Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/208

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Сүхням,

улсын яллагч Э.Билгүүн,

Шүүгдэгч Б.Н-ийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н-т холбогдох 1934008880231 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 06 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б.Н, Монгол улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, нөхөр 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 8 дугаар хороо, 10-73 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч Б.Н нь Төв аймгийн Сүмбэр сумын Төрийн банкинд ахлах теллерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Н.Лхамжавын нэр дээр хуурамч зээлийн баримт бичиг бүрдүүлэн ашиглаж, өөрийн ажиллаж буй банкнаас 4 339 400 төгрөгийн тэтгэвэрийн зээл гаргаж өөртөө шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.Н нь Төв аймгийн Сүмбэр сумын Төрийн банкинд ахлах теллерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Н.Лхамжавын нэр дээр хуурамч зээлийн баримт бичиг бүрдүүлэн ашиглаж, өөрийн ажиллаж буй банкнаас 4 339 400 төгрөгийн тэтгэвэрийн зээл гаргаж өөртөө шилжүүлэн авч залилсан болох нь:   

 

Хохирогч Н.Лхамжавын өгсөн: Би 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төв аймгийн Сүмбэр сумын төрийн банк орж тэтгэврийн мөнгөө авах гэтэл та 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 4 339 000 төгрөгийн зээл авсан байна тэтгэвэрийн зөрүүгээ ав гэсэн тэгхээр нь би надад зээл байхгүй урд өмнө нь би 2019 оны 06 дугаар сарын 14-ны өдөр 2 сарын тэтгэвэрийн зээл болох 692 500 төгрөг авсан байсан одоо дууссан байх ёстой гэсэн чинь надад 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тэтгэвэрийн зээл авсан гэрээ үзүүлсэн уг гэрээнд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш байсан тэгээд Төрийн банк болон цагдаад гомдол гаргасан. Би Н гэгчийг танина тэтгэвэрийн мөнгө авах, гэрлийн мөнгө тушаах зэрэгт би төрийн банкаар үйлчлүүлдэг тэгээд танидаг болсон өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Тэтгэвэрийн зээл болон мөнгөө авахдаа Н гэх теллерээс авдаг байсан өөр хүнээс сүүлийн үед аваагүй. Мөнгөө бүрэн авдаг байсан надад тэтгэвэрийн зээлтэй гэж хэлж байгаагүй. Би тэтгэвэрээ бэлнээр авдаг байсан дансаар авч авч байгаагүй.Надад Н мөнгө олгохдоо банкныхаа мөнгө хийдэг улаан өнгийн төмөр хайрцагнаас авч өгдөг байсан. 2018 оны 06 дугаар сарын эхээр Төрийн банкны ахлах теллер ажилтай Н манай гэрт ирээд та надад тэтгэвэрийн зээлээ аваад өгөөч мөнгө хэрэгтэй байна гэсэн тэгхээр нь би охин Цэдэнсодномд хэлээд 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Нт 2 746 000 төгрөгийн зээл авч өгч байсан надад хэлэхдээ 2 сар болоод зээлийг чинь барагдуулна гэсэн тэгээд дараа нь надад хэлэхдээ таны тэтгэвэрийн зээлийг хэлсэн хугацаандаа хийсэн шүү гэж хэлсэн. Түүнээс хойш би 2019 оны 06 дугаар сарын 14-ны өдөр 692 500 төгрөгийн зээл өөртөө авсан өөр зээл авч байгаагүй. Би 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тэтгэвэрийн зээл аваагүй Сүмбэр сумын төрийн банкны ахлах теллер ажилтай Н нь миний тэтгэвэрийн зээлийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн хамтран үүрэг гүйцэтгэгч А.Цэрэнсодном бид хоёрын гарын үсгийг хуурамчаар зураад 4 339 000 төгрөгийн тэтгэвэрийн зээл авч байсан. Н ээж дүү нарын хамт 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 4 339 400 төгрөгийн зээлийг хааж өгсөн надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй цаашид банкинд дотоод ажил хяналтыг сайжруулж ажиллаж хэрэгтэй байна гэх мэдүүлэг /хх-ийн 23-24, 31-33 тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ариунболдын өгсөн: Манай Сүмбэр сумын Төрийн банкны Сүмбэр сумын ахлах теллер ажилтай байсан. Б.Н-т холбогдох хэрэгт манай байгууллагаас эрх олгосны дагуу хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Н нь ажил үүргийн дагуу уг тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж байсан. Манай байгууллагаас хөдөлмөрийн гэрээ байгуулсан байсан. Манай байгууллагад ажиллаад 6 жил болж байгаа. Н нь ахлах теллерийн хавьд Төрийн банкны журамд заасны дагуу мөнгөн хөрөнгө захиран зарцуулах, гэрээ, когтракт байгуулах, эрх үүрэгтэй. Н нь өөрөө зээл олгох эрхгүй. Байгууллагаас зээл авах иргэдийн материалыг тухайн нэгжийн захиралын үүрэг гүйцэтгэж байсан. О.Ганцэцэг нь хянаж зөвшөөрөл олгох ёстой. Н нь дур мэдэн шийдэж зээл авсан байсан. Манайд бол Наас өр авлагын зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, манай байгууллагаас шүүх хуралдаанд оролцохгүй гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 тал/

Гэрч О.Ганцэцэгийн өгсөн: Би Баттулга овогтой Ныг танина ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Би 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн Төв аймаг Төрийн банк Сүмбэр тооцооны төвийн захиралаар ажиллаж байна. Б.Н намайг ажилд орход манай тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж байсан 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Б.Н нь орлого, зарлагын гүйлгээ хийх, тэтгэвэр болон хадгаламж  барьцаалсан зээл, грүппын зээл зэргийг судалж тооцооны төвийн захиралаар хянуулан гаргах мөн тооцооны төвийн сеф түүний бэлэн мөнгө хадгалалт бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажилладаг байсан. Би 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ажилд орсноос хойш ахлах теллер Б.Н нь Н.Лхамжав гэж хүний тэтгэвэрийн зээл судалж зээл олгосон талаар би мэдээгүй надад танилцуулж хянуулсан зүйл байхгүй. Тооцооны төвийн ахлах теллер нь өөрийн судалсан зээлээ заавал тооцооны төвийн захирлаар хянуулж гарын үсэг зуруулж тэмдэг даруулж баталгаажуулсаны дараа зээлийн мөнгийг зээл хүсэгчийн харилцах дансанд зээлийн олголт хэлбэрээр хийж өдөг. Тооцооны төвийн кассд байгаа бэлэн мөнгөнд гэнэтийн тооллогыг тооцооны төвийн захирал сэжигтэй гэж үзвэл өдөр бүр тоолно, бусад үед сардаа гурваас дээш удаа тоолсон байх ёстой, тогтмол тооллогыг ахлах теллер өдөр бүр тоолох ёстой Гэнэтийн болон тогтмол тооллого хийх үед кассын мөнгө дутдаггүй байсан. 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Төв аймаг дахь салбарын захиралын Б/101 тоот тушаалаар өөрийн хариуцаж байсан касс дахь бэлэн мөнгөнөөс 300 000 төгрөгийг хувьдаа авч ашигласан зөрчил гаргасан гээд ажлаас халагдсан гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн №036 дугаартай 1. Шинжилгээнд ирүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Тэтгэвэрийн зээлийн өргөдөл”, Тэтгэвэрийн зээлийн гэрээ” гэсэн, 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Тэтгэвэрийн зээлийн өргөдөл”,  “Тэтгэвэрийн зээлийн гэрээ” гэсэн баримтууд болон Н.Лхагжавын гэх гарын үсгийн загварууд нь шинжилгээнд тэнцэнэ. 2.а/ Шинжилгээнд ирүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Тэтгэвэрийн зээлийн өргөдөл” гэсэн баримтын “Зээлдэгч”гэсэн талд “Н.Лхамжав” гэсний зүүн дор 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Тэтгэвэрийн зээлийн гэрээ” гэсэн баримтын баруун доод хэсэгт “Зээлдэгч” гэсэн талд “Н.Лхамжав” гэсний өмнө зурсан шинжилж буй гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Н.Лхамжавын гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй.

б/ Шинжилгээнд ирүүлсэн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “тэтгэвэрийн зээлийн өргөдөл” гэсэн баримтын “Зээлдэгч” гэсэн талд “Н.Лхамжавын гэсний зүүн дор, 018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Тэтгэврийн зээлийн гэрээ” гэсэн баримтын баруун доод хэсэгт “Зээлдэгч” гэсэн талд “Н.Лхамжав” гэсний зүүн дор зурсан шинжилж буй гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Н.Лхамжавын гэх гарын үсгийн загваруудтай тохирно гэх дүгнэлт /хх-ийн 40-45 тал/

Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 036 тоот дүгнэлтэд хавсаргах зургийн үзүүлэлт /хх 46-50, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 036 тоот шинжилгээний шинжилж буй гарын үсгүүдийн ерөнхий шинж тэмдгийн боловсруулалт /хх 51-52/, хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх 53-55/, Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 67/, Төв аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 44/02-1858 дугаартай албан бичиг /хх 26/, Төрийн банкны 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 49/389 дугаартай итгэмжлэл /хх 26/, Төрийн мэдээлэл сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт /хх 69-77/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 78-81/, Хас банкны тодорхойлолт /хх 82/, Төрийн банкны тодорхойлолт /хх 83/, Төрийн банкны орлогын мэдүүлэг /хх-ийн 84/, шүүгдэгч Б.Нын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 96/, Хуран овоо ХХК-ийн тодорхойлолт / хх 97/, Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай / хх 98 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Н нь 2020 оны 5 сарын 28-ны өдөр хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргажээ./хх-96 тал/,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Билгүүн нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 5 сарын 29-ны өдөр 68 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-105 тал/ 2020 оны 5 сарын 29-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Б.Н-т холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Б.Нийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч Б.Нт холбогдох хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Б.Н-ыг баримт бичиг ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.  

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б.Н-ыг 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овогт Б.Н-т оногдуулсан 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу 2 жжилийн хугацаанд төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б.Н-т шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах туслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Ц.ОТГОНЖАРГАЛ