| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0295/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/190 |
| Огноо | 2020-05-26 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2020/ШЦТ/190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
нарийн бичгийн даргад Б.Эрдэнэцэцэг,
улсын яллагчид Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,
хохирогч Д.Ганбат, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх, М.Мэндсүрэн,
шүүгдэгч Г.Э нарыг Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э-д холбогдох эрүүгийн 1834008630231 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овогт Г.Э, Монгол улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багт оршин суух суух, ял шийтгэл эдэлж байгаагүй гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Э нь Төв аймгийн Лүн сумын 2 багийн нутагт 2018 оны 10 дугаар сарын 26-ны орой гэртээ иргэн Д.Ганбатын гаргасан “малын бэлчээр, бууцанд ирж буулаа” гэх маргаанаас үүдэн муудалцаж улмаар түүнтэй барилцаж авч, түлхэж унагаан нүүрэн тус газар нь цохиж зодон эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ: “Би 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 14:40 цагт гэрээ ачиж хөдлөөд 10:45 цагт Дуут гэх газар нүүж очсон бөгөөд очиж байх замд Ганбат нь мотоциколтойгоо байсан буулгахгүй малын бэлчээр гэж хэлсэн. Би 2 жилийн өмнө тус өвөлжөөг эзэмших талаар өргөдөлөө өгсөн байсан. Гэтэл Ганбат нь замд тааралдаад буулгахгүй гэж хэлсэн, буйран дээр түрүүлээд оччихсон байсан тэгээд очтол татлага тайлуулахгүй байхаар нь хажуугаар нь түлхээд гартал миний шилбэ рүү гараараа дарж босч ирээд өшиглөөд, шилэн хүзүү рүү цохиод куртикны малгайнаас татаад заамдаад авсан. Тэгэхэд нь би нэг мөргөсөн тэгээд алалцъя нүдний шилээ авчих гэж хэлсэн. Хамт явсан Аюурзана гэх залуу та нар нэг нутгийн хүмүүс байж больцгоо гэж хэлэхэд маргааш ирж чамайг ална гээд давхиад явсан. Орой 19:20 цагт мотоциколтой гэрэл тусгаад хонио туугаад гэртээ ирсэн, гэрлээ асаах гээд мотоциклоо гэрийнхээ үүдэнд асааж орхичихоод гэртээ ороод гэрлээ асаах гэтэл гэрэл асаад унтарсан асахгүй байсан юунаас болов гээд гэрлийн чийдэнгээ янзлах гээд доошоо сууж байтал араас гэнэт хүний том сүүдэр ороод ирсэн. Юу болов гээд өндийтөл хүн ороод ирсэн, орж ирээд чи муу яасан даварсан хулгайч вэ Бор бид хоёрын өвөлждөг зэлүүд газар ирлээ чамайг алнаа гээд барьж аваад бөгсөөр суулгаад духан дундуур мөн эрүүн дундуур цохиод боогоод хана руу шахсан. Боосон байсан болохоор нь гарыг нь тавиулах гэтэл хөндлөн талаар миний баруун хэсгээр түлхэж унагаагаад миний хөлд тээгэлдсэн үү яасан пийшин рүү пижигнээд унасан. Хойно нь тавьсан байсан зуухтай тачигнаад унасан. Би түрүүлж босоод алхах гэтэл хөлд нь тээгэлдээд дарж босоод эргэж хараад яасан дээрэлхүү хулгайч бэ гээд суга хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд би дээлний захнаас нь татаад босготол нүүр хэсэг нь цус болсон байхаар нь тархи толгой чинь хагарчихав уу юу болов гээд авч гараад нүүрийг нь угаагаад цусыг нь тогтоосон” гэв.
