Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 427

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн тавдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “В” ХХК, 

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 

Гуравдагч этгээд: “М” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “В ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацааг сунгах шийдвэр гаргахыг Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдад даалгуулах,  Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бо уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “М” ХХК-ийн хооронд байгуулсан 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн БО-0*/А-0* дугаартай урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ, Б дүүргийн Засаг даргын, Бо уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “М” ХХК-ийн хооронд байгуулсан 2008 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн БО-0*/А-0* дугаартай “Урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ”, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бо уулын тусгай хамгаалалтай газрын хамгаалалтын захиргаа, “М” ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хамтран ажиллах гэрээгээр хамгаалалтын цэг тогтоосон хэсгийн “В” ХХК-ийн ашиглах эрх бүхий газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2008 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 662 дугаар шийдвэрээр “М” ХХК-д олгогдсон Газар ашиглах гэрчилгээ, 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Газар ашиглах гэрээ, 2008 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн Газар ашиглах гэрээ, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Газар ашиглах гэрээгээр хамгаалалтын цэг тогтоосон хэсгийн “В” ХХК-ийн ашиглах эрх бүхий газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий мөн гуравдагч этгээдийн “В” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн бие даасан шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э    нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “В” ХХК нь Б дүүргийн нутаг дэвсгэрт орших Бо уулын дархан цаазат газарт 2 га бүхий талбайг 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 401 тоот гэрчилгээний дагуу эзэмшиж ашиглахаар болсон. Үйл ажиллагаа явуулаад хууль, журамд заасны дагуу 2012 онд 5 жилийн хугацаагаар сунгасан. Үүний дараа бид 2017 оны 02 дугаар сарын 06-нд дараагийн ээлжинд сунгалтаа хийлгэх хүсэлтээ гаргасан. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас яг тодорхой бичгээр хариу өгөөгүй хирнээ очиж уулзахад “хугацааг чинь удахгүй сунгаж өгнө” гэж хэлээд дараа нь харин “танайд бичиг баримт хэрэгтэй байна” гэдэг байдлаар үйлдэхгүй байна гэж үзээд шүүхэд хандсан. Дараа нь бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. 

Бид энэ үйлдлийг Захиргааны ерөнхий хуульд зааснаар эс шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдоод, шинжээч өөрөө “гуравдагч этгээд “М” ХХК нь хамгаалалтын талбай бүхий талбайтай нэхэмжлэгчийн ашиглалтын талбайг бүрэн давхцалтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан. Үүний дагуу бид нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэхэмжлэгч анх газар эзэмшиж эхэлснээс хойш зориулалтын дагуу газар эзэмшиж, ашиглаж явсан. Гуравдагч этгээд “М” ХХК нь харуул хамгаалалт тавьж, хашаа хатгаж, улмаар ашиглалтын талбай уруу оруулахгүй байж, бидний эрх ашгийг зөрчсөн. Бид нар үүнтэй холбоотойгоор төрийн байгууллагад удаа дараа хандсан. Тухайн асуудал маргаантай явсаар байгаад аргагүй эрхэнд шүүхийн байгууллагад хандах байдал үүссэн. Тийм учраас бид анх газар ашиглах болон эзэмших эрхийг хууль ёсны дагуу олж авсан. Үүнийг сунгахгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүйг тогтоож газар ашиглах болон эзэмших эрхийн хугацааг сунгах шийдвэр гаргахыг даалгах мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Бо уулын дархан цаазат газарт “М” ХХК-ийн 3 хөрөнгө оруулалтын гэрээ байгаа. Энэ гэрээнд тогтоосон хамгаалалтын цэгийн “В” ХХК-д холБоох хэсгийг хүчингүй болгуулж, тус “М” ХХК-ийн 2008 онд Газар ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний дагуу олгогдсон хамгаалалтын гэх талбайд “В” ХХК-ийн давхцалтай хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тийм учир нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хоёр. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: хавтаст хэрэгтэй танилцаж энэ хүрээнд нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлага гаргахдаа хууль зүйн үндэслэлүүдийг тодорхой бичсэн байсан. 2007 онд зохиж журмын дагуу олгосон. 2007 оны журамд маргаан байхгүй байгаа. 2012 онд сунгаж тус сунгалтаар гэрээний үүрэг биелсэн тодорхой дүгнэлт хийгдсэн. Харин 2017 онд чимээгүй байж байгаад шүүхийн маргаан гараад явж байна. Хэргийн нэгдүгээр хавтасны 21 дүгээр талд Байгаль орчин, ногоон хөгжлийн яам нь тухайн үед давхцалгүй байна гэж гаргаж ирсэн. “Хариуцан хамгаалана” гэдэг бол ашиглуулсан газар биш. Тийм учир эрх зүйн үр дагаваргүй.

Анх газар ашиглах эрх болон тэмдэгтийн хураамж маш өндөр байдаг. Тусгай хамгаалалтай газарт жилийн төлбөр маш өндөр байдаг. Үүнтэй холбоотой 13,9 га газраас илүү төлөхгүй байгаа. Газар гэдэг бол төрийн өмч юм. Хүний хийсэн зүйл дээр очиж булаана гэдэг зүйл бол бүдүүлэг асуудал юм. Шударга бус өрсөлдөөнийг бий болгох тухай асуудал бол Өрсөлдөөний тухай хуулиар хориглож байгаа.

Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 7 дугаар бүлгийн 33 дугаар зүйлд газар ашиглах тухай асуудал өөрөө зохицуулагдаж байгаа. Бид бүхэн энэ зүйлээр зохицуулагдаж байгаа гуравдагч этгээдийн эрх ашиг руу халдаагүй харин ч хүндэтгэлтэй хандаж байгаа. Гуравдагч этгээдээс гуйж байгаа зүйл бол хашаагаа ном дүрмийн дагуу барина уу гэж хүсч байгаа. Бид бол нийтийн эрх ашиг руу халдаагүй зөвхөн манай хэсгийг чөлөөлж өгнө үү гэж хүссэн. Гуравдагч этгээд гэрчилгээг хүчингүй болгуулах бие даасан шаардлага гаргаж байна. Ямар үндэслэлтэй вэ? гэдэг асуудлыг бид шалгаж үзэх хэрэгтэй. Хоёр үндэслэл байгаа гэж ойлгож байна.

Бизнесийн асуудлын хувьд ижилхэн чиг үүрэг гүйцэтгэж байгаа байгууллагын хувьд өөр өөрийнхөө онцлогоор өрсөлдөнө үү гэхээс биш манай ойр байж болохгүй гэсэн хууль зүйн үндэслэл байхгүй. Бүх зүйл хуульд нийцэх ёстой. Гэрээ нь өөрөө эрх зүйн үндэслэлгүй хийгдэж бусад аж ахуйн нэгжүүдэд 1,8 га газрыг ашиглуулах юм бол түүнээс жилдээ улсад орох  орлого хэдэн төгрөг орох вэ? гээд тооцоход маш их тоо зардлууд гарч ирнэ. Үүнийг гуравдагч этгээд ойлгоосой гэж хүсч байна. Тийм учир нэхэмжлэлийн шаардлагуудыг хууль зүйн хувьд хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна гэв.  

          Гурав. Хариуцагч Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.О 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 

 

Дөрөв.  Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан нотлох баримтын зүгээс харагдаж байгаа. “В” ХХК нь 2004 оноос Бо уулын хүрхрээгийн аманд газар ашиглаж ирсэн. Улмаар Бо уулын хүрхрээгийн аманд спорт, аялал жуулчлалын цогцолборын төслийг хэрэгжүүлэх хүрээнд ашиглах эрхийг 13,9 га газар хариуцан хамгаалахаар 145.7 га газрыг ашиглах гэрээний дагуу ашиглаж улмаар Байгаль орчны хамгаалах хуульд заасны дагуу үүргийг биелүүлж ирсэн.

Манай компанийн зүгээс бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргасан гол үндэслэл бол тухайн газар дээр 2 жилийн хугацаанд тус компани нь ямар ч үйл ажиллагаа эхлээгүй. Нэхэмжлэгч компани нь яагаад 2 жилийн хугацаанд өөрийнхөө хөндөгдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаагүй юм бэ? тус газар эс үйлдэхүй байгаа гэж өнөөдрийг хүртэл 10 гаруй жил хуулийн байгууллагад яагаад хандаагүй байгаа вэ? Үнэхээр төсөл хэрэгжүүлж ямар нэгэн байгууллагатай хамтран ажиллах гэж байсан бол цаг хугацааны асуудал хамгийн үнэтэй байдаг. Гэтэл танайх 2017 оныг хүртэл ямар ч өргөдөл, гомдол гаргахгүй яваад байсан. Тийм учир тухайн газрыг ямар зориулалтаар яаж ашиглах байдал нь үнэхээр ойлгомжгүй байна. Иймд зориулалтын дагуу газрыг ашиглаагүй учир “В” ХХК-ийн 2 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийг гаргасан. Бидний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “В ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацааг сунгах шийдвэр гаргахыг  Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны сайдад даалгуулах” гэж тодорхойлж байгаад “Байгаль орчин, аялал жуулчлалын яам Бо уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа М ХХК-ийн хооронд  байгуулсан 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн БО-0*/А-0* дугаартай урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ, Б дүүргийн Засаг даргын, Бо уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, М ХХК-ийн хооронд байгуулсан 2008 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн БО-0*/А-0* дугаартай урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам Бо уулын тусгай хамгаалалтай газрын хамгаалалтын захиргаа, М ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хамран ажиллах гэрээгээр хамгаалалтын цэг тогтоосон хэсгийн В ХХК-ийн ашиглах эрх бүхий газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2008 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 662 дугаар шийдвэрээр М ХХК-д олгогдсон Газар ашиглах гэрчилгээ, 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн газар ашиглах гэрээ, 2008 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн газар ашиглах гэрээ, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн газар ашиглах гэрээгээр хамгаалалтын цэг тогтоосон хэсгийн В ХХК-ийн ашиглах эрх бүхий газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлжээ. Харин гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “В ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн бие даасан шаардлага гаргасан байна.

 Хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргээс үзэхэд “В” ХХК нь  Б дүүргийн Бо уулын дархан цаазат газрын Зуунмодны аманд байршилтай 2 га газрыг 2007 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 401 гэрчилгээгээр аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж, 2012 онд газрын ашиглах эрхийн гэрчилгээг 5 жилээр сунгажээ. Ингээд газар ашиглах эрхийн хугацаа дуусахаас 3 сарын өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ гаргасан боловч захиргааны байгууллага “сунгах шийдвэр удахгүй гарна” гэсээр өнөөдрийг хүртэл албан ёсоор хариу өгөөгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримт болжээ. 

          Нэхэмжлэгч тал “...газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтэд хариу өгөхгүй байгаа нь  Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан эс үйлдэхүйн нөхцөл бүрдсэн бөгөөд энэ нь манай компанийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчихөд хүрлээ” гэж хариуцагч тал “...уг компани газар ашиглах эрхийн  хугацаагаа сунгуулах хүсэлтийг тавьсан боловч уг гэрчилгээг олгосон тушаал шийдвэр байхгүй учраас сунгах асуудлыг дэмжих боломжгүй байсан” гэж  маргаж байгаа болно.     

           Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг  дараахь байдлаар дүгнэлээ.

1. Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын  газрын дарга 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн  “Улсын тусгай хамгаалалттай нутагт дэвсгэрт газар ашиглах” 401 дүгээр гэрчилгээг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтыг үндэслэн Б дүүргийн нутагт орших  Бо уулын тусгай хамгаалалттай газар нутгийн Зуун модны аманд 2 га газрыг “В” ХХК-д 5 жилийн хугацаатайгаар олгожээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж” болохоор заасан байна. Гэхдээ мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргах”-аар, 35 дугаар зүйлийн 35.2-д “ Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилах”-аар, 36 дугаар зүйлийн 36.1-т “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргах”-аар, 37 дугаар зүйлийн 37.1-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулах”-аар гэж заажээ.

Өөрөөр хэлбэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тусгай хамгаалалттай газар нутагт тодорхой зориулалт хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр газар ашиглуулж болох боловч ингэхдээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хүсэлтээ тусгай хамаалалтын нутгийн захиргаанд байхгүй бол тухайн сум дүүргийн Засаг даргад хүсэлтээ гаргаж, уг хүсэлтийг хамгаалалтын захиргаа эсхүл тухайн сум дүүргийн Засаг дарга саналын хамт Төрийн захиргааны төв байгууллагад уламжлан, газар ашиглуулах тухай шийдвэр гарвал түүнийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай  газар ашиглах гэрээ байгуулахаар  тодорхой заасан байхад Төрийн захиргааны төв байгууллагаас “В” ХХК-д тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах шийдвэр гаргаагүй байхад гэрчилгээ олгож гэрээ байгуулсан болох нь дараахь баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

          2007 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 401 дүгээр гэрчилгээ болон 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглуулах тухай” 2007/401 дугаартай гэрээнд Төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг үндэслэлгүйгээр Байгаль орчны сайдын 2001 оны  “Журам батлах тухай” 218 дугаар тушаалыг үндсэлэл болгосон байх ба энэхүү тушаал нь “тусгай хамгаалалтай  газар нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээний загварыг баталсан тушаал байна. 

        “В” ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 5/08 дугаартай албан бичгийг Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Бд албан бичиг хүргүүлсэн байх бөгөөд уг албан бичигт “манай компаний тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгосон Байгаль орчны сайдын тушаалын хуулбарыг гаргаж өгнө үү” гэсэн утгаас үзэхэд  эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг гардан авалгүйгээр газар ашиглах  эрхийн гэрчилгээ авч, гэрээ байгуулсан болох нь  нотлогдоно.

Нэхэмжлэгч тал Бо уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд газар ашиглах эрхийн хугацаа  сунгуулах хүсэлтээ гаргасан боловч анх газар ашиглах эрх олгосон тушаал шийдвэр мөн тусгай хамгаалалтын нутгийн удирдлагын газрын даргын зөвшөөрөл бүхий албан бичгүүдийг авч ирэх шаардлага тавьсан болох нь  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны  2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 10/1572 тоот албан бичиг,  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны  2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 05/6067 тоот албан бичиг зэргээр нотлогдож байх ба захиргааны байгууллагаас тавьсан энэ шаардлагыг буруутгах боломжгүй бөгөөд хариуцагчийн энэ үйлдлийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37. 3-д заасан “эс үйлдэхүй” гэж үзэх боломжгүй байна. 

           2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн  маргаан бүхий газар  хийсэн шүүхийн үзлэгээр “В” ХХК нь тус газарт  үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогдсон бөгөөд энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  “2007-2013 он хүртэл хугацаанд “М” ХХК-ийн газартай давхцалтай гэж маргаан үүсч, тухайн газарт үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн” гэж тайлбарлаж байгаа болно.

Гуравдагч этгээд “М” ХХК нь 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн БО-0*/А-0* дугаартай  урт хугацаааны хөрөнгө оруулалтын гэрээг  Байгаль орчны яамтай байгуулсан байх бөгөөд ингэхдээ  Байгаль орчны сайдын Зөвлөлийн 2007 оны 10 дугаар хуралдааны шийдвэрийг үндэслэл болгожээ.

          Энэхүү гэрээгээр “М” ХХК нь 25 га газарт  олон улсын стандартад нийцсэн өндөр зэрэглэлийн гольфын талбай бүхий аялал жуулчлал, спорт, амралтыг иж бүрэн цогцолбор бааз байгуулах түүний эргэн тойронд орших 175 га газрын байгаль орчныг хариуцан хамгаалах, нөхөн сэргээхэд хөрөнгө оруулах, газар ашиглалт, хамгаалалтын бүс байгуулах үүргийг хүлээсэн байна. Мөн 2008 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн БО-0*/А-0* дугаартай урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээгээр “М” ХХК-д  Хүрхрээгийн аманд 13.9 га газар болон түүний эргэн тойронд орших 131.8 га газрыг ашиглах, хамгаалахаар заажээ.

Байгаль орчны сайдын 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 287 дугаар тушаалын хавсралтын 21 дэхь хэсэгт “М” ХХК-д  Бо уулын дархан цаазат газрын  Хүрхэрээгийн аманд 25 га газрыг эзэмшүүлэхээр заажээ.

           Тусгай хамгаалалттай  нутгийн удирдлагын газар 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн БОЯ-66*-0*/MR-11-01 дугаартай гэрээг “М” ХХК-тай байгуулсан дахин 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр  хариуцан хамгаалах, хамтран ажиллах гэрээг байгуулжээ.

            “М” ХХК нь  Бо уулын дархан цаазат газар Хүрхэрээгийн аманд 13.9 га, 5 га газруудыг ашиглах 131.8 га газрыг хариуцан хамгаалахаар гэрээ байгуулан ажиллаж байгаа болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Байгаль орчны сайдын  зөвлөлийн хуралдааны 2007 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар тэмдэглэлийн  шийдвэр хэсэгт “ Бо уулын дархан цаазат газар хязгааралалтын бүсэд аялал жуулчлалын  цогцолбор төв байгуулахаар “М” ХХК-аас ирүүлсэн боловсруулан ирүүлсэн урт хугацааны хөрөнгө оруулалтын иж бүрэн төслийн талаарх асуудлыг хэлэлцэж, дэмжих нь зүйтэй гэж” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журамд зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага байгаль хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж болохоор байх тул  “М” ХХК-ийн байгаль хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах боломжгүй” гэж тайлбарлаж байгаа бөгөөд Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах завшаарал олгох түр журмын 4 дүгээр зүйлийн 4.1-т            “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж,  байгууллага байгаль хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан ажиллаж  болно. Гэрээг Байгаль орчны сайд батална” гэж зааснаас үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байна.

