Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 00370

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд 1967 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хайгуулийн техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 07-07 тоотод оршин суух, РЮ67022261 дугаар регистртэй, Онход овогт Доржийн Цогзолмаагийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 155/2017/00286/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Д.Цогзолмаа нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Цогзолмаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1988 онд Дархан хотын политехникум төгсөөд Хөвсгөл аймгийн Мөрөн дэхь зураглалын экспедицид 1988 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр техник геологичоор томилогдон ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш тасралтгүй 1992 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл тухайн байгууллагадаа ажиллаж байсан бөгөөд хүүхэд төрүүлж жирэмсний амралт авч байсан. Хөвсгөл аймгийн Мөрөн дэхь зураглалын экспедици нь 1992 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “Хөвсгөл геологи” хувьцаат компани болж нэр өөрчлөгдөн хувьчлагдсан боловч би үргэлжлүүлэн ажиллаж байгаад 1994 оны 11 дүгээр сард хүүхэд төрүүлж, жирэмсний амралтаа аваад эргэж ажилдаа ороогүй. Миний хүүхэд төрүүлсэн хугацаанд цалинтай чөлөө болон хүүхэд асрах чөлөө авч байсантай холбоотой зарим жил сард цалин хөлс тасарсан байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ажиллаж байсан үеийн баримт хангалттай биш, зарим тушаал нь архив болон байгууллагаас олдохгүй, хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүй болсон тул шүүхээр ажиллаж байсан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр геологийн яамны харъяа Мөрөн дэхь зураглалын экспедицид 1988 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл, Хөвсгөл аймгийн “Хөвсгөл геологи” хувьцаат компанид 1992 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд техник геологичоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

         Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Цогзолмаа нь ажиллаж байсан байдал тогтоолгох  тухай  хүсэлт  гаргасан  ба   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.      

Нэхэмжлэгч Д.Цогзолмаа Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр геологийн яамны харъяа Мөрөн дэхь зураглалын экспедицид 1988 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд, Хөвсгөл аймгийн “Хөвсгөл геологи” хувьцаат компанид 1992 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд техник геологичоор тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, “Хөвсгөл геологи” хувьцаат компанийн “Д.Цогзолмаагийн Мөрөн дэхь зураглалын экспедицид 1988 оны 4 дүгээр сараас 1990 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний” тодорхойлолт, “Хөвсгөл геологи” хувьцаат компаниас 1992 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Доржийн Цогзолмаад олгосон “1. 1988 оны 4 сарын 05. Зураглалын экспедицид техник геологичоор авч ажиллуулав. Зураглалын экспедицийн даргын 1988-04-16-ны 20 тоот тушаал, 02. 1994 оны 12 сарын 31. Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжсэнтэй холбогдуулан хөдөлмөрийн дэвтрийг хаав. Хөвсгөл геологи компанийн захирлын 1996 оны 3 сарын 20-ны 06 тоот тушаалаар” гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр геологийн яамны харъяа Мөрөн дэхь Зураглалын экспедицийн даргын 1988 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “1. ...Цогзолмааг 9-р ангид техник геологичоор...1988 оны 4 сарын 5-аас томилон... ажиллуулсугай...” гэх бичилттэй “Ажилд авах, өөрчлөн томилох, ажлаас чөлөөлөх тухай” №20 дугаартай тушаалын хуулбар, 1990 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн “1. Экспедицийн нийт ажиллагсадын 1990 оны ээлжийн амралтын хуваарийг тушаал хавсралт 1-р баталсугай...” гэх бичилттэй “Ажиллагсадын 1990 оны ээлжийн амралт батлах тухай” №01 дугаартай тушаалын хуулбар, тус тушаалын “...7. Цогзолмаа, албан тушаал: техник/геологи, амралт эхлэх хугацаа: I/XI, амрах хоног: 26, нэмэгдэл: - нийт: 26” гэх бичилттэй хавсралтын хуулбар, Улсын геологийн төвийн харъяа Геологи шинжилгээний “Хөвсгөл” нэгдлийн даргын  1991 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “...2. Техник геологи Д.Цогзолмаа нь /1990 оны 12 сарын 02-нд хүүхэд төрүүлсэн охин Соёл-Эрдэнэ, гэрчилгээний дугаар №114/ хүүхдээ цаашид асрах шаардлагатай ба ээлжийн амралтаа дикритнийхээ өмнө эдэлсэн учир 1991 оны 01 сарын 29-өөс 1991 оны 12 сарын 02-н хүртэл 11 сарын тэтгэмжтэй чөлөө олгосугай...” гэх бичилттэй “Ажлаас чөлөөлөх,  цалинтай чөлөө олгох, шагнал олгох, хөрөнгө зарах тухай” №36 дугаартай тушаалын хуулбар, 1993 онд “Цагаан Үүр суманд техник геологийн ажил хийж байх үедээ авахуулсан зураг, “Хөвсгөл геологи” хувьцаат компанийн захирлын 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн “Дорж овогтой Цогзолмаа нь 1988-04-05-аас 1994-12-31 хүртэл хугацаанд тус компанид техник геологичоор ажиллаж байсан” гэх бичилттэй, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн “Монгол Улсын Засгийн газрын өмч хувьчлалын 54-р тогтоолын дагуу тус байгууллага нь “Хөвсгөл геологи” ХК болж улсын бүртгэлд 1992 оны 5 сарын 04-ний өдөр бүртгэгдсэн” гэх бичилттэй №21, 22 дугаартай тодорхойлолтууд, гэрч Л.Баярмагнайгийн “...Д.Цогзолмаа нь Хөвсгөл аймгийн Мөрөн дэхь зураглалын экспедицийн 9-р ангид техник геологичоор ажиллаж байсан. Тухайн үеийн Мөрөн дэхь зураглалын экспедици нь 1992 оны 5 сард хувьчлагдаж “Хөвсгөл геологи” ХК болсон юм. Мөрөн дэх зураглалын экспедици болон Хөвсгөл геологи ХК-д тус тус ажиллаж байсан. Нийтдээ 1988 оны 3, 4 сарын үеэс 1995 он хүртэл хугацаанд ажиллаж байсан. Зураглалын экспедицийн 9-р анги гэдэг нь нарийвчилсан зураглал хайгуулын анги юм. Дарга нь Баатарсайхан гэж хүн байсан...Техник геологич гэдэг нь инженерүүдийн туслах бөгөөд хайгуулын газрын гүнээс дээж авдаг ажилтай хүмүүс юм... Тасралтгүй ажиллаж байсан... Манай геологийн баримт материал олдохгүй болчихсон юм билээ. Хувьчлагдаж хувийн байгууллага болсон... Би Хөвсгөл аймгийн Мөрөн дэхь зураглалын экспедиц 1984 оноос 1993 оны 3 сар хүртэл хугацаанд өрмийн мастер хийж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Рэнцэнсамбуугийн “...Д.Цогзолмаа нь сургууль төгсөж ирсэн Мөрөн дэхь зураглалын экспедицийн 9-р ангид 1988 оны 4 сард техник геологичоор орж 1995 он хүртэл ажилласан. Бид геологийн байранд амьдардаг байсан. Техник геологич гэдэг нь шороон дээж авах ажилтай хүмүүс юм. Хөдөө явж ажилладаг байсан. 7-8 хүний ангийн зохион байгуулалттай, түүнээс 4-5 хүний бүрэлдэхүүнтэй хөдөө гарч ажилладаг байсан. Мөн 1992 оны 5 сард Мөрөн дэхи зураглалын экспедици нь “Хөвсгөл геологи” ХК болсон. Энэ хугацаанд мөн ажиллаж л байсан. 1995 он хүртэл ажилласан хүн байгаа юм... Тасралтгүй ажиллаж байсан. 1991 он хүртэл тасрахгүй ажиллаж байсан. Түүнээс хойш хүүхэд багачууд төрүүлээд орон гаран л ажиллаж байсан. 1994 оны 12 сард төрж амаржина гээд явсан, тэгээд ажилдаа эргэж ороогүй... Ажиллаж байсан нь үнэн. Баримт материал нь дутуу байгаа талаар мэдэхгүй байна... Би Хөвсгөл аймгийн Мөрөн дэхь зураглалын экспеди болон “Хөвсгөл геологи” ХК-д 1982 оноос одоог тасрахгүй өрмийн мастераар ажиллаж байна... манайхан 3 жил нэг газартаа ажиллана, тэгээд байрлалаа сольдог байсан. Би Отгонтэнгэрийн 3-р ангид ажиллаж байсан. Цогзолмаа бол Бүрэнхааны 9-р ангид ажиллаж байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.  

Д.Цогзолмаа нь ажиллаж байх хугацаандаа 1990 оны 12 дугаар сарын 02-ны өдөр охин Дэмчигийн Соёл-Эрдэнэ, 1992 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүү Дэмчигийн Сумъяабазар, 1994 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр охин Дэмчигийн Сувд-Эрдэнэ нарыг төрүүлсэн болох нь №114, №48 дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, 00/001604 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч Л.Баярмагнай, Ц.Рэнцэнсамбуу нарын мэдүүлгээр нотлогдож байх ба түүний ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь “Хөвсгөл геологи” хувьцаат компанийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаартай “Тус компаний 1990-1994 оны тушаал аймгийн архивт байгаа” гэх бичилтэй №33 дугаартай тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Тус аймгийн Зураглалын экспедицийн даргын 1996 оны тушаалд Д.Цогзолмааг чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй” гэх бичилттэй №10/136 дугаартай тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байгаа тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Онход овогт Доржийн Цогзолмаагийн Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр геологийн яамны харъяа Мөрөн дэхь зураглалын экспедицид 1988 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд, Хөвсгөл аймгийн “Хөвсгөл геологи” хувьцаат компанид 1992 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд техник геологичоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА