Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/89

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч С.Батгэрэл,

хохирогч, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа,

хохирогч, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Билгүүн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г овогт Б-ны Н-т, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г овогт Б-ын М нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005023081631 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1999 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, 4 дүгээр курст суралцдаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт С дүүргийн 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Б дүүргийн 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Г овогт Б-ны Н /РД: 0000000/,

2. Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “У” ХХК-д туслах ажилчнаар ажилладаг, ам бүл 5, эх, 2 дүү, ихрийн хамт Б дүүргийн 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Г овогт Б-ын М /РД: 00000000/.

холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Н нь 2020 оны 7 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны орчим хохирогч Б.М-ыг зодож эрүүний хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, хоёр нүдний зовхи, эрүү, зүүн нүдний алим, хүзүүнд цус хуралт, хүзүү, бүсэлхийд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 7 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны орчим хохирогч Б.Н-ыг зодож баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, баруун нүдний зовхинд цус хуралт, дух, баруун шанаа, баруун хацар, эрүү, хүзүүнд зулгаралт, зүүн баруун даланд цус хуралт, баруун бугалга шуу, баруун зүүн тохой, зүүн шуунд зулгаралт, баруун зүүн шуунд цус хуралт, баруун өвдөг, шилбэнд зулгаралт, тархи доргилт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Н шүүгдэгчээр мэдүүлэхдээ “...Тэр өдөр миний төрсөн өдөр болж байсан. Тэгээд баарнаас гараад би Т-тэй муудалцсан чинь М хажуугаар орж ирээд болиулсан. Тухайн үед М-тай муудалцсан, гэтэл М араас над руу утсаар залгаад хоёулаа одоо учраа олчихъё гэсэн. М-тай уулзахад надаас янз бүрийн юм шалгааж асуугаад байхаар нь одоо боль гээд шилэн хүзүүн дээр нь гараа тавьж, бага зэрэг түлхсэн. Гэтэл М миний баруун шанаа руу 2-3 удаа цохисон. Би газар тулаад босож ирээд зөрүүлж цохиод бид хоёр газар унасан. Тэгээд М бид хоёр барьцалдаж унаад би дээр нь гарсан байж байтал М-ын ихэр Ш ирсэн. Тэгээд удаагүй байж байтал цагдаа нар ирсэн. М-ын биед учирсан гэмтлийг би учруулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

хохирогчоор мэдүүлэхдээ: “...Гомдол саналгүй. Өөрт учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардалд 613.192 төгрөгийг баримтаар шүүгдэгч Б.М-аас нэхэмжилж байна...” гэв.

ШҮүхийн хэлэлцүүлэгт Б.М шүүгдэгчээр мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.    

хохирогчоор мэдүүлэхдээ: “...Шүүгдэгч Б.Н нь эмчилгээний зардалд 1 сая төгрөг надад өгсөн. Хохирол төлбөрөөс төлөөгүй үлдсэн 42.000 төгрөг, тухайн үед миний утасны дэлгэцийг Б.Н хагалсан тул утасны дэлгэцийн төлбөр болох 120.000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн хураамж 10.000 төгрөг, нийт 172.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн гэмт хэргийн улмаас надад учирсан гэмтэлтэй холбоотой миний бие 2 удаа хагалгаанд орох тул ирээдүйд гарах уг хагалгааны зардлыг нэхэмжилнэ. Түүнчлэн ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байна. Гомдолтой байна...” гэв.     

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.М-ын:

“...2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Симплэ” нэртэй пабад ирэхэд найз У, Т, дүү Э, Н нар байсан ба Н-ын төрсөн өдрийг тэмдэглэж байсан. Тус газарт араас нэмж Т, М, Т, С, М, Б, Б, Е, Ч гэх хочтой хүүхдүүд ирсэн. Бид нар 0,75 граммын 2 шил виски хувааж уусан. 2-3 хоногийн өмнө Т, Н, У нар муудалцаж байсан юм байна лээ, тэр асуудал нь ахиж сөхөгдөж Н, Т хоёр “Симплэ” пабын гадаа муудалцаад байхаар нь би дундуур нь ороод болиулсан. Гэхдээ зодолдоогүй бие бие рүүгээ хэл амаар дайраад байсан. Гэтэл миний баруун нүдний хөмсөг орчим Н 1 удаа гараараа цохиход тэнд байсан найзууд болох М, Т, Б нар салгаад намайг Баян бүрд дахь түр оршин сууж байгаа хаяг руу дөхүүлж өгсөн, бусад нь гэр гэр рүүгээ салаад явцгаасан. Би Н-ын 00000000 дугаарын утас руу нь залгахад Баянгол дүүргийн 15-р хороо 23-р байрны гадаа байна гэхээр нь ойрхон байсан учраас би М-ын машинаас буугаад алхаад Н-аас “намайг яагаад цохисон талаар асуух” гэж байгаа газар нь буюу 26-р байрны хажууд очиход Н манай найз Б, Б, Э гэсэн дүүтэй хамт 26-р байрны хажуу талын саравчны гадаа зогсож байсан. Би Н-т хандаж “би чамайг яасан юм бэ” гэхэд Н “Т та нар яадаг болчихсон юм бэ” гээд над руу дайраад миний зүүн нүдний дээд доод хэсэгт 2 удаа гараараа цохихоор нь би Н-ыг цохих гэсэн боловч оноогүй, тэгээд би Н-т “чи яагаад байгаа юм, одоо боль” гэхэд Н миний толгойнд духаа наагаад “чи хэн болчихсон юм” гээд дайраад би хоёр гараа дээшээ өргөөд “одоо Н-аа болно” гэхэд намайг Н 2 гараараа боогоод миний ухаан балартаад доошоо унахад дээрээс цээж орчим 3-4 удаа дэвсэхээр нь би хоёр хөлийг нь гараараа барьж гэдэс рүү нь жийж унагаад би босож ирсэн. Н газар унасан, тэгээд би одоо больё гээд орхисон. Тэгээд би тамхи асаах гээд Б, Э хоёрын аль нэг рүү нь очоод галаа өгч бай гэхэд Н миний эрүү рүү 1 удаа цохисон. Би газар унасан байхад Н миний дээр гарч толгой руу гараараа маш олон удаа цохиод байсан. Би эхэндээ 2 гараараа нүүрээ хамгаалж байсан боловч сүүлдээ толгой эргээд бие сулраад хамгаалж чадахгүй хэвтэж байсан. Намайг Н зодож байхад байрны дүү Б, Э хоёр Н ахаа одоо болиоч ээ гэхэд Н Э, Б хоёрын толгой хэсэг рүү цохиж харагдсан. Тэгээд үргэлжлүүлээд Н миний толгой руу гараараа цохиод байсан. Тэгсэн С /Ш/ ирчихсэн Н-ыг боль гээд хувцаснаас нь татсан чинь тоохгүй намайг цохиод байсан, тэгсэн С Н-ын толгой билүү цээж рүү нь гараараа 2 цохиж харагдсан. Тэгсэн Н нөлөөлөхгүй байна гээд хоорондоо барьцалдаж аваад далан руу өнхөрсөн. Ээж И ирчихсэн байсан ба намайг босож ирэхэд Н машины хажууд суучихсан байсан. Би Н-ын хоёр хөлнөөс барьж гэдэсний доошоо хөлөөрөө жийж мэх хэрэглэж унагасан. Н бөгсөөрөө суугаад хойшоо жаахан гэдийгээд гараараа тулаад босож ирсэн, өөр байдлаар биед нь халдаагүй. Н-тай дөнгөж уулзаад би утсаар яриад байж байтал миний утсыг аваад газар шидсэн. Миний гар утасны хүрээ, дэлгэц 2 нь эвдэрсэн. Засварын мөнгө нэхэмжлэх хүсэлтэй байна. Н-т зодуулсны улмаас 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс хойш одоог хүртэл ажлаа хийж чадахгүй байгаа тул энэ хугацааны цалингаа нэхэмжлэх хүсэлтэй байна. Мөн эрүү, хамрын ясны хугарлаас болж миний эрүүл мэнд гоо сайханд ноцтой хүнд хохирол учирсан учраас одоо гарсан болон цаашид гарах эмчилгээний зардлыг төлүүлнэ. Гадагшаа эмчлүүлэх талаар судалж байна...” гэсэн мэдүүлэг /хх 15-17/,

2. Гэрч Б.Ш-ийн:

“...2020 оны 7 дугаар сарын 10-ны шөнө 01 цагийн орчимд манай ээж И надад хандан “ихрийгээ хаана байгааг олоод дууд” гэхээр нь Баянгол дүүргийн 15 дугаар хороонд байдаг Э рүү фейсбүүкээр чат бичсэн чинь “М, Н ах хоёр хоорондоо зодолдоод байна” гээд байгаа газрынхаа бичлэгийг нь явуулахаар нь ээжийн хамт такси барьж Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 31 дүгээр байрны хажууд буугаад шууд гүйгээд очсон чинь Н М-ын дээр гарчихсан зодож байхаар нь Н-ыг болиулах гээд түлхсэн чинь Н холдохгүй М-ыг ахиад цохихоор нь би боогоод босгосон чинь Н гэнэт над руу дайрахаар нь би баруун гараараа Н руу савахад гар мултарчихсан, тэгэхээр нь би зүүн гараараа Н-ыг гэдсээр нь тэврээд хамт унаад өнхөрч явж байгаад далан руу дахин өнхрөөд Нямбаярын дээр гарах үед манай ээж ирээд салгаад цагдаа ирсэн. Байрны хажуу талын далан руу Н баруун гараа миний мөрөн дээгүүр давуулсан байдалтай би Н-ын бэлхүүсээр тэвэрч тонгойсон байдалтай эхэндээ далан руу босоогоор гулгаж байгаад бид 2 өвдөг цээжээрээ далан руу гулсаад доошоо шороон дээр буусан. Шороон дээр буух үед хөл шороон дээр бид хоёрын цээжин хэсэг далан дээр хэвтээ байдалтай байсан. Бос больё гэхэд Н болихгүй бид 2 зууралдаад байж байхад ээж ирээд салгасан...” гэсэн мэдүүлэг /хх 25-26/,

3. Насанд хүрээгүй гэрч М.Х-ын:

“...М ах араас нь очоод яагаад цохисон талаар асуух гээд бас эвлэрэх гээд очиход М ахын зүүн шанаа руу 2 удаа гараараа цохисон. М ах 2 гараа алдлаад цохиулж байснаа одоо боль гэхэд Н ах М ахын толгойны дагз хэсэг рүү нэлээн хэдэн удаа гараараа цохисон. М ах болиулах гээд Н ахыг тэврээд газар унагасан, гараас нь барьчихсан одоо болно гэхэд Н ах газраас босож ирээд чи намайг унагаадаг овоо гар вэ гээд М ахын зүүн шанаа руу 3-4 удаа дахиад цохисон. М ах Н чи ямар муухай юм бэ гэхэд Н ах үгийн зөрүүгүй М ахын зүүн хацар руу 2 удаа гараараа алгадсан. М ах Н ахын нүүр рүү цохих гээд оноогүй тэгсэн чинь Н ах зүүн шанаа руу нь 1 удаа цохиж газар унагаагаад М ахын дээр нь гарч суучхаад зүүн шанааны эрүү орчим нэлээн олон удаа гараараа цохиод мөн нүүрээ 2 гараараа халхалсан байхад М ахын эрүү рүү нь цохиод байсан. М ахын айфоне 6 маркийн гар утас зүүн талын өмдний халаасных нь харалдаа унасан байхаар нь би авах гэсэн боловч Н ах утсыг түрүүлж аваад газар руу шидчихсэн. Мөнгөнхутаг ахыг явтал Н ах араас ирээд чи ямар овоо юм бэ гээд шанаа орчим нь 1 удаа цохиж газар унагаагаад дахиад дээр нь нүүр орчим руу нь цохисон. Тэр үед М ахын ихэр Ш ах ирээд Н ахын зүүн гар талаас татаад болиулах гэж оролдсон боловч Н ах М ахыг үргэлжлүүлээд цохиод байсан маш олон удаа М ахыг цохиж байсан. М ах Н ахад зодуулсны дараа нүүрний зүүн хэсэг битүү хавдар, шүд нь далийсан, эрүү нь далийсан харагдаж байсан. Амаа ангайж чадахгүй, бас зүүн нүд нь цус хурсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 38-39/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 7991 дугаартай:

“...Б.М-ын биед эрүүний хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, хоёр нүдний зовхи, эрүү, зүүн нүдний алим, хүзүүнд цус хуралт, хүзүү, бүсэлхийд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой бөгөөд дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 45/,

5.Хохирогч Б.Н-ын:

“...М миний нүүрний баруун талын нүдэн тус газар гараараа 2-3 удаа цохиж байсан санагдаж байна. Тэгээд нэг сэргэхэд М-ын ихэр Ш ирчихсэн би М-ын дэргэд юм яриад шороон дээр явган сууж байхад Ш ирчихсэн миний нүүрний баруун тал руу гараараа нэлээн олон удаа цохиж байсан. Одоо миний баруун нүд тойрсон яс байнга хатгаж өвдөж байна. Мөн толгой байнга хатгаж өвддөг болсон. Хоёр ихрийн ээж И эгч надад чамайг болихгүй байхаар нь би чамайг алгадаж цохисон шүү дээ гэж хэлсэн. Гэвч би тухайн үйл явдлыг санахгүй байна. Миний биеийн байдал муу байгаа учраас шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах хүсэлтэй байна. Хоёр ихрийн ар гэрээс манай гэр бүлд асар их дарамт шахалт өгч байна. Намайг шоронд явуулна, чиний шорон бэлэн байгаа гэх мэтээр бас байнга мөнгө нэхдэг. Архи ууснаас болоод зодоон цохионд холбогдоод хүн гэмтээгээд өөрөө ч гэмтсэндээ гэмшиж байна, дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Гэмтлүүдийг надад М, Ш, И нар учруулсан. Сэргэж тасраад байсан учраас яг бүрэн санахгүй байна. Мөнгөнгүүр, 1 дүгээр эмнэлэг, “Интермэд” эмнэлэгт үзүүлж байгаа. Томографын зураг авхуулсан. Эмчид үзүүлж эмчийн жорын дагуу эмчилгээ хийлгэж байна...” гэсэн мэдүүлэг /хх 20-21/,

6. Гэрч Б.И-ийн:

“...Ш надад М Баянгол дүүргийн 15-р хороо 23-р байрны гадаа байна гэсэн. 20-30 минутын дараа хүү Ш нь Э гэдэг хүүхэдтэй холбогдоод М, Н хоёр зодолдоод байна гэсэн гэхээр нь Ш бид хоёр такси барьж Баянгол дүүргийн 15-р хороо 31-р байрны гадаа очиход шууд Ш буугаад гүйгээд явчихсан. 30-р байрны далан руу очиход Ш, Н нар дээр доороо орчихсон ноцолдож байхаар нь цагдаа дуудсан. Би далан руу буугаад Н-ыг босгох гэсэн чинь дийлдэхгүй үгэнд орохгүй муу сайн пизданууд, би та нарыг тэжээж байсан шүү дээ гэх зэргээр орилоод байхаар нь би зүүн хацар руу нь 2 удаа алгадсан чинь Н босож ирээд зогсчихсон. Тэгээд Ш босож ирээд би цагдаа дуудсан. Тухайн үед Н-ын гаранд нь зулгаралт шалбархай уруулын дотор талд шалбарсан харагдаж байсан. Н нэлээн согтуу намайг алгадахад ухаан ороод та яаж байгаа юм бэ гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 28-29/,

7. Гэрч Х.Э-ийн:

“...Тэгээд хоёр бие биенийгээ түлхээд Н ах М ахын нүүр рүү 2 удаа алгадсан. М ах Н ахын баруун хацар руу 1 удаа гараараа цохисон. Тэгээд тэр хоёр ноцолдоод Н ах М-ын дээр гараад нүүр хэсэг рүү нь цохисон. Хэдэн удаа нүүрний яг аль хэсэг рүү цохисныг анзаараагүй. Тэгээд М ах Н ахын дээр гараад боль би чамтай зодолдох гэж ирээгүй, ярилцах гэж ирсэн юм гэхэд Н ах дахиад дээр нь гараад толгой, нүүр хэсэг рүү нь гараараа цохиод байсан. Б, Б, бид гурав салгах гэж оролдсон боловч дийлэхгүй байсан. Тэгээд байж байтал Ш ах ээжийн хамт ирсэн. Тэр үед М ахын дээр Н ах суучихсан зодоон болоогүй байж байсан. Тэгээд Ш ах ирээд Н ахыг боль хөөе бос гэхэд Н ах босохгүй байсан ба Ш ах Н ахын нүүр рүү гараараа 2 удаа цохисон. Тэгээд Н ах босож ирээд Ш ахыг барьж аваад тэр 2 далан руу унасан. Н доор нь орчихсон, Ш дээр нь гарчихсан байсан. Тэгээд ээж нь цагдаа дуудсан, далан руу унахад би дээрээс нь хараад зогсож байсан Ш, Н хоёрын хооронд ямар нэгэн зодоон болоогүй, И эгч Н ахын биед халдаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 35/,

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 8002 дугаартай:

“...Б.Н-ын биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, баруун нүдний зовхинд цус хуралт, дух, баруун шанаа, баруун хацар, эрүү, хүзүүнд зулгаралт, зүүн баруун даланд цус хуралт, баруун бугалга шуу, баруун зүүн тохой, зүүн шуунд зулгаралт, баруун зүүн шуунд цус хуралт, баруун өвдөг, шилбэнд зулгаралт, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдож, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 48-49/,

9. 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1190 дугаартай материалаар хийсэн шүүх эмнэлгийн / 8002 тоот актын нэмэлт/:

“...Б.Н-ын биед тогтоогдсон баруун нүдний ухархайн хугарал, баруун чихний хэнгэргэн хальсны цоорол гэмтэл нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 96/,

10. Шүүгдэгч Б.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...М нь миний баруун шанаа руу 2-3 удаа дарааллаад шууд гараа атгаж байгаад цохисон...” гэсэн мэдүүлэг /хх 118/,

11. Гэрч Б.Б-ын:

“...2020 оны 7 дугаар сарын 04-ний үед шиг санагдаж байна ээжийн эзэмшлийн Аллион маркийн автомашиныг Н унаж яваад гэртээ ирээгүй. Тэгээд би өглөө нь залгахад лагер дээр байна гэхээр нь би лагер дээр очиход машин байхгүй архи үнэртүүлчихсэн байсан. Тэгсэн Н машинаар замын голын тусгаарлагч хайлс мөргөсөн журмын хашаанд байгаа гэсэн тэгэхээр нь машин унаж явчхаад архи дарс уучхаад машин битгий барьж бай, дуудлагын жолооч дуудаад бариулчихад яадаг юм гэж загнасан...” гэсэн мэдүүлэг /хх 37/,

12. Гэрч Н.Б-ийн:

“...Гарч тамхи татчихаад ороод ирсэн чинь М Н-ын хажууд сууж байсан. Уул нь ороход зүгээр байсан. Тэгээд гараад ирэхэд уур амьсгал сонин болсон байсан. М Н-т “Чи хэн ч биш би М-ийг илүү хүндэлж үздэг” гэж энэ үгийг маш олон удаа хэлсэн. Н хариуд нь “М зайлаарай” гэж хэлсэн. Энэ хэрүүл удаан үргэлжилж байгаад бид нар гарсан. М Н-т гадаа гараад чи миний үзэл бодлыг өөрчилж чадахгүй гэж хэлсэн. Хариуд нь Н би чиний үзэл бодлыг өөрчлөх гэсэн бодол алга гэж хэлсэн. Зодоон хийх гээд Н-ын шарыг хөдөлгөх гээд байсан. Тэгээд би Н-ыг машиндаа суулгаад гэр лүү нь хүргэж өгөх гээд явж байсан. Н луу М залгаад одоо байран дээр хүрээд ир зүгээр ярилцъя гэж дуудсан. Тэгээд би өөрөө яарч байсан болохоор 23-р байрны Тансаг гээд дэлгүүрийн урд буулгасан. Тэгээд маргааш өглөө нь над руу Т залгаж эрүүлжүүлэхээс Н-ыг авчих гэж хэлсэн. Тухайн үед Н М нар хоорондоо зодолдсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 33-34/,

13. Насанд хүрээгүй гэрч Н.Е-ийн:

“...М ах араас нь очоод яагаад цохисон талаар асуух гээд бас эвлэрлэх гээд очиход Н ах Т танай найз над руу орилсон гэсэн чинь М ах энэ талаар Т-т өөрт нь хэл гэхэд Н ах юу гэнээ гээд М ахын зүүн шанаа руу 2 удаа гараараа цохисон. М ах 2 гараа алдлаад цохиулж байснаа одоо боль гэхэд Н ах М ахын толгойн дагз хэсэг рүү нэлээн хэдэн удаа гараараа цохисон. ...намайг унагаадаг овоо гар вэ гээд М ахын зүүн шанаа руу 3-4 удаа дахиад цохисон. ..хацар руу нь 2 гараараа алгадсан. Тэгэхэд нь М ах Н-ын нүүр рүү цохих гээд оноогүй. Тэгсэн Н ах М ахын зүүн шанаа руу 1 удаа цохиж газар унагаагаад М ахын дээрх нь гарч суучхаад зүүн шанаа эрүү орчим нь нилээн олон удаа гараараа цохиод байсан...” гэсэн мэдүүлэг /хх 38-39/,

14. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт, хохирогч Б.Н-ын хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Н, Б.М нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Н, Б.М нар нь хоорондоо маргалдан, харилцан бие биеийнхээ биед халдан, улмаар Б.Нямбаяр нь Б.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Б.М нь Б.Н-ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.М-гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Өмгөөлөгч Б.Билгүүн дүгнэлтдээ “Хохирогч Б.Н-ын биед олон тооны гэмтэл учирсан. Гэрчүүдийн мэдүүлгээр шүүгдэгч Б.М нь Б.Н-ын биед учирсан дээрх гэмтлүүдийг учруулсан эсэх нь эргэлзээтэй байдаг. Тухайн үед Б.М Б.Н-ыг цохисон эсэхийг тогтоох шаардлагатай байна. Мөн хэрэг болохоос өмнө Б.Н нь өөрийн төрсөн ахдаа зодуулсан байдаг. Энэ асуудлыг мөн шалгаж тогтоох хэрэгтэй гэж үзэж байна. Түүнчлэн Б.М-ын гар утсыг Б.Н газар шидсэнээс болж гар утасны дэлгэц хагарсан тул утасны дэлгэцийг солиулсан төлбөрийг Б.Н-аас гаргуулах ёстой. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Өмгөөлөгч Ш.Оюумаа дүгнэлтдээ “Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н, Б.М нар нь тухайн үед харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан болох нь хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Б.Нямбаярын ахдаа алгадуулсан нь энэ хэрэг гарахаас хамаагүй өмнө болсон асуудал юм. Б.Н-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Иймд шүүгдэгч Б.Н нь гэм буруугийн асуудал дээр маргахгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Н, Б.М нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Н нь: 2020 оны 7 дугаар сарын 09-ны өдрөөс 10-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны орчим хохирогч Б.М-ыг зодож “эрүүний хугарал, тархи доргилт, хоёр нүдний зовхи, эрүү, зүүн нүдний алим, хүзүүнд цас хуралт, хүзүү, бүсэлхийд зулгаралт бүхий гэмтэл” үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Б.М-ын “...Би Н-т хандаж “би чамайг яасан юм бэ” гэхэд Н “Т та нар яадаг болчихсон юм бэ” гээд над руу дайраад миний зүүн нүдний дээд доод хэсэгт 2 удаа гараараа цохихоор нь би Н-ыг цохих гэсэн боловч оноогүй, тэгээд би Н-т “чи яагаад байгаа юм, одоо боль” гэхэд Н миний толгойнд духаа наагаад “чи хэн болчихсон юм” гээд дайраад би хоёр гараа дээшээ өргөөд “одоо Н болно” гэхэд намайг Н 2 гараараа боогоод миний ухаан балартаад доошоо унахад дээрээс цээж орчим 3-4 удаа дэвсэхээр нь би хоёр хөлийг нь гараараа барьж гэдэс рүү нь жийж унагаад би босож ирсэн. ...Н миний эрүү рүү 1 удаа цохисон. Би газар унасан байхад Н миний дээр гарч толгой руу гараараа маш олон удаа цохиод байсан. Би эхэндээ 2 гараараа нүүрээ хамгаалж байсан боловч сүүлдээ толгой эргээд бие сулраад хамгаалж чадахгүй хэвтэж байсан. ...Тэгээд үргэлжлүүлээд Н миний толгой руу гараараа цохиод байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Б.Ш-ийн “...Н М-ийн дээр гарчихсан зодож байсан...” гэсэн мэдүүлэг,

- Насанд хүрээгүй гэрч М.Б-ын “...М ах араас нь очоод яагаад цохисон талаар асуух гээд бас эвлэрэх гээд очиход М ахын зүүн шанаа руу 2 удаа гараараа цохисон. ...Н ах М ахын толгойны дагз хэсэг рүү нэлээн хэдэн удаа гараараа цохисон. М ах болиулах гээд Н ахыг тэврээд газар унагасан, гараас нь барьчихсан одоо болно гэхэд Н ах газраас босож ирээд чи намайг унагаадаг овоо гар вэ гээд М ахын зүүн шанаа руу 3-4 удаа дахиад цохисон. М ах Н чи ямар муухай юм бэ гэхэд Н ах үгийн зөрүүгүй М ахын зүүн хацар руу 2 удаа гараараа алгадсан. ...М ахын дээр нь гарч суучхаад зүүн шанааны эрүү орчим нэлээн олон удаа гараараа цохиод мөн нүүрээ 2 гараараа халхалсан байхад М ахын эрүү рүү нь цохиод байсан. М ахын айфоне 6 маркийн гар утас зүүн талын өмдний халаасных нь харалдаа унасан байхаар нь би авах гэсэн боловч Н ах утсыг түрүүлж аваад газар руу шидчихсэн.  ахыг явтал Н ах араас ирээд чи ямар овоо юм бэ гээд шанаа орчим нь 1 удаа цохиж газар унагаагаад дахиад дээр нь нүүр орчим руу нь цохисон...” гэсэн мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 7991 дугаартай “...Б.М-ийн биед эрүүний хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, хоёр нүдний зовхи, эрүү, зүүн нүдний алим, хүзүүнд цус хуралт, хүзүү, бүсэлхийд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой бөгөөд дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт,

- Гэрч Х.Э-ийн “...Н ах М ахын нүүр рүү 2 удаа алгадсан. Тэгээд тэр хоёр ноцолдоод Н ах М-ын дээр гараад нүүр хэсэг рүү нь цохисон...” гэсэн мэдүүлэг,

- Насанд хүрээгүй гэрч Н.Е-ийн “...Н ах юу гэнээ гээд М ахын зүүн шанаа руу 2 удаа гараараа цохисон. ...Н ах М ахын толгойн дагз хэсэг рүү нилээн хэдэн удаа гараараа цохисон. ...намайг унгаадаг овоо гар вэ гээд М ахын зүүн шанаа руу 3-4 удаа дахиад цохисон. ..хацар руу нь 2 гараараа алгадсан. ...дээр нь гарч суучихаад зүүн шанаа эрүү орчим нь нилээн олон удаа гараараа цохиод байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.М нь: 2020 оны 07 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны орчим хохирогч Б.Н-ыг зодож “баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, баруун нүдний зовхинд цус хуралт, дух, баруун шанаа, баруун хацар, эрүү, хүзүүнд зулгаралт, зүүн баруун даланд цус хуралт, баруун бугалга шуу, баруун зүүн тохой, зүүн шуунд зулгаралт, баруун зүүн шуунд цус хуралт, баруун өвдөг, шилбэнд зулгаралт, тархи доргилт бүхий гэмтэл үүсгэж” эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Б.Н-ын “...М миний нүүрний баруун талын нүдэн тус газар гараараа 2-3 удаа цохиж байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Б.И-ийн “...М, Н хоёр зодолдоод байна гэхээр нь Ш бид хоёр такси барьж Баянгол дүүргийн 15-р хороо 31-р байрны гадаа очсон...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Х.Э-ийн “...М ах Н ахын баруун хацар руу 1 удаа гараараа цохисон. Тэгээд тэр хоёр ноцолдоод ...Б, Б, бид гурав салгах гэж оролдсон боловч дийлэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг,

- Насанд хүрээгүй гэрч М.Б-ын “...М ах болиулах гээд Н ахыг тэврээд газар унагасан...” гэсэн мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 8002 дугаартай “...Б.Н-ын биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, баруун нүдний зовхинд цус хуралт, дух, баруун шанаа, баруун хацар, эрүү, хүзүүнд зулгаралт, зүүн баруун даланд цус хуралт, баруун бугалга шуу, баруун зүүн тохой, зүүн шуунд зулгаралт, баруун зүүн шуунд цус хуралт, баруун өвдөг, шилбэнд зулгаралт, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдож, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт,

- 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1190 дугаартай материалаар хийсэн шүүх эмнэлгийн / 8002 тоот актын нэмэлт/ “...Б.Н-ын биед тогтоогдсон баруун нүдний ухархайн хугарал, баруун чихний хэнгэргэн хальсны цоорол гэмтэл нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”гэсэн дүгнэлт, 

- Б.Н-рын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...М нь миний баруун шанаа руу 2-3 удаа дарааллаад шууд гараа атгаж байгаад цохисон...” гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Б.М нь Б.Н-ын биед би гэмтэл учруулаагүй гэж гэм буруугийн талаар маргасан, мөн түүний өмгөөлөгч Б.Б-ээс “...хохирогч Б-т Б.М гэмтэл учруулсан гэх нөхцөл байдлыг тогтоогдоогүй тул хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаалгах” гэсэн дүгнэлтийг гаргасныг шүүх хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй болно.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.М хохирогч Б.Н нар нь хоорондоо тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, бие биедээ халдаж харилцан зодолдсон үйл баримт тогтоогдсон ба, улмаар уг зодооны улмаас шүүгдэгч Б.М нь хохирогч Б.Н-ын биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь  хохирогч Б.Н-ын “... М миний нүүрний баруун талын нүдэн тус газар гараараа 2-3 удаа цохиж байсан. ...” гэсэн мэдүүлэг, уг мэдүүлэг нь хэргийн газар байсан гэрч Х.Э-ийн “...М ах Н-ын баруун хацар руу нэг удаа гараараа цохисон. ...” гэсэн мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдсон, мөн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчдийн дүгнэлтүүдээр хохирогчийн биед учирсан гэмтэл хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой талаар дүгнэсэн бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б-ээс “хохирогч Б.Н нь ахдаа зодуулсан байдаг тул энэ асуудлыг шалгах шаардлагатай” гэх боловч энэхүү байдал нь бусад баримтаар нотлогдоогүй. Иймд хохирогч Б.-т учирсан гэмтэл нь шүүгдэгч Б.М-ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна. 

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр, хөнгөн хохирол санаатай учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Б, Б.М нар нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдал, бусдыг үг хэлээр доромжилсон үйлдэл, харилцан бие биенээ хүндлээгүй зэрэг байдлаас хэрүүл маргаан болсон байх бөгөөд маргаан дууссаны дараа тус тусдаа салж явсан боловч шүүгдэгч Б.М нь шүүгдэгч Б.Н гар утас руу залгаж байгаа газрыг асууж түүн дээр дахин очиж хэрүүл маргаан хийснээр гэмт хэрэг гарах болсон байна.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Н-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирол төлбөрт баримтаар 613.192 төгрөг нэхэмжилсэн тул шүүгдэгч Б.М-аас дээрх хохирлыг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Мөн хохирогч Б.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.Н нь эмчилгээний зардалд 1 сая төгрөгийг төлсөн байна. Шүүх хуралдаанд хохирогч Б.М нь “хохирол төлбөрөөс төлөөгүй үлдсэн 42.000 төгрөг болон тухайн үед утасны дэлгэцийг Б.Н хагалсан тул утасны дэлгэцийн төлбөр болох 120.000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн хураамж 10.000 төгрөг, нийт 172.000 төгрөг” нэхэмжилсэн тул шүүгдэгч Б.Н-аас дээрх хохирол төлбөрийг гаргуулж хохирогчид олгож хууль зүйн үндэслэлтэй байна.  

Харин хохирогч Б.М нь цалин хөлс болон цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.   

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Өмгөөлөгч Б.Билгүүн “Шүүхээс шүүгдэгч Б.М-ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Өмгөөлөгч Ш.Оюумаа “Шүүгдэгч Б.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Н, Б.М нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх бөгөөд тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. 

Түүнчлэн шүүгдэгч Б.Н-ын өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү” гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах шаардлагагүй гэж үзэв.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “гэмт хэрэг үйлдсэн хүнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэхийг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх тухай зохицуулалттай. Шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, бусдыг үг хэлээр доромжилж улмаар хохирогч Б.М-ын эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдсан, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан зэрэг нөхцөл байдал байгаа тул түүнд дээрх хуулийн заалтыг хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Н-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, Б.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсон тул тэдэнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн улсын яллагчийн гаргасан дүгнэлтийн хүрээнд Б.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тус бүр хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Н, Б.М нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2005023081631 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.М, Б.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Б-ны Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч Г овогт Б-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ыг 1500 /мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, Б.М нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд тус бүр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, Б.М нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-аас 172.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.М-т олгож, шүүгдэгч Б.М-аас 613.192 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Н-т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.М нь цалин хөлс болон цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.М, Б.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Н, Б.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н, Б.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.ДАЛАЙХҮҮ