Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/105

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Д-ын Г-д холбогдох эрүүгийн 2105000750057 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 02 дугаар сарын 02-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Д-ын Г /РД: 00000000/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтэл согог судлалын үндэсний төв дотор хохирогч Б.Х зодож түүний биед зүүн дээд зовхи, зүүн чамархайнд цус хуралт, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Х-ийн:

“...2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэртээ байж байгаад Гэмтэл согог

судлалын үндэсний төвд ажилладаг М, Э нар төрсөн өдрийг чинь тэмдэглэе хүрээд ир гээд дуудахаар нь 19 цагийн үед очсон. Тэгээд М, Г, Э, Ц, Б нартай архи ууж байгаад орой 22 цагийн үед Э, Ц, Б нар гэр гэр лүүгээ явцгаасан. Тэгээд би оройтчихсон байсан болохоор Э ахын өрөөнд унтсан. Маргааш нь буюу 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 12 цагийн үед Г, М бид 3 дахиад гаднаас 2, 3 пиво авч ууцгаасан. Тэгээд нэлээн согтсон байсан учраас би хэсэг хугацаанд унтсан. Нэг сэрсэн чинь тэнд засвар хийж байсан танихгүй залуу миний хөл дээгүүр гараа явуулаад байхаар нь би орилоод босоод Г, М нарыг дуудаж тэнд засвар хийж байсан 2 залууг өшиглөж хөөгөөд явуулчихсан. Тэгээд Г рүү намайг танихгүй хүмүүстэй үлдээлээ гээд уурлахад Г над руу дайраад чи юун сүртэй юм гээд намайг заамдаад авахаар нь би Г-ийг мөн заамдаад цамцыг нь урчихсан чинь энэ муу ямар сүртэй гичий вэ чамайг алчихъя гээд намайг заамдаад газарт унагаагаад толгойгоор шалан дээр 2 удаа саваад нүүр рүү 1-2 удаа цохисон. Тэгээд би Г-ийг түлхээд гараас нь мултраад зугтаж гараад Гэмтэл согог судлалын үндэсний төвийн цагдаа дээр очиж дуудлага өгсөн. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн моорогт засвар хийж байсан 2 залуу миний биед хүрч халдаж цохисон зүйл байхгүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Дунд зэргийн согтолттой байсан. Өөрийгөө удирдах чадвартай байсан. Би өөр хүнтэй зодолдсон зүйл байхгүй. Г-өөс өөр хүн миний биед халдаж цохиогүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Г надад 100.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 9-11/,

2. Гэрч Ж.М-гийн:  

“...Нэг харахад Х Гийг заамдчихсан, хувцас хунарыг нь урчихсан байсан. Би очоод Х-г тайвшруулах гээд чадаагүй. Тэгээд нэг харсан чинь Х нүцгэн гүйгээд гараад явчихаар нь хойноос нь гараад очтол Гэмтэл согог үндэсний төвийн гадна хаалганы хажууд хэвтэж байхаар нь очоод босгох гэтэл агсам тавиад над руу дайраад байсан. Цаад талын өрөөнд ажлаа хийгээд явж байсан чинь юм хагарч байх шиг чимээ гараад байхаар нь өрөө рүүгээ ороод иртэл Г Х 2 газарт хэвтчихсэн ноцолдож байсан. Х архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан дунд зэргийн согтолттой байсан. Би Х-гийн биед гар хүрээгүй. Х Г-өөс өөр хүнтэй маргалдаж ноцолдоогүй...” гэсэн мэдүүлэг /хх 18-19/,

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 326 дугаартай шинжээчийн:

“...Б.Х-ийн биед зүүн дээд зовхи, зүүн чамархайнд цус хуралт, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх 24-25/,

4. Шүүгдэгч Д.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2020 оны 12 дугаар сарын 23-ны орой Х-гийн төрсөн өдөр гээд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн моорогт М, Х, засвар хийж байсан үл таних 2 залуу бид 5 байсан. Тэгээд бид 5 мооргийн хажуу талын ажилчдын өрөөнд 3 сав 2 литрийн пиво хувааж уусан. Манай эхнэр М архи, пиво уугаагүй. Пивоо ууж дуусаад би хажуу талын эхнэрийнхээ өрөө рүү ороод унтсан. Харин Х тэр өрөөнд унтсан. Тэгээд унтаж байтал хүмүүс орилолдоод байхаар нь би босоод нөгөө өрөө рүү орсон. Х нөгөө 2 залуутай маргаад энэ 2 намайг хүчиндэх гээд хөл дээгүүр гараа явуулаад байсан гээд агсам согтуу тавиад байхаар нь би тэр 2 залууг нь яв гээд гаргаад явуулчихсан юм. Тэгтэл Х над руу дайраад миний цамцнаас заамдаж аваад намайг мөргөх гээд байхаар нь би Х-г болиулах гээд тэвэрсэн чинь миний гараас хазчихаар нь би гараасаа салгах гээд Х-г түлхээд бид 2 газарт унацгаасан. Х тэр өдөр өөр хүнтэй зодолдож цохилцоогүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг минь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх 45-47/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Г-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Д.Г нь хохирогч Б.Х-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Г-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтэл согог судлалын үндэсний төв дотор хохирогч Б.Х зодож түүний биед зүүн дээд зовхи, зүүн чамархайнд цус хуралт, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Б.Х-ийн мэдүүлэг,

- Гэрч Ж.М-ийн мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 326 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл ба, шүүгдэгч Д.Г нь хохирогч Б.Х-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Х-ийн биед хөнгөн хохирол учирсан байх ба гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал, бусад гэм хорын зардалд шүүгдэгч Д.Г нь 150.000 төгрөгийг хохирогчид төлсөн бөгөөд хохирогч Б.Х нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Д.Г-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Д.Г-тэй эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Д.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Д.Г нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулсан байна.

Шүүгдэгч Д.Г нь гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус  зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2105000750057 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          М.ДАЛАЙХҮҮ