Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/204

 

 

                            

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцэцэг,

улсын яллагч Г.Энхбат,

шүүгдэгч өмгөөлөгч О.Баяраа,

шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н-д холбогдох эрүүгийн 1917001290209 хэргийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Д Н, Монгол улсын иргэн, 1973 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймаг Нөмрөг суманд хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр 1 ой 1 сараас 11 насны 4 хүүхдийн хамт Төв аймаг Борнуур сум 2 дугаар баг “Шивэртий” гэх газар түр оршин суух хаягтай, боловч Батсүмбэр сумын 2-р баг Цогт-өндөр 2-1 тоотод оршин суух хаягтай,

 урьд Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №245 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлж, оногдуулсан ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн, Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар нэр хөрөнгөнөөс 200000 төгрөг хурааж, 10 жил 1 сарын хорих ялаар, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 252 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан гэв.

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Д.н нь 2019 оны 05 дугаар сарын сүүлээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг “Дуулан Уул”-ын баруун хойно “Эрээн цав” гэх газраас алдагдсан тус сумын иргэн Д.Баянбатын эзэмшлийн 15 тооны адуу 2019 оны 06 дугаар сарын эхээр Төв аймгийн Баян суманд байхад нь 9 тооны адууг нь 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өөрийн адуутай нийлүүлж туун Төв аймгийн Батсүмбэр сумын “Баянбуурал” гэх газарт аваачиж дээрх 9 тооны адууг бусдын алдуул мал гэдгийг мэдсээр байж завшиж бусдад нийт 8600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.н нь: “Би Багахангай дүүргийн урд Баян сумын Хээхэрийн хоолой гэх газар 04 сарын эхээр урдаас адуу орж ирээд манай худаг дээр ус уугаад байдаг байсан. Би өөрийн адуутай нийлүүлж туугаад Баянбуурал амралтын газар аваачсан. Бусдын адуу гэдгийг мэдэж байсан би хулгайлаагүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-05 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8,9 тал/, малд үзлэг хийн, түр хураан авч, эзэмшигчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-12,13 тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-14-16, 18-21 тал/,   хохирогч Д.Баянбатын мэдүүлэг /хх-14, 15 тал/ гэрч Д.нгийн мэдүүлэг /хх-32 тал/, гэрч Д.Оюунчимэгийн мэдүүлэг /хх-33 тал/, гэрч Д.Жанчивдоржийн мэдүүлэг /хх-34 тал/, гэрч Ц.Очирхуягийн мэдүүлэг /хх-36 тал/, гэрч С.Төмөрбаатарын мэдүүлэг /хх-39 тал/, гэрч Н.Дөлгөөний мэдүүлэг /хх-40 тал/, гэрч Батбаатарын мэдүүлэг /хх-41 тал/, гэрч Б.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /хх-43 тал/, сумын үнэлгээний комиссын 2019 оны 7 сарын 22-ны өдрийн 43 дугаартай дүгнэлт зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.н нь 2019 оны 05 дугаар сарын сүүлээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг “Дуулан Уул”-ын баруун хойно “Эрээн цав” гэх газраас алдагдсан тус сумын иргэн Д.Баянбатын эзэмшлийн 15 тооны адуу 2019 оны 06 дугаар сарын эхээр Төв аймгийн Баян суманд байхад нь 9 тооны адууг нь 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өөрийн адуутай нийлүүлж туун Төв аймгийн Батсүмбэр сумын “Баянбуурал” гэх газарт аваачиж дээрх 9 тооны адууг бусдын алдуул мал гэдгийг мэдсээр байж завшиж бусдад нийт 8600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Баянбатын: “Н гэх хүн Төв аймгийн Баянбуурал сумын нутагт байрлах “Баянбуурал” амралтын газар гүүгээ барьдаг, та тэнд очиж уулзахад гэмгүй шүү гэсэн, Тэгээд би баянбуурал амралтын газрыг сураглаад очиход алдсан адуунаас 1 гүү унагалсан бололтой, 3 унагатай гүүг маань барьчихсан байсан... Би Нгээс хохирлоо бүрэн барагдуулж авсан..” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-05 тал/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8,9 тал/,

малд үзлэг хийн, түр хураан авч, эзэмшигчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-12,13 тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-14-16, 18-21 тал/,

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын 22-ны өдрийн 43 дугаартай дүгнэлтээр нотлогдож тогтоогдож байна.

 

Бусдын алдуул мал завших гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч Д.Н-ийн бусдын 9 тооны адууг бусдын алдуул мал гэдгийг мэдсээр байж завшиж бусдад нийт 8600000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэргүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг

 

Шүүгдэгч Д.н нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон,

Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

            Шүүгдэгч Д.н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /9 адууг буцаан өгсөн/ мөн 3.000.000 төгрөг төлсөн байх тул энэ шүүх хуралданаар гаргуулах гэм  хорын хохирол төлбөргүй байна.

 

           Хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгүй, шүүгдэгч Д.н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Бн овогт Д.Н-г алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-г 540/таван зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.Н-д оногдуулсан 540/таван зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт цалин хөлс олгохгүйгээр өдөрт наймаас дээшгүйгээр хийлгэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Н нь 540/таван зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хйилгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар соилхыг сануулсугай.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

7.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

8. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Н-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.ОТГОНЖАРГАЛ