| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2021/0011/Э/ |
| Дугаар | 2021/ШЦТ/12 |
| Огноо | 2021-02-08 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Энхбат
Шүүгдэгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.С-д холбогдох 2016001140002 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, У овогтой С-н С.
Шүүгдэгч С.С нь 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 18 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн нутаг дэвсгэр Шинэ- Алтай захын зүүн талд байрлах “Жимс ногооны бөөний төвийн урд талын замд 00-00 ГАА улсын дугаартай, Тоёота королла маркын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Б-г дайрч түүний биед баруун дунд чөмөгт ясны далд, сэлтэрсэн, зөрөөтэй хугарал, зүүн зулай чамархайд шарх, зулгаралт, баруун бугалга, зүүн мөр, зүүн бугалга, зүүн шуу, баруун гуянд цус хуралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч С.С-н 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 18 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн нутаг дэвсгэр Шинэ- Алтай захын зүүн талд байрлах “Жимс ногооны бөөний төвийн урд талын замд 00-00 ГАА улсын дугаартай, Тоёота королла маркын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Б-г дайрч түүний биед баруун дунд чөмөгт ясны далд, сэлтэрсэн, зөрөөтэй хугарал, зүүн зулай чамархайд шарх, зулгаралт, баруун бугалга, зүүн мөр, зүүн бугалга, зүүн шуу, баруун гуянд цус хуралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч С.С гэм буруутай болох нь:
Шүүгдэгч С.С-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “... Би 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр таксинд явсан нь үнэн. Би 18 цагаас хойш 3 удаа таксинаас гарсан. 2 удаа дуудлагаар 1 удаа хүнтэй гарсан. Хамгийн эхэлж хуушуур авч явахдаа дуудлагаар явсан. 2 дахь удаа нь Есөнбулаг 00-00 рүү явахдаа энэ хэргийг үйлдсэн юм шиг байна лээ. Тэгээд хамгийн сүүлийн хүнээ аваад Жаргалант ороод буцаад ирж байхад цагдаагаас Ба яриад та хүн дээгүүр гарлаа эмнэлэг дээр хүрээд ир гэсэн. Би эмнэлэг дээр очиход байхгүй байсан. Тэгээд эргээд гэртээ очоод байж байхад хүрээд ир гээд очиход цагдаа нар миний машинд үзлэг хийгээд маргааш өглөө хүрээд ир гэсэн. Тэгээд хоёр хоносны дараа хэргээ хүлээсэн. Гэм буруугаа хүлээж байгаа ... хохиролд 2.610.100 төгрөг төлсөн ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ойлгож гэмшиж байна. Би анхаарал болгоомжгүй явснаас иргэн Б.Б-н биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Б.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “... Жимс ногооны худалдаа гэсэн бичигтэй байшингийн хажууд очиж зогсоод такси барих гээд зогсож байтал дээрээ такси гэсэн шар симпортой саарал өнгийн жижиг тэрэг миний урдаас ирээд мөргөх үед харахад бага залуу насны эрэгтэй хүн байсан. Ингээд унангуут шууд дээгүүр дайрч гараад цаашаагаа чигээрээ явсан ба удалгүй хүмүүс шуугилдаад хүн дайрчихлаа гэж байсан. Тэрнээс хойш юу болсныг сайн санахгүй байна... баруун талын хөлийн дунд чөмөг хугарч, зүүн талын тархи хагарсан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ72-73/,
Хохирогч Б.Б-н мөрдөн байцаалтад дахин өгсөн “... Би авто машинд мөргүүлэх үедээ нэлээн согтуу явж байсан юм. Ямар ч байсан такси барих гээд өмнөөс нь уг машин руу очтол шууд урдуураа мөргөөд унатал толгой машины доод касчиран дээр цохисноо санаж байна ... би тухайн үед эрэгтэй хүн байна гэж анзаарч харсан юм. Тухайн үед ямар хүн машин жолоодож явсныг сайн анзаарч хараагүй юм...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ74-76/,
Гэрч Э.Н-н мөрдөн байцаалтад өгсөн “... хүмүүс орилолдоод хүн дайрагдчихлаа шүү дээ гэхээр нь гайхаад хартал хүмүүс 103 руу дуудлага дуудаарай гэж хэлсэн. Ингээд би 103 руу өөрийн утсаар залгаад дуудлага дуудсан юм. Би мөргүүлсэн гэх хүнийг машиныхаа хажуу талаас харахад 10-аад метр зайтай жимс ногоо зардаг дэлгүүрийн харалдаа далангийн хажуу талын шороон замын наана зам дээр газарт хэвтэж байсан... машины ар тал руу ачаа зөөгөөд хийж байхад дээрээ “Такси” гэсэн шар өнгийн симпортой саарал өнгийн жижиг тэрэг нэг эрэгтэй хүний дээгүүр хойд хоёр дугуй нь давж гарахыг харсан... Би дээгүүр нь жижиг саарал авто машин давж гарч байхыг харсан болохоос яг мөргөх үеийг нь огт анзаарч хараагүй...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ96-98/,
Гэрч Б.Т-н мөрдөн байцаалтад өгсөн “...намайг такси зогсоол руу ороод зам руу орох гээд дохио өгөх үед цонх руу хүн тогшихоор нь цонхоо онгойлготол чи хүн дайрлаа шүү дээ, наад хүнийг чинь сая нэг хүн дайрчихаад явлаа шүү дээ гэж хэлсэн. Тэгээд бууж ирээд харахад машины хойд дугуйны харалдаа газарт нэг сахалтай ах хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ101-103/,
Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “... Ачаагаа зөөлгөсөн ах таксины хаалтны хажууд цагаан өнгийн ачааны машин руугаа явах гэтэл өмнөөс нь такси зогсоолоос саарал өнгийн 00-00 ГАА билүү ГАҮ- тэй дээрээ шар өнгийн симпортой машинтай, нүдний шилтэй 40-50 орчим насны эмэгтэй хүн явсан ба би цагаан өнгийн ачааны машин дээр очоод бүдүүн шар ахад ачааг нь өгөөд зам руу харах үед нөгөө ах энэ ямар солиотой гар вэ гэж хэлэхэд би эргэж харахад уг 00-00 ГАА гэсэн такси машин доогуур нэг хүн өнхрөөд машин нь дээгүүр нь гараад зогсолгүй тэр чигтээ цаашаа явангуут нь надтай явж байсан ахад утас чинь байна уу гэтэл тэр ах “надад утас байна” гэж хэлээд 103 руу залгасан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ109-110/,
Гэрч Э.Т-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 18 цаг өнгөрч байхад би Шилэн зах дотроос гар утасны мемори карт худалдаж авчихаад гарч ирэхэд гадаа бороо шивэрч байсан ба би такси зогсоолын хажуугаар өнгөрөхөд саарал өнгийн дээрээ такси гэсэн шар симпортой, бор царайтай махлагдуу эгч такси зогсоолоос гараад машин зогсоол дээр зогсож байсан цагаан өнгийн ачааны портер машинтай жолооч нь махлагдуу царайтай залуугийн машины урдуур нь тойрч гараад зам руу орох үед машиных нь дугуйн доогуур хүн ороод дээгүүр нь давж байхыг нүдээрээ хартал цагаан портер машины жолооч махлагдуу залуу наад таксины хүүхэн чинь хүн дайрчихлаа шүү дээ зогсоогооч гэхээр нь би машиных нь ардаас гүйтэл далан дээгүүр даваад явчихаар нь далан дээр очоод ардаас нь гар утсаараа зургийг нь дарж авсан юм. Ингээд л би тэндээсээ Харзат баг руу гэр лүүгээ яваад өгсөн юм...Би тухайн үед хадгалж байгаад дараа нь зургуудыг устгачихсан. Одоо надад ямар ч зураг байхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ1126-128/,
Шинжээч Т.Алтайбаатарын мөрдөн байцаалтад өгсөн “... Б-н биед учирсан баруун дунд чөмөгт ясны далд сэлтэрсэн зөрөөтэй хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн талын зулай, чамархайд байх шарх гэмтэл, зулгаралт гэмтэл, цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ хөнгөн зэргийн гэмтэл болно... Зам тээврийн ослоос үүдэх мөргөлдөх, дайрагдах, шидэгдэх зэргүүдээс үүсэх боломжтой ... Баруун хөлийг автомашинаар мөргөсөн эсхүл дээгүүр нь дайрч гарахад уг хөлийн гэмтэл хугарал үүснэ, тархинд үүссэн шарх гэмтэл нь хатуу зүйлээр мөргөлдөх, шүргэлцэх зэрэг зүйлүүдээр үүсгэгдэнэ” гэсэн мэдүүлэг /1-р ХХ162-163/,
Шинжээч Т.Алтайбаатарын 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 195 дугаартай “...1. Б.Б-н биед баруун дунд чөмөгт ясны далд, сэлтэрсэн, зөрөөтэй хугарал, зүүн зулай чамархайд шарх, зулгаралт, баруун бугалга, зүүн мөр, зүүн бугалга, зүүн шуу, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна” гэсэн дүгнэлт /1-р ХХ154-155/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р ХХ8/, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р ХХ9-11/, зам тээврийн ослын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р ХХ14-16/, автомашинд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /ХХ17-18/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р ХХ21-24/, хохирогч Б.Б-н биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р ХХ35-37/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ38-40/, Б.Б-н өвчний түүхийн хуулбар /1-р ХХ197-214/, авто замын камерын бичлэг, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн мөрдөгчийн магадалгаа /1-р ХХ167-169/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн өмгөөлөх болон яллах талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.С-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч С.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч С.С-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд эхний сард 300.000 төгрөг, дараагийн саруудад тус бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч С.С-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хэрэгт хураан авсан 00-00 ГАА улсын дугаартай саарал өнгийн Тоёота королла загварын автомашин, №000000 дугаартай жолоочийн үнэмлэх, №00000 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ТА№0000 дугаартай автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ зэргийг шүүгдэгч С.С-д буцаан олгож, камерын бичлэгтэй 1 ширхэг CD-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч Б.Б-д хохиролд 2601000 төгрөг төлсөн, хохирогч цаашид гарах эмчилгээ, сувилгааны зардлаа нотлох баримтаа бүрүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
1. Шүүгдэгч У овогт С-н С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд эхний сард 300.000 төгрөг, дараагийн саруудад тус бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.С-д танилцуулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураан авсан 00-00 ГАА улсын дугаартай саарал өнгийн Тоёота королла загварын автомашин, №00000 дугаартай жолоочийн үнэмлэх, №000000 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ТА№00000 дугаартай автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ зэргийг шүүгдэгч С.С-д буцаан олгож, камерын бичлэгтэй 1 ширхэг CD-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч Б.Б-д хохиролд 2601000 төгрөг төлсөн, хохирогч цаашид гарах эмчилгээ, сувилгааны зардлаа нотлох баримтаа бүрүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА