Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2020/ШЦТ/198

 

                            

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцэцэг,

улсын яллагч Т.Төмөртулга,

иргэний хариуцагч Б.Ууганбаяр,

шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Т.Ариунболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ут холбогдох эрүүгийн 2034001500221 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Бовгийн Б.У 1985 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймагт  төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо, Сайдсын 39-10 тоотод оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.У нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн шөнийн 01 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Мөнгөн морьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг “Хар ямаат” гэх газарт ЗИЛ-131 маркийн 44-09 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 “жолоочид дараах зүйл хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1 “жолооч нь хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсний улмаас замын хажуу тал руу онхолдож зам тээврийн осол гаргаж зорчигч Р.Баярсайханы амь нас хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.У мэдүүлэхдээ: “Тухайн өдөр ажлаа дуусаад гол гараад явж байсан тэгтэл зам асуусан хүмүүс таараад замыг зааж өгөөд талийгаач Баярсайхан Батцэнгэл нартай харих гээд явж байсан. Тэгээд нэг архи уусан, тэгээд хойшоо явж байсан тийм согтуу байгаагүй, зам нь жоохон эвгүй байсан рүлл нь жоохон эвгүй болсон тэгээд нэг мэдсэн осол болсон гэв.

Иргэний хариуцагч Б.Ууганбаяр мэдүүлэхдээ: “Би Төв аймгийн Мөнгөнморьт сумын ойн компаниудтай тусгай зөвшөөрлийн дагуу мод бэлтгэдэг бригадаа бүрдүүлээд дүү Б.Уыг жолоочоор найз Байрсайхан, Батцэнгэлтэй яриад 01-25-ны өдөр модны бригад гаргасан. Би 2-3 хоноод эргэдэг байгаа, эхний удаа очиход дүрэм журмын дагуу ажлаа хийж байсан дараагийн удаа өөр хүнээр машинаа бариулаад би өөрөө үлдсэн машин очоод уулнаас модыг ачаад буцаад хотруу явах хооронд осол гарсан байсан. Маргааш өглөөний 8 цагт энэ талаар мэдсэн. Хохирогчийн талд иргэний хариуцагчийн хувьд хохирлыг барагдуулсан, тээврийн хэрэгслийн талаар ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол саналгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-04 тал/, хэргийн газар үзлэг хийсэн талаархи тэмдэглэл /хх-05-07 тал/,  зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-08 тал/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-09 тал/, 2020.02.02 Төв аймаг Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр баг Хар ямаат гэх газар 4409УБР улсын дугаартай Зил31 маркийн тээврийн хэрэгсэл онхолдож Лхамхүү овогтой Баярсайхан 36нас/эр нас барсан гэх гэмт хэргийн хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт/хх-10-15 тал/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл/хх-16-17 тал/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах зургийн үзүүлэлт/хх-18-22 тал/, 2020.02.03 Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах зургийн үзүүлэлт/хх-23 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтөгсөөс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-26 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мядагмаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-29 тал/, иргэний нэхэмжлэгч Б.Ууганбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-33 тал/, иргэний хариуцагч Б.Ууганбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-34-35 тал/, гэрч Б.Ууганбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-36-38 тал/, гэрч Б.Батсүхээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-39-40 тал/, гэрч Ц.Должинсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-41-42 тал/, гэрч Т.Нарангэрэлээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-43 тал/, яаралтай тусламжийн хуудас /хх-44 тал/, гэрч Д.Батцэнгэлээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-45 тал/, 44-09 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар/хх-47 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №85 дугаартай дүгнэлт /хх-49 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №1001 дугаартай дүгнэлт/хх-51-52 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №22 дугаартай дүгнэлт/хх-56-57 тал/, Төв аймаг дахь Цагдаагийн газар Замын Цагдаагийн тасгийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шинжилгээний дүгнэлт/хх-61 тал/, Б.Уын хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-73 тал/, Б.Уын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-74 тал/, №0000243074 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар/хх-93 тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.У нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн шөнийн 01 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Мөнгөн морьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг “Хар ямаат” гэх газарт ЗИЛ-131 маркийн 44-09 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 “жолоочид дараах зүйл хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1 “жолооч нь хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсний улмаас замын хажуу тал руу онхолдож зам тээврийн осол гаргаж зорчигч Р.Баярсайханы амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтөгсийн: “ ... Л.Баярсайхан бид хоёр хамт нэг гэрт ороод 13 жил болж байгаа бөгөөд дундаасаа 2 хүүхэдтэй болсон хүмүүс байгаа юм. Бид хоёр албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй бөгөөд талийгаачийн хувьд хамгийн ойр дотны хүн нь би байгаа юм. Миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл гэх зүйл байхгүй байна. У гэдэг хүн манай гэр бүлд чадахаараа тус дэм болж хохирол мөнгө төлж хүүхдүүдэд маань хадгаламж нээж өгнө гэж илэрхийлсэн байгаа” гэх мэдүүлэг /хх-26 тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.Ууганбаярын: “ ... ЗИЛ-131 маркийн 44-09 УБР улсын дугааартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би ЗИЛ-131 маркийн 44-09 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийг үнэлэх шаардлага байхгүй гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-33 тал/,

Иргэний хариуцагч Б.Ууганбаярын: “ ... Би өөрийн дүү болох Б.Ут тухайн ЗИЛ-131 маркийн 44-09УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох зөвшөөрлийг олгож манай дүү тухайн тээврийн хэрэгслийг хариуцан өөрөөсөө гадна 2 хүн хариуцан ууланд мод бэлтгэж байсан юм” гэх мэдүүлэг /хх-35 тал/,

Гэрч Б.Батсүхийн: “ ... 2020 оны 02 дугаар сарын 01-02-ны шилжих шөнө 02 цагийн үед үл таних эрэгтэй хүн орж ирсэн тэгээд хойно машинтай явж байгаад осолд орсон гэсэн. Тухайн осол болсон гэх газар очсон. Тэгсэн ЗИЛ-131 маркийн машин замын хажуу руу унасан байсан. Машины хажууд эрэгтэй хүн нас барсан байдалтай байсан тэгээд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Машинд явж байхад Угтах гэдэг залуу машин барьж явж байсан гэж хоорондоо ярьсан” гэх мэдүүлэг/хх-39-40 тал/,

Гэрч Ц.Должинсүрэнгийн: “ ... 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03 цагийн үед унтаж байхад гадаа нохой шуугиад байхаар нь гарч чоно, нохой байж магадгүй гээд хартал нүүр ам нь цус нөж болчихсон эрэгтэй хүн ирсэн ба гэртэээ оруулаад юу болсон талаар асуухад би машинтай явж байгаад онхолдоод явж байна гэсэн ба чи тэгээд ганцаараа явж байсан юм уу гэхэд 3-уулаа явж байсан нөгөө 2 хүн маань үхсэн амьд нь мэдэгдэхгүй байгаа хэл дуулгах гээд наашаа ирлээ, ёстой аймар юм болчихлоо эгч гээд орж ирсэн. Тэгээд би утсаар цагдаад мэдэгдэх гээд байж байтал үүдэнд машин ирж зогссон бөгөөд гараад хартал сумын цагдаа орж ирсэн юм. Тэр залуугаас би та нарын хэн жолоо барьж байсан юм бэ гэхэд би жолооч нь байгаа юм. Би хүн алчихлаа та цагдаад мэдэгдээд өгөөч гэж хэлсэн. Өөрийгөө Ууганбаяр бил үү Ууганбат гэж танилцуулж байсан. Тэр залуугийн ам нь их гэмтсэн байдалтай амнаас нь цус дуслаад амандаа бувтнаад байсан бөгөөд ямар ч байсан ярьж байгаа нь ойлгогдож байсан. Би эрүүл согтууг нь бол сайн анзаараагүй бөгөөд би бол тухайн үед гэнэт аймар болсон хүнтэй таараад даралт ихсээд тэр архи уусан үгүйг ч мэдэхгүй бужигнаад л өнгөрсөн” гэх мэдүүлэг /хх-41-42 тал/,

Гэрч Т.Нарангэрэлийн: Манай байгууллагын ажилтан У нь 3 грүшигийн хамт /нэрийг нь сайн мэдэхгүй байна гэх/ 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр уулнаас бууж ирж Улаанбаатар хот явах тээврийн хэрэгсэлд ачиж өгөөд 17 цагийн үед дууссан. Тэгээд нэг грүшиг нь түрүүлээд явж байсан талаар өнөөдөр сонссон ба У үлдсэн 2 грүшигийн хамт буцаад уул руугаа явах ёстой байсан бөгөөд би өнөө өглөө аваар болсон талаар мэдэгдсэн юм. Тухайн тээврийн хэрэгсэл нь Ууганбаяр гэх залуугийн тээврийн хэрэгсэл бөгөөд Ууганбаяр нь манай туслан гүйцэтгэгч юм. Тухайн тээврийн хэрэгслийг Ууганбаярын төрсөн дүү Баяраа гэх залуу барьдаг байсан бөгөөд 2019 оны 10 сард байсан санагдаад байна эрхээ хасуулаад тээврийн хэрэгсэл барихаа больсон бөгөөд түүнээс хойш У гэх залуу 44-09 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооддог болсон юм” гэх мэдүүлэг/хх-43 тал,

