Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
Хэргийн индекс | 148/2016/00016/И |
Дугаар | 105 |
Огноо | 2017-01-27 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 105
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Д.Энхтулгад холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 1.931.024 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Нэхэмжлэлийн үндэслэл: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын Орхон 6 дугаар багийн 2 дугаар хэсгийн 1 дүгээр байрны 18 тоотод оршин суугч Дамдин овогтой Энхтулга нь 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр сум хөгжүүлэх сангаас “Чацарганы аж ахуй эрхлэх” төсөл хэрэгжүүлэхээр 3 сая төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан.
Иргэн Д.Энхтулгын зээлийн хугацаа 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр дууссан бөгөөд одоо болтол зээлээ төлж дуусаагүй байна.
Иймд иргэн Д.Энхтулгын үндсэн зээл болох 1880512, алданги 47012 төгрөг, нотариатын үнэ 3500 төгрөг, нийт 1.931.024 төгрөгийг гаргуулан өгнө үү!.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү! гэжээ.
Хариуцагч Д.Энхтулга 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
...Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газраас сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 1931.024 төгрөгийг Д.Энхтулга надаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрч байна.
Уг мөнгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. 2017 оны 07 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлж дуусгана. Тэмдэгтийн хураамж төлөхийг ойлголоо гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газар нь иргэн Д.Энхтулгад холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 1.931.024 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч 1.931.024 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. Хуулинд харшлаагүй байна.
Улсын тэмдэгтийн тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь төсөвт байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжинд 45.846 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 1.931.024 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 45.846 төгрөгний тал хувь болох 22.293 төгрөгийг хариуцагч Д.Энхтулгаас гаргуулан Сүхбаатар сумын орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Д.Энхтулгад холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 1.931.024 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь төсөвт байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжинд 45.846 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 1.931.024 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 45.846 төгрөгний тал хувь болох 22.293 төгрөгийг хариуцагч Д.Энхтулгаас гаргуулан Сүхбаатар сумын орон нутгийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