Хохирогч Д.Ганбат мэдүүлэхдээ: “2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хонь хариулаад байж байтал Э нүүгээд ирж байхаар нь очиж уулзсан. Тэгээд Эг хаана буух талаар асуутал энд бууна гэхээр нь буулгахгүй гэтэл бууна чиний өвөлжөөг авна гэж хэлсэн. Эвээр хэлсэн бол би ойлгох байсан. Загнаад дээрэлхүү ярихаар нь би буулгахгүй гэж хэлсэн. Орой надтай явж ирээд 3 3 л татсан байх, гэрт нь ороод сандал дээр нь хэсэг суутал дуугарахгүй цаашаа хараад суугаад байхаар нь заамдаж авсан тэгээд барилцаад цаашаа юу болсон талаар мэдэхгүй байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3 тал/, хэрэг учралын газрыг гэрэл зургаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-7 тал/, хохирогч Д.Ганбатын мэдүүлэг /хх-18, 20, 165 тал, 2 хавтас хх-35 тал/, гэрч Н.Баярсайханы мэдүүлэг/хх-25, 26 тал/, гэрч Б.Хүрэлгомбын мэдүүлэг /хх-28 тал/, гэрч Э.Мөнх-эрдэнийн мэдүүлэг /хх-32тал/, гэрч Б.Батцэнгэлийн мэдүүлэг /хх-34 тал/, гэрч Р.Мандахсоёлын мэдүүлэг /хх-35 тал/, гэрч Б.Наранчимэгийн мэдүүлэг /хх-36, 38 тал/, гэрч Д.Энхтөрийн мэдүүлэг /хх-39 тал/, гэрч М.Бадамсүрэнгийн мэдүүлэг /хх-42 тал/, гэрч Д.Мөнхбаатарын мэдүүлэг /хх-43 тал/, гэрч Б.Аюурзана, Х.Базарсад нарын мэдүүлэг /хх-45, 46 тал/, гэрч Г.Баянмөнхийн мэдүүлэг /хх-48 тал/, гэрч Мөнхтөрийн мэдүүлэг /хх-51 тал/, гэрч Н.Дуламын мэдүүлэг /хх-52 , 54, 55 тал/, гэрч Ц.Эрдэнийн мэдүүлэг /хх-56 тал/, гэрч Д.Онцоогийн мэдүүлэг /хх-57, 59, 164 тал/, гэрч А.Цэрэнлхамын мэдүүлэг /хх-167 тал/, шинжээчийн №130006 дугаартай дүгнэлт /хх-61 тал/, шинжээч Т.Чимэд-очирын мэдүүлэг /хх-64,177 тал/, бүрэлдэхүүнтэй шинжээчийн №597 дугаартай дүгнэлт /хх-68 тал/, хохирогч Ганбатын өвчний түүнийн хуулбар /хх-93-106 тал/, хохирлын баримтууд /хх-112-155, 233-241 тал/, яллагдагчийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-86 тал/ болон бусад баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Г.Э нь Төв аймгийн Лүн сумын 2 багийн нутагт 2018 оны 10 дугаар сарын 26-ны орой гэртээ иргэн Д.Ганбатын гаргасан “малын бэлчээр, бууцанд ирж буулаа” гэх маргаанаас үүдэн муудалцаж улмаар түүнтэй барилцаж авч, түлхэж унагаан нүүрэн тус газар нь цохиж зодон эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад:
Хохирогч Д.Ганбатын “ Намайг Э баруун гараараа хамар сөргөөгөөд цаашаа явахаар нь би араас нь баруун хөлөөрөө бөгсөнд нь нэг удаа өшиглөсөн чинь Э эргэж хараад толгойгоороо нэг удаа хамран тус газар мөргөсөн чинь хамт явсан Аюурзана боль гээд болиулсан... миний биед учирсан гавлын орой ясны цөмөрсөн ил хугарал, хуйхны ярагдсан шарх, зүүн нүдний зовхи, доод урууланд няцарсан цус хуралт, тархи доргилт гэх гэмтлүүд бүгд Эгийн гэрт түүнд зодуулаад учирсан гэмтлүүд...3840000 төгрөг дансаар өгсөн.. гомдолтой байна.” гэх мэдүүлэг /1 хх-18-22 тал/,
Хохирогчийн дахин мэдүүлсэн “Би орой Эгийнд очихоосоо өмнө гэмтэлгүй байсан. Эгийнд очоод биед учирсан гэмтлүүдээ авсан.”гэх мэдүүлэг/2хх-35-36 тал/,
Гэрч Н.Баярсайханы: “Эгийн гэрт очиход Ганбат гэрийн баруун талд шалан дээр хөлөө нугалаад сууж байсан, Э Ганбатыг агсам тавиад байна чи хэдэн км газарт өвөлжөө байхыг мэдэхгүй, хуулиа мэдэж байж хүнтэй яриараа п... минь ална шүү гэхээр нь Ганбатыг харсан чинь хоёр талынх нь шанаа цус болсон толгой нь норсон байсан...Эг өвөлжөөний ойр буулаа гээд Ганбат уурласан чинь Э зодсон гэж Ганбат хэлсэн.”гэх мэдүүлэг/1хх-25-26тал/,
Гэрч Д.Онцоогийн: “Ганбатын зүүн нүдний доод хэсэгт цохиулсан гэмээр хавдаж хөхөрсөн байсан.. би хараад нүүр ам чинь юун цус болсон байсан.”гэх мэдүүлэг /1хх-57-59, 164 тал/,
Гэрч П.Батцэнгэлийн: “....Эмнэлгийн машинаар Ганбат гэх хүнийг авч байхаар нь уулзаж асуухад нүүр нь хавдаж толгой нь хагарсан байсныг боож байсан.” гэх мэдүүлэг /1хх-34 тал/,
Гэрч Р.Мандахсолонгийн: “ ...Ганбат ороо түшээд тонгойгоод сууж байсан яаж байна гэж асуутал өвдөж байна” гэсэн толгой нь орой дээрээ хөндлөн хуйх нь 12-14 см орчим зүсэгдсэн шархтай, хуйхыг нь ангайлгаж үзэхэд яс дотогшоо цөмөрсөн цус нь тогтсон зүүн нүдний доод зовхи хөхөрсөн байсан...Ганбатыг үзэж байхад гэрт байсан хүмүүс Эг зодсон гэж ярьж байхыг сонссон” гэх мэдүүлэг /1хх-35 тал/,
Гэрч Б.Наранчимэгийн: “Би утсаар ярьтал Э Ганбатын толгойг нь хагалаад цус нь тогтохгүй байна гэхээр нь....очоод Ганбатын толгойг нь үзсэн чинь толгойн орой хэсэгт хөндлөн нэг сөөм гэмээр хуйх нь зүсэгдэж язарсан байсан.” гэх мэдүүлэг /-1хх-36-38 тал/,
Гэрч Д.Энхтөрийн: “Наранчимэг яриад Ганбатын толгойг нь Э хагалсан байна гээд... очиход Ганбатын толгойноос нь цус гарчихсан Мөнхтөр арчиж байсан. Хартал сөөм хэрээтэй хуйх нь зүсэгдээд язарсан байсан.” гэх мэдүүлэг /1-хх-40 тал/,
Гэрч Д.Мөнхтөрийн: “Э гэртээ Ганбатыг зодсон байна гэсэн...Ганбатын толгойны орой хэсэгт язарсан шархтай, цус гарсан, зүүн талын нүд нь хавдаж хөхөрсөн байсан.” гэх мэдүүлэг /1-хх-51 тал/,
Гэрч Б.Аюурзаны: “ Э ахынд Ганбат ирсэн.. ил харагдах шарх гэмтэл байгаагүй, зүгээр байсан.” гэх мэдүүлэг /1-хх-45 тал/,
Гэрч Б.Буян-эрдэнийн: “ Дулам эгчид хандаж танай хүү Э намайг зодчихлоо шүү дээ гээд байсан.” Гэх мэдүүлэг /1-хх-31тал/,
Гэрч А.Цэрэнлхамын: “ ...Э гэрт орж ирээд би юм дуугараагүй сууж байхад Э муухай юм боллоо доо Цэрэнлхам гуай гэхэд би муухай байлгүй яах бэ дээ хүүг минь арай л их хэтрүүлчихсн байна лээ гэсэн... Э юм ярихгүй сууж байгаад гаргасан” гэх мэдүүлэг /1хх-168 тал/,
Гэрч Ц.Эрдэнийн: “...механик хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, яагаад гэхээр тархи цөмөрсөн хэсэгт оёдол тавигдсан байсан...ясны хугарал нь тархины эд рүү цөмөрч орсон байсан” гэх мэдүүлэг /1-хх-56 тал/,
Хохирогч Д.Ганбатын эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 2018 оны 11 сарын 1-ний өдрийн 13006 дугаартай дүгнэлтэд: “Д.Ганбатын биед гавлын орой ясны цөмөрсөн хугарал, хуйхан доорх булчингийн тасрал, толгойн хуйханд шарх, тархины хатуу хальсны цоорол, зүүн нүдий зовхи, доод уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2 ба түүнээс дээш олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Амь нааснд аюултай тул гэмтлийн эрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэснээр /1-хх-61 тал/,
Шинжээч Т.Чимэд-очирын: “ ...Ганбатын биед учирсан гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд буюу 2018.10.26-нд үүссэн байх боломжтой гэмтлүүд.” гэх мэдүүлэг /1-хх-68 тал/,
Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн 14079 дугаартай өвчний түүнийн хулбарт: “ ...эмнэлэгт очих үед Ганбатын биед толгойн дагзны хэсэгт 10 орчим см зүсэгдсэн шархтай, шархыг шалгахад гавлын яс цөмөрсөн, шарханд цэгцэлгээ хийв. Нүүрэнд зүүн зовхи, чамархай, хамар нүдээр хаван хавдар ихтэй, их хэмжээний хөхрөлттэй.” гэж тэмдэглэгдсэнээр /1-хх-93-103 тал/,
Шинжээч Т.Чимэд-Очирын: “Ганбатын биед гавлын оройн ясны цөмөрсөн хугарал, хуйхан доорх булчингийн тасрал, толгойн хуйханд шарх, тархины хатуу хальсны цоорол нь .... гэмтдийн хүнд зэрэгт хамаарагдана.” /2-хх-37, 38 тал/ гэх мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон байна.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч Г.Э-гийн хохирогч Д.Ганбатыг “малын бэлчээр, бууцанд ирж буулаа” гэх маргаанаас үүдэн муудалцаж улмаар түүнтэй барьцалдаж, түлхэж унагаан зодсоны улмаас Д.Ганбатын эрүүл мэндэд “учрах үедээ амь насанд аюултай гавлын орой ясны цөмөрсөн хугарал, хуйхан доорх булчингийн тасрал, толгойн хуйханд шарх, тархины хатуу хальсны цоорол, зүүн нүдий зовхи, доод уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт бүхий гэмтэл учруулсан нь Шүүх эмнэлгийн гэмтлийн эрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарахаар хуульчлагдсан байх бөгөөд шүүгдэгч Г.Эгийн буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Г.Э-гийн “бэлчээрийн маргаанаас үүдэлтэйгээр маргаж “хохирогчийг зодсон үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч зориуд хор уршигт хүргэсэн гэж үзнэ.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүх тухай шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцоно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршигийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж зааснаар
Шүүхээс шүүгдэгч Г.Э-г “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул
Д.Ганбатын нэхэмжилсэн 7.363.173 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангаагүй 993.464 төгрөгийн нэхэмжлэлийг жич нэхэмжлэх эрхтэйгээр үлдээж,
Г.Э-гаас нотлох баримтын шаардлага хангасан эмчилгээ, асаргаа, тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохирол 6642.709 төгрөгийг гаргуулахаар тогтоож, түүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад төлсөн 3480.000 төгрөгийг хасч үлдэх 3.162.709 төгрөгийг шүүгдэгч Г.Э-гаас гаргуулж хохирогч Д.Ганбатад олгохоор хянан шийдвэрлэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлт танилцуулах шатанд
Шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Д.Гансүх, М.Мэндсүрэн нар нь хохирол төлөх завсарлага авах хүсэлт гаргаснаар шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг хуульд заасан хугацаанд хойшлуулсан.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг товлогдсон өдөр цагт эхлүүлэхэд шүүгдэч Г.Э нь шүүхээс тогтоосон 3.162.709 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргуулах гэм хорын хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т “ хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж торгох, хорих ял оногдуулж болохоор хуульчлагджээ.
Шүүх шүүгдэгч Г.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:
Эрүүийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн: “торгох ял оногдуулах” тухай,
Шүүгдэч нарын өмгөөлөгч нарын “ торгох ял оногдуулах “тухай дүгнэлт, санал тус тус гаргасныг болон
гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, учруулсан хор уршиг, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, зааснаар Г.Э-г 11000 арван нэгэн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван нэгэн сая төгрөгөөр торгох ял оногдуулж,
уг ялыг /Г.Эгийн 2019 оны мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого буюу малын цоохорт “ ачааны автомашин 1, суудлын авта машин 1, мотоцикль 1, нийт 1467 тооны толгой малтай” гэх баримтыг үндэслэн торгох ялыг биелэгдэх боломжтой гэж үзэж / шүүгдэгчийн хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан 2022 оны 5 сарын 25-ны дотор буюу 2 жилийн хугацаанд хэсэгчлэн /сар бүр 458.333 төгрөгийг/ төлөхөөр тогтоож,
торгох ялыг шүүхээс тогтоосон 2 жилийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг санууллаа.
Хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бимтүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Г Э-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар Г.Э-д 11000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэгэн сая /төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар оногдуулсан 11000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэгэн сая /төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд /сар бүр 458.333 төгрөг/ хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
5.Хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь хохирогчид 3.162.709 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болохыг дурдаж, хохиогч Д.Ганбатын 993.464 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус даалгасугай.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