| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2021/0150/э |
| Дугаар | 2021/ШЦТ/20 |
| Огноо | 2021-02-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Э ургийн овогт Хн Бөд холбогдох эрүүгийн 2035000000158 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Э ургийн овогт Хн Б, 1992 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Увс аймгийн Зүүнхангай сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, регистрийн дугаар: ОЕ 92042957.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Х.Б нь Увс аймгийн Зүүнхангай сумын 4 дүгээр багийн нутаг “Улаан дэл” гэх газарт 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Б.Дыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар эрүүгийн 2035000000158 дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Б.Ды “...Улаан дэл гэх газарт явж байтал манай сумын Б, О.Ц, П нар машинтай, О гэх ах морьтой зогсож байсан. Тэгээд би тэд нарын хажууд явж очиход Х.Б нь О руу чи мориноосоо буугаад ир гээд хувцсаа тайлаад цээж нүцгэлээд дайрсан. Тэгээд би Х.Бийн тайлсан хувцсыг нь газарт байсныг авч өгөх гээд очиход Х.Б нь намайг үгийн зөрүүгүй миний ам руу цохисон юм. Амаа дараад доош тонгойход Х.Б миний шилэн хүзүү рүү гараараа цохиж би газар унасан юм. Тэгээд би босож ирээд Х.Бийг заамдаж аваад бид хоёр ноцолдож байхад Бтэй цуг явсан П ах Бийг тэвэрч аваад салгасан... ” гэх мэдүүлэг /хх-10-11-р хуудас/,
2. Гэрч Т.Б /хохирогчийн эхнэр/-ийн “...2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр манай нохой ирээгүй байсан болохоор урдны буудал дээр хоцорсон байх гэж бодоод өглөө 10 цагийн орчим нохойгоо олж авахаар манай нөхөр Б.Д гэрээсээ өөрийн эзэмшлийн Мустанг-5 загварын мотоциклоо унаад явсан. Тэгээд удалгүй 11 цагийн орчим манай нөхөр Б.Д буцаж гэртээ ирэхэд нүүр ам, хувцас хунар нь цус болсон үүдэн дээд нэг шүд унасан, уруул нь хавдсан байдалтай гэрт орж ирсэн юм. Тэгээд би нөхрөөсөө юу болсон талаар асуухад манай нөхөр гэр лүүгээ ирэх замдаа машинтай хүмүүстэй таарсан. Тэгээд манай сумын Б гэх залуу намайг үгийн зөрүүгүй миний ам руу гараараа цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,
3. Гэрч И.Пгийн “...Тэгээд удалгүй Б.Д хөх өнгийн Мустанг-5 загварын мотоциклтой ирээд зогсож байсан. Нэг харахад О мориндоо мордоод цааш явж харагдсан Х.Б цамцаа тайлаад цээж нүцгэлчихсэн тэр хоёр нэг нэгнээ цохиж байсан. Би машины кабинаас бууж очиход Х.Бийн хөмсөг шалбарсан Б.Ды хамар, амнаас цус гарсан байсан. Тэгээд би Х.Бийг тэврээд бариад авахад цээж нүцгэн байсан тул миний гараас мултраад гүйж очоод Б.Дыг дахин бариад авсан. Тэгж байтал бид нарын хажууд хар өнгийн Ланд-80 загварын машинтай Ч ирж зогсоод тэр хоёрыг салгаж явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
4. Гэрч О.Цын “...Тухайн газар намайг явж очиход Х.Б, Б.Д хоёр нэг нэгнийгээ заамдаад бариад авчихсан хувцас хунар шороо болсон хоёулангийнх нь нүүр цус болсон байдалтай байсан. Тэгээд би очиж тэр хоёрыг салгахад Х.Бөөс архи согтууруулах ундаа үнэртэж байсан. Б.Д эрүүл байсан байх биеэс нь архи согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,
5. Гэрч С.Оын “...Тэгээд бид хоёр ярилцаж зогсож байгаад би мориндоо мордсон тэгэхэд цэнхэр өнгийн мотоциклтой Б.Д хүрч ирсэн. Тэгээд миний морь зантай тул үргээд явсан тэгээд би цааш явж байгаад чөдрөө орхисон байсан тул буцаж авах гээд ирэхэд Х.Б, Д нар хоорондоо газарт уначихсан зодолдож байсан. Тэгээд би наад хоёр залуугаа салгаж аваач гэж орилчхоод морь зантай тул үргээд ойртуулахгүй байсан тул хонь руугаа явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,
