Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 277

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

       Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  П.Болор  би,

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 2 дугаар 48 айлын орон сууын 15 тоотод оршин суух, 1972 онд төрсөн, эрэгтэй, ОВ72122417 регистрийн дугаартай, Уран овогт Баастын Хадбаарын нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн “Улаангом политехник” коллежид холбогдох,

      Ажилгүй байсан хугацааны цалинд нийт 4.622.608 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Б.Хадбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Б.Хадбаатар нь 2009 оны 3 дугаар сард Увс аймгийн “Улаангом Политехник” коллежийн Цахилгаан хэрэгслийн засварын багшаар ажилд орж ажиллаж байгаад 2013 оны 6 дугаар сараас дэвшиж Хөдөлмөрийи аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ажилтнаар тасралтгүй 7 жил ажиллаж байсан. Ингээд 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 26-ны өдрийг хүртэл тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Д.Баттогтохоос албан ёсоор бичгээр чөлөө авч Улаанбаатар хотруу ХАБЭА-н ажилтан бэлтгэх сургалтад суусан хүмүүсийн гэрчилгээ авах, ХАБЭА-н сургалтын үйл ажиллагаа явуулах хугацааг сунгуулах ажлаар яваад иртэл “Улаангом Политехник” коллежийн захирлаар ажиллаж байсан Д.Багтогтох нь намайг ажил тасалсан зөрчил гаргасан гэж үзэн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/09 тоот тушаалаар “Улаангом Политехник” коллежийн ХАБЭА хариуцсан ажилтны ажлаас чөлөөлсөн. Намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг миний бие үндэслэлгүй гэж үзэн шүүхэд хандсан бөгөөд Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11 дүгээр магадлалаар намайг урьд эрхэлж байсан “Улаангом политехник” коллежийн ХАБЭА хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоосон. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2016/01444 тоот тогтоолоор хэвээр баталж, магадлал тогтоол өнөөдөр хүчин төгөлдөр болсон. 2 шатны шүүхийн шийдвэрийн дагуу “Улаангом Политехник” коллежийн захирал Э.Балжинням нь 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр намайг урьд эрхэлж байсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтны ажлын байранд эгүүлэн томилсон юм. Иймд Увс аймгийн “Улаангом Политехник” коллежоос миний 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажилгүй байсан 8 сарын хугацааны цалинд нийт 4.622.608 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэж өгнө үү” гэжээ.

      Хариуцагч Улаангом политехник коллежийн захирал Э.Балжинням шүүхэд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн “Улаангом политехник” коллежийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Баастын Хадбаатарын нэхэмжлэлтэй танилцаж, ажилгүй байсан хугацааны цалин 4.622.608 төгрөг, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэж өгөхийг зөвшөөрч харилцан тохиролцов” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Б.Хадбаатар нь хариуцагч “Улаангом политехник” коллежид холбогдуулан, ажилгүй байсан хугацааны цалинд нийт 4.622.608 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Улаангом политехник” коллеж / захирал Э.Балжинням/ нь нэхэмжлэгч Б.Хадбаатарын ажилгүй байсан хугацааны цалинд нийт 4.622.608 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

       Хариуцагч Увс аймгийн “Улаангом политехник” коллеж нь Б.Хадбаатарын ажилгүй байсан хугацааны цалинд нийт 4.622.608 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Хадбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88.912 төгрөгөөс 44.456 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 44.456 төгрөг, хариуцагч Увс аймгийн “Улаангом политехник” коллежоос 44.456 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Хадбаатарт олгож шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

      1. Нэхэмжлэгч Б.Хадбаатарын ажилгүй байсан хугацааны цалинд нийт 4.622.608 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Увс аймгийн “Улаангом политехник” коллеж хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Хадбаатарын тэмдэгтийн хураамжид төлсөн 88.911 төгрөгөөс 44.456 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 44.456 төгрөг, хариуцагч Увс аймгийн “Улаангом политехник” коллежоос 44.456 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Хадбаатарт олгосугай.

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

         

ШҮҮГЧ                                   П.БОЛОР