Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/203

 

 

 

 

 

   

 

                        

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцэцэг,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

хохирогч М.Оргил,

шүүгдэгч өмгөөлөгч С.Сувдмаа,

шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9, 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.С-д холбогдох эрүүгийн 2034000000181 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт Д.С, Монгол улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймаг Хэрлэн суманд хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дорнод аймаг Хэрлэн сум 5 дугаар баг Мөнхөд хороололд оршин суух хаягтай, боловч Улаанбаатар хот Баянгол дүүрэг 22-р хороо Зүүннарангийн 16-ийн 16 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэв.

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Д.С нь Т.Өлзийбаатар, Г.Мөнх-Эрдэнэ, Б.Ууганбаяр нартай бүлэглэн Төв аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багийн нутаг “Хуцын Уул” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө М.Оргилын саарал, хонгор халзан, хул зүсмийн 3 тооны адууг хулгайлж 5463400 төгрөгийн, М.Оргихбаярын 3 тооны адууг хулгайлж 14398450 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.С: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч М.Оргил: “Д.С дансанд мөнгө хийсэн байгаа, дүү бид хоёр хуваагаад авсан дүүгийн дансанд 4 900 000 төгрөг хийсэн байсан. Д.Сгээс гаргуулах, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-03-05 тал/,

Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнийн 2020 оны 03 сарын 25-ны өдрийн 2034000000181 тоот “Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай” тогтоол /2-р хавтас 42-43/, хохирогч М.Оргилоос мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас 10-11 тал/, хохирогч М.Оргихбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас 13-14 тал/, М.Оргилын  өмчлөлийн адууны үнэлгээний тайлан /1-р хавтас 16-23/, М.Оргихбаярын өмчлөлийн адууны үнэлгээний тайлан, Г.Сгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-162 тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Э.С нь бусадтай бүлэглэн Төв аймгийн Сэргэлэн сумын 3-р багийн нутаг “Хуцын-Уул” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө М.Оргилын саарал, хул, хонгор халзан зүсийн 3 тооны адууг хулгайлж 5,498,450 мянган төгрөгийн, М.Оргихбаярын 3 тооны адууг хулгайлж 14398450 мянган төгрөгийн хохирол учруулсан хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч М.Оргилын: “Би Төв аймгийн Сэргэлэн сумын 3-р багийн нутаг “Хуцын-Уул” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 6 настай саарал морь, 7 настай хул морь, 7 настай хонгор халзан морио хулгайд алдсан. Хонгор халзан морио уяж байсан, айраг түрүү авч байгаагүй, угшил сайтай морь, саарал морь, хул морио уяж уралдуулж байгаагүй, уналгын морьд байгаа. Манайх адуугаа Сүхбаатар аймаг руу отроор явуулаад тус гурван морийг авч үлдсэн байсан. Энэ гурван морь  ижилсэж Сэргэлэн сумаас урагшаа “Хуцын-Уул” гэх газрын ой орчмоор бэлчдэг байсан. Хамгийн сүүлд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр манай дүү Оргихбаяр малд явж байхдаа гурвуулаа тэр хавьд бэлчиж байсныг харсан байсан” гэх мэдүүлэг /1-р хавтас10 дахь тал/,

Хохирогч М.Оргихбаярын: “Би Төв аймгийн Сэргэлэн сумын 3-р багийн нутаг “Хуцын-Уул” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 5 тооны адуугаа услаад бэлчээрт гаргасан. Маргааш өдөр нь манай ах М.Оргил над руу утсаар залгаад манай 3 тооны адууг танай сохор зээрд морь, том хонгор морьтой хулгайлаад  махалчихсан байна. толгойг нь цагдаа нар үзүүллээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хавтас13 дахь тал/,

Алдсан адууг үнэлсэн үнэлгээнд: ”М.Оргихбаярын 3 тооны адууг үнэлсэн үнэлгээ 14,398,450 төгрөг”, М.Оргилын 3 тооны адууг үнэлсэн үнэлгээ 5463400 төгрөг” гэснээр,

Эрүүгийн хэргийг тусгаалах тогтоол /хх-42 тал/,

Гэмт хэрэг хамт үйлдсэн яллагдагч Г.Мөнх-эрдэнэ, Б.Ууганбаяр, Т.Өлзийбаатар нарын бие биенийхээ үйлдлийг гэрчлэн мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.С нь “бүлэглэн” хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвгөөрсөн нь дээр дурдадсан хэрэгт авагдсан гэрч хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээр давхар нотлогддог тул түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг яллах нотлох баримтад тооцсон болно.

 

Шүүгдэгч Э.С нь бусадтай бүлэглэн Төв аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багийн нутаг “Хуцын Уул” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө М.Оргилын саарал, хонгор халзан, хул зүсмийн 3 тооны адууг хулгайлж 5463400 мянган төгрөгийн, М.Оргихбаярын 3 тооны адууг хулгайлж 14398450 мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд  Э.Сгийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасан “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж зааснаар,

Мөн шүүгдэгчийн бүлэглэн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн 1-д “гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж зааснаар журамлан ирүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Э.Сгийн бусадтай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын 3-р багийн иргэн М.Оргилын 3 тооны адуу, М.Оргихбаярын 3 тооны адууг хулгайлж бусдад хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч М.Оргихбаярт 14,398,450 төгрөгийн, М.Оргилд 5463400 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Г.С нь өөрт ноогдох хохирлыг төлж барагдуулсан нь хохирогчийн мэдүүлэг, мөнгө төлсөн баримтаар нотлогдон тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.

 

            Шүүх шүүгдэгч Э.С эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгон гэмшсэн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн,

      Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

         Эрүүгийн хариуцлагыг хүндэрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

         Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шудрага ёсны зарчимд нийцүүлж, шүүгдэгчийн хувийн байдал,

        Улсын яллагч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан Эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлт, санал зэргийг тус тус харгалзан

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар Э.Сд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хянан шийдвэрлэсэн болно.

        

           Хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

           Шүүгдэгч Э.С нь 2018 оны 11 сарын 6-ны өдрөөс 2018 оны 11 сарын 12-ны өдөр хүртэл 6 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овогт Д С-г бүлэглэн бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар Г.С-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-г ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх /хойшлуулсан, тэнссэн  хугацаанд/  албадлагын арга хэмжээ авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.С нь шүүхээс тэнссэн 2/хоёр/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.ОТГОНЖАРГАЛ