Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/107

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч Г.Намжил,

хохирогч М.Б,

шүүгдэгч С.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт С-ын Х-д холбогдох эрүүгийн 2105000000009 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа “Б” дэлгүүр ажиллуулдаг, ам бүл 2, эхнэрийн хамт, 00 тоотод оршин суух,

- урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 140а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Т овогт С-ын Х /РД:000000000/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Х нь 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр орой 22 цагийн орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны Н хотхоны 00-р байранд байрлах “Б” дэлгүүрийн үүдэнд иргэн М.Б-ын биед “эхнэр Н-ийг доромжиллоо ” гэх шалтгаанаар халдаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж, иргэн М.Б-ын биед хоёр нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” гэмтэл бүхий хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Х мэдүүлэхдээ: “...Тэр орой эхнэртэйгээ дэлгүүрээ хаах гээд байж байтал Б нь орж ирээд “жимс авъя” гэхэд нь манай эхнэр “дэлгүүр хаасан байна” гэж хэлтэл Б нь “Бүдүүн гичий” гэж хэлэх нь надад сонсогдсон тул уур хүрээд араас нь гараад барьж аваад түүнийг цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Б мэдүүлэхдээ: “...Миний бие 14 хоногийн хугацаатай эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх гэж байгаа бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх 910.000 төгрөгөө авчихвал гомдол саналгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч М.Б-ын:

“ Би 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн орой Н хотхоны 00-р байрны доод талд байдаг “Б” гэдэг жимсний дэлгүүр лүү 22 цагийн үед эхнэр С-ын хамт жимс авахаар орсон. Дэлгүүрт ороход 2 эмэгтэй худалдагч хаасан байна гэсэн. Тэгэхээр нь би дэлгүүрийн худалдагч эмэгтэйг “ бүдүүн гичий” гэж хэлчхээд эхнэрийн хамт гарсан. Тэгтэл миний хойноос нэг залуу гарч ирээд намайг шатан дээр заамдаж авсан. Хойноос нь дэлгүүрт байсан 2 худалдагч гараад ирсэн. Би нөгөө худалдагч эмэгтэйг “чи офицерт байдаг бүдүүн гичий байна” гэж хэлсэн. Тэгтэл нөхөр нь гэх залуу миний нүүр, нүд рүү цохиод эхэлсэн. Манай эхнэр нөгөө залууг боль гээд бид хоёрын дундуур ороод салгасан...” гэсэн мэдүүлэг /хх 35-38/,

2. Гэрч Ч.О-ийн:

“ 2020 оны 10 дугаар сарын 08-ны орой хадам ах Х, хадам эгч Н нарын ажиллуулдаг “Б” нэртэй дэлгүүр дээр очсон. Ингээд бараа тоолох ажилд нь туслаад байж байтал гаднаас эрэгтэй эмэгтэй хоёр хүн хамт орж ирсэн. Алим авъя гэхээр нь Н манайх юм зарахгүй гэж хэлсэн. Гэтэл согтуу эрэгтэй нь “бүдүүн гичий” гэчхээд гараад явсан. Х ах уурлаад тэр 2 хүний араас гарсан. Би Н эгчтэй хамт араас нь гараад хартал, Х ах согтуу ахтай заамдалцаад зогсож байсан. Согтуу ахтай хамт явсан эмэгтэй одоо болиоч дээ явъя харъя гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх 29-30/,

3. Гэрч П.С-ын:

“...Би 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн орой Нарлаг хотхоны 103-р байрны доод талд байдаг “Б” гэдэг жимсний дэлгүүр лүү 22 цагийн үед нөхөр Б-ын хамт жимс авахаар орсон. Дэлгүүрт ороход 2 эмэгтэй байсан. Жимс авъя гэсэн чинь манай дэлгүүр хаасан гэсэн. Байнга ордог юм чинь 1 кг алим авчихъя гэсэн гэтэл худалдагч хаачихсан гээд байхад гэсэн. Гэтэл манай нөхөр “бүдүүнээ” гээд хэлчихсэн. Тэгээд би нөхрийгөө боль гэж хэлээд авч гараад шатаар буух гэж байтал хойноос нэг залуу гарч ирээд “чи эмэгтэй хүн доромжилдог хэн бэ” гээд хойноос нь татаад үснээс нь зулгаагаад нүүр нүдгүй олон удаа цохиод эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 27-28/,

4. Гэрч П.Н-ийн:

“...2020 оны 10 дугаар сарын 08-ны орой 21 цаг өнгөрч б гэх дэлгүүртээ шинээр орж байгаа Б-д бараагаа хүлээлгэж өгч тооллого хийхээр очсон. 22 цаг 20 минутын үед хаалга дутуу цоожлогдсон бололтой эрэгтэй эмэгтэй 2 хүн ороод ирээд алим авъя гэж хэлсэн, хаасан байна гэтэл нөгөө эмэгтэй нь гаръя хайраа хаасан гэнээ гэж хэлсэн. Эрэгтэй нь нэлээд согтуу намайг гарахдаа бүдүүн гичий гээд хараалын үг хэлээд байсан. Манай нөхөр араас нь гарсан бөгөөд манай нөхөр нөгөө эрэгтэй хоёр зууралдаад авсан бөгөөд би өрөөн дотроос гараад О араас гарч ирээд боль гээд салгасан...” гэсэн мэдүүлэг /хх 24-26/,

5. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 13439 дугаартай:

“...М.Б-ын биед 2 нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /хх 41-42/,

6. Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9-12/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.Х-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч С.Х нь хохирогч М.Б-ын зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан. 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Х-ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч С.Х нь: 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр орой 22 цагийн орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны Н хотхоны 00-р байранд байрлах “Б” дэлгүүрийн үүдэнд иргэн М.Б-ын биед “эхнэр Н-ийг доромжиллоо ” гэх шалтгаанаар халдаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж, иргэн М.Б-ын биед хоёр нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” гэмтэл бүхий хохирол учруулсан болох нь:

- Хохирогч М.Б-ын “...Тэгтэл нөхөр нь гэх залуу миний нүүр, нүд рүү цохиод эхэлсэн. Манай эхнэр нөгөө залууг боль гээд бид хоёрын дундуур ороод салгасан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Ч.О-ийн “...согтуу эрэгтэй нь “бүдүүн гичий” гэчхээд гараад явсан. Х ах уурлаад тэр 2 хүний араас гарсан. Би Н эгчтэй хамт араас нь гараад хартал, Х ах согтуу ахтай заамдалцаад зогсож байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч П.С-ын “...нэг залуу гарч ирээд “чи эмэгтэй хүн доромжилдог хэн бэ” гээд хойноос нь татаад үснээс нь зулгаагаад нүүр нүдгүй олон удаа цохиод эхэлсэн...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч П.Н-ийн “...Манай нөхөр араас нь гарсан бөгөөд манай нөхөр нөгөө эрэгтэй хоёр зууралдаад авсан...” гэсэн мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 13439 дугаартай “...М.Б-ын биед 2 нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хууль зүйн хувьд шүүгдэгч С.Х-ы дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирол төлбөрт баримтаар нэхэмжилсэн 268.530 төгрөгийг шүүгдэгч С.Х төлсөн байх тул энэ тогтоолоор түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Харин хохирогч М.Б-ын шүүх хуралдаанд нэхэмжилсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд гарах эмчилгээний зардал 910.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.   

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч С.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч С.Х нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн бүртгэлгүй байх ба түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч С.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2105000000009 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Х нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.12, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т овогт С-ын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х-ыг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Б-ын нэхэмжилсэн 910.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Х нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          М.ДАЛАЙХҮҮ