Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 176/2020/0206/Э

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Сүхням,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Д-д холбогдох 1934010730173 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С овогт Ц.Д. Монгол улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, ээж, аав, 3 дүүгийн хамт хамт Төв аймаг Жаргалант сум Загдал 4 дүгээр баг Чандманийн 1-3 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч Ц.Д нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг Баянцогт гэх газарт хохирогч Б.Батцэцэгийн итгэмжлэгдэн хариуцуулсан 2 тооны үхрийг завшиж 2025400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Ц.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Ц.Д нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг Баянцогт гэх газарт хохирогч Б.Батцэцэгийн итгэмжлэгдсэн хариуцуулсан 2 тооны үхрийг завшиж 2025400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:   

Хохирогч Б.Батцэцэгийн өгсөн: “Би 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдөр өвөлжөөн дээрээ нэг гэрээ барьсан байсан. Тэгээд намаржаан дээр 1 гэр маань байсан манай мал намаржаан дээр байсан. Д гэдэг залуу 2019 оны 10 дугаар сарын 17-ны үеэр манайд ирсэн. Өмнө нь ах эгч 2-тоо гүү бариад мал харалцаад тус болоод өгөөч гээд авчирсан үнэ хөлсийг нь өгнө гээд тэгээд тэр өдөр би нөхөртэйгөө хамт өвөлжөө рүүгээ өдөр 16 цагийн үед явсан. Орой 21 цагийн үед манай нөхөр намаржаа руугаа явж мал дээрээ очиж хонох гэж байтал Д залгаад ахыг наашаа ирээд хэрэггүй би Идэрээтэй хамт хоноё гэсэн тэгээд манай нөхөр очоогүй өвөлжөөн дээрээ хоноод өглөө бид 2 өвөлжөөнөөс 8 цаг өнгөрөөгөөд намаржаан дээрээ очсон хоорондоо 4 км зайтай уулын наана цаана байдаг тэгээд очоод үхрээ бүртгэтэл нэг сувай гунж алга байсан тэгээд дараа нь худаг ороод бүртгэхэд дахин нэг гунж байхгүй байсан тэгээд цагдаад мэдэгдсэн. 37 тооны үхэр байгаа тэгээд бүртгэхэд 2 дутаад 35 байгаа ягаан халзан гунж, шар алаг гунж алга болсон 2-лаа сувай үхэр байгаа юм ягаан халзан зүүн чин нь тайрсан баруун чих нь хойноос ухам имтэй шар алаг үхэр нь зөв чих нь урдаасаа ухам буруу чих нь хойноосоо ухам имтэй 2-лаа эвэртэй. Дг сэжиглэж байна яагаад гэхээр орой битгий ирж хоно гээд байсан. Мөн Бат-Эрдэнэ гэдэг залуутай хамт хот явлаа миний өмнө нь ажиллаж байсан үтрэмийн цалин 800 000 мянган төгрөг орсон гэж байснаа больсон. Тэгээд Бат-Эрдэнэ нь хотруу явсан байсан. Манай үхэр алга болдог өдрийн үүрээр явсан. Манайх үхрээ хайж яваад Бат-Эрдэний гэрт нь очоод ааваас нь хаана байгаа талаар асуутал мэдэхгүй гэсэн. Гэтэл цаанаас нэг морьтой залуу ирээд Баагий ах 61 өнгөрөөд явж байна гэсэн гэж байсан. Тэгээд хотруу явсан гэж мэдсэн. Эд нар найзууд байх би өөр юм мэдэхгүй байна. Өглөө ямар нэгэн сэжигтэй зүйл байгаагүй. Би тус бүрээр нь 1 сая төгрөгөөр үнэлж байна. Гомдолтой байна. Үхрийг минь олж өгнө үү гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/,

