Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/37

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Л.Мөнхцоож

Улсын яллагч З.Алтансолонго,

Шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Яргай овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2136000000008 дугаартай, 178/2021/0030/Э/ индекстэй хэргийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын Аргалант багт оршин суух, ******* регистрийн дугаартай, Яргай овогт ******* *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Н.******* нь мотоцикль жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр Ховд аймгийн ******* сумын Аргалант багийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр улсын дугааргүй, бичиг баримтгүй, Мустанг-5  маркийн мотоцикль жолоодож  замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зорчигч Б.*******гийн амь насыг нь хохироосон  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Хэргийн газарт үзлэг хийсэн ...уг хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн ******* сумын Аргалант багийн нутаг дэвсгэрт байрлах Улаан бураа гэх газарт болсон байх ба ******* сумаас 46 км зайд өвс ургамал бүхий газарт шороон замд уг осол гарсан байх ба тээврийн хэрэгсэл замаас гарч унасан ул мөр үлдсэн байв.. ... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 7-10-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн...уг тээврийн хэрэгсэл нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль байв.Улсын дугааргүй, хонины арьсаар хийсэн нэхий суудлын бүрээстэй, мотоциклийн 2 гаранд цагаан өнгийн хонины арьсаар оёж хийсэн гарны хамгаалалттай, уг тээврийн хэрэгслийн урд 2 дохио суурь хэсгээрээ хугарсан, руль дээр байрлах хөгжимний депузер хагарч бяцарсан. Өвдөгний хамгаалалт төмөр бүтэн, тормоз бүрэн ажиллагаатай, гэрэл дохио хагарч гэмтээгүй, хянах гэрэл толгой бүтэн, 2 дугуй хийтэй, гинж нь сунаж сугарсан байх ба мотоциклийн бусад эд анги бүрэн бүтэн ямар нэгэн гэмтэж сэвтсэн зүйлгүй... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 11-14-р хуудас/

Цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 15-21-р хуудас/

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 22-24-р хуудас/

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон акт / хэргийн 25-26-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн...Б.*******гийн цогцост суурь ясны баруун дунд хонхор болон баруун чамархай хэсгийн хугарал, тархины баруун тал бөмбөлгийн  суурь хэсгийн няцрал, толгойн хуйхны дотор баруун чамархайн булчинд цус хуралт, тархины зүүн тал бөмбөлгийн орой хэсгийн цус харвалт гэмтэл тогтоогдлоо.Б.*******гийн цогцост учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой.Б.*******гийн цогцост учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.Б.******* нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан байна... гэх дүгнэлт / хэргийн 29-30-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 301 дугаартай шинжээчийн ....шинжилгээнд ирүүлсэн “Н.******* 27 нас / эр/ “ гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй...гэх дүгнэлт / хэргийн 49-50-р хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Гахай овогт *******ын *******гийн / ******* оны 09 сарын 25-нд төрсөн, настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн төвд байхад 14 цагийн үед манай хүү Б.Түмэнжаргал утасдаад “ хүргэн Н.******* эхнэр хүүхэдтэйгээ хамт Аргалант багт байх гэрээсээ ******* сумын төв рүү мотоциклиор явж байгаад осолдож Б.*******гийн бие муу байна” гэж ярьсан. Тэгэхээр нь би хүргэнтэйгээ Ховдын төвөөс гараад осол болсон гэх газарт ирэхэд тэндээс 3 км зайд байх гэрт нь эмнэлгийн хүмүүс хүргэсэн байсан. Гэрт очиход Б.*******г “бурхан болсон” гэж  хэлэхийг сонсоод ухаан алдсан байсан... гэх мэдүүлэг / хэргийн 56-57-р хуудас/

Гэрч М.Хөхнохойгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Осол болсон гэх газарт 13:30 цагийн үед ирэхэд амь хохирогч Б.*******  ухаангүй, ам хамраас нь хөөстэй  хүрэн ягаан өнгийн цус гарсан, баруун чих сэтэрсэн, дээш харуулж хэвтүүлсэн байсан. Үзлэг хийхэд хүүхэн хараа өргөссөн, гэрлийн урвалгүй, даралт 13:80-тай, PS 90-тэй, SPO2-75 ухаангүй, хамар амнаас нь цус гараад тогтохгүй хоржигнож дуугарсан байдалтай байсан. Тариа хийсэн боловч эмнэлгийн тусламж авч чадаагүй... гэх мэдүүлэг / хэргийн 60-61-р хуудас/

Шүүгдэгч Н.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 12 дугаар сарын 16-ны өглөө  11 цагийн үед эхнэр Б.*******, хүү Г.Мөнхбат нарын хамт мотоцикльтой гэрээсээ гараад сумын төв орохоор явсан.Замд явж байтал мотоцикль гэнэт шарваж, зогсоож амжилгүй унасан. Босч ирээд эхнэр хүүхэд хоёроо “ зүгээр үү” гээд дуудахад эхнэр Б.******* огт юм дуугарахгүй болохоор нь тэвэрч аваад дуудсан боловч дуугараагүй. Тэгээд ******* сумын эмнэлэгт рүү дуудлага өгсөн. Эмч нар ирэх хүртэл би эхнэр хүүхэд хоёроо өөрийнхөө дээлээр хучаад сууж байсан.Эмч болон манай хадам ах нар намайг “ чи гэртээ түрүүлж очоод байж бай” гэхээр нь би мотоциклио босгож унаад гэртээ очоод гал түлээд цай чанаад байж байтал эмнэлгийн хүмүүс, манай ах дүү нар ирээд “ найдваргүй болчихлоо” гэж хэлсэн. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна... гэх мэдүүлэг / хэргийн 67-69-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүгдэгч Н.******* нь “А” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр Ховд аймгийн ******* сумын Аргалант багийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн, улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоцикль жолоодож ******* сумын төв рүү явж байхдаа  замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг  зөрчсөнөөс мотоциклийн араар сууж явсан түүний эхнэр Б.*******гийн  амь нас хохирсон  хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.******* нь Ховд аймгийн ******* сумын Аргалант багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-т... “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй...тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээтэй байх... “ гэх ,мөн дүрмийн 3.4-д...эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах...мотоцикль мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн  заалтуудыг  зөрчиж зам тээврийн осол гаргаж мотоциклийн араар сууж явсан Б.*******гийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын газар дээр тогтоосон акт, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******гийн мэдүүлэг, гэрч М.Хөхнохойгийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.******* нь “А” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцохдо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, өөрөө болон зорчигчдоо хамгаалах малгай өмсүүлээгүй,  хөдөлгөөнд аюул саад тулгарах үед тээврийн хэрэгслийн хурдыг хасах, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйгээс Б.*******гийн амь нас  хохироход хүрсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл болсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3-д заасан болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Н.******* нь  үйлдсэн гэмт хэргээ  хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Иймд шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 3-д заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******гийн... надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хүргэний асуудлыг хурдан шуурхай шийдэж, 2 хүүхэдтэй нь хамт байлгаж өгөөрэй...гэх мэдүүлгээс шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч Н.*******, хохирогч Б.******* нар нь 2014 онд гэр бүл болсон 2-6 насны хоёр хүүхэдтэй болох нь гэрлэлтийн гэрчилгээ, *******ийн Мөнхбат, *******ийн Мөнхтуул нарын төрсний гэрчилгээний хуулбар, Ховд аймгийн ******* сумын Аргалант багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Н.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хэргийн 73-р/-аар тогтоогдож байна.

            Шүүгдэгч Н.*******ийн хувийн байдлын талаар гэрч О.Нацагдоржийн  өгсөн...Н.******* нь даруу төлөв зантай, ажилсаг, нийтэч, зантай хүн. ******* сумын дунд сургуульд сурч байгаад сургуулиас гарч хөдөө мал малласан. Архи тамхи их хэрэглэдэггүй...  гэх мэдүүлэг / хэргийн 63-64-р хуудас/

            Гэрч М.Сүх-Очирын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Н.******* нь архи тамхи хэрэглэдэггүй, 2-6 насны 2 хүүхэдтэй. Дургөн сумын дунд сургуульд сурч байгаад бага ангиас гарсан... гэх мэдүүлэг / хэргийн -66-р хуудас/, Н.*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 2 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Н.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Н.*******ийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан, оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх гэх  санал,дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргалаас: Шүүгдэгч Н.******* нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, улсын яллагчийн тэнсэх саналыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбар,

 Шүүхээс: Шүүгдэгч Н.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, улсын яллагчийн ялын санал  болон хувийн байдлуудыг харгалзан  түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, 01 жилийн  хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан оногдуулсан хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эхлэн тооцохоор шийдвэрлэв.

            Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4.4, 34.1, 36.2, 36.6-36.8 дугаар зүйл 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Яргай овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Яргай овогт ******* *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан шүүгдэгч Н.*******т оногдуулсан 01/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 01жилийн хугацаагаар тэнссүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Н.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тооцсугай.

6.Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шүүгдэгч Н.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял болон тэнссэн хугацаанд хяналт тавихыг  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Б.ГАНТӨГС

Top of Form