6. 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...Үзүүлэгч Б.Д-н биед гэмтэл учирсан байна. 11-р шүд мултарч унасан, 12, 21, 22-р шүд хөдөлсөн гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Эдгэж буй шинэ гэмтлүүд байна. 11-р шүд мултарч унасан, 12, 21, 22-р шүд хөдөлсөн гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх 629 дугаартай дүгнэлт /хх-ийн 35-36-р хуудас/,
7. Шүүгдэгч Х.Бийн яллагдагчаар өгсөн “...Тэгээд би Даас сонин сайхан юутай байна гэж мэнд асуухад Б.Д миний өмнөөс чи надаар юу байлгах гэсэн юм гэж намайг үгээр өдөөд байхаар нь би Б.Ды хажууд явж очоод баруун гараараа нэг удаа нүүр лүү нь цохисон юм. Тэгэхэд Б.Д нүүрээ дараад доош харсан тэгээд би Б.Ды шилэн хүзүү рүү чи мэнд асууж байхад мэндийн зөрүү өгөхгүй яасан юм гэж хэлээд хоёр удаа цохисон юм. Тэгэхэд Б.Д босож ирээд надтай барьцалдаж аваад намайг бас нүүр лүү цохиод бид хоёр газар уначихсан ноцолдож байхад И.П намайг аваад салгасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47-р хуудас/ зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Х.Б нь тус шүүхэд хандаж “Миний бие шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан байх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах...” эрхтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж нөхцөл, цаг хугацаагаар хангагдана” гэж заасны дагуу түүний хүсэлтийг хүлээн авсан болно.
Шүүгдэгч Х.Б нь Увс аймгийн Зүүнхангай сумын 4 дүгээр багийн нутаг “Улаан дэл” гэх газарт 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Б.Дыг зодож, улмаар хохирогчийн биед 11-р шүд мултарч унасан, 12, 21, 22-р шүд хөдөлсөн гэмтлүүд учруулсан үйл баримт болжээ.
Хохирогчийн биед учирсан 11-р шүд мултарч унасан, 12, 21, 22-р шүд хөдөлсөн гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 629 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Б нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Х.Бийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгч Х.Б нөхөн төлсөн болох нь хохирогч Б.Ды “...Х.Б бид хоёр сайн дураар ярьж тохиролцож Х.Б надад 1’500’000 төгрөгийг өөрөөсөө гаргаж өгсөн учир одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх санал хүсэлт байхгүй...” гэх тодорхойлолт /хх-ийн 70-р хуудас/-оор тогтоогдож байна. Иймд шүүдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Х.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч М.Дын мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/, гэрч Х.Хн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/, гэрч У.Пийн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56-р хуудас/, Увс аймгийн Зүүнхангай сумын Жаргалант багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 73-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Б бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Увс аймгийн Зүүнхангай сумын 3 дугаар багт эхнэр, хоёр хүүхдийн хамт нүүдлийн мал аж ахуй эрхэлж амьдардаг, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, уг ялыг биелүүлсэн байна.
Шүүгдэгч Х.Б нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг харгалзан хяналтын прокурор Х.Энхтуул нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хавтаст хэргийн 89-р хуудаст авагдсан прокурорын саналаар тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Х.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг,
шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э ургийн овогт Хн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Х.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бөд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН