Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 223/МА2017/00010

 

 

 

 

 

 

 

 

 

З.Сандагцэдэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн  шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар  сарын 14-ны өдрийн 151/ШШ2016/00157 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч З.Сандагцэдэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ө.Баасанд холбогдох

“Нэр төр сэргээлгэх, уучлалт гуйлгаж,  айл хөрш хүмүүсийн өмнө худал мэдээ тараасан хэлбэрээр няцаалт залруулга хийлгэх, Хаан банкнаас зээлсэн 2000 000 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүү 500 000 төгрөг, нийт 2500 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан  давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган, хариуцагч Ө.Баасан, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

Нэхэмжлэгч З.Сандагцэдэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь өөрийн ганц хүү С.Цэрэндоржийг эхнэр авч гэр бүл болоход ихэд баярлаж бэр Ө.Баасанг өөрийн охин мэт бодож хайрлаж, хүүг минь хайрлаж, түшиж явах хүн гэж бодсон явсан. Тэгээд хүүгээ өрх тусгаарлаж гарснаас хойш гэрт нь нэг удаа очиж 2 хоносон билээ. Гэтэл бэр Ө.Баасан нь хажуугийн хөрш айлын хүүхэнд намайг “өөрийг нь шөнө татаж, чангааж унтуулахгүй хонолоо” гэж ор үндэсгүй, хүн амьтан итгэмээргүй зүйл ярьж, нутаг усанд минь нутгийн ард олны дунд миний нэр төрийг ихээр гутаан доромжиллоо. Үүнээс болж би өдий насандаа нутгийн зон олны өмнө нүүрээ хийх газаргүй болж, санаа сэтгэлээр их унаж, нутаг усандаа ч очиж чадахгүй байдалд ороод байна.

Миний бие гэмтэл бэртлийн улмаас олон жил нэг талын бие саажилттай, хөгжлийн бэрхшээлтэй, ядарсан нэгэн өвгөн билээ. Намайг “бэрээ татаж чангаах” ухамсар дорой хүн биш гэдгийг нутгийн хүн ард сайн мэднэ. Гэтэл бэр Ө.Баасангийн дээрх худал гүтгэлгийг нутгийн хүнээс сонсоод өвдөж зовсон дээрээ сэтгэл санааны гүн хямралд ороод байна.

Мөн бэр Ө.Баасан нь 2016 оны 02 сарын 24-ний өдөр надад “ би банкнаас зээл авах гэсэн юм, та хамтран зээлдэгч болоод өгөөч” гэсэн. Тэгээд намайг зөвхөн гарын үсэг зураад л болоо гэхээр нь би итгээд банк дээр очоод хэдэн цаасан дээр гарын үсэг зураад гэртээ харьсан. Гэтэд хэдэн сарын дараа банкнаас хүн ирж ”малчны зээлээ төл” гэсэн. Тэгээд би гайхаад учрыг асуухад Ө.Баасан нь хүү бид хоёрыг хуурч мэхлэн бидний нэр дээр 2000 000 төгрөгийн малчны зээлийг миний малыг барьцаалж авсан байсан. Тэгээд хэлэхээр уг зээлийг төлнө гэсэн боловч одоо болтол төлөхгүй, би өөрөө тэтгэврийн зээл авч эхний төлөлт сая гаруй төгрөг төлөөд байна. Уг 2 сая төгрөгийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бүгд нийлээд 2500000 төгрөг болж байгаа.

Иймд хариуцагч Ө.Баасангаас ХААН банкны малчны зээлээр авсан 2000 000 төгрөг, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү 500 000 төгрөг, нийт 2500 000 төгрөг гаргуулж,

Намайг худал гүтгэсэн тул нэр төрөө сэргээлгэх, түүнээс уучлалт гуйлгаж, айр хөрш хүмүүсийн өмнө худал мэдээ тараасан хэлбэрээр няцаалт залруулга хийлгэж, иргэн намайг хохирол гомдолгүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Ө.Баасан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие нь З.Сандагцэдэнгийн хүү С.Цэрэндоржтой 2015 оны 06 сард танилцаад 2015 оны 09 сарын 18-нд нэг гэрт орж Төв аймгийн Сэргэлэн сумын Шар худаг гэх газарт тусдаа амьдарсан. Би З.Сандагцэдэн гуайг гүтгэсэн зүйл байхгүй. Учир нь 2015 оны 09 сарын 5-6-нд шилжих шөнө талийгаач ээжийнхээ гэрт ганцаараа хонож байхад нөхөр болох С.Цэрэндоржийн аав З.Сандагцэдэн гуай 21 цаг өнгөрч байхад манай гэрт орж ирээд бэртэйгээ хань болж хононо гэхээр нь би юу ч бодохгүй, ор засаж өгч унтуулсан.

Гэтэл шөнө намайг унтаж байхад миний дэргэд 1 хүн дуугарах шиг болоход сэрээд хартал хадам аав З.Сандагцэдэн гуай миний дэргэд нүцгэн дотуур өмдтэйгээ хэвтэж байсан. Тэгээд намайг тэврээд авсан, тэгэхээр нь та яаж байнаа гээд түлхсэн  чинь аавыгаа уучлаарай гээд ор руугаа очсон. Энэ үед үүр цайх гэж байсан. Түүнээс хойш эвгүй санагдаад байх болсон. Би нөхөртөө энэ талаар хэлэхэд хэцүү байсан ч хэлтэл нөхөр маань “муу, сайн ч миний эцэг болохоор алж чадахгүй байна, түүнээс алчих юмсан” гэж байсан. Бид хоёр 2015 оны 09 сарын 18-нд Шар худаг гэх газар гэр барьж тусдаа гарахад хадам болох З.Сандагцэдэн гуай 2 хүүхдэдээ хань болж, танайд хэд хоноод явья гээд 7 хоносон. Манай нөхөр адуу, хонь мал гээд гадуур явчихдаг, би гэртээ юмаа хийгээд үлддэг. Энэ үед З.Сандагцэдэн гуай намайг “манай бэр гээд араас тэвэрч аваад миний хөхийг бариад манай хүүд яаж олдсон юм” гээд тэвэрч үнсэх гээд байдаг. Энэ талаар нөхөртэй хэлэх гэхээр хэцүү санагдаад хэлж чадаагүй, харин би нөхөртөө аавыгаа хурдан явуулаачээ хэдэн дүү нар чинь эзгүй хэцүү байгаа байх гэж хэлэхэд удаагүй явсан. Манай саахалт айлын н.Дагвацэрэн гуай манайхаар орж гардаг, хадам З.Сандагцэдэнтэй хамаатан шахуу олон жил айл аймаг явсан гэсэн болохоор манайд орж ирэхээр нь би манай хадам хэцүү юмаа, хадамыг ирэхээр дургүй хүрээд байх юм, гэртээ ганцаараа байхаас айгаад байна гээд үнэнийг хэлсэн. Тэгтэл н.Дагвацэрэн, З.Сандагцэдэн гуай хоёрынх хонь мал алга  болсноос хоорондоо муудалцаж, түүнээс болж н.Дагвацэрэн миний хэлснийг түүнд хэлсэн байсан. Энэ бол үнэн, би худлаа яриагүй, үүнээс болж нөхөр С.Цэрэндорж бид хоёрын амьдрал хөндийрсөн.

З.Сандагцэдэн гуай намайг хуурч, малчны зээл авхуулсан гэж худлаа бичсэн байна. Надад ХААН банкинд таньдаг хүн байхгүй. Би энэ хоёроор малчны зээл авхуулаагүй, өөрсдөө малаа барьцаалж 2000 000 төгрөг зээлсэн байсан. Энэ мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй, харин би 2015  оны 12 сарын 04-ний өдөр Төрийн банкнаас цалингийн зээл 2500 000 төгрөг авсан, энэ зээлд нөхөр С.Цэрэндоржоор хамтран хариуцагчаар гарын үсэг зурсан, одоо төлөгдөж дуусаагүй. Би авсан зээлээс 2016 оны 01 сард нөхөр С.Цэрэндоржийн гэдэсний түгжрэлийн хагалгаанд мөн эм тариа шинжилгээ хийлгэхэд нилээд мөнгө зарцуулсан, энэ мөнгөө нэхээгүй. Би З.Сандагцэдэн, С.Цэрэндорж нараас нэг ч төгрөг аваагүй, үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ө.Баасанд холбогдох З.Сандагцэдэнгийн нэхэмжлэлтэй “нэр төр сэргээлгэх, уучлалт гуйлгаж,  айл хөрш хүмүүсийн өмнө худал мэдээ тараасан хэлбэрээр няцаалт залруулга хийлгэх, Хаан банкнаас зээлсэн 2000 000 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүү 500 000 төгрөг, нийт 2500 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.Сандагцэдэнгийн тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 төгрөгийг төрийн санд үлдээж, 78200 төгрөг нөхөн гаргуулж төрийн сангийн орлогод оруулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган давж заалдах гомдолдоо: “... анхан шатны шүүхийн 151/ШШ2017/00157 тоот шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 1-д “нэр төр гэдэг нь тухайн хүний хувийн болон ёс зүй түүнчлэн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмжийг хэлэх бөгөөд  худал гүжирдлэг гэдэг нь илт худал мэдээлэл, баримтсэлт, үндэсний зан заншил, уламжлалд харшилсан, тухайн хүний нэр төрийг санаатай гутаасан үйлдэл юм” гэж тайлбарласан байна.

Мөн Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ”, хуулийн  21.3-т “Бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2-т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ” гэж мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-т Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж заасан. Хариуцагч Ө.Баасан нь шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа “өөрийн хадам эцэг З.Сандагцэдэнг өөрийг нь татаж чангаасан талаар өөрийн хөрш саахалт айлын Дагвацэрэн, түүний эхнэрт хэлсэн” гэж бусдын нэр төрийг гутаасан, худал мэдээлэл тарааснаа хүлээн зөвшөөрч тайлбар өгсөөр байхад шүүх бусдын нэр төрийг гутаасан, худал мэдээлэл тараасан хариуцагч мэдээллээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадаж буй эсэхэд дүгнэлт хийлгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч Ө.Баасанг нэхэмжлэгч болон гэрч С.Цэрэндорж нар нь ХААН банканд баримт бүрдүүлж, малчны зээл авахуулан бүх мөнгийг Ө.Баасан авсан талаар шүүхэд гэрчилсээр байхад шүүх энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, хуулийн 37.2-д “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж заасан байхад мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтйг зөрчиж нэхэмжлэгчийн гол нотлох баримт болох гэрчийн мэдүүлгийг шүүх огт үнэлээгүйд маш их гомдолтой байна.

Иймд  Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар  сарын 14-ны өдрийн 151/ШШ2016/00157 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх гэм хор учруулснаас үүссэн үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, эдийн бус гэм хор арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч З.Сандагцэдэн нь Ө.Баасанд холбогдуулан нэр төр гутаасан худал мэдээ тарааснаас нэр төрөө сэргээлгэх, уучлалт гуйлгаж, айл хөрш хүмүүсийн өмнө худал мэдээ тараасан арга хэлбэрээр няцаалт хийлгэх, ХААН банкнаас түүний нэр дээр зээл авахуулсан тул зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү 2 500 000 төгрөгийг гаргуулах гэсэн 2 төрлийн шаардлага гаргасныг хариуцагч нь нэхэмжлэгчийн нэр төрийг гутаасан худал мэдээ тарааж гэм хор учруулаагүй, банкнаас нэхэмжлэгчээр зээл авахуулаагүй гэж маргаж, нэхэмжлэлийг татгалзсан байна.

  Нэхэмжлэгчийн  нэр төрийг  гутаасан мэдээг хариуцагч тараасан тухай баримт буюу шаардлагын үндэслэлийг нотолсон баримт хэрэгт байхгүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгт нийцжээ. Түүнчлэн З.Сандагцэдэнгийн нэр төр гутаагдсан, түүнийг сэргээх асуудал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгч нь бэр Ө.Баасан “өөрийг нь шөнө татаж чангааж унтуулахгүй хонолоо” гэж гүтгэж худал яриа тарааснаас нутгийн зон олны өмнө нүүрээ хийх газаргүй болж, санаа сэтгэлээр их унаж,...өвдөж зовсон дээрээ сэтгэл санааны гүн хямралд ороод байна...”  гэж нэр төрөө гутаалгасан гэх боловч энэ талаарх баримт хэргийн материалд авагдаагүй, ... хариуцагч айл хөршийн хүмүүсээр дамжуулан  түүний нэр төрийг гутаасан гэх үндэслэл тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагчийг нэр төрийг нь гутаасан тодорхой үг, өгүүлбэрийг буюу “өөрийг нь шөнө татаж чангааж унтуулахгүй хонолоо” гэж айл хөршийн хүмүүст ярьсан гэсэн байх бөгөөд энэхүү шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна. Нэхэмжлэгчийн хүү болох гэрч С.Цэрэндоржийн мэдүүлэг нь дээрх үйл баримтыг нотлоогүй байна.