        Тус шүүхэд 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн 1/254 дугаартай  албан бичгийг нотлох баримтуудын хамт ирүүлсэн ба “В” ХХК-ийн эзэмшиж байгаа газрын кадастрын зураг дахь солбилцолын утга бүхий  газар  болон “М” ХХК- улсын тусгай хамгаалалттай  нутаг дэвсгэрт газар ашиглах 662 тоот гэрчилгээний хавсралт дахь ашиглалтын талбайн солбилцолын утга бүхий газар болон хамгаалалтын талбайн солбилцолын утга бүхий газартай давхцуулан гаргаж нотлох баримтаар ирүүлжээ. Нотлох баримтаар ирүүлсэн зургаар “В” ХХК-ийн эзэмшиж байгаа газрын кадастрын зураг дахь солбилцол бүхий газар нь “М” ХХК-ийн улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 662 тоот гэрчилгээний хавсралт дахь ашиглалтын талбайн анхны солбилцол бүхий газартай байршлийн хувьд давхцаагүй, харин “М” ХХК-ийн улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 662 тоот гэрчилгээний хавсралт дахь хамгаалалтын талбайн солбилцол бүхий газартай байршлын хувьд бүрэн давхцалтай харагдаж байна.

          Хэдийгээр нэхэмжлэгч “тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх  манай компанид эхэлж үүссэн” гэж тайлбар гаргаж байгаа боловч  “В” ХХК-д Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасныг зөрчиж тушаал шийдвэргүйгээр газар ашиглах эрхийн гэрчилгээ авч, гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

          Нэхэмжлэгч Төрийн захиргааны төв байгууллагын тушаал, шийдвэргүйгээр тусгай хамгалалттай газарт нутагт 2007 оноос хойш гэрчилгээ, гэрээгээр ашиглаж байсан талбайдаа үйл ажиллагаа явуулаагүй болох нь шүүхийн үзлэгээр нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

          2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гаргасан “В ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн бие даасан шаардлагын тухайд: Гуравдагч этгээд “М” ХХК нь Байгаль орчны сайдын 2007 оны 9 дугаар сарын 28-ны өдрийн 287 дугаар тушаалын 21 дэх хэсэгт зааснаар  Бо уулын дархан цаазат газрын Хүрхрээгийн аманд 25 га газрын 5 жилийн хугацаатай ашиглахаар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газартай 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр БО-0*/А-0* тоот “урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан Б дүүргийн нутаг дэвсгэрт орших Бо уулын дархан цаазат газрын Хүрхэрээгийн аманд 25 га талбай ашиглах, 131.8 га талбайг хариуцан хамгаалах гэрээг байгуулжээ. Уг хариуцан хамгаалах 131.8 га талбайтай “В” ХХК-ийн ашиглалтын 2 га талбай давхцсан болох нь  Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн баримтаар нотлогдож байна.

          Нэхэмжлэгчийн Б дүүргийн Бо уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутагт гэрээ гэрчилгээгээр эзэмшиж байсан 2 га газрын газар эзэмших гэрчилгээний хугацаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-ийн 1 дэх хэсэгт “Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр” гэж, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-т “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусах…” гэсэн үндэслэлээр дуусгавар болсон байна.

          Иймд шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагаар “В ХХК-ийн  газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.1, 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйлийн 40.1-ийн 1 дэхь хэсэгт, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-т заасныг баримтлан “В” ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдад холБоуулан гаргаснаар нэхэмжлэгчийн “В ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацааг сунгах шийдвэр гаргахыг Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны сайдад даалгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын яам Бо уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа М ХХК-ийн хооронд байгуулсан 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн БО-0*/А-0* дугаартай урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ, Б дүүргийн Засаг даргын, Бо уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, М ХХК-ийн хооронд байгуулсан 2008 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн БО-0*/А-0* дугаартай урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам Бо уулын тусгай хамгаалалтай газрын хамгаалалтын захиргаа, М ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хамран ажиллах гэрээгээр хамгаалалтын цэг тогтоосон хэсгийн В ХХК-ийн ашиглах эрх бүхий газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2008 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 662 дугаар шийдвэрээр М ХХК-д олгогдсон Газар ашиглах гэрчилгээ, 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн газар ашиглах гэрээ, 2008 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн газар ашиглах гэрээ, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн газар ашиглах гэрээгээр хамгаалалтын цэг тогтоосон хэсгийн В ХХК-ийн ашиглах эрх бүхий газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь, гуравдагч этгээд “М” ХХК-ийн  “В” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                   Д.ЧАНЦАЛНЯМ