Гэрч Д.Батцэнгэлийн: “ Би 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өөр У, Баярсайхан нарын хамт ууланд мод бэлтгэхээр гарцгаасан юм. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мод ачаад доошоо буулгаж цагаалчихаад буцаад мод руугаа бид гурав явж байсан. Тэгээд өгсөж явж байтал жолооч руль жоохон болохоо байгаад байна гэж ярьж байсан ба нэг мэдсэн онхолдчихсон байсан. Тэгээд би нэг мэдсэн кабин дотор рулийн ард байсан ба дотор муухай оргиод байхаар нь гараад бөөлжсөн ба жолооч, талийгаач хоёр гадаа хэвтэж байхаар нь гараад очтол У ахаа миний ам ярьж болохгүй байна гэсэн ба би айгаад тэр чигээрээ тусламж дуудахаар доошоо хамгийн ойр айл руу гүйсэн юм. Би яг хэр хол явсанаа сайн санахгүй байна ямар ч байсан хар гүйхээрээ явахад цаг гаран явсан болов уу гэж бодож байна. Тээврийн хэрэгслийг У жолоодож явсан юм. Бид нар модоо буулгачихаад буцаад явж байтал замд хүмүүс таараад зам асуугаад явж байсан. Тэгээд замыг нь зааж өгсөн бөгөөд нэг шил архи гаргаж задлахаар нь талийгаач бид хоёр 50 граммын аягаар нэг нэг татсан ба жолооч би машин барьж яваа гэж байсан уусан үгүйг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-45 тал/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-04 тал/, хэргийн газар үзлэг хийсэн талаархи тэмдэглэл /хх-05-07 тал/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-08 тал/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-09 тал/, 2020.02.02 Төв аймаг Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр баг Хар ямаат гэх газар 44-09УБР улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл онхолдож Лхамхүү овогтой Баярсайхан 36нас/эр нас барсан гэх гэмт хэргийн хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт/хх-10-15 тал/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл/хх-16-17 тал/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах зургийн үзүүлэлт/хх-18-22 тал/, 2020.02.03 Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах зургийн үзүүлэлт/хх-23 тал/, яаралтай тусламжийн хуудас /хх-44 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №1001 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн “Батцэрэн У 35н эр” гэсэн хаягтай цусанд 1.6 промилли спиртийн агууламж илрэв. 2.Цусанд 1.6 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт/хх-51-52 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №22 дугаартай “1. Талийгаач Л.Баярсайханы цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр өвчүү яс 3,4 хавирганы бэхлэгдэх хэсэгт ташуу хугаралтай, баруун 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12-р хавирга хоёрлосон болон гурвалсан хугаралтай. Зүүн 1,2,3,4,5,6,7,8,9,10-р хавирга хоёрлосон болон гурвалсан хугаралтай. Цээжний хөндийд 600 мл орчим цус хуралт, баруун уушигны эдийн няцрал урагдал, цус хуралт, зүүн уушигны эдийн няцрал, цус хуралт, дух, цээжний баруун тал, баруун бугалага, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд амьд ахуйд үүссэн шинэ гэмтэл байна. 3.Талийгаач нь авто осол цээжний хөндийн битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. 4.Талийгаачийн цусанд 2.1% промилли, ходоодны шингэнд 2.7% промилли спиртийн агууламж илрэв. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна” дүгнэлт/хх-56-57 тал/, Төв аймаг дахь Цагдаагийн газар Замын Цагдаагийн тасгийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шинжилгээний “1.Хариулт 1. Хавтаст хэргийн материалтай танилцахад ЗИЛ-131 маркийн 44-09 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Бтсүрэн овогтой У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзэв. Хариулт-2. Хавтаст хэргийн материалтай танилцахад ЗИЛ-131 маркийн 44-09УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Батсүрэн овогтой У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7. жолоочид дараахь зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна гэж үзэв. Хариулт-3. Хавтаст хэргийн материалтай танилцахад осол болох үед замын нөхцөл байдал болон орчин нөлөөлөөгүй байна гэж үзэв” гэх замын дүгнэлт/хх-61 тал/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

 

           Шүүгдэгч Б.Уын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Б.Уыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний хүний амь нас хохироосон гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч Б.У нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн шөнийн 01 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Мөнгөн морьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг “Хар ямаат” гэх газарт ЗИЛ-131 маркийн 44-09 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 “жолоочид дараах зүйл хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1 “жолооч нь хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсний улмаас замын хажуу тал руу онхолдож зам тээврийн осол гаргаж зорчигч Р.Баярсайханы амь насыг хохироосон нь шинжээчийн дүгнэлтүүд болон ослын шалтгааныг тогтоосон дүгнэлтээр нотлогдсон бөгөөд шүүгдэгчийн буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэг”

 

Шүүгдэгч Б.У нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Б.Уын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож ЗХД зөрсчөний улмаас хүний амь нас хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, учруулсан хор уршиг, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Б.У нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулсан болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “..тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хасаж”, гэж нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан тул Б.Уын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тухайн зүйл, хэсэгт заасны дагуу эрх хасах ялыг нэмж оногдуулж,

Б.Уыг хорих ял эдэлж дууссаны дараа тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг тоолбол зохино.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас:

Нэг хүний амь нас хохирсон бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтөгс нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүйг тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Харин хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн Б.Уын №1044874 дугаар жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овгийн Б.У-ыг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас 1 хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар Б.У-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.У-т оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.У нь цагдан хоригдсон хоноггүй дурдаж түүнд авсан хувийн баталагаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг 2020 оны 05 сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.У-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс үеэс эхлэн тоолсугай.

           7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдаж Б.У-ын №1044874 жолоочийн үнэмлэхийг харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгасугай.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.У-т урьд авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ц.ОТГОНЖАРГАЛ