 Хариуцагч Ө.Баасан нь “...саахалт айлын Дагвацэрэн гуай манайхаар орж  гардаг З.Сандагцэдэнтэй хамаатан шахуу болохоор нь ... “манай хадам хэцүү юмаа, хадмыг ирэхээр дургүй хүрээд байх юм, гэртээ ганцаараа байхаас айгаад байна...” гэж хэлсэн талаар тайлбарласан хэдий ч энэхүү мэдээллийн улмаас нэхэмжлэгч З.Дашцэдэнгийн нэр төр гутаагдсан, үүний улмаас түүнд сэтгэл санааны хохирол учирсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Хариуцагч нь дээрх бусдад ярьсан яриандаа нэхэмжлэгч З.Сандагцэдэнгийн   нэр төрийг гутаах зорилгоор бодит үнэнд нийцэхгүй, худал мэдээллийг тараасан гэх үндэслэл болон нэхэмжлэгчид эдийн бус гэм хор учирсан гэх байдал, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо тогтоогдоогүй нөхцөлд нэхэмжлэлийн шаардлага  Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т заасан үндэслэлээр хангагдах  хууль зүйн үндэслэлгүй болно.

Шүүх энэхүү хэргийг хянан шийдвэрлэхийн тулд хариуцагч нь  Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд заасан ямар арга хэлбэрээр нэхэмжлэгчийн нэр, төрийг гутаасан болох, энэ нь ямар хор уршигт хүргэсэн, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо зайлшгүй тогтоогдсон байх учиртай юм.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй тохиолдолд хариуцагч нь Иргэний хуулийн  21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийн “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэсэн зохицуулалтын дагуу хариуцагчид хариуцлага хүлээх үүрэг үүсэхгүй юм.

 Иймд нэхэмжлэгч З.Сандагцэдэнгийн шүүхэд гаргасан эдийн бус гэм хорыг арилгуулах шаардлага бүхий хариуцагч Ө.Баасанд холбогдох нэхэмжлэл нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасан гэм хор учруулснаас иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, 9 дүгээр зүйлийн 9.4.5-д зааснаар эдийн бус гэм хорыг арилгуулах иргэний эрх зүйн хамгаалалтын аргыг шүүх хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү 2 500 000 төгрөг гаргуулах шаардлагаа үндэслэхдээ, бид хоёрыг хуурч малчны зээл авахуулж, мөнгийг Ө.Баасан авсан, зээлийг нэхэмжлэгч тэтгэврийн зээл авч төлж байгаа гэж дурджээ. Хэрэгт авагдсан ХААН банкны барьцаат зээлийн гэрээний зээлдэгчээр З.Сандагцэдэн,  хамтран үүрэг гүйцэтгэгчээр С.Цэрэндорж нар ХААН банкнаас малаа барьцаалж 2 000 000 төгрөгийн зээлийг гэрээ байгуулан авсан байх бөгөөд шүүх зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү 2 500 000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй болох нь нотлогдоогүй, тэдний хооронд үүрэг үүсээгүй гэж үзсэн нь хэргийн баримтад үндэслэгдсэн дүгнэлт болжээ.

Дээрх асуудлаар хийсэн анхан  шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах  гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

              Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 151/ШШ2017/00157 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булганы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч З.Сандагцэдэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 125.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Г.БОЛОРМАА                  

                            ШҮҮГЧИД                  Ш.ТӨМӨРБААТАР

      Ц.ӨРНӨНДЭЛГЭР