Гэрч Ж.Цагаанчулууны өгсөн: “Би 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдөр хөдөө Баянцогт гэх газарт намаржаан дээрээ нэг гэр байгаад нөгөө гэр өвөлжөөнд буусан байсан тэгээд би тухайн өдөр малдаа унаж явдаг хүрэн зүсмийн монгол 10 тоо тамгатай морь унаж байсан тэгээд би орой 18 цагийн үед Д 2-лаа маргааш өглөө унах морио барьж авъя энэ хүрэн морио уяж хоноод маргааш өглөө нь тавина гэж бодоод Хүрэн зүсмийн ланзан тамгатай морио бариад би шууд хөлд нь чөдөр хийгээд гэрийн зүүн талд аргамжсан, нөгөө морь хонины хашаанаас гэрийн урд уяатай байсан. Тэгээд байж байтал манай эхнэр намайг ирж хоолоо ид гэсэн. Би өвөлжөөний гэрлүүгээ яваад очсон. Араас Д, Идэрсайхан 2 ирсэн тэгээд хоолоо идээд байж байтал тэр 2 Баагий ирж байгаад бид 3 хотруу явна гэж яриад байсан. Тэгэхээр нь би явхаар бол надад хэлээрэй мал хаяад явчихлаа гэж хэлсэн. Тэр 2 намаржааны гэрлүү хоол идчихээд орой 19 цагийн үед явсан. Би гэртээ үлдээд орой 21 цагийн үед урд гэрлүүгээ намаржаа руугаа явах гээд гэрээс гарах гэтэл Д надруу залгаад ахаа бид 2 хот явахаа больчихлоо та ирээд хэрэггүй наанаа гэртээ хоноо би эндээ Идэрсайхантай хамт хоноё гэж хэлсэн. Би за тэгвэл би гэртээ хоноё гэж бодоод урд гэртээ очилгүй өвөлжөөн дээрээ хоносон. Тэгээд маргааш өглөө 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө 07 цагийн үед гэгээ орж байхад босоод урагшаа намаржаа руугаа мал дээрээ очсон тэгээд замд манай намаржааны арлуу 7 тооны үхэр тусдаа бэлчээрт байсан. Үлдсэн хэд нь гэрийн зүүн талд байсан. Би Дг сэрээгээд үхрээ хураагаад ир гэсэн. Харин би өөрийн аргамжсан морио авчраад нөгөө хашаанаас уяаад нөгөө морио зөрүүлээд аргамжсан тэгтэл миний нөгөө хүрэн морины цавь суганы хөлс нь гүйцэт сэврээгүй байсан тэгэхээр нь би зүсээр нь бүртэгсэн тэгтэл ягаан халзан гунж байхгүй байсан. Би орой уснаас хоцорчихсон юм байлгүй ойр хавьд байгаа байх гэж бодоод орхисон тэгээд би гэрлүү орсон. Тэгтэл ширээн дээр миний суран бугуйлыг жижиг цэвэрхэн эвхээд таьсан байсан би урд орой нь хам хум эрчлээсийг нь гаргахгүй орны гудсан доогуур хийсэн байсан тэгхээр нь би Даваацэрэнгээс миний бугуйлыг яагаад ширээн дээр гаргасан юм бэ гэж асуутал нуруу нухаад байхаар нь би гаргаад тавьсан юм гэж хэлсэн. Тэгээд бас тоолгүй орхиод үхрээ туугаад худаг ороод усалсан тэгээд сайн нарийн бүртэгтэл ахиад шар алаг шүдлэн гунж байхгүй байсан. Тэгээд би үхрээ усалж дуусаад ойр хавийн айлуудаар явсан үхэр байхгүй байсан тэгээд би хадмыхруугаа явсан тэгээд очоод үхэрээ алдсан гээд хэлсэн тэгтэл орой харий бүрий болж байхад цэнхэр портор орой замгүй полин дундуур танай гэрлүү чиглээд явж байсан гэж хэлсэн тэгээд би урагшаа Баагийгийн гэрт очоод аав нь гэртээ байсан. Би өдөр нь Баагийд сумын төвөөс хөрөө захисан, тэрийг авах гэсэн юм ирсэн үү гэж асуусан тэгтэл хотоос гараад 61-н гарам өнгөрөөд явж байна гэж хэлсэн. Тэгээд би Дд очоод Баагий чинь хотод байгаа юм байна. Та нар миний малыг авсан гээд тэгтэл агаа би аваагүй гээд байсан тэгээд цагдаад хандсан. Миний алдсан үхэр зөв чих нь тайранхай буруу чих нь хойноосоо бахь имтэй ягаан халзан гунж байсан, нөгөөдөх нь алаг гунж зөв чих нь урдаасаа бахь имтэй буруу чих нь хойноосоо бахь имтэй. Д үтрэм дээр ажиллаж байгаа, цалин буусан хотруу явна гэж ярьж байсан ямар учраас хот явах гэж байсанг би мэдэхгүй байна. Уяатай байсан морь хөлстэй байсан хатаагүй байсан үхэр саагаад гэрт орох үед бугуйл ширээн дээр гаргаад эвхсэн байсан манай гэрийн даруулга бас өөрөөр уясан юм шиг харагдсан тухайн үедээ бас нээх тоолгүй орхисон. Би Даваацэрэн, Идэрсайхан, Баагий гэх 3 хүнийг сэжиглэж байна гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,

Гэрч Г.Идэрсайханы өгсөн: “Би 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдөр гэртээ малдаа яваад байж байсан манайд хүнгүй байсан орой нь хэдэн цагт гэдгээ мэдэхгүй гадаа харанхуй болсон байсан. Би Цагаанчулуу ахынд очсон гэрт нь Цагаанаа ах, Д нар байсан тэр хоёр морь барих гээд хөөцөлдөөд байсан тэрийг нь хамт барилцаж өгөөд 2 адуу хооронд нь холбоод,  адууг нь гаргасан тэгээд Цагаанаа ах хойшоо өвөлжөөрүүгээ гэрлүүгээ явсан араас нь очиж Д бид  2 хоол идсэн тэгээд тэдний гадаа машинтай мод байсан тэрийг нь буулгаад урагшаа намаржааруу нь мал руугаа очиж хоносон. Маргааш өглөө нь 06 цагийн үед манайх болон Цагаанаа ахынх үхрээ саагаад дуусахаар нь услах гээд явсан. Цагаанчулуу үхэр алдсан талаар би мэдсэн үхрээ услах гээд явах гэж  байхад нэг үхэр алга байна гэж байсан тэгээд мэдсэн. Алаг гунж байхгүй байна гэж байсан. Бид 2 орой 22 цагийн үед унтсан. Би шөнө босож гараагүй унтаад өглөө 06 гээд сэрсэн Цагаанаа ах орж ирээд дуудаж сэрээсэн Д гарсан үгүйг би мэдэхгүй байна. Бат-Эрдэнэ тэр орой ирээгүй утсаар ч яриагүй. Би Бат-Эрдэнэтэй найз байгаа юм. Бид 6-7 жил найзалж байна. Бат-Эрдэнэ хаана байсан талаар би мэдэхгүй байна. Би хамгийн сүүлд намар Бат-Эрдэнэтэй уулзсан. Бид уулзаагүй нилээн удсан. Намайг хонох үед Дгийн унтдаг орон доор гудсан доор суран бугуйл байсан. Цагаанаа ах морь бариад тэрийгээ гудсан доогуур хийсэн би харсан. Тэр өдөр хүрэн морьтой байсан орой ажлаа дуусгаад харанхуй болсон байсан 19-20 цагийн үед хонины хашаанаас уяж хоносон гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

Гэрч Г.Бат-Эрдэний өгсөн: “Би 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг Дамжин гэх газраас өвөлжөөнийхөө хажуу зоориноос өөрийн төмсөө ачаад УБ хотруу орой гарсан тухайн үед цаг хэд болж байсныг мэдэхгүй байна гэгээтэй байсан. Би өөрийн дүү болох Г.Баянмөнх гээд дүүтэйгээ хамт явсан. Би УБ хотруу Баянхошуу орж ээж дээрээ очиж хоносон гэрийнхээ гадаа төмсөө хучилгатай чигээр нь хонуулсан. Тэгээд маргааш өглөө 2019 оны 10 дугаар сарын 31-ны өглөө 08 цагийн үед босоод, төмсөө гадуур дэлгүүрээр явж зарсан. СХД-н Баянхошуу хавиар дэлгүүрт тараасан шуудай нь 40 кг байсан. Нэгийг нь 15000 мянгаар зарсан тэгээд бүгдийг нь зарж дуусгасан цагийг нь мэдэхгүй байна. Тэгээд Жаргалант сумруу дүүгээ орхиод хөдөө гэртээ харьсан тэр үед өдөр 14 цаг болж байсан, би гэрээсээ дахиад төмс ачсан би ганцаараа эргээд Улаанбаатар хотруу явсан өдөр 16 цагийн үед урьхан дээрээс 30 мянган төгрөгөнд бензин хийгээд цаашаа УБ хотруу явсан. Би төмсөө Чингэлтэй дүүргийн 7-н буудлын замаар дээшээ чигээрээ явсан тэрний тэр хавьд Буянт гэх дэлгүүр дээр буулгасан. Би замаараа 18 цагийн үед Партизанаас бензин хийсэн тэгээд гүнтээрээ давж УБ хот орсон тэгээд төмсөө Наранбаатар гэх айлд буулгасан тэр айлдаа хоносон гэрт нь эхнэр нь болох  Батхишиг охин нь Номин нар байсан хоноод маргааш өглөө нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө 09 цагийн үед Жаргалант сумруугаа буцсан. Д нь манай сумын иргэн байгаа юм төрөл садан найз нөхдийн холбоо байхгүй. Ямар нэгэн өр авлага болон мөнгө зээлж байсан асуудал байхгүй. Наймаа хийсэн асуудал байхгүй. Хүний мал ачиж байгаагүй машинаа аваад удаагүй 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр явсан. Цагаанчулуу гэх хүн нь манай нутгийн ах байгаа юм ямар нэг төрөл садангын холбоо байхгүй. 2019 оны 11 дүгээр сарын эхээр цагдаа ирээд би мэдсэн 2 үхэр алдсан гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

 Яллагдагч Н.Д-гийн гэрчээр мэдүүлсэн: “Би 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би хөдөө Загдал 4-р баг Баянцогт гэх газарт Цагаанчулуу гэдэг ахын малыг малладаг би малыг нь маллаад нэг сар болж байна. Тэгээд тэднийд амьдардаг би хөдөө намаржаан дээр Идэрсайхан гээд найзтайгаа хамт очиж хонохоор орой 19 цагийн үед явсан тэгээд би найзтайгаа байж байтал өдөр Бат-Эрдэнэ залгаад 500 000 мянган төгрөг зээлсэн байсан тэрийгээ өгөөч гэсэн. Би УБ хотод байхдаа нэг жилийн өмнө зээлсэн байсан тэгээд би орой ирээд эндээс мөнгөндөө тааруулаад нэг үхэр авчих гэж хэлсэн би оролцохгүй шүү гэж хэлсэн. Тэгсэн тэгий гээд орой 23 цагийн үед өөрийнхөө цэнхэр өнгийн портор машинтай ирээд тэгээд аваад явсан гэж надад хэлсэн утсаар хэлсэн би уулзаагүй тэгээд өглөө босоод үхрээ бүртгэсэн тэгтэл 2 шүдлэн үхэр байхгүй байсан нэг нь алаг шүдлэн гунж нөгөөх нь шүдлэн ягаан халзан гунж аваад явсан юм бэ гээд асуутал над руу за хоёулаа дараа болий шдээ гэж хэлээд утсаа салгаад ахиж яриагүй. УБ хотод 2018 оны өвөл мөнгө хэрэг болоод зээлээд авсан юм хотод уулзаад бэлэн авсан тэгээд тэрэндээ тааруулаад бяруу авах болуу гээд бодоод байсан юм тэгтэл 2 шүдлэн гунж аваад явсан байсан. Бат-Эрдэнэ авсан хоёр шүдлэн гунжаа хаана аваачсан талаар мэдэхгүй байна тэрнээс хойш яриагүй. Энэ талаар Идэрсайхан бид хоёр л мэдэж байгаа. Нийт 36 үхэр байгаа тэрнээс 2 алга болоод одоо 34 үхэр байгаа. Өртэй байсан учраас ав гээд хэлсэн юм. Тэгээд нэг бяруу авчих байх тэгэхээр нь дараа нь Цагаанчулуу ахад өрөндөө нэг бяруу ачуулсан гээд хэлчий гэж бодсон тэгтэл 2 шүдлэн гунж аваад явсан байсан. Бат-Эрдэнэ бид хоёр найзлаад 2 жил болж байна. Би хууль зөрчсөн буруугаа хүлээж байна их гэмшиж байна гэх мэдүүлэг /хх-10 тал/, “Эй жэй жэй эм” ХХК-ны 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №06/494 дугаартай үнэлгээний тайлан зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Д нь 2020 оны 6 сарын 04-ны өдөр хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргажээ /хх-103 тал/, 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 6 сарын 08-ны өдөр 75 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-115 тал/ 2020 оны 06 сарын 08-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Ц.Д-д холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ц.Д нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Ц.Д-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч Ц.Д-д холбогдох хэрэгт эд мөрийн болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч  Ц.Д-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-г 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-д оногдуулсан 300 /гурван зун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурорын эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэн хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулсан сонсгосноор хүчинтэй болох бөгөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Ц.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ц.ОТГОНЖАРГАЛ