Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2022/0539

 

2022 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2022/0539

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Ж.Бын нэхэмжлэлтэй 

           захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Ж.Б

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.Б

Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга

Гуравдагч этгээд Г.А

Гуравдагч этгээд Б.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/233 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамжийн Ж.Бын 10 дугаар багт эзэмшиж буй 823 м.кв газрыг Г.Ат шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 22 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гуравдагч этгээд Г.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 124/2021/0013/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ж.Баас Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдуулан “Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/233 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамжийн Ж.Бын 10 дугаар багт эзэмшиж буй 823 м.кв газрыг Г.Ат шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр: 

“...Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Бын “Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх” тухай” А/233 дугаар захирамжийн Ж.Бын 10 дугаар багт эзэмшиж буй 823 м.кв газрыг Г.Ат шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Ж.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана”, 38.2.1-д “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ”, 38.2.2-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо”, 38.2.3-т “албан татвар, хураамж төлсөн тухай баримт”, 38.2.4-т “татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт” гэж заасан.

Гэтэл Ж.Б би Г.Атай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулаагүй, газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлтийг гаргаагүй, татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, албан татвар төлөөгүй.

Хууль тогтоогч газар эзэмших эрх шилжүүлэх үндэслэлийг “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ" гэж тодорхой заасан. Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хуульд заасан дээрх баримт бичиг байхгүй байхад Улаангом сумын Засаг дарга Ж.Б миний газар эзэмших эрхийг дур мэдэн Г.Ат шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.4-т заасныг зөрчсөн үйл баримтад анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийсэнгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг хуульчилсан.

Ж.Б миний эзэмшлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хэмжээ 840 м.кв, байршил нь “Улаангом сумын 9 дүгээр багийн 6-21 тоот” байхад Улаангом сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/233 дугаар захирамжид хаягийг “10 дугаар баг” гэж өөрчилж, хэмжээг 823 м.кв болгон бууруулжээ.

Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасан бичгээр гаргасан захиргааны актад тухайн захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах шаардлагыг зөрчиж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг хуульчилсан. Уг зарчмын үндсэн дээр сонсох ажиллагаа хийгдсэн байх нь захиргааны актыг зөвтгөх үндэслэл болно, нөгөөтэйгүүр сонсох ажиллагаа хийгдээгүй нь захиргааны актыг зөвтгөх үндэслэл болохгүй.

Улаангом сумын Засаг даргаас Ж.Б миний газар эзэмших эрхийн гэрчилгээг Г.Ат шилжүүлэхдээ миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх эсэхийг тооцоолоогүй, Ж.Б надад болон манай гэр бүлийн бусад гишүүдэд урьдчилан мэдэгдээгүй, оролцоог хангаагүй.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааны хүрээнд газар эзэмших эрхийг шилжүүлсэн тул сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Улаангом сумын 9 дүгээр багийн 6-21 тоот байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 840 м.кв газрын өмчлөгч нь төр, харин Ж.Б би төрийн төлөөлөгч болох Улаангом сумын Засаг даргаас олгосон зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр уг газрыг тодорхой хугацаагаар эзэмшиж буй эзэмшигч байхад Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх нэрэн дор дээрх газрыг Засаг даргын зөвшөөрөлгүйгээр үнэлгээ тогтоолгож, худалдан борлуулсан нь өмчлөгчийн эрхийг зөрчиж байгааг анхан шатны шүүх анхаарсангүй.

Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 22 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4.Гуравдагч этгээд Г.А давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.Нэхэмжлэгч Ж.Б өөрийн эзэмшлийн газар болон 4 тал хашааг банканд барьцаалж зээл авсан ч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас уг эд хөрөнгийг эзэмших, захиран зарцуулах эрх нь хязгаарлагдаж, улмаар шүүхийн шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад шилжин дуудлага худалдаагаар барьцааны зүйлийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүрээнд маргаан бүхий захирамж гарсан талаар шийдвэрт үндэслэлтэй зөв дүгнэсэн, өөрөөр хэлбэл энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмшигчийн зөвшөөрлөөр газар эзэмших эрхийг шилжүүлэх харилцаа явагдаагүй байх тул давж заалдах гомдолд дурдсанчилан нэхэмжлэгчээс Капитал банкны эрх хүлээн авагч Г.Ат өөрийн эзэмшил газраа шилжүүлэх хүсэлт гаргасан байхыг, мөн нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ болон уг зүйлд заасан бусад шаардлагыг хангасан байхыг хариуцагчаас шаардахгүй.

Өөрөөр хэлбэл Ж.Бын эзэмшил газрыг түүний зөвшөөрөлгүйгээр хариуцагч “дур мэдэн” бусдад шилжүүлээгүй, маргаан бүхий захирамж Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг огт зөрчөөгүй байна.

Үндсэндээ газар эзэмших эрхийг шилжүүлэх ажиллагаа шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар явагдсан, тодруулбал нэхэмжлэгчийн К банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах хүрээнд гарсан байх тул Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг шийдвэр гаргахдаа зөрчсөн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

Түүнчлэн “…нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрын байршил Улаангом сумын 9 дүгээр багийн 6-21 тоот, хэмжээ нь 840 м.кв гэснийг маргаан бүхий захирамжид байршлыг 10 дугаар баг, хэмжээг 823 м.кв гэж тусгасан…” гэх давж заалдах гомдол нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

2.Давж заалдах гомдлын агуулга нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан шаардлага хангагдаагүй байхад газар эзэмших эрхийг шилжүүлэх шийдвэр гаргасан, Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгдээгүй, маргаан бүхий захирамж зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий байх шаардлагыг тус тус хангаагүй гэхээс өөрөөр шүүхийн шийдвэрт дүгнэсэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 342 дугаар захирамжаар шийдвэрлэсэн асуудлын талаар, тухайлбал Капитал банкны зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 12.423.407 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Б хүлээн зөвшөөрснийг баталж, гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд одоогийн маргаан бүхий газрыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн талаар, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд барьцааны зүйлийн үнэлгээг эс зөвшөөрч Ж.Бын гаргасан иргэний нэхэмжлэлийг анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдааны шийдвэр, магадлал, тогтоолоор хэрхэн шийдвэрлэсэн талаар тус тус гомдлын үндэслэлдээ огт тусгаагүй байна.

Гэтэл шүүхийн шийдвэрт яагаад Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл, мөн Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагаа энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй болох, маргаан бүхий захирамж зорилгодоо нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй талаар хангалттай зөв дүгнэжээ.

3.Засаг даргын 2020 оны А/233 дугаар захирамжаар зөвхөн нэхэмжлэгчийн төдийгүй өөр бусад нэр бүхий иргэдийн эзэмшиж байгаа газрыг бусдад шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх тул захирамжлах хэсэгт нэхэмжлэгчид холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн талаар тусгаагүйг буруутгах үндэслэлгүй, учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэхүү захирамжийг гаргах болсон үндэслэлээ хариуцагч талаас тодорхой тайлбарласан, холбогдох нотлох баримтууд ч хангалттай авагдсан байх тул давж заалдах гомдлын хүрээнд шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 22 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Бын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

 

ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                         О.ОЮУНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН