Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/116

 

 

 

 

     2021           01            28                                       2021/ШЦТ/116

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Б.Энэрэл,

шүүгдэгч Э.Ганболд, түүний өмгөөлөгч  А.Очбадрал (үнэмлэхийн дугаар 2185) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Э.Ганболдыг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2008000001455 дугаартай хоёр хавтаст хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Эрдэнэчимэгийн Ганболд (РД:УИ97022735), Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаан 16 дугаар гудамжны 813 тоотод оршин суух бүртгэлтэй боловч оршин суух тодорхой хаяггүй, урьд ял шийтгэл эдэлж байсан байдал:

- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1162 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 229 дугаартай “Ялаас өршөөн хэлтрүүлэх тухай” захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт” заасны дагуу эдлээгүй үлдсэн 2 жил 05 cap 01 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, суллагдсан.

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 6 cap баривчлах ял.

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 11А дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 6 cap баривчлах ял.

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 140 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 502 дугаар захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүний эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 2 хоногийн хорих ялаас чөлөөлж, сулласан. 

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 426 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялын хугацаа дуусаж суллагдсан.

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хорих ял, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 440 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 55 хоногийн хорих ял шийтгүүлсэн.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Э.Ганболд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэр “Сансар” үйлчилгээний төвийн гаднах зогсоол дээр байрлуулсан 91-72УБИ улсын дугаартай “Тоёота Пассо” загварын тээврийн хэрэгслийн гурвалжин салхины шилийг хагалан нэвтэрч хув толгойтой, гуулин нуухтай, цагаан хаш хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж иргэн Г.Мөнгөншагайд 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 10 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр 23б байрны гадна байрлах зогсоолд байрлуулсан 02-38УНБ улсын дугаартай “Тоёота Ипсум” загварын тээврийн хэрэгслийн гурвалжин салхины шилийг хагалан нэвтэрч, 2 ширхэг үүргэвч, цэнэглэдэг Кенн загварын гар дрилл, ажлын хувцас, түлхүүрийн коом, аяны майхан 1 ширхэг, цүнхтэй ажлын багаж, эмэгтэй хүний дан дээл 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж иргэн А.Түмэнжаргалд 230.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргүүдийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад буюу бусдын тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ганболд мэдүүлэхдээ: “нэмж мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

- Хохирогч Г.Мөнгөншагайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 23 цагийн үед...Сансар супермаркетын зогсоол дээр өөрийн эзэмшлийн 91-72УБИ улсын дугаартай “Тоёота Пассо” маркийн тээврийн хэрэгслээ ертөнцийн зүгээр чанх хойшоо “Сансар” худалдааны төв рүү харуулж тавиад машиныхаа хаалгыг цоожилж гэртээ орж унтаж амарсан. 2020 оны 10 дугаар сарын 14-ний өглөө 08 цаг 30 минутын үед ажилдаа явах гээд машин дээрээ иртэл машины жолоочийн ар талын хаалганы шил хагарсан байдалтай байсан. Машин дотор байсан эд зүйлээ шалгаж үзтэл голын хайрцагт байсан цагаан өнгийн хаш чулуун, хув толгойтой, гуулин халбагатай гурван үе дамжсан дунд гарын нэг ширхэг хөөрөг алга болсон байсан ...2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хөөргөний хув толгойг наачхаад буцаагаад машиныхаа голын хайрцагт хийсэн. Гэртээ авч орохдоо мартчихсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 54-58 дугаар хуудас),

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 3-9 дүгээр хуудас),

 

- “Сансар” сүлжээ их дэлгүүрийн гадна талын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 17-23 дугаар хуудас),

 

- “Тэнцвэр Эстимэйт” ХХКомпанийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2675 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас),

 

- Хохирогч А.Түмэнжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ажлаа тараад 18 цагийн үед гэрийнхээ гадна ил зогсоолд 02-38УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслээ байрлуулчхаад...гэртээ амарч байтал 88846444 дугаараас 2020 оны 10-р сарын 15-ны өглөөний 09 цаг 58 минутад нэг эмэгтэй яриад “таны машины арын шил хагарчихсан байна” гэж хэлэхээр нь гарч иртэл машины шил хагарсан байсан...Хүрэн өнгийн үүргэвч дотор нь торцовны ком, ажлын хувцас саарал өнгийн пүүзэн гутал, хар өнгийн биеийн тамирын өмд, хар өнгийн фотболка, хар өнгийн үүргэвч дотор нь эмэгтэй хүний ногоон эрээн торгон дан 2 ширхэг тэрлэг, БНХАУ-д үйлдвэрлэсэн аяны ногоон өнгийн хуучин 2 хүний майхан, БНХАУ-д үйлдвэрлэсэн кенн брэндийн батарей, улаан өнгийн гар дрилл, хар өнгийн ажлын багажийн хайрцаг дотор нь машины түлхүүр багаж зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 129-132 дугаар хуудас)

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 99-105 дугаар хуудас),

 

- “Бадрах” СӨХолбооны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 110 дугаар хуудас),

 

- “Тэнцвэр Эстимэйт” ХХКомпанийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Ц-1497 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 145-146 дугаар хуудас),

 

- Шүүгдэгч Э.Ганболдын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...Би 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хорих ангиас суллагдсанаас хойш Хархорин захын ойр орчмоор архи ууж амьдардаг. 2020 оны 10 дугаар сарын 14-ний шөнө 01 цагийн үед Болдоо гэх залуугийн гэрт очихоор явсан. Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх гэрийг нь хайгаад олоогүй буцаад хар засмал зам дагаад...Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 5 шарын автобусны буудлын зүүн талд байрлах “Сансар” супермаркетын урд эгнүүлээд тавьсан нэлээд хэдэн машины голоор гарч явахдаа цагаан өнгийн суудлын жижиг машины цонхоор нь харахад дотор нь эд зүйл байх шиг харагдсан. Би өмднийхөө түрүүнд хийсэн байсан улаан иштэй хасах аптирикаар жолоочийн ард талын хаалганы жижиг гурвалжин шилийг хөшиж хагалчхаад машинд орсон. Тухайн машины голын хайрцаг дотор цагаан өнгийн чулуун хөөрөг байхаар нь аваад хүрмийнхээ халаасанд хийгээд машинаас гарч Хархорин зах руу алхаад явсан. ...2008 онд цахилгаан мэнэнгийн өвчин тусаад баруун хөл хазганаж алхдаг болсон. Би ганцаараа 2 хулгайн хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 138-143 дугаар хуудас),

 

- Шүүгдэгч Э.Ганболдод холбогдуулан цагдаагийн байгууллагад шалгаж байгаа эрүүгийн хэрэг байхгүй талаарх албан тоот (1 дүгээр хавтаст хэргийн 221-222, 224-225, 247-250 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 1-3 дугаар тал),

 

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар шийтгэврийн хуулбар (шинээр гаргаж өгсөн баримт),

 

- Шүүгдэгч Э.Ганболдын хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 167 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 177-178, 181-204, 206-213, 216-218 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Ганболдод холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Ганболдыг үргэлжилсэн үйлдлээр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Э.Ганболд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сансар” үйлчилгээний төвийн гаднах зогсоол дээр байрлуулсан 91-72УБИ улсын дугаартай “Тоёота Пассо” загварын тээврийн хэрэгслийн гурвалжин салхины шилийг хагалан нэвтэрч, Г.Мөнгөншагайд 2.545.000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 10 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр 23б дугаар байрны гадна байрлах зоолд байрлуулсан 02-38 УНБ улсын дугаартай “Тоёота Ипсум” загварын тээврийн хэрэгслийн гурвалжин салхины шилийг хагалан нэвтэрч, А.Түмэнжаргалд 300.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг  үйлдсэн болох нь:

- хохирогч Г.Мөнгөншагайн “...2020 оны 10 дугаар сарын 13-ны оройны 23 цагийн үед Сансар супермаркетын зогсоол дээр өөрийн эзэмшлийн 91-72 УБИ улсын дугаартай “Тоёота Пассо” маркийн тээврийн хэрэгслээ тавьсан. 2020 оны 10 дугаар сарын 14-ний өглөө 08 цаг 30 минутын үед машин дээрээ иртэл машины жолооч талын ар талын хаалганы шил хагарсан байсан. Тэгээд машин доторх эд зүйлээ шалгаж үзтэл голын хайрцагт байсан өвлөгдөж ирсэн цагаан өнгийн хаш чулуун, хув толгойтой, гуулин халбагатай гурван үе дамжсан дунд гарын нэг ширхэг хөөрөг алга болсон байсан...” гэх мэдүүлэг (1хх-54-58),

- хохирогч А.Түмэнжаргалын “...2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо 23б байрны гадна ил зогсоолд 02-38 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслээ байрлуулсан...2020 оны 10-р сарын 15-ны өглөөний 09 цаг 58 минутад нэг эмэгтэй яриад “таны машины арын шил хагарчихсан байна” гэж хэлэхээр нь гартал машины шил хагарсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (1хх129-132)

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх3-9,99-105),

- “Сансар” сүлжээ их дэлгүүрийн гадна талын камерын бичлэгт үзлэг хийсэн “... 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 03 цаг 14 минут 28 секундэд ертөнцийн зүгээр зүүн талаас зам дагуу хазгар хөлтэй хүн ирж байна... 03 цаг 20 минут 15 секундэд саравчтай малгайтай, маск зүүсэн хазгар явдалтай эрэгтэй хүн “Тоёота Пассо” маркийн тээврийн хэрэгслийн урд цонхоор харав...03 цаг 20 минут 40 секундэд тухайн этгээд тээврийн хэрэгслийн арын хаалганы жижиг салхины шилийг ямар нэгэн зүйлээр хөшиж, цохиж хагалж байна. 03 цаг 21 минут 43 секундэд арын хаалгыг онгойлгож машинд нэвтэрч байна. 03 цаг 28 минут 58 секундэд машинаас буусан...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх17-23),

- “Бадрах” СӨХолбооны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шөнийн 03 цаг 29 минут 43 секундэд 23б байр талаас ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш улаан өнгийн үүргэвч үүрсэн барааны өнгийн цүнх гартаа барьсан, малгайтай цамц, бараан куртик, цайвар өмд өссөн 20-25 орчим насны хазганаж явдаг маск зүүсэн эрэгтэй хүн зогсоолын зах хүртэл яваад буцаж 23б байрны зүг явж байна...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл (1хх-110) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Э.Ганболдыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд /автомашин/ нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь хүний хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан хүндрүүлэн зүйлчлэхээр хуульд заажээ.

Шүүгдэгчийн хувьд шунахайн сэдэлтээр, эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, 91-72УБИ, 02-38УНБ улсын дугаартай автомашинуудын гурвалжин шилийг зориуд хагалж, хаалгыг нь онгойлгон нэвтэрч, дотор нь байсан эд зүйлсийг хулгайлж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн хүндрүүлэх шинжийг хангажээ.

Тээврийн хэрэгсэл нь хүн болон ачаа тээвэрлэх үндсэн зориулалттай боловч хохирогч Г.Мөнгөншагай, А.Түвшинжаргалд нар үнэ цэнэ бүхий эд зүйлсээ түр хадгалах зориулалтаар тэдгээрийг өөрсдийн эзэмшлийн автомашины бүхээгт үлдээж, бусдын хууль бус халдлагаас сэргийлэн автомашиныхаа хаалгыг түгжиж, цонхыг хааж, орхиж явснаас харахад тэрээр өөрийн автомашиныг тухайн үед эд зүйлээ хадгалах агуулах савны зориулалтаар түр ашигласан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Э.Ганболдыг үргэлжилсэн үйлдлээр тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Нөгөөтээгүүр шүүгдэгч Э.Ганболдоос “2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүрэгт 2 ширхэг куртик хулгайлсан. Нэг мөр хамтатган шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэж мэдүүлсэн бөгөөд энэ талаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар шийтгэврээр “2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сандэй плаза” төвийн 3 давхрын 3007 дугаартай лангуунаас хоёр ширхэг куртик хулгайлсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар түнийг 10 хоногийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 10 хоног баривчлах шийтгэл оногдуулсан, мөн Цагдаагийн байгууллага шалгаж байгаа эрүүгийн хэрэг байхгүй талаарх албан тоот (1хх221-222, 224-225,247-250, 2хх1-3)-ууд хэрэгт тус тус авагдсан байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж зохих асуудлуудыг шалгаж, тодруулах шаардлагагүй гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Мөнгөншагайд “Тэнцвэр Эстимэйт” ХХКомпанийн 2675 дугаар “... хув тогойтой, гуулин нуухтай, Монгол цагаан хаш хөөрөг 1 ширхэг 2.500.000 төгрөг, “Тоёота Пассо” маркийн тээврийн хэрэгслийн гурвалжин салхины шил 1 ширхэг 45.000 төгрөг нийт хохирлын үнэлгээ 2.545.00 төгрөгөөр...” үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт (1хх37-37)-ээр, 

- хохирогч А.Түвшинжаргалд “Тэнцвэр Эстимэйт” ХХКомпанийн Ц-1497 дугаар“... гар дрилл 1 ширхэг 50.000 төгрөг, үүргэвч 2 ширхэг 30.000 төгрөг, ажлын хувцас 20.000 төгрөг, түлхүүрийн ком 30.000 төгрөг, автомашины багаж 40.000 төгрөг, дан тэрлэг 2 ширхэг 30.000 төгрөг, майхан /2 хүний/ 1 ширхэг 30.000 төгрөг, “Тоёота Ипсум” маркийн автомашины гурвалжин шил 1 ширхэг 70.000 төгрөг нийт хохирлын үнэлгээ 300.000 төгрөгөөр...” үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт (1хх145-146)-ээр нийт 2.845.000 төгрөгийн хохирол учруулжээ.

Уг шинжээчийн дүгнэлтүүдтэй шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хэн аль нь маргаагүй, учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, төлөх боломжгүй тул хохирол төлөх завсарлага авах шаардлагагүй гэсэн болохыг тэмдэглэв.

Иймд шүүгдэгч Э.Ганболдоос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар нийт 2.845.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Мөнгөншагайд 2.545.000 төгрөг, хохирогч А.Түвшинжаргалд 300.000 төгрөгийг олгохоор шийдвэрлэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас: “...шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Э.Ганболдод 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадралаас “...шүүгдэгч Э.Ганболдын эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах...” саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүгдэгч Э.Ганболдод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим буюу “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, эрүүгийн хариуцлагын зорилго нь “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэснийг тус тус үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, хялбар аргаар мөнгө олох зорилготой/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогч нарын эд хөрөнгөд 2.845.000 төгрөгийн хохирол учруулснаас төлж барагдуулаагүй/, шүүгдэгчийн хувийн байдал /урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлж байсан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй байдал тогтоогдоогүй, архи уух зорилгоор бусдын эд хөрөнгийг хулгайлдаг/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Ганболдыг 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолоор Э.Ганболдыг 3 жил 55 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж, суллагдсан болох нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/2147 тоот албан бичгээр тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйл “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” заасан зохицуулалтыг хэрэглэхгүй юм.

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж хуульчилжээ.

Иймд шүүгдэгч Э.Ганболдын 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах” мөрдөгчийн тогтоол (1хх79,81-82)-оор баривчлагдсан 2 хоног, тус шүүхийн шүүгчийн 279 дүгээр захирамж(1хх90-91)-аар 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 96 хоног, нийт 98 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасах нь зүйтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Э.Ганболдын эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж 2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийсний үндсэн дээр гэм буруугийн хэлбэрт тохирсон ял оногдуулах нь  шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Ганболдод оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд нь тохирсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхэд чиглэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн хүнд шударгаар ял оногдуулахаас гадна хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 2008000001455 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг бичлэг бүхий сидийг  хэрэг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Ганболдын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэчимэгийн Ганболдыг үргэлжилсэн үйлдлээр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Ганболдыг 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ганболдод оногдуулсан таван жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Ганболдын цагдан хоригдсон 98 (ерөн найм) хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Ганболдоос нийт 2.845.000 (хоёр сая найман зуун дөчин таван мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Мөнгөншагайд 2.545.000 (хоёр сая таван зуун дөчин таван мянга) төгрөг, хохирогч А.Түвшинжаргалд 300.000 (гурван зуун мянга) төгрөгийг олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг бичлэг бүхий компакт дискийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийг хадгалах хүртэл хугацаанд  хэрэгт хавсарган үлдээсүгэй.  

 

7. Эрүүгийн 2008000001455 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Ганболдын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Э.Ганболдын эдлэх ялыг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ганболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БЯМБААБААТАР