Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 278

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Өмнөговь сумын 5 дугаар багт оршин суух, 1969 онд төрсөн, эмэгтэй, ОИ85011606 регистрийн дугаартай, Тугтан овгийн Пагмын Батзаяагийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Наранбулаг сумын 4 дүгээр баг, Улаан-Үзүүрт оршин суух, 1987 онд төрсөн, эрэгтэй, ОЗ87190911 регистрийн дугаартай, Зөөд овогт Сономпилийн Буян-Олдоход холбогдох,

       Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч П.Батзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие П.Батзаяа нь С.Буян-Олдохтой 2014 онд танилцаж, 2015 оны 2 дугаар сараас эхлэн хамтран амьдрах болсон. Хамтран амьдарч байх хугацаандаа 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр охин Б.Оюундарь, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр охин Сувд-Арвин нарыг тус тус төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, гэрчилгээ авч байгаагүй бөгөөд 1 жил гаруй хугацаанд хамтран амьдарсан. Бидний дундаас төрсөн охин Б.Оюундарь маань өөрийн эцэг С.Буян-Олдохоор овоглодог бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлж төрсний гэрчилгээ авсан байгаа. Харин бага охин Сувд-Арвин маань төрөөд удаагүй бөгөөд төрөх үед нь нөхөр бид 2 тусдаа амьдардаг байсан тул бага охиноо би өөрийн нэрээр овоглож төрсний бүртгэлд бүртгүүлсэн болно. С.Буян-Олдох нь надтай 2016 онь 6 дугаар сарын 06-ны өдөр хэрэлдэж муудалцаад намайг гэрээсээ хөөж явуулсан. Би өөрийн охиноо аваад Увс аймгийн Өмнөговь суманд өөрийн ээжийн гэрт ээжтэйгээ хамт амьдарч байна. Миний бие гэрээсээ хөөгдөж явахдаа 4 сартай жирэмсэн байсан. Одоо бага охин маань 3 сар, 20 хоногтой. С.Буян-Олдохтой уулзаж ойлголцох гэж удаа дараа оролдсон боловч холбоо барьж чадаагүй, нэг удаа уулзахад цаашид хамт амьдрах талаар юу ч хэлээгүй. Миний бие өмнө нь том охиндоо шүүхэд хандаж хүүхдийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгож байсан. Тухайн үед бага охин маань төрөөгүй гэдсэнд байсан тул хамтатган тэтгэлэг тогтоолгох боломжгүй байсан юм. Иймд миний бие бага охин Б.Сувд-Арвинд эцэг С.Буян-Олдохоос нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна” гэжээ.

       Хариуцагч С.Буян-Олдох шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Сономпил овогтой С.Буян-Олдох Увс аймгийн Наранбулаг сумын 4 дүгээр багт амьдардаг. Ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хөдөө ээжтэйгээ хамт байдаг. 2015 оны 2 дугаар сараас эхлэн П.Батзаяа бид хоёр хамтран амьдарсан бөгөөд амьдарч байх хугацаандаа хэл ам зөрөлдөж муудалцаж байсан. П.Батзаяа “Гэр рүүгээ явна, харина” гэж удаа дараа ярьдаг, түүний ээж нь бас салаад ир гэж утсаар ярьдаг байсан. Цаашид урьдын бүх зүйлээ мартаад 2 хүүхдийн ирээдүйг бодоод хамт амьдрахад бэлэн байна” гэжээ.

       Нэхэмжлэгч П.Батзаяа шүүхэд гаргасан тайлбартаа: “П.Батзаяа миний бие охин Б.Сувд-Ариунд эцэг болох С.Буян-Олдохоос хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нөхөр С.Буян-Олдох нь надаас болон миний ээжээс уучлалт гуйж надтай эвлэрч бид хоёр эргэж хамт амьдрахаар ярилцсан ба би нэг удаа С.Буян-Олдохыг уучилж, хүүхдүүдээ бодоод хамт амьдрахаар шийдэж байна. Иймд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч П.Батзаяа нь хариуцагч С.Буян-Олдоход холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

     Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч П.Батзаяа нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь П.Батзаяагийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.Батзаяагийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

      1. Нэхэмжлэгч П.Батзаяа нь хариуцагч С.Буян-Олдоход холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.Батзаяагийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                П.БОЛОР