Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/27

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Б даргалж

 

Улсын яллагч С.Б,

Шүүгдэгч Б.Ө

Хохирогч Х.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ө холбогдох эрүүгийн 2025000000454 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Ө нь 2020 оны 11 сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баян замын 10-23 тоотод иргэн Х.Э-г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.Ө-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Болсон явдал үнэн. Нэмж ярих зүйлгүй. Хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрнө. Хохиролд 50.000 төгрөг өгсөн. Ажилгүй болохоор өөр тусламж үзүүлж чадаагүй байна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Х.Э-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  2020 оны 11 сарын 10-ны өдөр найз Гээмээ над руу ярьж манайд ирээч гэсэн. Тэгээд би хөөрөөд очсон. Очиход Ө байж байсан. Би архи, жижиг, сажиг зүйлтэй очсон. Бид архи ууцгаасан. Тэгтэл Г-гийн нөхөр болох Өлзий гэнэт босч ирээд толгой руу цохиж, зодсон. Би хүүхдээ дуудаж харьсан. Уг нь эхэндээ эмнэлэгт хэвтээд ингээд зохицуулъя гэж ярилцсан. Гэвч Ө энэ үйлдэлдээ харамсахгүй байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшсэн зүйлгүй. Нэг удаа ч эм барьж ирээгүй. Одоо байнга нүднээс нулимс гоождог. Одоо миний толгой их өвдөж байгаа тул толгойны зургаа авахуулаад эмнэлэгт хэвтмээр байна. Толгойныхоо зургийг авахуулъя гэхэд мөнгө төгрөг байхгүй, чадахгүй гэдэг.  Шинжээч эмч өөрөө очоод авахуулчих гэж байсан. Одоо би 1.500.000 төгрөг нэхэмжилж байна. Би нэг сар гэртээ өвчин намдаах эм ууж хэвтсэн. Нүүр, ам, дух хөхөрч хавдаад аймаар болсон байсан. Шинжээчийн дүгнэлтэнд гомдолгүй байна. Одоо нүднээс нулимс гоожоод дотроо хөндий юм шиг санагдаад байгаа. Тэгээд толгойны зургаа авахуулаад мэдээд авчихмаар байна. Заавал хүнд гай болоод яахав хохирлоо гаргуулаад эмчилгээ хийлгэчихвэл болчих гээд байна. Хохиролд эхнэр нь 50.000 төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч Э.Б-рын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2020 оны 11 сарын 11-ний орой 17-18 цагийн үед манай ээж над руу залгаад ээж нь найз Г гэх эмэгтэйгийнд байна гэж хэлсэн. Тухайн үед цаана нь хүмүүс маргалдаад байгаа бололтой байсан Г эгч надтай утсаар яриад ээжийн чинь нүд нь хөхөрчихсөн байна гэж хэлсэн тэгэхээр нь би санаа зовоод очтол манай ээжийн нүд нь хөхөрч хавдсан, завьж нь дотор талдаа 2-3 см хэмжээтэй язарсан байдалтай болчихсон байсан. Таныг хэн зодсон юм бэ гэж ээжээсээ асуутал Гангэрэлийн нөхөр нь зодсон талаар надад хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 10 ху/

 

-Гэрч Ж.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2020 оны 11 сарын 09-ний өдөр Эрдэнэтуяа манай гэрт ирсэн. Тэгээд би архи, дарс уугаад согтоод унтчихсан. Манай нөхөр Ө, Э-тай маргалдсан байж магадгүй. Хэрүүл маргаан зодоон болсон талаар мэдээгүй. Маргааш нь Э намайг танай нөхөр зодчихлоо гэж хэлсэн. Өөр зүйлийг би мэдэхгүй гэсэн мэдүүлэг /хх 12 ху/,

 

-Яллагдагч Б.Ө-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2020 оны 11 сарын 09-ний өдөр 15 цагийн үед шиг санагдаж байна Уртын гол баг Баян замын 10-23 тоотод хамтран амьдрагч Г-ийн гэрт байж байтал найз Э нь гаднаас 0.75 литрийн архи, 2.5 литрийн пиво, чихэр жимс барьчихсан орж ирсэн. Тэгээд би хоол хийж өгсөн. Удалгүй бид 3 цугтаа Эрдэнэтуяагийн авчирсан архи, пивийг хувааж уусан. Дараа нь дахин 0.75 литрийн 1 шил архи, 2.5 литрийн савтай пиво дэлгүүрээс худалдаж аваад хувааж уусан тэгээд миний хамтран амьдрагч эмэгтэй Г согтоод унтаад өгсөн. Харин Э бид хоёр архи ууж сууж байгаад бөө гэсэн ярианаас болж хоорондоо маргалдаж  эхэлсэнээ санаж байгаа юм. Үүнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна. Өглөө сэртэл Э-гийн нүд хөхөрч хавдсан байдалтай ам нь хөндүүртэй болчихсон байна гэж надад хэлсэн тухайн үед Э намайг өөрийг нь шөнө зодсон гэж хэлсэн юм гэсэн мэдүүлэг /хх 24-25 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 839 дугаартай дүгнэлтэнд:

1. Х.Э-гийн биед баруун завьжинд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, тус бүрдээ нэг, нэг удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

3. Нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.  

4. Уг гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэдийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

6. Шинэ гэмтлүүд байна гэсэн дүгнэлт / хх 15-16 ху/,

 

            -Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 4-5 ху/

            -Хохирогчийн мэдүүлэг / хх 8-9 ху/

-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас / хх 20 ху/

-Б.-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 1, 24-25 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Ө нь 2020 оны 11 сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баян замын 10-23 тоотод иргэн Х.Э-г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “... Болсон явдал үнэн, хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрнө” гэсэн,  хохирогч Х.Э-гийн “...Бид архи ууцгаасан. Тэгтэл Г-гийн нөхөр болох Ө гэнэт босч ирээд толгой руу цохиж, зодсон. Би хүүхдээ дуудаж харьсан. Уг нь эхэндээ эмнэлэгт хэвтээд ингээд зохицуулъя гэж ярилцсан. Гэвч Ө энэ үйлдэлдээ харамсахгүй байгаа. Одоо байнга нүднээс нулимс гоождог. Хийсэн хэрэгтээ гэмшсэн зүйлгүй. Нэг удаа ч эм барьж ирээгүй. Одоо миний толгой их өвдөж байгаа” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны өгсөн гэрч Э.Б /хх 09 ху/, Ж.Г /хх 12 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед баруун завьжинд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл үүссэнийг тогтоосон 839 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Б.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Э а нь “...Өлзий энэ үйлдэлдээ харамсахгүй байгаа. Одоо байнга нүднээс нулимс гоождог. Хийсэн хэрэгтээ гэмшсэн зүйлгүй. Нэг удаа ч эм барьж ирээгүй. Одоо миний толгой их өвдөж байгаа тул толгойны зургаа авахуулаад эмнэлэгт хэвтмээр байна. Толгойныхоо зургийг авахуулъя гэхэд мөнгө төгрөг байхгүй, чадахгүй гэдэг. Шинжээч эмч өөрөө очоод авахуулчих гэж байсан” гэж мэдүүлж  хохиролд 1.500.000 төгрөг нэхэмжилж байна.

 

            Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд шүүгдэгчийн зүгээс сайн дураараа хохирогчид  хохирол төлөөгүй байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос гаргасан  эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж Нейрон эмнэлгийн тархины цахилгаан бичлэгийн 40.000 төгрөг, тархи судасны бичлэгийн 40.000 төгрөг, 10 хоног хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн мөнгө 450.00 төгрөг, “Мэдипас” эмнэлгийн үзлэгийн 190.000 төгрөгийн үнийн баримтыг нотлох баримтаар ирүүлснийг хүлээн авах үндэслэлтэй тул шүүгдэгч Б.Ө-өөс 720.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Э-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

  

            Харин  780.000 төгрөгийн нэхэмжлэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож, хохирогч нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.  

                       

            Шүүгдэгч Б.Ө анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овгийн  Б-ийн Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Ө нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд сард 150.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Ө-өөс 720.000 төгрөгийг  гаргуулж хохирогч Орхон аймаг, Баян-Өндөр сум Баянцагаан баг ФДУ-гийн 7-15 тоотод оршин суух Х.Э-д /ФВ74010804/ олгож,  нэхэмжлэлээс 780.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.Б