| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2021/0022/э |
| Дугаар | 2021/ШЦТ/30 |
| Огноо | 2021-01-22 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Б даргалж,
Улсын яллагч Ц.Л,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М,
Хохирогчийн өмгөөлөгч Р.Ц,
Иргэний хариуцагч Л.Ч,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Т,
Шүүгдэгч Ж.А,
Нарийн бичгийн дарга Б.С нарыг оролцуулан
Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.А-д холбогдох 2025000000423 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Биеиийн байцаалт: Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ж.А 2020 оны 10 сарын 01-ний өдөр 18 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэр “Сэлэнгэ” зочид буудлын урд талд явган хүний гарцан дээр 20-22 ОРА улсын дугаартай “Сонота-7” тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан ”...явган хүний зохицуулагдаагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар явж байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалт, 16.2-д “...зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүнийг гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэж заасныг зөрчиж гарцаар гарч явсан явган зорчигч 11 настай Б.Азжаргалыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Ж.А-гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2020 оны 10 сарын 01-ний орой ажлаа тараад явж байсан. Тухайн үед түгжрэлтэй нилээн удаан зогсоод миний эгнээ явах болоод хөдлөхөд амжаад гарчих юм байна гээд явж байтал 1 охин гэнэт гүйгээд гараад ирсэн. Би шууд зогсоход тэр охин мөргөөд унасан. Машинаас буугаад харахад охин газар унаад хөлөө бариад байж байхаар нь би жаахан хүүхэд юм чинь айж магадгүй гээд шууд эмнэлэг явсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Тухайн үед ээж, өвөөтэй нь холбогдож хэлсэн. Би 2017 оноос хойш машин барьж байгаа. Тухайн үед хоёр хүн гарцаар гарах гэж байна. Би урдуур нь амжина гэж тооцоод явсан. Би буруу үйлдэл хийснээ мэдэж байгаа. Хохирогчид эхний ээлжинд хагалгаа, эм, тарианы зардлуудыг бүгдийг нь өгсөн. Бэлнээр 1.800.000 төгрөг өгсөн. Гэм буруу дээрээ маргахгүй. Миний буруутай үйлдлээс ийм зүйл болсон. Хохирогч охин хадаас авах хагалгаанд орохыг мэдэж байгаа. Цаашид хохирогчид шаардлагатай эмчилгээний зардлыг төлнө гэсэн мэдүүлэг,
-Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Би 2020 оны 10 сард Солонгос улсад байсан. Хүүхэд маань хичээлээ тарчихаад явган хүний гарцаар гарч яваад осолд орсон байсан. Хүүхдийн маань хувьд харамсалтай байна. Гэхдээ гомдол, саналгүй. Эмчилгээний зардлыг бүгдийг нь төлсөн. Одоо цаашид гарах зардлаа нэхэмжилнэ. Одоо охин маань хөлөндөө хадаастай байгаа болохоор эмзэглэлтэй, таягтай юм түшээд явж байгаа. 2021 оны 03 сард хадаасаа авахуулах хагалгаанд орно гэсэн мэдүүлэг,
-Иргэний хариуцагч О.Ч-ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Манай автобус компани нь нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг. Манай компанийг хохирол төлөхтэй холбоотой асуудлаар иргэний хариуцагчаар татаж оролцуулсан гэсэн мэдүүлэг,
-Насанд хүрээгүй хохирогч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: 2020 оны 10 сарын 01-ний өдөр 17 цаг өнгөрч байхад хичээлээ тараад найз нарын хамтаар үйлчилгээний төвийн хажууд явж найз нараасаа салаад “Сэлэнгэ” зочид буудлын явган хүний гарцаар баруунаас зүүн тийш чиглэлтэй зам хөндлөн гарч байх үед улбар шар өнгийн суудлын жижиг тэрэг намайг мөргөсөн. Тэгтэл миний баруун талын хөл шагай хэсгээрээ хөдөлж болохгүй өвдөж эхэлсэн. Намайг мөргөсөн жолооч эгч намайг машиндаа суулгаад эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг дээр очоод би ээж рүүгээ фейсбүүк чатаар холбогдож хэлсэн. Одоо миний хөл бүрэн гүйцэт эдгэрээгүй. Хөл дээрээ тэгж зогсохоор хөндүүлэн өвдөж байгаа. Одоо 4 сарын дараа хадаас авахуулах хагалгаанд орно гэж эмч хэлсэн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардлыг Ж.А эгч төлж барагдуулсан гэсэн мэдүүлэг /хх 20 ху/
-Гэрч Ч.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: 2020 оны 10 сарын 01-ний өдөр миний утас руу нэг эмэгтэй залгаад манай ач охин Б.А-ыг машинд дайруулчихлаа гэсэн юм. Тэгэхээр нь би шууд Бүсийн оношилгоо эмчилгээний төв дээр очсон. Намайг тэнд очиход манай охины баруун талын хөлний шагай орчимоороо хавдчихсан, хугарсан байдалтай байсан юм. ...Одоо бие нь ерөнхийдөө зовиур ихтэй, маргааш өглөө юм уу, нөгөөдөр хагалгаанд орно оруулах шаардлагатай гэж эмч хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 28 ху/,
-Гэрч Ч.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: 2020 оны 10 сарын 01-ний өдөр 17-18 цагийн хооронд манай эхнэр Ж.А над руу гар утсаараа залгаад “Миний машины хажуугаар хүүхэд ороод ирлээ” гэсэн. Тэгээд би эмнэлэг дээр ирсэн байна гэхэд би хүүхэд нь гайгүй юм уу гэхэд “гайгүй гайгүй би эмнэлэг дээр аваад ирчихсэн үзүүлж байна” гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг дээр хүлээн авах дээр очсон. Нөгөө хүүхэд нь эмнэлгийн орон дээр эмэгтэй хүүхэд хэвтэж байсан. Нөгөө хүүхэд хөл өвдөөд байна гэхээр нь харсан жоохон эвгүй байрлалтай хэвтэж байсан юм. Тэгээд цагдаагийн байгууллага эмнэлгээс дуудлага өгсөн байсан юм шиг байсан. Тухайн машинд мөргүүлсэн охины өмсөж явсан гэх гутал нь тайлагдахгүй байсан. Мөн охины гутал нь урд хэсгээрээ ханзарч урагдсан байсан тул тайлагдахгүй байсныг эмнэлгийн алба хаагчид хайчилж тайлсан юм. Тэгээд тухайн охиныг хөл нь хугарсан байна байсан юм. Тэгээд л маргааш нь хөлний яс хадах хагалгаанд орсон. Тухайн хагалгааны зардал болох 600.000 төгрөгийг бэлнээр эмчид нь өгсөн юм. Тухайн хүүхдийн хэрэгцээний зардлуудыг чадахаараа өгсөн. Тухайн зардльн мөнгөнүүд нь ихэвчлэн дандаа миний данснаас гарсан. Манай эхнэр нь 2017 онд Эрдэнэт хотод жолооны курс төгссөн. Манай эхнэр Ж.А тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохдоо ямар нэгэн асуудал урьд өмнө нь огт гаргаж байгаагүй гэсэн мэдүүлэг /хх 29 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 719 дугаартай дүгнэлтэнд:
1. Б.А-ын биед баруун шаант ясны доод төгсгөлийн далд хугарал, тахилзуур ясны доод 1/3-ээр далд хөндлөн зөрөөтэй хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.
5. Шинэ гэмтэл гэсэн дүгнэлт / хх 38-39 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 210 дугаартай дүгнэлтэнд:
1. Ж.А-гийн биенээс авсан цусанд этилийн спирт илрээгүй болно гэсэн дүгнэлт /хх 44 ху/,
-Зам тээврийн осол дээр тогтоосон мөрдөгчийн магадлагаанд:
Жолооч Ж овогтой А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, 16.2-т “зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн зүйл заалтыг тус зөрчсөн байх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт /хх 107-108 ху/,
-3ам тээврийн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 04-05 ху/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 06-09 ху/,
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 10-11 ху/,
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12-13 ху/,
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас / хх 69 ху/
-Ж.А-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 01, 113-116 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Ж.А нь 2020 оны 10 сарын 01-ний өдөр 18 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэр Сэлэнгэ зочид буудын урд талд явган хүний гарцан дээр 20-22 ОРА улсын дугаартай Сонота-7 тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан ”...явган хүний зохицуулагдаагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар явж байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалт, 16.2-д “...зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүнийг гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй байгаа явган зорчигчид зам тавж өгнө...” гэж заасныг тус тус зөрчиж гарцаар гарч явсан явган зорчигч 11 настай Б.А-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Тухайн үед хоёр хүн гарцаар гарах гэж байна. Би урдуур нь амжина гэж тооцоод явсан. Би буруу үйлдэл хийснээ мэдэж байгаа. Гэм буруу дээрээ маргахгүй. Миний буруутай үйлдлээс ийм зүйл болсон” гэсэн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-ын “...Хүүхэд маань хичээлээ тарчихаад явган хүний гарцаар гарч яваад осолд орсон байсан. Хүүхдийн маань хувьд харамсалтай байна. Гэхдээ гомдол, саналгүй. Эмчилгээний зардлыг бүгдийг нь төлсөн” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн насанд хүрээгүй хохирогч Б.А-ын “...зам хөндлөн гарч байх үед улбар шар өнгийн суудлын жижиг тэрэг намайг хөргөсөн” гэсэн /хх 20 ху/мэдүүлэг, мөн гэрч Ч.Ц /хх 28 ху/, гэрч Ч.Д нарын өгсөн мэдүүлгүүд /хх 29 ху, хохирогчийн биед баруун шаант ясны доод төгсгөлийн далд хугарал, тахилзуур ясны доод 1/3-ээр далд хөндлөн зөрөөтэй хугарал бүхий хүндэвтэр гэмтэл үүссэнийг тогтоосон 719 дугаартай шинжээчийн дүгнэлт, зам тээврийн осол дээр тогтоосон мөрдөгчийн магадлагаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон шүүх хуралдаанд хэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан байна.
Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхаар заажээ.
Шүүгдэгч Ж.А-гийн үйлдэл нь хохирогчид учирсан гэмтэлтэй шалтгаант холбоотой, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж дүгнэв.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Ж.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д тус тус зааснаар насанд хүрээгүй хохирогч Б.А, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.
Энэ хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.А-д хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь мэс засал, эмчилгээ, эм тарианы зардлуудыг төлж барагдуулсан болох нь шүүх хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн “...Хохирогчид эхний ээлжинд хагалгаа, эм, тарианы зардлуудыг бүгдийг нь өгсөн. Бэлнээр 1.800.000 төгрөг өгсөн” гэсэн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-ын “...Эмчилгээний зардлыг бүгдийг нь төлсөн” гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөр байхгүй байна. Хохирогч талаас цаашид гарах хадаас авахуулах мэс засал болон шаардлагатай эмчилгээ, эм тарианы зардлуудыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх талаар гаргасан хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Ж.А нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 69 дүгээр хуудсанд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаархи санал зэргийг тус тус харгалзан үзлээ.
Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор Ж.А- 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нараас “хавтаст хэргийн 70-75 дугаар хуудсанд авагдсан Ж.А-гийн төрсөн эх, эгч дүү нарын иргэний үнэмлэхний лавлагааг нотлох баримтаар тооцохгүй байх тухай” хүсэлт гаргаж байх бөгөөд улсын яллагчаас ”дээрхи иргэний үнэмлэхний лавлагаанууд нь шүүгдэгчийн хувийн байдлыг тогтооход зорилгоор цуглуулж авсан” гэсэн тайлбарыг гаргаж байна.
Шүүх дээрхи хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2.3-т зааснаар хавтаст хэргийн 70-75 дугаар хуудсанд авагдсан баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэж нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овгийн Ж-гийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-г 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А нь торгохыг ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд сард 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.Б