Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 223/МА2017/00011

 

 

 

 

 

 

           

 

Д.Батдуламын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар  сарын 09-ны өдрийн 151/ШШ2016/00225 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Батдуламын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Р.Алтанцэцэгт холбогдох

“Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.000.000 төгрөг гаргуулах” иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг  2017 оны 04 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Батдулам, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа, хариуцагч Р.Алтанцэцэг, түүний өмгөөлөгч Б.Сонинбайгаль, А.Мөнхтулга, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Батдулам шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа... Р.Алтанцэцэг нь 2015 оны 06 сарын 05-ны өдөр над дээр ирээд Forever сүлжээний бизнесийн бараа бүтээгдэхүүн авч Х.Оюунчимэг бид хоёр цол зэрэгтэй, мөн чи цалинтай болно, мөнгө зээлүүлж туслаач гэсэн. Тэгэхэд нь би “бараа авахгүй, тэр барааг чинь би яасан ч зарж чадахгүй” гэхэд Р.Алтанцэцэг “би барааг чинь борлуулаад чамаас зээлсэн мөнгөө гаргаад өгнө, айх юмгүй” гэсэн юм. Ингээд би Р.Алтанцэцэгт өөрийн дансанд байсан 4.000.000 төгрөгийг бэлнээр, Х.Оюунчимэгийн надад өгөх байсан 3.000.000 төгрөгийг бэлнээр, нийт 7.000.000 төгрөг өгөөд “Р.Алтанцэцэг нь 2015 оны 06 сарын 05-нд 2 сарын хугацаатай зээлж авав” гэсэн баталгаа дээр гарын үсэг зурсан. Гэтэл Р.Алтанцэцэг нь 2015 оны 06 сарын 24-нд манай хүүгийн гоо сайхны дэлгүүрт Forever сүлжээний 4.000.000 төгрөгийн барааг манай бэр С.Дашбатад “Танай хадам ээжийн чинь бараа, чамд өгөөрэй гэсэн” гээд орхиод явсан байсан.

Хэрэв би бараа бүтээгдэхүүнээ өөрөө борлуулах байсан бол Р.Алтанцэцэгт мөнгөө зээлүүлэх шаардлагагүй бөгөөд өөрөө бараагаа захиалах боломжтой байсан. Энэ хугацаанд Х.Оюунчимэг нь надад 3.000.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 4.000.000 төгрөгөө Р.Алтанцэцэгээс нэхэхээр бараа өгсөн гээд мөнгө өгөхгүй намайг хохироож байна. Би Р.Алтанцэцэгт 4.000.000 төгрөг бэлнээр өгсөн, харин бараа худалдаж авна гэж тохиролцоогүй юм. Иймд Р.Алтанцэцэгээс 4.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Р.Алтанцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Миний бие нь АНУ-ын Forever компаний Монгол дахь гишүүнээр бүртгүүлж, өнөөдрийг хүртэл гэр бүлээрээ бусад танил нөхөддөө эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэхээс гадна ахуйн болон гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг санал болгож, зарим хүмүүстэй хамтран ажиллаж байна. Миний хамтрагч Х.Оюунчимэг мөн адил бусдад санал болгосноор Д.Батдулам 2015 оны 04 сарын 11-нд тус компанид гишүүнээр бүртгүүлж, гэрээ хийсэн байгаа. 2015 оны 06 сарын 04-ний өдөр Х.Оюунчимэг менежерийн шатанд хүрэх, Д.Батдулам зөвлөх шатанд хүрэхээр тус тус тохиролцож, Д.Батдулам бид хоёр компани дээр очиж, түүний нэр дээр 8.534.850 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авсан. Үүний 4 сая төгрөгийг Д.Батдулам өөрөө гаргасан.

Энэ худалдан авалтаар Д.Батдуламд 509.324 төгрөгийн цалин гарсан. Түүний мөнгөтэй, мөнгөгүйг би ерөөсөө мэдээгүй, Х.Оюунчимэг нь Д.Батдуламд их итгэж, дэмжиж ажиллая, мөнгө зохицуулж магадгүй гэж найдсан. Х.Оюунчимэгийг Д.Батдуламаас мөнгө зээлсэн гэдгийг яриан дундаас мэдсэн. Д.Батдуламын барааг зарж өгнө гэж нэг ч удаа ярьж байгаагүй, харин өөрөө манай бэр найдвартай сайн хүүхэд байгаа, тоолоод хэлээд өгөөрэй, падан бичих нь амар гэж байсан. Энэ дагуу би С.Дашбатад хэлсний дараа манай гэрт орж ирээд 4491761 төгрөгийн бараа авсан. С.Дашбат нь 18 төрлийн 143 ширхэгийн барааг нэг бүрчлэн тоолж, бичээд авсан. Иймд би Д.Батдуламд 4 сая төгрөгийг төлөх ёсгүй. Харин С.Дашбатад хүлээлгэж өгсөн 4491761 төгрөгийн барааны үнийг Д.Батдулам, Х.Оюунчимэг бид хоёр гурвуулаа тэнцүү хувааж хариуцах нь зүйтэй гэж үзэж байна. Эсхүл С.Дашбатад хүлээлгэж өгсөн 4491761 төгрөгийн барааг худалдан борлуулсаны дараа мөнгийг нь өгнө гэж бодож байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Р.Алтанцэцэгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Батдуламд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78950 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч Р.Алтанцэцэгээс 78950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Батдуламд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эррү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Р.Алтанцэцэгийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Д.Батдуламын нэхэмжлэлтэй, Р.Алтанцэцэгт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Р.Алтанцэцэгийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль миний бие Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 225 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 Уг шийдвэрийн тогтоох хэсгийн 01-т “Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 281 дүгээр зүйлийн 218.1-д зааснаар хариуцагч Р.Алтанцэцэгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Батдуламд олгосугай” гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Д.Батдулам нь хариуцагч Р.Алтанцэцэгт 2015 оны 06 сарын 04-ны өдөр 4.000.000 төгрөг шилжүүлжээ. Энэ нь Хаан банкин дахь 5721199930 тоот данстай Р.Алтанцэцэгийн депозит дансны хуулгаар тогтоогдож байна.

Хариуцагч Р.Алтанцэцэг талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д “нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг хийгдсэн гэж үзнэ” гэж зааснаар хариуцагчийн дансанд мөнгө шилжин орсон нь үйл баримтаар дээрх хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй юм гэжээ.

Талуудын хооронд болсон үйл баримтын талаар дурдвал:

Х.Оюунчимэг гэх хүн Форевер компанид өөрийн зэрэг цолоо ахиулж менежер цолонд хүрэхийн тулд Р.Алтанцэцэгийг Д.Батдуламтай холбож 2015 оны 06 сарын 04-ны өдөр Улаанбаатар хотод Форевер компанийн оффиссоос Д.Батдулам 8.534.850 төгрөгний бараа худалдаж авсан. Тухайн бараа авсан мөнгөний 4.000.000 төгрөг нь Д.Батдуламын мөнгө бөгөөд үлдэх 4.534.850 төгрөг нь Х.Оюунчимэгийн Р.Алтанцэцэг рүү өмнө нь тухайн Форевер компанийн цолоо нэмүүлэхийн тулд бараа авахаар шилжүүлсэн байсан 15.000.000 төгрөгөөс авсан байдаг.

Тэр өдөр бараа авахдаа Д.Батдулам нь баталгаа гэх 4.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлэв гэсэн баримтан дээр Р.Алтанцэцэгээр гарын үсэг зуруулсан ба энэ мөнгө манай хүүгийн машин авах мөнгө байгаа юм, ингэж гарын үсэг зурахгүй бол болохгүй байна гэсний дагуу Р.Алтанцэцэг гарын үсэг зурсан.

Хууль зүйн талаас нь дүгнэвэл:  

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байдаг.

Дээрх хуулийн заалтанд зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шижээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх гэснийг анхаарах нь зүйтэй байна.

Зээлдүүлэгчийн үндсэн үүрэг нь зээлдэгчид мөнгийг тохиролцсон хугацаанд захиран зарцуулах эрхийг олгоход оршдог.

Нэхэмжлэгч Д.Батдуламын хэлж байгаагаар 7.000.000 төгрөгийг Р.Алтанцэцэгт зээлүүлсэн бол уг мөнгө түүний өмчлөлд шилжиж 7.000.000 төгрөгийн өмчлөгч нь Р.Алтанцэцэг болж, тухайн мөнгийг тодорхой хугацаанд захиран зарцуулах эрхтэй байх ёстой.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэжээ.

Р.Алтанцэцэгийн хувьд Д.Батдуламаас зээлсэн гэх мөнгө нь түүний өмчлөлд шилжиж, захиран зарцуулах эрх үүсээгзй байна. Иймд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна. Харин одоо 4.000.000 төгрөг 2 сарын хугацаатай зээлэв гэсэн баримт 7.000.000 төгрөг зээлэв гэх утгатай баримт болж өөрчлөгдсөн байна.

Нэхэмжлэгч Д.Батдуламын шүүхэд сүүлд гаргаж өгсөн Баталгаа гэх баримтын эх хувь нь урагдаж 4 хуваагдсан байдалтай байх ба гэрч П.Болормаа мэдүүлэхдээ Д.Батдуламын ажлын өрөөний хогын савнаас уг баримтын эх хувийг урагдсан байхыг 2016 оны 12 сард олсон гэж мэдүүлсэн байдаг.

Харин нэхэмжлэгч Д.Батдуламын шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өгсөн баталгаа гэх баримтын хуулбар хувийг 2016 оны 06 сард нотариат Б.Тэгшээр хуулбарлуулж, хуулбар үнэн тэмдэг даруулсан байх ба уг баримтыг харахад эх хувь дээр үүссэн урагдалт байгаа нь илт мэдэгдэж байна.

Иймд нотариатаар гэрчлүүлэхэд буюу 2016 оны 06 сард тухайн баримт урагдсан байсныг хуулбар хувиас тод харж болно. Харин дээрх баримтыг хуурамчаар үйлдсэн эсэхийг шалгуулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргахад нэхэмжлэгч талаас нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан болно.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Д.Батдулам нь Форевер Ливинг продуктс монголиа ХХК-иас 2015 оны 06 сарын 04-ний өдөр 8.534.850 төгрөгийг бараа хүлээн авсан баримт хэрэгт авагдаагүй хариуцагч нь түүний шилжүүлсэн 4.000.000 төгрөгөөр тухайн компаниас бараа, бүтээгдэхүүн худалдан авч Д.Батдуламд хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдоогүй байна” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Батдулам тус компаниас 2015 оны 06 сарын 04-нд бараа худалдан авсан талаах лавлагаа хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд тэр барааг Д.Батдулам хүлээн аваагүй гэж шүүх дүгнэж байгаа нь үндэслэлгүй, тухайн барааг Д.Батдулам нь Форевер Ливинг продуктс монголиа ХХК-иас худалдаж авч байгаа бөгөөд Д.Батдулам компани хоёрын хооронд Иргэний хуульд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Иймд тухайн барааг Д.Батдуламд шилжүүлэх нь хариуцагч Р.Алтанцэцэгийн үүрэг биш, Форевер Ливинг продуктс монголиа ХХК-ний үүрэг юм. Иймд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тухайн барааг Д.Батдулам хүлээн авсан баримт хэрэгт авагдаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Иргэний хуульд заасан зээлийн гэрээ нь бусад гэрээний нэгэн адил санал гаргах болон түүнийг хүлээн авснаар байгуулагддаг. Өөрөөр хэлбэл харилцан хүсэл зоригоо илэрхийлснээр байгуулагддаг. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Батдулам зээлийн гэрээ байгуулах санал, хариуцагч Р.Алтанцэцэг саналыг хүлээн авсан тийм зүйл огт болоогүй.

Зохигчдын хооронд зээлийн гэрээний маргаан үүсээгүй байхад шүүх зээлийн гэрээний маргаан байна гэж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн шүүхийн шийдвэр байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 225 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д заасны дагуу давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар тогтов. Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч талын өмгөөлөгчийн зүгээс бичгийн баримтанд шинжилгээ хийлгэх хүсэлтийг хоёр удаа шүүхэд гаргажээ.

Өмгөөлөгч Б.Сонинбайгаль 2016 оны 12 сарын 20-нд нэхэмжлэгч талаас 7 000 000 төгрөг зээлүүлсэн тухай баримтын эх хувийг гаргуулж, түүнд шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг сум дундын шүүгчийн 2016.12.20-ны өдрийн 151/ШЗ2016/03967 тоот захирамжаар хэрэгсэхгүй болгосон байх ба 2017 оны 01 сарын 27-нд өмгөөлөгч Б.Сонинбайгаль шинжилгээ хийлгэх хүсэлтийг давтан гаргасан байх бөгөөд шүүх энэхүү хүсэлтийг 2017 оны 01 сарын 30-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцсэн боловч хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүйгээр орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан хариуцагчийн эрхийг хангасан гэж үзэхэд эргэлзээтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 105 дугаар зүйлийн 105.1 дэх заалтыг зөрчсөн шинжтэй байна.

Нэхэмжлэгч талын зүгээс нэхэмжлэлтэй хамтатган “Баталгаа 2015.06.05-нд иргэн Алтанцэцэгт 7 000 000 /долоон сая/ төгрөг 2 сарын хугацаатай зээл авлаа” гэсэн гарын үсэг бүхий бичгэн баримтыг шүүхэд хуулбараар болон эх баримтаар ирүүлсэн байх бөгөөд энэхүү баримтыг тодорхой үндэслэл заалгүйгээр нэхэмжлэгч татгалзсан гэсэн үндэслэлээр шинжлэн судлалгүй орхигдуулжээ. Дээрх зөрчлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.9-д заасныг ноцтой зөрчсөн шинжтэй байх бөгөөд нотлох баримт хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй нь үндэслэлтэй бол хэргийн нотлох баримтаас хасах эрхийг шүүх эдэлж, эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гарган шийдвэрлэхээр хуульд заажээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж дээрх үндэслэлүүд давж заалдах шатны шүүх хуралдаанаар тогтоогдсон тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаав. 

             Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3 дах заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 151/ШШ2017/00225 дугаар  шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 78.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагчийн өмгөөлөгчид олгохыг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Г.БОЛОРМАА              

     ШҮҮГЧИД                                            Ц.ӨРНӨНДЭЛГЭР

        Ш.ТӨМӨРБААТАР