Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2022/0553

 

2022 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2022/0553

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

        “Э т” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

      захиргааны хэргийн тухай

   

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Э т” ХХК

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Гуравдагч этгээд “Э Ж Э П А э” ХХК

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Э” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: 

Нэхэмжлэгчээс: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн А/141 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэрийн дагуу шинэ акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хариуцагчид захиргааны акт шинээр гаргахыг даалгуулах

“Э” ХХК-ийн бие даасан шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн А/13 дугаар тушаалыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 411 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж,

Гуравдагч этгээд “Э Ж Э П А э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У, өмгөөлөгч С.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2020/0315/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Э т” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн А/141 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэрийн дагуу шинэ акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хариуцагчид захиргааны акт шинээр гаргахыг даалгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 411 дүгээр шийдвэрээр: 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Э т” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн А/141 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан гуравдагч этгээд “Э” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн А/13 дугаар тушаалыг хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э т” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “...Шүүхийн шийдвэрийн дагуу шинэ акт гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, захиргааны акт шинээр гаргахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, өмгөөлөгч Н.М нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Шүүхийн шийдвэрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн А/141 дүгээр тушаал буюу маргаан бүхий захиргааны акт нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай нэршилтэй боловч давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрүүдийг хэрэгжүүлэх байдлаар гараагүй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2007 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 242 дугаар тушаалын “Э т” ХХК-д холбогдох хэсгийн “Э” ХХК-ийн ашиглах газартай давхцал бүхий хэсгийг, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/491 дүгээр тушаалын “Э” ХХК-д холбогдох хэсгийг дахин шинээр захиргааны акт гарах хүртэл түдгэлзүүлсээр байтал Авлигатай тэмцэх газрын 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 05/8732 тоот албан бичигт дурдсан өмнөх маргаан бүхий захиргааны актын талаарх дүгнэлтийг сөрсөн байдлаар эрх зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсний улмаас хариуцагч тушаал гаргасан.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн дагуу маргаан бүхий захиргааны акт хүчингүй болсоор байтал зарим захиргааны актын үйлчлэлийг сэргээгээгүй байхад ашиглах эрхтэй болсныг дурдаж байгаа, зарим актыг шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүйд тооцож байгаа нь эрх зүйн хэм хэмжээний хувьд ойлгомжгүй, сайдын тушаал нь захирамжилсан, эрх олгосон, үүрэг болгосон шинжгүй тул биелэгдэх бололцоогүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэх нэрэн доор хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны актын дүр үзүүлэх, хуурах байдлаар дахин гаргасан, нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн ашиглаж байсан гэх газруудын давхцал, байршлыг тодруулж, талуудын эрх ашгийг хохироолгүй, давхцал үүсгэхгүйгээр, эсхүл боломжгүй тохиолдолд маргаан бүхий газар болох 1.32 га газрыг талуудад хуваах байдлаар дахин шийдвэрлэх талаар шүүхийн шийдвэрт тодорхой заасан боловч хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байгаа, нөгөө талдаа биелүүлэх нэрэн доор нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хөндсөн, өмнөх газар ашиглаж байсан үйл байдлыг улам дордуулсан, тухайн маргаан бүхий газарт бүхэлдээ нэхэмжлэгчээс 2007 оноос хойш оруулсан их хэмжээний хөрөнгө оруулалт болох нийт 5 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг харгалзаж шийдвэр гаргаагүй тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн А/141 дүгээр тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болон хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага хангагдах бүрэн боломжтой байтал шүүх үндэслэлгүй байдлаар хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

3.2.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн А/225 дугаар тушаалаар “Э т” ХХК-д давхцал арилгасан 2 га газрыг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-491 дүгээр тушаалаар “Э” ХХК-д 3 га газрыг ашиглах эрхтэй болохыг дурдсан, гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 06а/1286 дугаар албан бичигт хавсаргасан баримтаас /1хх-239-245/ үзэхэд Богдхан уулын Дархан цаазат газрын Залаатын аманд “Э т” ХХК-д

-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2007 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 242 дугаар тушаалаар “Э т” ХХК-д 2 га газрыг олгохдоо жалгын баруун талд 1 га, зүүн талд 1 га газар,

-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/491 дүгээр тушаалаар “Э” ХХК-д 3 га газрыг олгохдоо “Э т” ХХК-ийн жалгын зүүн талын 1 га газартай давхцуулж олгосон тул маргаан эхэлсэн,

-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/225 дугаар тушаалаар “Э” ХХК-д 3 га газрыг, “Э т” ХХК-ийн зүүн жалга хэсгийн газрыг “Э” ХХК-д олгож баруун жалгын 1 га газрыг 2 га болгож олгосон тул дахин маргасан,

-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн А/290 дугаар тушаалаар давхцалыг арилгаж зүүн талд 3 га газар “Э” ХХК-д ашиглах эрх олгогдсон байсныг 1.36 га болгож, “Э т” ХХК-д зүүн талд 1.84 га, баруун талд 1 га газрыг хэвээр олгосон ба “Э” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлээр маргаан бүхий захиргааны актыг шүүхээс түдгэлзүүлж хариуцагчид дахин шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн,

-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/141 дүгээр тушаалаар “Э” ХХК-д 3 га, “Э т” ХХК-д 2 га олгосон тул “Э т” ХХК-ийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүхээс “Э т” ХХК-д ашиглагдах боломжгүй байршилд олгосон 2 га газрын ашиглах эрхтэй болсныг дурдаж байгаа боловч тухайн 2 га газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/225 дугаар тушаалын холбогдох хэсгийг шүүхийн шийдвэрийн дагуу заасан хугацаанд дахин шинэ захиргааны акт гараагүй тул хүчингүй болсон захиргааны актыг 2020 онд хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэх нэрэн доор ашиглах эрхтэй гэж маргаан бүхий захиргааны актад дурдсаныг шүүх анхаарч үзэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болсон.

Анхан шатны шүүхийн шийдвэрт Улсын дээд шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор “Э т” ХХК-ийн 2.84 га газрын 1 га нь баруун жалганд байгаа, үлдэх 1.84 га газрын “Э” ХХК-ийн ашиглах газартай давхцал бүхий 1.32 га-г тэнцүү хуваах замаар давхцалыг арилгах талаар дүгнэсэн тогтоолыг эш татсан атлаа /Энэ тогтоолд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн А/290 дугаар тушаалаар давхардал арилгаж “Э” ХХК-д 1.36 га, “Э т” ХХК-д 2.84 га баруун талд олгосон маргааныг шийдвэрлэсэн/ “Э т” ХХК-д 2007 онд олгосон газраас өөр байршилд, эгц өндөр уулын бүсэд ашиглах боломжгүй газарт давхардал арилгах нэрийдлээр гарсан маргаан бүхий захиргааны актыг хянан шийдвэрлэхдээ өмнө нь хүчингүй болсон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/225 дугаар тушаалыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож талуудын ашиглаж буй газар давхцалгүй байна гэж дүгнэлт хийсэн нь эргэлзээтэй болсон.

3.3.Мөн шүүхээс үзлэг хийхэд маргаан бүхий газрын хэсэгт нэхэмжлэгчийн зүгээс барилга баригдаагүй нь тогтоогдсон, дархан цаазат газрын хамгаалалтын горимыг зөрчихгүйгээр нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн газрын солбицлыг өөрчлөн анх олгогдсон газрын хэмжээг багасгахгүйгээр газар ашиглах боломжтой болсон нь, Улсын дээд шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 31 дүгээр тогтоолыг биелүүлсэн гэж дүгнэсэн нь мөн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч талаас амралтын газар байгуулан гэр барьсан, үлдэгдэл газартаа барилгын ажил эхлүүлэх газрын төсөл, төсвийг батлуулсан, олон жил газрын төлбөр төлсөн, хог хаягдлыг цэвэрлүүлж байнгын харуул хамгаалалтын компани ажиллуулдаг нөхцөл байдлыг үгүйсгэн гуравдагч этгээд “Э” ХХК-ийн зүгээс гаргасан зардал байхгүй байхад солбицлын цэгийг өөрчлөн ашиглах боломжтой 3 га газрыг олгосон гэх тушаалыг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь захиргааны хэргийг хэрэгт авагдсан материалын хүрээнд хуулийн дагуу бодитоор, шударга ёсны үүднээс үнэлж дүгнээгүй болох нь илэрхий байна.

Шүүхээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2007 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 242 дугаар тушаалаар “Э т” ХХК-д 2 га газрыг олгохдоо жалгын баруун талд 1 га, зүүн талд 1 га газрыг олгосон газрыг давхцуулан 2011 онд “Э” ХХК-д ашигтай талбай олгосон тушаалыг үндэслэлтэй, улмаар давхардаагүй гэж дүгнэсэн нь Улсын дээд шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 31 дүгээр тогтоолыг биелүүлээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “Хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг баримталж хэргийг шийдвэрлээгүй, анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтуудыг дурдаагүй, зөвхөн өмнө шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг буруу тайлбарлах байдлаар хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 411 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

4.Давж заалдах гомдлын агуулга: Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1.“...Шүүхийн шийдвэрт “... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн A/13 тушаалаар “Э Ж Э П А э” ХХК-д газар ашиглах эрх олгосон газар нь “Э” ХХК-ийн ашиглах эрх бүхий газартай давхцалгүй, уг компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байх тул уг захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэж дүгнэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийн тогтоох нь хэсгийн 2 дахь заалт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхийн болж чадаагүй байна.

Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байхад гуравдагч этгээд “Э Ж Э П А э” ХХК-д маргаан бүхий газарт давхардуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн A/13 тоот тушаалаар 12.395 м.кв газрын ашиглах эрхийг олгосон.

   “Э т” ХХК болон “Э” ХХК-иудын хооронд үүссэн газрын маргаан нь 2015 оноос эхлэлтэй бөгөөд гуравдагч этгээд “Э Ж Э П А э” ХХК-д ашиглах эрх олгосон газар маргаан бүхий газартай давхцалтай болох нь хавтаст хэрэгт авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 06б/995 тоот албан бичгээр ирүүлсэн Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Залаатын богины аманд байрлах газруудын зураг болон хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараас тодорхой харагддаг.

   Иймд энэхүү газрын маргааныг шийдвэрлэхдээ “Э Ж Э П А э” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн А/13 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлийг хянаж, үндсэн нэхэмжлэлтэй хамтатган хэргийг нэг мөр шийдвэрлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй буюу “Э” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол бүрэн сэргэх боломжгүй нөхцөл байдалд хүрнэ.

4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Э” ХХК-ийн зүгээс 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр анх шүүхэд бие даасан шаардлага гаргасан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн A/13 тушаалыг хүчингүй болгуулахаар маргах эрхтэй болохыг дүгнэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний 263 дугаар тогтоол байсаар байтал анхан шатны шүүх нь  давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдсэн асуудалд зөрүүтэй дүгнэлт хийж бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 411 дүгээр шийдвэрийн тогтоох нь хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

5.Хариуцагч давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын хүрээнд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах, мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, бие даасан шаардлагыг хангах үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, тэдгээрийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 2-ний өдрийн “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай” А/141 дүгээр тушаал нь хэлбэрийн хувьд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 482 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 544 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 31 дүгээр тогтоолыг тус тус үндэслэж гарсан мэт боловч цаг хугацааны хувьд магадлалаар тогтоосон хугацаа өнгөрсний дараа, мөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” 418 дугаар захирамж, мөн өдрийн 35 дугаар гүйцэтгэх хуудас, эдгээрийг хэрэгжүүлэх тухай тус шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 9 дүгээр мэдэгдлийг хэрэгжүүлэх хүрээнд гарсан гэж үзэхээр байна.

Учир нь “Э т” ХХК-ын ашиглах 2 га газрын хэмжээг нэмэгдүүлж, 2.84 га, “Э” ХХК-ийн ашиглах 3 га газрын хэмжээг багасгаж 1.6 га болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн А/290 дүгээр тушаалыг дахин шинээр акт гаргатал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн магадлалыг хэвээр үлдээсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол нь шүүгчийн дээрх захирамжид тусгаснаар 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүчин төгөлдөр болсон байх тул үүнээс хойш магадлалд заасан 3 сарын хугацааг тооцоход мөн оны 8 дугаар сарын 17-ны өдрийн дотор хариуцагчаас шинээр захиргааны акт гаргах үүрэгтэй байжээ.

Гэвч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэх одоогийн маргаан бүхий тушаалын огнооноос үзэхэд магадлалд заасан хугацаа хэдий нь дуусгавар болж, ингэснээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д /дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх/ заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж заасны дагуу 2017 оны А/290 дүгээр тушаалыг хүчингүй болгох нөхцөл байдал үүссэн байна.

Иймд 2020 оны А/141 дүгээр тушаалд “Шүүхийн шийдвэрийн дагуу түдгэлзүүлсэн хугацаанд захиргааны шинэ акт дахин гаргах боломжгүй тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/225 дугаар “Орц, гарц гаргах, давхцал арилгах тухай” тушаалаар “Э т” ХХК-ийн давхцал арилгасан 2 га газрыг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-491 дүгээр тушаалаар “Э” ХХК-д олгосон 3 га газрыг ашиглах эрхтэй болсныг дурдаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн А/290 дүгээр тушаалыг шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүйд тооцсугай” гэж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, тэр тусмаа “Э т” ХХК-иас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “…шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан энэ тохиолдолд түдгэлзүүлсэн хугацаанд шинээр акт гаргаагүйгээс үүсэх хуульд заасан үр дагаврыг баталгаажуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд гаргасан маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй.

