болон засварын талбай дээрх хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйг хариуцаж зааварчлага өгч байгаа юм. А тал буюу “Уулс Заамар” ХХК-ийн уурхайн менежер нь уурхайн даргыг мэдээллээр хангаж зөрчил нь тогтоогдсон тохиолдолд гэрээнд заасны дагуу уурхайн дарга зохих торгуулийг ногдуулдаг” гэх мэдүүлэг /хх-45-46 тал/,
Гэрч Э.Алтангэрэлийн: “ ... Би Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Уулс Заамар” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр гэрээ байгуулан ажилладаг “Амар хаш” ХХК-д жолоочоор ажилладаг ба 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр намайг ажлаа хийгээд машинаа бариад шороо зөөгөөд явж байхад “Амар Хаш” ХХК-нд жолоочоор ажилд ороод машин барьдаггүй дадлагын хугацаанд засвар дээр ажиллаж байсан О.Пүрэвсүрэн нь 69-14 УНД улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэлд засвар хийж байгаад өргөсөн байсан домкрат унаад дарагдаж гэмтсэн осол гарсан байсан юм. Би “Амар хаш” ХХК-д 2017 оны 05 сард жолоочоор ажилд ороод 63-42 УНА улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэл хариуцаж ажилладаг ба миний хийх ажил бол хариуцсан тээврийн хэрэгслээрээ уурхайд шороо зөөх, засварчинтайгаа хамтраад тээврийн хэрэгсэлдээ засвар хийх зэрэг ажил хийдэг юм. Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтанд хамрагдаж байгаагүй ба жил бүр ажилд анх гарахад аюулгүй ажиллагааны зааварчилгаа гэж амаар хэлж өгдөг мөн өдөр бүр нарядын дэвтэр дээр гарын үсэг зурж аюулгүй ажиллагааны зааварчлага авдаг зааварчлага гэж тээврийн хэрэгсэлтэйгээ болгоомжтой харьцаж бүрэн бүтэн байдлаа хангах, уурхайд явахдаа аюулгүй байдал дүрэм журмаа баримталж ажиллах талаар зааварчилгаа өгдөг.” гэх мэдүүлэг,
Гэрч П.Отгонбаярын: “ ... Би Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Уулс Заамар” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр гэрээ байгуулан ажилладаг “Амар Хаш” ХХК-д засварчингаар ажилладаг ба 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр намайг Хово машины бөгсний задаргаа хийгээд засвар хийгээд байж байхад “Амар Хаш” ХХК-д жолоочоор ажилд ороод машин барьдаггүй дадлагын хугацаанд засвар дээр ажиллаж байсан О.Пүрэвсүрэн нь 69-14 УНД улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэлд засвар хийж байгаад өргөсөн домкрат унаад дарагдаж гэмтсэн осол гарсан байсан юм. Аюулгүй ажиллагааны мэдлэг олго сургалтанд хамрагдаж байгаагүй ба өглөө бүр ажилд гарахын өмнө кемп менежер Тэнгис, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан Мөнхбаяр нар нярадын дэвтэр дээр гарын үсэг зуруулж аюулгүй ажиллагааны зааварчлага гэж тээврийн хэрэгсэлд засвар хийхдээ анхаарал болгоомжтотй байх, домкрат өргөхдөө зориулалтын газраас өргөх, эвүүр хийх, аюулгүй байдлаа хангах талаар бусад зааварлага өгдөг” гэх мэдүүлэг /хх-50 тал/,
Гэрч Э.Төмөрбаатарын: “ ... Би Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Уулс Заамар” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр гэрээ байгуулан ажилладаг “Амар Хаш” ХХК-д засварчингаар ажилладаг ба 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр намайг амраад Улаанбаатар хотод ирсэн байхад “Амар Хаш” ХХК-д ажилладаг байсан О.Пүрэвсүрэн нь 6-14 УНД улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэлд засвар хийж байгаад өргөсөн байсан домкрат унаад дарагдаж гэмтсэн осол гарсан байсан юм. Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтанд хамрагдаж байгаагүй ба өглөө бүр ажилд гарахын өмнө Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан Мөнхбаяр нар нярадын дэвтэр дээр гарын үсэг зуруулж аюулгүй ажиллагааны зааварчлага гэж тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, аюулгүй байдлаа хангах, уурхайн карерт холбогдох дүрэм журмыг баримтлах талаар бусдад зааварчлага өгдөг” гэх мэдүүлэг /хх-51 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “ Ч.Пүрэвсүрэнгийн биед сээрний 12 дугаар нугаламын их биеийн шахагдсан хугарал, мултралын улмаас нугас дарагдал, доод мөчдийн саажилт, баруун талын 12 дугаар хавирга, сээр нурууны 11-р нугаламын сэртэнгийн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх54 тал/,
Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дэвтрийн хуулбар /1-р хавтас хх-140 тал/, засварчны аюулгүй ажиллагааны заавар/1-р хавтас хх-151 тал/, тоног төхөөрөмж засварлах угсрах үеийн хөдөлмөр хамгааллын зааварчилга/1-р хавтас хх-166-168 тал/, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи уул уурхайн сургуулийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт /2-р хавтас хх-90-98 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-08 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-09-15 тал/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-19 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч “Амархаш” ХХК-ийн захирал Х.Х нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн дээр дурдагдсан үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Туулын гүүр” гэх газарт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Уулс Заамар” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллах гэрээний дагуу тус компаний уурхайн үйл ажиллагаа явуулж байсан газарт “Амар Хаш” ХХК-ийн техник, тээврийн хэрэгслийн засварын талбайд 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 17 цагийн орчим жолооч Ч.Пүрэвсүрэн нь 69-14 УНД улсын дугаартай “Хово” маркийн тээврийн хэрэгслийн эд анги болох нумыг солих засварын ажлыг хийж байгаад уг машины урд талд тавьсан данхраад нь мултарч, улмаар Ч.Пүрэвсүрэн нь тээврийн хэрэгсэлд нуруу хэсгээрээ даруулан түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоёр шалтгаант холбоотой байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон,
Х.Хы хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн дээр дурдагдсан үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас 1 хүний эрүүл мэндэд “сээрний 12-р нугаламын их биений шахагдсан хугарал, мултралын улмаас нугас ларагдал, доод мөчдийн саажилт, баруун талын 12-р хавирга, сээр нурууны 11-р нугаламны сэртэгийн хугарал бүхий учрах үедээ амь насанд аюултай” хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Шүүгдэгч Х.Х нь хохирогч Ч.Пүрэвсүрэнд “13.000.000 төгрөг” өгсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн” байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмхэжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж...” гэж эрх хасах нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчлагдсан тул “Амар хаш” ХХК-ийн үйл ажиллагааг 10 сарын хугацаагаар хасаж шийдвэрлэвэл зохино.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Х.Х хохирогчид 13.000.000 төгрөг төлсөн хохирогч Ч.Пүрэвсүрэн нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,
эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн домкрат 1 ширхэгийг устгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч П овогт Х Х-ыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Амар хаш” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах эрхийг 10 сарын хугацаагаар хасаж, шүүгдэгч Х.Х-ыг 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2800.000 /хоёр сая найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-д оногдуулсан 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2800.000 /хоёр сая найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1,2 дахь хэсэгт заасан хугацаанд төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.Пүрэвсүрэн нь цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан домкрат 1 ширхэгийг устгахыг Төв аймаг дахь шүүхийн тамгын газарт даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Х.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