| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2018/0405/З |
| Дугаар | 651 |
| Огноо | 2018-10-19 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 651
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ЖСД ХХК
Хариуцагч: БОАЖС
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/11 тоот тушаалын ЖСД ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч О.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
“Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг халдах хуульд заасан үндэслэл байгаагүй нь дараах байдлаар тогтоогдоно. Үүнд:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40.1-д Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйл болон тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд газар ашиглах эрх дуусгавар болно. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй, газар эзэмшигч аж ахуйн нэгж татан буугдсан, эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон газрыг тусгай хэрэгцээнд авч нөхөх олговрыг газар эзэмшигчид бүрэн төлсөн тохиолдолд газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор тогтоосон. Нэхэмжлэгч нь тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг горимыг ямар нэгэн хэлбэрээр огт зөрчөөгүй газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа дуусаагүй компани татан буугдаагүй, цуцлах хүсэлт гаргаагүй, тусгай хэрэгцээнд аваагүй болно. Ийнхүү хуульд заасан цуцлах үндэслэл байхгүй байхад газар ашиглах эрхийг цуцалсан.
2. Мөн Монгол Кувейтийн санамж бичгийг дурьдсан байх боловч уг санамж бичиг нь олон улсын гэрээ биш тул хуулиас дээгүүр үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх ашгийг хөндөх үндэслэлгүй байхад гарсан тушаал юм. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, гэрээг батлан гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно., 27 дугаар зүйлд эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг захиргааны байгууллага тодорхойлж, мэдэгдлийг хүргүүлнэ, мэдэгдэлд сонсгох ажиллагааг явуулах он сар өдөр цаг, байрлал, дараалал, шийдвэр гаргах эрх олгогдсон заалт, тухайн асуудлын талаарх мэдээлэл үндэслэл зэргийг тусгана.
Сонсгох ажиллагааг хэд хэдэн хэлбэрээр явуулж болох бөгөөд гаргасан саналыг шийдвэртээ тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй байна. Мөн сонсгох ажиллагааны талаар тэмдэглэл хөтөлж баримтжуулахаар заасан байна. Сонсгох ажиллагааг явуулахгүй байх хуульд заасан тохиолдол тухайн үед үүсээгүй байсан. Гэтэл маргаан бүхий тушаалыг гаргахдаа захиргааны акт гаргах процесс ажиллагааг зөрчсөн байна.
Энэ акт нэхэмжлэгч ЖСД ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дараах байдлаар зөрчиж байгаа тул уг тушаалыг илт хууль болохыг тогтоолгох шаардлагатай юм.
Дээрх Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, мөн Засгийн газрын 2015 оны 324 дүгээр тогтоолын дагуу гарсан захиргааны акт байгаа. Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т сайд нь эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд нийцүүлэн тушаал гаргах талаар заасан зохицуулалттай байдаг. Харин Засгийн газрын 2015 оны 324 дүгээр тогтоол нь хөтөлбөр батлах тухай тогтоол байгаа. Эдгээр нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дуусгавар болгох зохицуулалтууд биш юм.
Мөн энэ актад “Монгол Улсын Засгийн газар Кувэйт улсын Засгийн газар хооронд байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг хангах, гадаад, дотоодын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, жуулчдын тав тухтай аялах, амрах орчинг нэмэгдүүлэх хүрээнд газар ашиглах эрхийг дуусгавар болгосугай” гэсэн байгаа.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд тусгагдаагүй үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.
Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “Иргэн хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй“ гэдэг нь захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа нь хуульд огт үндэслээгүй буюу тухайн асуудлыг нарийвчлан зохицуулсан хуулийг зохицуулалтад үндэслээгүй гэж ойлгох тул дээрх захиргааны акт нь илт хууль бус, ноцтой алдаатай захиргааны акт гэж үзэж байна.
Иймд уг захиргааны акт нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг зөрчсөн тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн ЖСД ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “Иргэн хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан байхад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэлийг баримтлаагүй, энэ зохицуулалтын дагуу гараагүй байна.
Зөвхөн Монгол улсын Засгийн газар Кувэйт улсын Засгийн газар хооронд байгуулсан санамж бичиг болон бас бус үндэслэлийг баримтлан газар ашиглах эрхийг цуцалсан нь тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл биш бөгөөд ийнхүү огт өөр үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгож байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тухайн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа нь хуульд огт үндэслээгүй буюу тухайн асуудлыг нарийвчлан зохицуулсан хуулийн зохицуулалтад үндэслээгүй захиргааны акт гэж ойлгож байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан дуусгавар болгох үндэслэлийн аль нэгийг баримтлаад газар ашиглах эрхийг дуусгавар болгосон буюу жишээ нь хамгаалалтын горимыг удаа дараа зөрчсөн хэмээн газар ашиглах эрхийг цуцалсан бол манай компани хамгаалалтын горимыг зөрчөөгүй хэмээн маргавал маргаан бүхий акт болно. Энэ үндэслэлүүдээс огт өөр үндэслэлээр цуцалсан тул ямар ч маргах боломжгүй, илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна.
Сайтад тавигдсан мэдээллийг нотлох баримтаар гаргаж өгсөн байх бөгөөд үүнийгээ зүгээр бичгийн цаасан дээр сайтад тавьсан гэж бичээд гаргасан байна. Үүнийг нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй. Шуудангийн бүртгэлийг одоо нотлох баримтаар гаргаж өгч байгаа болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ манай компани илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Жи Ди Си ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24 ны өдрийн А/11 дугээр тушаалын ЖСД ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэсэн байна.
ЖСД ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 02-ны 001/44 дугаартай албан бичгээр аялал жуулчлалын төсөл хэрэгжүүлэхээр 8,0 га хүссэн бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дүгээр тушаалаар ЖСД ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Түргэний аманд аялал жуулчлалын зориулалтаар 8 га газрыг 2015/273 дугаартай газар ашиглах гэрчилгээг 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр олгосон байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн А/11 дүгээр тушаалаар ЖСД ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь илт хууль бус захиргааны акт болжээ.
“Дотоод бүсийг шинэчлэн батлах тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/248 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүсийг шинэчлэн баталсан ба уг тушаалаар ЖСД ХХК-ийн ашиглаж байсан газар нь хамгаалалтын бүсэд орсон байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10 дугаар зүйлд дархан цаазат газрын хамгаалалтын бүсийн дэглэмийг тогтоож өгсөн. /Хамгаалалтын бүсэд энэ хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна ургамал, амьтны аймгийн өсч үржих нөхцөлийг хангах, гамшгийн хор уршгийг арилгахтай холбогдсон биотехникийн арга хэмжээг байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр хэрэгжүүлнэ. 9 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйл. Онгон бүсийн дэглэм. Онгон бүсэд байгалийн унаган төрх. хэв шинжийг нь хадгалах шаардлагад нийцүүлж зөвхөн хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлнэ. Онгон бүсэд байгалийн төлөв байдлыг нь хөндөхгүйгээр зөвхөн ажиглах хэлбэрээр судалгаа, шинжилгээний ажил явуулж болох бөгөөд үүнээс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно./ гэж заасан тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд газар ашиглах зөвшөөрөл олгох боломжгүй юм.
Захиргааны ерөнхий хуулийн 47.1.7 дахь заалт /Захиргааны акт илт хууль бус болох 47 1.7.түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй./ -д заасан тухайн захиргааны актыг бодит нөхцөлд биелүүлэх боломжгүй, өөрөөр хэлбэл А/11 дүгээр тушаал илт хууль бус захиргааны акт болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд Жи Ди Си ХХК-д газар ашиглах зөвшөөрөл олгох боломжгүй, захиргааны актыг бодит нөхцөлд биелүүлэх боломжгүй байна. Захиргааны шийдвэр биелэгдэх учиртай бөгөөд дээрх захиргааны актыг хэрэгжүүлэх боломжгүй болохыг дурдая.
Иймд хариуцагчаас гаргасан захиргааны актаа зөвтгөн гаргах боломжоор хангаж маргаан бүхий актыг түдгэлзүүлж өгнө үү.
Манай яам нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна.
Нэгдүгээрт, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:” гэж заасан. Мөн хуулийн 14.2, 14.4-т заасны дагуу “ЖСД” ХХК нь дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргаагүй.
Хоёрдугаарт, уг захиргааны актыг дараах байдлаар мэдсэн. Үүнд:
Эхний удаа, шийдвэр гарахаас өмнө 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр эдгээр 11 аж ахуй нэгжийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайтад мэдэгдсэн. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.5-д “” гэж заасны дагуу цахим хэлбэрээр мэдэгдсэн байх шаардлагыг хангаж байгаа. Уг сайтын мэдээлэл хэрэгт авагдсан байгаа. Өөрөөр хэлбэл, цуцлах болохыг урьдчилан 2016 оны 08 дугаар сарын 29-нд мэдэгдсэн, харин цуцалсан болохыг 2016 оны 08 дугаар сарын 29-нд мэдэгдсэн.
Хоёрдугаарт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Төрийн захиргаа удирдлагын газрын дарга бөгөөд төрийн нарийн бичгийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Б******* 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 05740 албан тоотыг шуудангаар хүргүүлсэн. Үүнийг хүргүүлсэн талаар манай байгууллагын шуудангийн бүртгэлд бүртгэлтэй байгаа. Өөрөөр хэлбэл, ЖСД ХХК нь 2016 оны 9 дүгээр 29-ны өдөр газар ашиглах эрхийг цуцлагдсан талаар мэдэгдлийг шуудангийн материалаар хүлээж авсан байдаг.
Нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлийн шаардлага хангадсан тохиолдолд эрх нь сэргэх бодит боломжгүй. Иймд хариуцагчид гаргасан актаа зөвтгөн дахин шийдвэрлэх боломж олгон, даалгаж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ЖСД ХХК-иас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/11 тоот тушаалын ЖСД ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үнэлж, дараах үндэслэлээр хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/11 тоот тушаалын ЖСД ХХК-д холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэв.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/277 дугаар тушаалаар нэхэмжлэгч ЖСД ХХК-д 8 га, газрыг Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар болох Түргэний аманд аялал, жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэж, мөн сайдын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгожээ.
Хариуцагчаас нэхэмжлэгч ЖСД ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэлээ “Монгол улсын Засгийн газар, Кувейт улсын Засгийн газар хооронд байгаль орчныг хамгаалах талаар байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг хангах, гадаад дотоодын ачлал жуулчлалыг нэмэгдүүлэх, жуулчдын тав тухтай аялах, амрах орчинг нэмэгдүүлэх хүрээнд... газар ашиглах гэрээг цуцалсан” гэж тодорхойлсон байна.
Кувейтын судалгааны төв ТББ-д Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газарт 3.5 газрыг ашиглах эрхийг Байгаль орчны сайдын 2008 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 77 дугаар тушаалаар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А-277 дугаар тушаалаар 10.1 га газар ашиглах эрхийг тус тус олгожээ.
Монгол Кувейтын судалгааны төв ТББ-д ашиглуулсан дээрх газрууд нэхэмжлэгчийн ашиглаж байсан газартай давхцалгүй болох нь тэдгээрийн газар ашиглах гэрчилгээнд тэмдэглэсэн талбайн булангийн цэгүүдийн солбицол, байршлыг харуулсан кадастрын зураг, шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэг зэргээр нотлогдож байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц, газар, дурсгалт газраас Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно.” 39 дүгээр зүйлийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн, нэгж, байгууллага дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 1/ ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах; 2/ энэ хууль болон тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулах.”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараах тохиолдолд дуусгавар болно: 1/ Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр; 2/ тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн.” гэж заасан байна.
Гэтэл хариуцагч нь Кувейт улсаас Монгол Улсад суугаа элчин сайдаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Засгийн газар, Кувейт улсын Засгийн газар хоорондын санамж бичгийн хэрэгжилтийг хангах гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь дээр дурдсан хуулийн үндэслэлд хамаарахгүй байна.
Хэдийгээр маргаан бүхий акт нь хуулийн шаардлагад нийцэхгүй байгаа нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/248 дугаар тушаалаар Богдхан уулын Дархан цаазат газрын дотоод бүсийн шинэчлэн баталсан бөгөөд нэхэмжлэгч ЖСД ХХК-ийн ашиглаж байсан газар нь уг тушаалаар батлагдсан Дархан цаазат газрын хамгаалалтын бүстэй давхцалтай, голын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд оржээ.
Богдхан уулын Дархан цаазат газрын дотоод бүсийн шинэчлэн баталсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/248 дугаар тушаал хуулийн хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дүгээр тушаалын ЖСД ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцсоноор нэхэмжлэгчийн маргаан бүхий газарт газар ашиглах эрх сэргэхгүй байх нөхцөл үүсэхээр байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд нэхэмжлэгчийн ашиглаж байсан газар хамгаалалтын бүсэд орсоны улмаас шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй болох үр дагавар үүсэх тул нэхэмжлэгчийн ашиглаж байсан газрыг өөр газарт сольж өгөх боломжтой” талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчид тавьсан саналыг хүлээж аваагүй.
Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Маргаан бүхий актыг илт хууль бус болсон гэдэгтэй маргахгүй. Гэхдээ уг актыг илт хууль бусад тооцсоноор нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй тул хариуцагчид шийдвэрээ зөвтгөх боломж олгож, дахин акт гаргахыг даалгаж өгнө үү” гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;”-ээр заасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд маргаан бүхий актыг алдаатай гарсныг хүлээн зөвшөөрч, нөхцөл байдлыг дахин шалган тогтоож, нэхэмжлэгчийн эрхийг сэргээх боломжтой эсэхийг судлан шийдвэрлэх боломжтой гэж үзэн нэхэмжлэгч ЖСД ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дүгээр тушаалын ЖСД ХХК-д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэг, 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 39 дүгээр зүйлийн 1, 40 дүгээр 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дүгээр тушаалын ЖСД ХХК-д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар ЖСД ХХК-д холбогдох хэсгийг энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс 2 /хоёр/ сарын хугацаанд түдгэлзүүлж, уг хугацаанд хариуцагчаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий актын ЖСД ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН