Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/144

 

 

        2021        02           03                                         2021/ШЦТ/144

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

            улсын яллагч О.Пүрэвсүрэн,

   шүүгдэгч Б.Сарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Сарангэрэлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008014860012 дугаартай нэг хавтаст хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар  сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 5-20 тоотод оршин суух, Сартуул овогт Базаррагчаагийн Сарангэрэл (РД:ИЭ87103108).

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Б.Сарангэрэл нь 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 1-19 тоотод хохирогч Ц.Батцэцэгтэй маргалдан зодож биед “зулайн хуйх, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын язрал, цээжний цус хуралт, зулгаралт, баруун мөр, зүүн бугалгын цус хуралт” бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Сарангэрэл мэдүүлэхдээ:

“...Мэндсайхан намайг 2, 3 удаа согтуудаа хэл амаар доромжилж дуудсан. Тэгээд би Мэндсайханыг эрүүлжүүлэхэд барьж өгөх гэж гэрт нь очсон. Гэтэл Мэндсайхан гэрийнхээ арын амбаар дотор гаднаасаа цоожлуулаад нуугдсан байсан юм билээ. Би тухайн үед Батцэцэгт зодуулаад цагдаад дуудлага өгсөн хүн. Би Батцэцэгт гар хүрээгүй. Батцэцэгт үүссэн шарх сорви, гэмтэл хаанаас үүссэн гэдгийг би нотолж чадахгүй байна. Тэр үед Батцэцэгийн аав, ээж, нөхөр нь байсан. Тэр хүмүүс дөрвүүлээ байсан байж Батцэцэгийг надад зодуулаад, Батцэцэг надаас том биетэй байж надад зодуулсан гэдэг зүйлийг тэр хүмүүс яриад байгаа...Батцэцэг тэр үед намайг ирэхийг хүлээгээд гэрийнхээ үүдэнд зогсож байсан. Намайг очиход Батцэцэг хэл амаар доромжилсон. Би нүүрэндээ 10 см орчим маажуулсан, намайг жирэмсэн байхад Батцэцэгийн аав миний гэдэс рүү 2 удаа өшиглөж зодсон. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, оролцогчдоос шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

- Хохирогч Ц.Батцэцэгийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагийн үед би гэрийн хаалгаа онгойлгоод хартал Сарангэрэл орж ирээд манай аавын гэр руу орсон. Би ардаас нь ороход намайг Сарангэрэл хэл амаар доромжлоод хөргөгч дээр байсан улаан өнгийн аягыг шидэхэд намайг биш аавын толгойг оноод хагалчихсан. Тэгэхээр нь би Сарангэрэл рүү очоод үснээс нь зулгаасан чинь зөрүүлээд миний үснээс зулгааж, татаж өшиглөж, самардсан. Мөн толгой хэсэг рүү гараараа цохисон. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг Сарангэрэл цохиж үүсгэсэн. Сарангэрэлийн биед учирсан гэмтлийг би Сарангэрэлтэй зодолдох үед гараараа цохиж үүсгэсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16, 72-73 дугаар хуудас),

 

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 3668 дугаартай:  “Хэсэг газрын үзлэгт...зулайн баруун урд хэсэгт бага зэрэг хавдартай, 1х0.5 см улаан хүрэн цус хуралттай, дээд уруулын хэсэгт 0.2х0.6 см улаан хүрэн өнгөц язралтай, цээжний урд дээд хэсэгт 0.5х4см-ээс 0.5х9см хэмжээтэй 5 ширхэг зураас хэлбэрийн улаан хүрэн цус хуралт, зулгаралттай, баруун мөрний урд дээд хэсэгт 1х1.5см, зүүн бугалгын урд доод хэсэгт 2х2.5см хөх ягаан цус хуралттай, зүүн шилбэний урд дээд хэсэгт бага зэрэг хавдартай, эмзэглэлтэй,5х7см, 2х2см хөх ягаан цус хуралттай”,

1. Ц.Батцэцэгийн биед зулайн хуйх, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын язрал, цээжний цус хуралт, зулгаралт, баруун мөр, зүүн бугалгын цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас),

 

-  Гэрч У.Бямбажавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...Би тухайн үед хүлэмж дотор ногоогоо янзалж байгаад гэртээ ороод иртэл манай охин Батцэцэгийг Сарангэрэл нь үс толгойноос зулгаачихсан байсан. Тэгэхээр нь би “юу болж байгаа юм бэ” гэсэн чинь Сарангэрэл намайг хэл амаар доромжлоод байсан. Манай нөхөр Цогтбаатар руу аяга шидсэн байсан. Гэхдээ манай нөхрийн биед учирсан гэмтэл байхгүй. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд Сарангэрэлийг аваад явсан. Намайг зодож цохисон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дугаар хуудас),

 

- Шүүгдэгч Б.Сарангэрэлийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дугаар тал), эд хөрөнгөтэй талаар лавлагаа (хавтаст хэргийн 55 дугаар тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 60 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 76 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Сарангэрэлд холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.Сарангэрэл нь 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 1-19 тоотод иргэн Ц.Батцэцэгтэй маргалдан зодож, түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

- хохирогч Ц.Батцэцэгийн  “...2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагийн үед Сарангэрэл манай аавын гэр руу орсон. Би ардаас нь ороход Сарангэрэл хэл амаар доромжлоод хөргөгч дээр байсан аягыг шидэхэд аавын толгойг оноод хагалчихсан. Тэгэхээр нь би Сарангэрэл рүү очоод үснээс нь зулгаасан чинь зөрүүлээд миний үснээс зулгааж, татаж өшиглөж, самардсан. Мөн толгой хэсэг рүү гараараа цохисон...” гэх мэдүүлэг (хх-16, 72-73),

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 3668 дугаартай “Ц.Батцэцэгийн биед зулайн хуйх, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын язрал, цээжний цус хуралт, зулгаралт, баруун мөр, зүүн бугалгын цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хх 32-33),

- гэрч У.Бямбажавын “...гэртээ ороод иртэл манай охин Батцэцэгийг Сарангэрэл нь үс толгойноос зулгаачихсан байсан. Тэгэхээр нь би “юу болж байгаа юм бэ” гэсэн чинь Сарангэрэл намайг хэл амаар доромжлоод байсан. Манай нөхөр Цогтбаатар руу аяга шидсэн байсан. Гэхдээ манай нөхрийн биед учирсан гэмтэл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-75) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.Сарангэрэл нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр Ц.Батцэцэгийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Сарангэрэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул прокуророос түүнийг гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тус зүйл, хэсэгт зааснаар түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Сарангэрэлээс “Ц.Батцэцэгийн биед учирсан гэмтлийг учруулаагүй, миний биед гэмтэл учруулсан” гэх мэдүүлгийг өгсөн бөгөөд “Б.Сарангэрэлийн биед дух, зүүн хацарт зулгаралт, зүүн гарын чигчий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх  Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3660 дугаартай дүгнэлт (хх-27-28)-ээр түүний биед гэмтэл учирсан боловч гэмтлийн зэрэг тогтоох журамд заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй, мөн Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 24и-а/5135 албан бичиг (хх-81)-т “Ц.Батцэцэгийг хүний биед халдах зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасан байх тул Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авч шийдвэрлэнэ үү” гэсэн нь Б.Сарангэрэлд учирсан дээрх гэмтлийг учруулсан этгээд болох Ц.Батцэцэгт зохих арга хэмжээг авч шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Б.Сарангэрэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогч Ц.Батцэцэг нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй бөгөөд шүүхээс шүүх хуралдааныг товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд суухгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч Б.Сарангэрэлийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Сарангэрэлд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн зүгээс маргаж, мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч Б.Сарангэрэл нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх (хх-76) ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.4 дэх заалт “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсан” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /үл ялих зүйлээр шалтаглан бусдын эрүүл мэндэд халдсан, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчоос гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг илэрхийлсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /нөхөр, бага насны хүүхдүүдийн хамт амьдардаг/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сарангэрэлийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэж, хэрвээ тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 2008014860012 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Сарангэрэл нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сартуул овогт Базаррагчаагийн Сарангэрэлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сарангэрэлийг 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Сарангэрэлд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн 2008014860012 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Сарангэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сарангэрэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.БЯМБААБААТАР