| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2021/0026/э |
| Дугаар | 2021/ШЦТ/28 |
| Огноо | 2021-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Б даргалж
Улсын яллагч С.Б,
Шүүгдэгч Д.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О-т холбогдох эрүүгийн 2025000000284 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Д.О нь 2020 оны 06 сарын 27-ны өдрийн 21 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-1 дүгээр урд байрлах зогсоол дээр таксины хөлсний талаар иргэн Б.Б-тай маргаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Д.О-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би таксинд суугаад таксины мөнгөнөөс болж маргалдсан. Надаас 1.000 төгрөг авна гэхээр нь би 500 төгрөг өгнө гэж маргаж үснээс нь зулгаасан. Би машинд нь суугаагүй, гаднаас нь хэрэлдсэн. Тархи, толгой руу нь цохисон эсэхийг сайн мэдэхгүй байна. Би бас халамцуу байсан. Гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Миний үйлдлээс болж ийм гэмтэл учирсан. Хохирлыг төлнө. Хохирогчоос уучлалт гуйж байна гэсэн мэдүүлэг,
- Хохирогч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2020 оны 06 сарын 27-ны өдөр орой 21 цаг өнгөрч байхад би Согоот багийн 6-1 дүгээр байрны урд байрлах зогсоол дээрээс Хапитат руу 1.000 төгрөгийн таксинд хүн ачиж байсан. Гэтэл эрэгтэй эмэгтэй хоёр хүн суусан. Тэгэхээр нь би 1.000 төгрөгөөр явна шүү гэж хэлтэл эмэгтэй нь юу гэж 1.000 төгрөгөөр явдаг юм бэ 500 төгрөгөөр явна гэж хэлээд миний үснээс зулгааж миний арын суудал дээрээс шууд араас тархи толгой руу олон удаа цохисон. Тэгээд цагдаа дуудсан. Миний толгой, шилэн хүзүүгээр их өвдөж байна. Ог надад эмчилгээний зардал гэж өгөөгүй, би шаардлагатай бол шүүхээр нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /хх 9 ху/,
-Гэрч Л.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2020 оны 06 сарын 27-ны өдөр дэд ахлагч Н.Э-ын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 21 цаг 30 минутын үед Согоот багийн таксины зогсоол дээр согтуу хүн хүн зодоод байна гэсэн дуудлага 102-с ирсэн. Дуудлагын дагуу очиход 2 настай эгч байсан. Нэг нь таксины жолооч байсан, тэр эгчийн үсийг зулгаасан. Үс нь туг тугаараа унасан байсан. Нөгөө эмэгтэй нь нилээн согтуу өөдөөс орилоод агсараад байсан. Тэгээд эрүүлжүүлэх баривчлах байранд хүргэсэн гэсэн мэдүүлэг /хх 10 ху/
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 493 дугаартай дүгнэлтэнд:
1. Б.Б-гийн биед тархи доргилт, баруун болон зүүн чамархайд хуйханд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
4. Тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдхгүй.
5. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
6: Гэмтэл нь шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт / хх 12-13 ху/,
-Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 4-5 ху/,
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас / хх 17 ху/,
-Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн тодорхойлолт / хх 18-19 ху/,
-Хохирогч Б.Б-гийн амбулаторын картны хуулбар /хх 35-38 ху/,
-Хохирогч Б.Б-гийн эмчилгээ хийлгэсэн баримт / хх 39 ху/,
-Д.О-ийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 1, 24-25 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.О нь 2020 оны 06 сарын 27-ны өдрийн 21 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-1 дүгээр урд байрлах зогсоол дээр таксины хөлсний талаар иргэн Б.Б-тай маргаж, улмаар зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад “би нөхөртэйгээ таксинд суугаад гэртээ харих гэтэл такси 1.000 төгрөгөөр явна гэсэн би 500 төгрөгөөр явдаг ш дээ гэж хэлээд таксины жолооч хүүхний үснээс зулгааж толгой тус газарт нь хэд хэдэн удаа цохисон” гэсэн /хх 24-25 ху/ мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн “...Хапитат руу 1.000 төгрөгийн таксинд хүн ачиж байсан. Гэтэл эрэгтэй эмэгтэй хоёр хүн суусан. Тэгэхээр нь би 1.000 төгрөгөөр явна шүү гэж хэлтэл эмэгтэй нь юу гэж 1.000 төгрөгөөр явдаг юм бэ 500 төгрөгөөр явна гэж хэлээд миний үснээс зулгааж миний арын суудал дээрээс шууд араас тархи толгой руу олон удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх 9 ху/, гэрч Л.Т-ын /хх 10 ху/, мэдүүлэг, хохирогчийн биед тархи доргилт, баруун болон зүүн чамархайд хуйханд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл үүссэнийг тогтоосон 493 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Д.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирогч Б.Б гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 87.800 төгрөг нэхэмжилж нотлох баримтаар амбулаторын карт, дүрс оношлогооны 20.000 төгрөгний, Отгонтэнгэр эмийн сангаас авсан эм тарианы зардал 67.800 төгрөгний баримтуудыг ирүүлснийг шинжлэн судлаад нотлох баримтын шаардлага хангаж байна гэж үзээд шүүгдэгч Д.О-с 87.800 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-ууд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.О нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Д-гийн О-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-гийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.О нь торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд сард 125.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.О-ээс 87.800 төгрөгийг гаргуулж хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол багийн Баянзамын 07-30 тоотод суух Б.Б-д /ИБ79070601/ олгосугай.
6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.Б