Хариуцагчаас нэхэмжлэгч “Э т” ХХК, гуравдагч этгээд “Э” ХХК-ийн төлөөллийг тус тус байлцуулан магадлалд заасан хугацаанд дахин шинэ акт гаргах ажиллагааг 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр явуулсан боловч талууд тохиролцоонд хүрээгүй талаар мөн оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10/7420 дугаар албан бичигт, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгийн тайлбарт ч талуудыг хооронд нь уулзуулах, сонсгох, мэдэгдэх ажиллагааг яамны зүгээс удаа дараа зохион байгуулсан талаар тус тус дурдсанаас дүгнэхэд шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар зохих ажиллагааг явуулсан гэж үзнэ.

Гэвч талууд тохиролцоонд хүрээгүйгээс магадлалд заасан хугацаа дууссанаар маргаан бүхий одоогийн тушаал гарсан эсэхээс үл хамаарч өмнөх магадлалаар дахин шинэ акт гаргатал түдгэлзүүлсэн сайдын 2017 оны А/290 дүгээр тушаал хүчингүй болж, ингэснээр уг тушаалын 1 дэх заалтаар хүчингүй болгосон Байгаль орчны сайдын 2007 оны 242 дугаар тушаалын “Э т” ХХК-д, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны А/491 дүгээр тушаалын “Э” ХХК-д, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/225 дугаар тушаалын “Э т” ХХК-д холбогдох хэсгүүдийн үйлчлэл сэргэж, харин 2 дахь заалтаар “Э т” ХХК-д 2.84 га, “Э” ХХК-д 1.36 га газруудыг тус тус аялал жуулчлалын зориулалтаар олгосон нь тус тус хүчингүй болох буюу одоогийн маргаан бүхий тушаалд заасан нөхцөл байдал үүснэ.

Улсын дээд шүүхийн 2019 оны 31 дүгээр тогтоолд “хэргийн нөхцөлд байдлыг цаашид тодруулах шаардлагатай" гэдгийг хэрхэн дүгнэсэн талаар шүүхийн шийдвэрт тодорхой тусгасан, өөрөөр хэлбэл “…хэн алины газрын хэмжээг багасгахгүйгээр газар ашиглуулах боломж байгаа эсэхийг шалгах, хэрэв ийнхүү солбилцол өөрчлөх боломжгүй бол одоо давхацсан гэж маргаж байгаа 1.32 га газрыг нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд адил тэнцүү хуваан ашиглуулах замаар газрын давхцалыг арилгах нь зүйтэй…” гэсний дагуу одоогийн тушаалаар өмнө жалганы зүүн талд давхцуулсан 1.32 га газрыг хуваах байдлаар маргааныг шийдвэрлээгүй ч, нэгэнт талууд тохиролцоонд хүрээгүй энэ тохиолдолд нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд анх ашиглах эрх олгосон газрын хэмжээг багасгахгүйгээр, мөн давхцалыг арилгаж буюу солбилцлыг өөрчлөх байдлаар “Э т” ХХК-д жалганы баруун талд 2 га, “Э” ХХК-д жалганы зүүн талд 3 га газар ашиглах эрхтэй болсныг дурдсан агуулгатай шийдвэр гаргасныг буруутгах үндэслэлгүй.

Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 544 дүгээр магадлалаар сайдын 2017 оны А/290 дүгээр тушаалыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэхдээ “…шүүхээс тогтоосон хугацаанд дахин акт гаргаагүй тохиолдолд одоогийн маргаан бүхий тушаал хүчингүй болж, ингэснээрээ уг тушаалаар хүчингүй болгосон тушаалуудын холбогдох хэсгийн үйлчлэл сэргэснээр сайдын 2016 оны А/225 дугаар тушаалын дагуу Залаатын амны жалганы зүүн талд нэхэмжлэгч “Э” ХХК 3.0 га, баруун талд гуравдагч этгээд “Э т” ХХК 2.0 га газрыг тус тус ашиглах үр дагаварт хүргэх болно…” гэж дүгнэсэн нь түдгэлзүүлсэн хугацаанд хариуцагчаас гаргах шийдвэртэй холбоотой бус харин даалгасан шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд үүсч болох үр дагавартай хамааралтай, хэдийгээр Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 31 дүгээр тогтоолд энэхүү дүгнэлтийг буруу гэсэн ч “…захиргааны байгууллагаас газрын байршил, тусгай хамгаалалтын горим, байгалийн унаган төрхийг гол үндэслэл болгож, газрын байршлыг болон газрын хэмжээг тодорхой тогтоосон шийдвэр гаргах үүрэгтэй…” гэснийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд талуудын хүссэн газрыг, хүссэн хэмжээгээр, хүссэн байршилд нь олгох үүрэггүй, харин ч шүүхийн магадлал, тогтоолд дүгнэсний дагуу талуудын тохиролцоог шинэ акт гаргах замаар шийдвэрлэх санаачилгыг гаргасан боловч нэгэнт талууд тохиролцохгүй байсаар магадлалд заасан хугацаа дууссаны дараа гаргасан тушаалыг буруутгах үндэслэлгүй.

2.Нэхэмжлэгчээс 2007 оноос хойш маргаан бүхий газарт 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, үүний нэг нотолгоо болгож 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “Х з” ХХК-иар газар шороо, зам, талбайн ажил хийлгэхээр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний дагуу тус компанид урьдчилгаа 50 сая төгрөг төлсөн бэлэн мөнгөний орлогын баримтыг ирүүлсэн байх боловч энэ нь маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт ашиглуулахаар олгосон газрын чухам хаана нь хамаарч байгаа болох, өөрийн ашиглах эрх бүхий газарт зохих зөвшөөрлийн дагуу хийгдсэн ажиллагаа мөн эсэхээс хамаарч учирсан гэх хохирлоо иргэний журмаар нэхэмжлэхэд энэхүү шийдвэр, магадлал саад болохгүй.

3.Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд сайдын 2021 оны А/13 дугаар тушаалаар “Э Ж Э П А э” ХХК-д ашиглах эрх олгосон 12395 м.кв газар нь байршлын хувьд нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий 2 га газартай зохих хэмжээгээр давхцалтай болох нь холбогдох зурган мэдээллээр тогтоогдож байгаа талаар шүүхийн шийдвэрт үндэслэлтэй дүгнэсэн, мөн энэхүү шаардлагыг анх хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн төлөөлөгч Ч.Уын гаргасан гомдолд тус компанид газар ашиглах эрх олгохдоо маргаан бүхий газрын жалганы баруун талд буюу “Э т” ХХК-д олгосон 2 га газартай байршлын хувьд давхцуулсан талаар дурдсанаас гадна давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс бие даасан шаардлагын үндэслэлээ “Э” ХХК-ийн ашиглах газартай давхцуулсан гэх агуулгаар тайлбарлаагүй болно.

Мөн 1-р хх-ийн 221-226, 237, 238, 240-245, 2-р хх-ийн 56, 68 дугаар талд тус тус авагдсан зурган мэдээллээр ч “Э Ж Э П А э” ХХК-д ашиглах эрх олгосон 12395 м.кв газар гуравдагч этгээдийн ашиглах эрх бүхий 3.0 га-тай давхцалгүй болох нь хангалттай тогтоогдож буй энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан “нэхэмжлэл гаргах эрхгүй” гэсэн үндэслэлээр бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгасангүй.

Ийнхүү шийдвэрлэсэн нь давж заалдах гомдолд дурдсанчилан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн 2021 оны 2316 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 263 дугаар тогтоолтой зөрчилдөхгүй, учир нь шүүгчийн захирамжид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.3 буюу “урьдчилан шийдвэрлэх шаардлагыг биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр татгалзсаныг буруутгаснаас бус одоогийн 54.1.5 буюу “нэхэмжлэл гаргах эрхгүй” гэсэнд дүгнэлт хийгээгүй байх бөгөөд байршлын хувьд ч өмнө нь “Э т” ХХК, “Э” ХХК-д давхцуулж олгосон гэх 1.32 га газартай давхцаагүй байна.

Харин эдгээр дүгнэлт нь бие даасан шаардлагад хамаарах сайдын тушаалтай “Э т” ХХК-ийн маргах эрхийг хязгаарлахгүй болохыг, мөн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан бичгийн тайлбарт “…нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хооронд шүүхийн маргаантай байх хугацаанд гуравдагч этгээд болох “Э Ж Э П А э” ХХК-д газар ашиглах эрх олгосон байх бөгөөд яамнаас дээрх 2021 оны  А/13 дугаар тушаалыг залруулахаар ажиллаж байгаа…” /2-р хх-ийн 42-42 талд/ гэснийг тус тус тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 411 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, өмгөөлөгч Н.М, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

 

ШҮҮГЧ                                                             Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                             Э.ЛХАГВАСҮРЭН