Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 1020

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 23 өдөр

  Дугаар 101/ШШ2017/01020

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 11 хороо, Ургах наран хороолол, 12-42 тоот хаягт оршин суух Батгэрэлийн Чулуунцэцэгийн /ХН85022709/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Налайх дүүрэг, 7 хороо, Өвөр шанд 14 гудамж, 18 тоот хаягт оршин суух Амарцогтын Батболдод /ЙЮ84121871/ холбогдох,

Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Чулуунцэцэг, хариуцагчийн төлөөлөгч Б.Минжүүрдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Чулуунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч А.Батболдтой 2008 онд танилцаж, улмаар хамтран амьдарч, бидний дундаас 2009 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр охин Б.Баяржаргал төрсөн. Бид 2010 оноос тусдаа амьдарч эхэлсэн байгаа. Би охиноо өөрийнхөө асрамжид авах хүсэлтэй байна. Хариуцагч нь хэлсэндээ хүрч улиралд 4 удаа хүүхэдтэйгээ уулзаж, зуных нь амралтаар дугуйлан, дамжаанд явуулж, шаардлагатай үед нь хичээлийн хэрэгсэл, хэрэгцээтэй хувцас зэргийг нь авч өгч байх юм бол заавал сар болгон хүүхдийн тэтгэлэг гаргуулж авах шаардлага байхгүй. Би хүүхдээ аавтай нь уулзуулахгүй гэж хориг, саад тавьдаггүй. Ирж хүүхэдтэйгээ уулзаж баймаар байна гэв.

 

Хариуцагч А.Батболд шүүхэд гаргасан болон төлөөлөгч Б.Минжүүрдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хэл амаа олдоггүй болохоор хоорондоо уулзаж чаддаггүй юм шиг байгаа юм. Хүүхэдтэйгээ уулзах хүсэл А.Батболдод байгаа. Ажлын онцлогоос шалтгаалаад А.Батболд нь охинтойгоо уулзаж чаддаггүй гэдэг үнэн. Гэхдээ аль болох охинтойгоо уулзаж байхыг хичээх болно. Хүүхдийг ээжийнх нь асрамжид үлдээхэд маргаан байхгүй. Хариуцагч нь амласан амлалтаа хэрвээ хүрэхгүй, биелүүлэхгүй бол мөнгөн хэлбэрээр төлүүлж болно гэдгийг хэлмээр байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Чулуунцэцэг, хариуцагч А.Батболдод холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Чулуунцэцэг, хариуцагч А.Батболд нар 2008 онд танилцаж, улмаар хамтран амьдарч, тэдний дундаас 2009 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр охин Б.Баяржаргал төрсөн болох нь хүүхдийн төрсний бүртгэлд бүртгэсэн 797 тоот бүртгэл, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

Зохигч 2010 оноос эхлэн хамтын амьдарлаа үргэлжүүлээгүй, тусдаа амьдарч байгаа талаар тайлбар гаргаж энэ талаар маргаагүй болно.

Нэхэмжлэгч охиныг өөрийн асрамжид авах хүсэлтийг шүүхэд гаргасныг хариуцагч зөвшөөрсөн, охин Б.Баяржаргал эхийн асрамжид амьдарч байгаа талаар талууд тайлбар гаргасан тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар охин Б.Баяржаргалыг эх Б.Чулуунцэцэгийн асрамжид үлдээх нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж хуульчлан заажээ.

Зохигч охин Б.Баяржаргалын эцэг, эхийн хэн алинтай хамт байх, уулзах, асран хамгаалуулах, тэтгэх, хүмүүжүүлэхэд адил эрх, үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Мөн охин Б.Баяржаргалыг эхийн асрамжид хариуцуулсантай холбоотойгоор Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар хариуцагч А.Батболдын эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд түүнийг хүүхдээ хүмүүжүүлэх асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд нэхэмжлэгч Б.Чулуунцэцэг саад болох үндэслэлгүй.

Хариуцагч шүүхэд болон төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа эвлэрэх саналтай байна. Хариуцагч “охинтойгоо улиралд 4 удаа уулзаж байх, зуны амралтаар дугуйлан, сонгонд явах тохиолдолд төлбөрийг төлж байх, хэрэгцээтэй үед нь буюу хавар, намрын улиралд хэрэгцээтэй хувцас, хичээлийн хэрэгслийг нь авч өгөх байдлаар эвлэрэх саналтай” гэснийг нэхэмжлэгч зөвшөөрч “А.Батболд охинтойгоо уулздаагүй, охин уулзах гээд санаад байдаг, энэ амлалтаа биелүүлэхгүй бол мөнгөөр төлүүлнэ” гэснийг хариуцагчийн төлөөлөгч зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөлтэй холбоотойгоор нэхэмжлэгч, хариуцагчаас хүүхдийн тэтгэлийг сар бүр мөнгөн хэлбэрээр тогтмол гаргуулахгүй, эвлэрсэн тохиролцоонд багтана гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охин Б.Баяржаргалыг эх Б.Чулуунцэцэгийн асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар хариуцагч А.Батболд охин Б.Баяржаргалтай улиралд 4-өөс доошгүй уулзаж байхыг, охин Б.Баяржаргал сурагчдын зуны амралтаараа дугуйлан, сонгон суралцах хичээлд суралцах тохиолдолд зохих төлбөрийг төлж байхыг, охин Б.Баяржаргалыг өвөл, зуны хувцас, хичээлийн хэрэгслээр хангах буюу худалдан авч өгөхийг хариуцагч А.Батболдод даалгасугай.

3. Хариуцагч А.Батболд дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч Б.Чулуунцэцэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар мөнгөн хэлбэрээр албадан гаргуулахыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А.Батболдоос 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Чулуунцэцэгт олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Э.ЭНЭБИШ