| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2021/0027/э |
| Дугаар | 2021/ШЦТ/26 |
| Огноо | 2021-01-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Л.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Б даргалж
Улсын яллагч Л.Э
Шүүгдэгч Г.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн 2025000000348 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 08 сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 23-3 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Б.Б-ын нүүрэн тус газарт нь цохих, хутгаар гуян тус газарт нь хутгалах зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Г.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Б бид хоёр хамтран амьдраад 2 жил гарган болж байна. Би согтуурсан үедээ Б-ын нүдэнд нь цохиж, хутгаар гуянд нь хатгасан. Хардалтаас болж маргадаг. Урьд нь ял шийтгүүлэхдээ Б-ын биед хохирол учруулсан. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрнө. Дахиж архи уухгүй, сайхан амьдарна гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2020 оны 08 сарын 26-ны орой миний хамтран амьдрагч Б халамцуу гэртээ орж ирээд миний утсыг булааж авахаар нь би хэрэлдэж маргалдсан чинь намайг хутгална гэхээр нь би арай үгүй байлгүй гэж бодоод байж байсан чинь хоолны шүүгээнээс хутга аваад миний гуя руу хутгалчихсан. ...Батцэнгэл эм тариа авч өгч эмчилгээ хийлгэсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 14-15 ху/
-Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тухайн үед би гэрт нь байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Миний мэдэхийн Г.Б нь өмнө Б-ыг цохиж, зодож байгаагүй гэсэн мэдүүлэг /хх 19 ху/
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 636 дугаартай дүгнэлтэнд:
1. Б.Б-ын биед зүүн гуяны ар талд 1 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун ташаа, баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Хатгагдаж зүсэгдсэн шарх нь хурц үзүүр, ирмэгтэй зүйлийн 1 удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
4. Хатгагдаж зүсэгдсэн шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
5. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
6. Гэмтэл нь 2020 оны 8 сарын 26-нд үүссэн байж болно гэсэн дүгнэлт / хх 21-22 ху/,
-Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 1 ху/
-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- 2-4 ху/
-Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл / хх 8-10 ху/
-эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11-12 ху/,
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас / хх 35 ху/
-Г.Б-ийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 32-34 ху/
-Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 03-ны өдрийн 213 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 47-48 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 08 сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 23-3 тоотод хамтран амьдрагч Б.Б-ыг зодож, гуяанд нь хутгаар зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Б бид хоёр хамтран амьдраад 2 жил гарган болж байна. Би согтуурсан үедээ Б-ын нүдэнд нь цохиж, хутгаар гуянд нь хатгасан. Хардалтаас болж маргадаг. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Б-ын “...хамтран амьдрагч Б халамцуу гэртээ орж ирээд миний утсыг булааж авахаар нь би хэрэлдэж маргалдсан чинь намайг хутгална гэхээр нь би арай үгүй байлгүй гэж бодоод байж байсан чинь хоолны шүүгээнээс хутга аваад миний гуяруу хутгалчихсан” гэсэн /хх 14 ху/ мэдүүлэг, гэрч Б.Б-гийн /хх 19 ху/ мэдүүлэг, хохирогчийн биед зүүн гуяны ар талд 1 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун ташаа, баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 636 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 03-ны өдрийн 213 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2020 оны 11 сарын 09-ний өдөр торгох ялыг бүрэн эдэлж дууссан болох нь 2020 оны 11 сарын 09-ний өдрийн 20/417 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай тогтоолоор нотлогдож байна.
Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийг 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, энэ ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.Б