Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
Хэргийн индекс | 146/2017/00091/И |
Дугаар | 146/ШШ2017/00106 |
Огноо | 2017-03-23 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 146/ШШ2017/00106
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн эрүүгийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн, 1959 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 58 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гидротехникч, тогооч мэргэжилтэй, ам бүл 4, Өвөрхангай аймгийн Бүрд сумын 4 дүгээр багт оршин суух, ЙЕ59021504 регистрийн дугаартай, Аавынхан овогт Давхайгийн Хажидмаагийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Хажидмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Хажидмаа нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1979 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс Өвөрхангай аймгийн Бүрд сумын 8 жилийн дунд сургуульд номны сангийн эрхлэгчээр анх ажилд орж байсан. Тэгээд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 он хүртэл мөн сургуульдаа байрны багшаар ажиллах болсон. Миний бие хувь тэнцүүлсэн тэтгэвэрт орсон тул одоо бүрэн тэтгэвэртээ орох шаардлагатай байна. Хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн боловч ажилд орсон гарсан, тушаал байхгүйн улмаас ажилласан жил тооцогдохгүй байна. Иймд намайг Өвөрхангай аймгийн Бүрд сумын 8 жилийн дунд сургуульд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 он хүртэл байрны багшаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Хажидмаа нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын 8 жилийн дунд сургуульд 1984 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны хүртэл байрны багшаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нэхэмжлэгч Д.Хажидмаа нь 1984 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 он хүртэл Өвөрхангай аймгийн Бүрд сумын 8 жилийн дунд сургуульд байрны багшаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Үүнд: Нэхэмжлэгч Д.Хажидмааг Өвөрхангай аймгийн Бүрд сумын 8 жилийн дунд сургуульд байрны багшаар 1984 оноос 1991 оны 12 сарыг дуустал ажилласан ажлын хөлсийг түүвэрлэсэн Өвөрхангай аймгийн Бүрд сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 3/40 дугаартай архивын лавлагаа, 1981 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Д.Хажидмаад олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн Бүрд сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1979 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаартай “ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Өвөрхангай аймгийн Бүрд сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1981 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 21 дугаартай “номын сангийн эрхлэгчийн ажлаас Д.Хажидмааг чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, Өвөрхангай аймгийн Бүрд сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3/57 дугаартай Д.Хажидмааг тус сургуульд байрны багшаар ажиллаж байсан болохыг тодорхойлсон тодорхойлолт, 1970 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Д.Хажидмаад олгогдсон үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, 1989 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн баярын бичиг, 1981 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн үнэмлэх, Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ерөнхий боловсролын сургууль байгуулагдсаны 70 жилийн ойд өргөн барив “Эх орны гал голомтонд бадамласан эрдмийн өргөө” Улаанбаатар хот 2010 он гэсэн номны хуулбар, 1978-1979, 1979-1980, 1983-1984, 1986-1987, 1989-1990, 1990-1991 оны хичээлийн жилүүдэд авахуулсан хамт олны гэрэл зургууд, гэрч Ц.Хандаахүүгийн “...Би 1981 онд Өвөрхангай аймгийн Бүрд сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байранд гуанзны бэлтгэгч буюу тогоочоор ажиллаж эхэлсэн. Харин Д.Хажидмаа нь 1984 оноос тус сургуульд дотуур байрны багшаар ажиллах болсон. Өвөрхангай аймгийн Бүрд сумын 8 жилийн дунд сургууль нь 1, 2 гэсэн хоёр дотуур байртай байсан бөгөөд Д.Хажидмаа бид хоёр 1 дүгээр дотуур байранд хамт ажилладаг байсан. Би 1991 оны 7 дугаар сар жирэмсний амралтаа авах гээд өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Тэр үед Д.Хажидмаа нь тус дотуур байранд ажиллаж байсан. Хэдэн онд ажлаасаа гарсныг мэдэхгүй байна. Д.Хажидмаа нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байрны багшаар ажиллаж байсан нь үнэн болохоор гэрчилж байна...” гэсэн мэдүүлэг, гэрч Л.Довдонгийн “...Би 1976 оноос 1995 оныг дуустал Өвөрхангай аймгийн Бүрд сумын 8 жилийн дунд сургуулийн багш, хичээлийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан. Харин Д.Хажидмаа нь 1984-1991 оныг дуустал дотуур байрны багшаар ажиллах болсон. Д.Хажидмааг 1984 оноос 1991 оныг дуустал Бүрд сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байрны багшаар ажиллаж байх хугацаанд тухайн үед нь би хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан болохоор сайн мэдэж байна. Өвөрхангай аймгийн Бүрд сумын 8 жилийн дунд сургууль нь 100 хүүхэдтэй, 2 дотуур байртай байсан. Сүүлд нь очиход 1 дотуур байртай болсон байна лээ. Д.Хажидмаа нь 1 дүгээр дотуур байранд ажилладаг байсан. Өвөрхангай аймгийн Бүрд сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байрны багшаар Д.Хажидмаа нь 1991 оныг дуустал ажиллаж байсан бөгөөд тухайн үед хувьчлал явагдаж байрны багшийн орон тоо гэж байхгүй болсон болохоор өөр ажилд шилжсэн. Д.Хажидмаа нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байрны багшаар ажиллаж байсан нь үнэн болохоор гэрчилж байна...” гэсэн мэдүүлэг, гэрч нарын нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Аавынхан овогт Давхайгийн Хажидмааг 1984 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 он хүртэл Өвөрхангай аймгийн Бүрд сумын 8 жилийн дунд сургуульд байрны багшаар ажиллаж байсныг нь тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээх нь хуульд нийцэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 , 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Аавынхан овогт Давхайгийн Хажидмааг Өвөрхангай аймгийн Бүрд сумын 8 жилийн дунд сургуульд 1984 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 он хүртэл байрны багшаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Хажидмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА