| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борын Дэнсмаа |
| Хэргийн индекс | 226/2018/0009/Э |
| Дугаар | 10 |
| Огноо | 2018-03-27 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Д.Отгонтуяа |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 10
Б-, М нарт холбогдох эрүүгийн
хэргийн талаар
226/2018/0009
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,
Нарийн бичгийн дарга: А.Уламбаяр,
Прокурор: Д.Отгонтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Өлзийхүү, Б.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Уянгын даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагчийн эсэргүүцлээр Б-, М нарт холбогдох эрүүгийн 1739000230078 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Хэнтий аймагт 1966 онд төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, Хэнтий аймгийн Батширээт сумын засаг дарга ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Батширээт сумын Норовлин баг, 1-2 гудамж тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх, ......
Хэнтий аймгийн 1969 онд, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, экологич мэргэжилтэй, Хэнтий аймгийн Батширээт сумын засаг даргын тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар ....
М, Б- нар нь хамтран Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-т “зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг бэлтгэсэн бол түүний нөөцөд учирсан хохирлыг нөхөн төлнө, 42.2-т нөхөн төлбөрийг байгаль орчны хяналтын улсын байцаагч ногдуулж, төлөлтөд хяналт тавина” гэсэн заалтыг зөрчиж, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг дэвсгэрт зохих эрхийн зөвшөөрөлгүй 11056 кг хуш модны самар тээвэрлэж явсан иргэн Н.Батжаргалыг тус сумын хэсгийн төлөөлөгч Б- саатуулсан байхад албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Н.Батжаргалд давуу байдал олгож 11056 кг хуш модны самрыг буцаан өгсөн үйлдлийн улмаас төсөвт төвлөрүүлэх 33.168.000 төгрөгийг төвлөрүүлээгүй гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Отгонтуяа нь Б-, М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолоор: Хэнтий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б-, М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хэрэгсэхгүй болгож, Цэцэгтэн овогт Магваны Б-, Шарайд овогт Б- М нарыг цагаатгаж, Цэцэгтэн овогт Магваны Б-, Шарайд овогт Б- М нар нь цагдан хоригдоогүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож тус тус шийдвэрлэжээ.
Улсын яллагч Д.Отгонтуяа нь давж заалдах эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5-д заасан шүүгдэгч нарын холбогдсон үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол цагаатгах тогтоол гаргахаар хуульчилсан. Гэтэл уг тогтоол нь дээрх үндэслэлийн аль үндэслэлээр цагаатгах тогтоол гаргасан нь ойлгомжгүй байна. Мөн хэрэгт авагдсан тогтоолд дурдсан гэрч Б.Э-, М, Б.О-, Ц.Б- нарын мэдүүлэг, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн шинжээчийн дүгнэлт, улсын байцаагчийн акт, торгууль ногдуулах тухай шийтгэврийн хуудас зэрэг нотлох баримтуудаар Н.Батжаргалын 11056 кг хуш модны самар тээвэрлэсэн үйлдлийг илрүүлж, байгаль орчны хяналтын улсын байцаагч Мт хүлээлгэн өгсөн байтал засаг дарга Б-, М нар нь албан тушаалын байдлаа ашиглаж Ойн тухай хууль тогтоомж зөрчиж нөхөн төлбөр тогтоогоогүй буюу хуулиар тогтоосон эрх хэмжээгээр хэрэгжүүлээгүй үйлдэл нь тогтоогдсон байна. Б- эрхийн бичиггүй самар худалдан авч тээвэрлэсэн үйлдэлд шүүхээс дүгнэлт хийлгүй, мөн яллах дүгнэлт болон хэрэгт авагдсан нотлох баримтанд Н.Б- үйлдлийг эргэлзээтэй байна гэж дүгнэлт хийж шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна. Албан тушаалын гэмт хэргийн субьектив талыг зөвхөн шунахайн сэдэлтээр бусдад хохирол учруулж, учруулсан хохирол, гэмт үйлдэл нь шалтгаант холбоотой байхыг шаарддаг гэж дүгнэлт хийсэн нь эргэлзээтэй байна. Учир нь аливаа албан тушаалын гэмт хэргийн субьектив тал нь шууд буюу шууд бусаар ямар нэгэн хувийн сонирхол болон шунахайн сэдэлттэй байдаг. Учруулсан хохирол, гэмт үйлдэл нь шалтгаант холбоотой байхад зөвхөн самрыг буцаан өгсөн үйлдлийн улмаас уг хохирол учирсан мэтээр дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хяналтын прокурор Д.Отгонтуяа нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй . Шүүгдэгч нар нь уг гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Цагаатгах тогтооолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагыг бүрэн хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч нарыг цагаатгах үндэслэл болж байгаа ямар нотлох баримт байгааг, мөн прокурорын яллах үндэслэл болгосон нотлох баримтыг хэрхэн няцааж, үгүйсгэж байгаа үндэслэлээ тус тус тодорхойлж чадаагүй байх бөгөөд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.
Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б-, М нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаахаар тогтов.
Анхан шатны шүүх иргэний хариуцагч Н.Батжаргалд шүүх хурлын тов мэдэгдээгүй, шүүх хуралдааны тэмдэглэлийг прокурор, оролцогчид танилцуулаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 11.8 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус зөрчсөн байгааг анхаарах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Нэг. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б-, М нарт холбогдох эрүүгийн 1739000230078 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
Хоёр. Тус шүүхэд эд мөрийн баримт ирээгүй болохыг дурдсугай.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.СҮХГОМБО
ШҮҮГЧ О.БААТАРСҮХ
Б.ДЭНСМАА